Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Жамбалын Гангаагийн “Цагаан гэгээ…” номын баяр боллоо

Тэр хэрвээ мэнд сэрүүн байсан бол “Нэгэнт сонинд гарчихсан юмыг ном болгоод яах юм. Тийм биз дээ. Сониныхоо нэр хүнд, томилолтоор явж бичсэн зүйлс ш дээ” гэж янжуур соронгоо нүдний шилнийхээ цаана нүдээ жийхайлгаж байгаад ёжилсон ч юм шиг, ёгтолсон ч юм шиг асуух байсан. “Та өөрийн уншигчидтай сэтгүүлч. Номоо хэвлүүлбэл зүгээр дээ” гэхэд Тэр дандаа л ингэж хариулдаг байсан. Бүр болоо ч үгүй “Би өгүүллэг бичвэл танай зохиолчид ажилгүй болох байх даа” гэж үнэн голоосоо юм шиг асуугаад тэрэндээ баясан хүг хүг хийтэл инээхийг яана. “Өндөр өвөө маань Богд хааны ордны бичээч байсан гэх чинь билээ. Тэгээд манайхан Шар бичээч овог авахгүй юу” гэж хааяа хуучлах Монгол даяарын арслан сэтгэгч Жамбалын Гангаа гэж ийм л цөлх монгол байлаа. Тэр мэргэжлийн сэтгүүлч байгаагүй ч мэргэжлийн бичээчдийг ичтэл бичдэг сэтгэгч байлаа. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн түүнд зориулсан шүлэгтээ “Манай үеийн Чанчунь Бумба арш” гэж сэтгэлээ илэрхийлсэн байсан. Чанчунь Бумба гуайг тэгтлээ сайн мэдэхгүй болохоор оносон харьцуулалт мөн, эсэхийг үнэндээ мэдэх юм алга. Харин Гангаа сэтгүүлчийг хаа нэгтээ томилолтоор яваад ирэхэд бичсэнийг нь уншихсан гэж хорхойсдог уншигчид байсан нь л үнэн юмдаг.

Тэр олон уншигчийн оюуны мэлмийг гийгүүлж, сэтгэлийг яруусгах “Цагаан гэгээ…” номын нээлт өчигдөр юутай ч боллоо. Сэтгүүлч Ж.Гангаагийн энэ номыг олон хүн тэсэн ядан хүлээсэн. Бурхан зүг одсон ч түүний бичгийн ариун мөр орчлонд ингэж үлдлээ. Эл номон хөшөөг нэрт сэтгүүлчийн хань Т.Уранчимэг, охидынхоо хамт эмхэтгэж, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Галсангийн Жамьян хянан тохиолдуулж, урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Дашцэрэнгийн Гунгаа зураглан чимэглэж. Номын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Жамбалын Гангаа нь Монголын сэтгүүлзүйн бахархалт түүхийг бүтээгчдийн нэг юм. Түүний бүтээлийг үе үеийн уншигчид шимтэн шимтэн уншсаар байх нь гарцаагүй. Учир нь манай Гангаа бол монгол ахуйг ер бусын билгийн нүдээр хардаг, мэдэрдэг, хайрладаг гайхалтай уран бүтээлч, сэтгүүлч байж билээ” гэж мялаалга бичиж ирүүлж. Мэргэжлийн сэтгүүлч, улсын маань Ерөнхийлөгч ийн дүгнэхээр ч том сэтгүүлч байжээ гэдгийг түүний ном баталж байна.

Ж.Гангаа агсны “Цагаан гэгээ…” хэмээх эл ном “Эх нутгаараа аялсан тэмдэглэл”, “Харьд зорчсон тэмдэглэл” гэсэн хоёр бүлгээс бүтэх агаад түүний “Хүн хүрээгүй нутаг”, “Алтайгаас Хянган хүртэл”, “Онон, Балжаас Шилийн богд хүртэл”, “Санахын зовлонгүй Сонинхангай, амьдрахын бэрхшээлгүй Ар Асгат нутаг минь”, “Дарга дагаагүй сурвалжлага”, “Монгол хоёрхон хөрштэй, хоёулаа бидний мөнхийн дайсан”, “Далд Түвдийн далласан газар”, “Араараа нартай Австрали”, “Харь Буриадын нутаг дүүрэн цагаан гунигтай”, “Баруун Монголыг Зүүн Европ гэнэ”, “Өмнөд Солонгосын Монголын үдэш” зэрэг шилдэг дөчөөд тэмдэглэлийг багтаасан бүтээлийн чуулган болжээ. Энэ сайхан номын баярыг зохиогчийн гэргий Т.Уранчимэг, тулгын гурван чулуу шиг төрсөн гурван охин Г.Сарангэрэл, Г.Сайнгэрэл, Г.Азгэрэл нартайгаа утга төгөлдөр зохион байгуулж, төрсөн нутаг Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга Гантулга, гавьяат багш Бямбажав, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй, “Болор цом”-ын тэргүүн найрагч Л.Моломжамц, Н.Гантулга, соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Т.Баасансүрэн, Б.Ганчимэг, “Мах импэкс” ХК-ийн Хиам консервын үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа, Зурхай, сүнс судлалын доктор Ж.Мөнхжаргал болон “Өдрийн сонин”-ы хамт олон нь байлцаж, нэрт сэтгүүлчээ халуун дотноор дурсацгаалаа.

Л.ЦЭНГЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *