Categories
гадаад мэдээ

Нэрт боксчин М.АЛИГИЙН бээлийг 388 мянган ам.доллараар худалджээ

Америкийн нэрт боксчин Мохамед Алигийн 1971 онд боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүнд жингийн төрөлд Америкийн алдарт тамирчин Жо Фрейзертэй халз тулалдах үедээ өмсч байсан бээлийг дуудлага худалдаагаар зарсан байна. Огайо мужийн Кливленд хотын “Heritage” төвд өнгөрсөн пүрэв гаригт дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд бээлийг 388 мянган ам.доллараар худалджээ. Энэ талаар тус төвийн төлөөлөгч Ной Флайшер “Уг бээлийг М.Али бусад тамирчидтай халз тулах үедээ өмсч байсан. Тэрбээр нэрт мастер Сэми Фрэгерид хандан өөртөө зориулж тусгайлан уг бээлийг хийлгэж байсан. Хожим нь түүнийгээ Али өөрийн дасгуулагч Анжело Дандид өгсөн гэжээ. Бээлий дээр Али гарын үсгээ үлдээжээ. Дотор талд нь “Али, Фрейзер нарын 1971 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн халз тулаан” гэсэн бичигтэй аж.  Энэ тэмцээнийг “зууны халз тулаан” хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэмцээнийг 35 оронд шууд дамжуулж байж. Дэвжээн дээр ялагдашгүй гэгддэг хоёр аварга халз тулсан нь олны анхаарлыг ихэд татжээ. Фрэйзер 1964 онд хүнд жингийн боксын аварга болж байсан бол 1967 онд цэргийн алба хаахаас татгалзсанаасаа болж тэмцээнд орох эрхээ гурван жилээр хасуулж байсан түүхтэй. Энэ тулааны талаар тухайн үеийн спортын тайлбарлагчид сүүлийн хэдэн арван жилд болоогүй сонирхолтой тэмцээн болно гэж ярьж байсан. Нью-Йоркийн спорт цогцолборын “Мэдисон сквер гарден” дэвжээнд болсон уг тулааныг тэр үеийн алдартнууд болон одод ихээр сонирхсон байдаг. Дэвжээний арын суудал нь тухайн үеийн ханшаар 150 ам.долларт хүрч байсан нь дэлхийн дээд амжилт болжээ. 

Бүх цаг үеийн агуу боксчин  гэгддэг байсан Мохамед Али энэ тулаанд ялагдал хүлээж маш том сургамж авсан юм. Түүнийг спортынхон төдийгүй дэлхий дахинаа хайрлаж хүндэтгэж байжээ. Уг тулаанаас хойш хоёр аварга дахин хоёр удаа халз тулж Али ялсан гэдэг. Дашрамд дурдахад өнгөрсөн хоёрдугаар сард “Heritage” худалдааны төв Нью-Йорк хотноо 836 мянган ам.доллараар Мохамед Алигийн боксын хэд хэдэн бээлийг мөн худалдсан юм байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *