Баабар ингэж өгүүлэв
Халхын гурван аймгийг 1725 онд дөрөв болгож, Зүүнгарын эсрэг “баатарлаг” тэмцсэн Дашдондов гэгчид газар таслан Сайн ноён хан аймаг байгуулж өгчээ. Түүний элэнц эцэг Түмэнхэн нь Авдай сан ханы дүү байсан ба Монголд шарын шашин дэлгэрүүлэхэд онцгой зүтгэл гаргасан хүн юм. Зүүнгарыг эзэлсний дараа Иртыш мөрний хөвөөгөөр нутаглаж байсан дөрвөдүүд Заг, Байдраг хавиар нэг хэсэг нутаглаж байгаад удалгүй хойш нүүн Увс нуур орчмоор суурьшжээ. Бээжингийнхэн дөрвөдийн хоёр аймаг байгуулснаас гадна мянгад, захчин, урианхай зэрэг жижиг овгийн аль ч аймагт захирагдахгүй, шууд Ховдын амбанд харьяалагдах хошууд бий болгов. Аймгийнхан гагцаар үе улиран захирч байсан хуучин ёсыг эвдэж 1728 оноос Халхад, 1754 оноос Дөрвөдийн хоёр аймагт аймгийн чуулганы дарга ба дэд даргыг Бээжингээс томилдог болов. Чуулганы дэргэд “жасаа” хэмээх бичиг хэргийн жижиг аппарат бас буй болгов.
Аймгаас доошоо засаг захиргааны нэгж нь хошуу билээ. Гэрсэнзийн үед Халхын 7 хошуу үүссэн ба 1691 он гэхэд нийтдээ ердөө 8 хошуу байв. Харин үүнийг Кан Си хаан шууд 34 болгон жижиглэсэн ба цаашид энэ үйл явц хүчтэй үргэлжлэн Түшээт хан аймаг 20 хошуутай, Cэцэн хан аймаг 23, Засагт хан аймаг 19, Сайн ноён хан аймаг 24, Халх нийтдээ 86 хошуутай, Дөрвөд хоёр аймаг нийлээд 16 хошуутай, Алтайн урианхай нийт 7 хошуу, торгууд 2, мянгат 1, өөлд 1, захчин 1, Хөвсгөлийн урианхай 1, Тагна урианхайд 7 хошуу гээд нэмэхээр Гадаад Монгол нь 125 хошуунд хуваагдах ажгуу. Үүнээс гадна Манжийн төмөр сүрэг хэмээх эзэн хаанд харьяалагдах мал сүргийг Монголын дорнодод бөөгнүүлэн малладаг байсан ба тэр газраа “Дарьгангын таван гар” гэж нэрлэн засаг захиргааны хувьд Хаалганд хамааруулжээ. Гадаад Монголын дотоод засаг захиргааг жижиглэн бутаргах бодлогыг ийнхүү Бээжин хүчтэй явууллаа. Жалгасаг үзэлтэй, юм л бол талцан сөргөлдөх өвчтэй нүүдэлчний сул талыг засаг захиргааны олширсон нэгж улам дэврээх учиртай ба чингэснээр ямар нэг хуйвалдаан зохион байгуулж “тэнгэрийн луу”-тай тэрсэлдэх магадлалыг багасгаж буй хэрэг.
Хошууд нь мөн дэргэдээ тамгын газар гэсэн жижиг аппараттай. Хошуунаас доош сум хэмээх нэг нэгж байгуулсан ба энэ нь засаг захиргааны гэхээсээ цэргийн зохион байгуулалт юм. 18 – 60 насны 150 эрийг нэг сум гэж тооцох тул том хошууд 10 хүртэл сумтай байхад жижиг нь ганцтай байх жишээтэй. Гадаад Монголд нийт 2 500 орчим сум байжээ. Сумын эрчүүд шууд Чингийн эзэн хаанд захирагдан алба өргөдөг бол тэрнээс гадна нутгийн язгууртанд харьяалагддаг хамжлага нар нэлээд байлаа. Эзэн хааны тогтоосноор чин ван 60, жүн ван 50, бэйл 40, бэйс 35, гүн 30 хүртэл хамжлагатай байх эрхтэй гэнэ.
Дээрхээс гадна Монгол шиг шашинжсан газар л байж болохоос өөр хаана ч дүйцэх юм байхгүй нэг сонин нэгж байлаа. Үүнийг “шавь” гэнэ. Анх I Богд Жавзандамбыг тодроход эцэг Гомбодорж нь өөрийн албат нараас хэдийг бэлэг болгон өгч үлгэр үзүүлснээр шавь нар буй болжээ. Иймэрхүү бэлэг цааш уламжлал болон хөгжсөөр 1873 он гэхэд Жавзандамбад хамаарах өрх, аж ахуйтны тоо нь 9 916, хүн ам 83 983 болсон ба шавийн нийт сүрэг хагас сая гаруй байсны 36 000 нь Богдын сангийн сүрэг аж.
Шавиуд элдэв татвараас чөлөөлөгдөн, зөвхөн Богдод татвар төлдөг ба энэ нь харьцангуй хөнгөлөлттэй тул шавьд хамаарах гэж тэмүүлэх явдлыг нэлээд их болгов. Богдын шавь нараас хамгийн том нь Хөвсгөл нуур орчмын дархад билээ. Шавь нарт тусгай заасан газар нутаг үгүй тул хошуудтай хийх малын бэлчээрийн маргаан тасрахгүй харин засаг захиргааны хувьд отог хэмээх нэгжид хамаарч байжээ. Отгийн дарга болон туслах бүхий орон нутгийн жижиг аппарат Богдын дэргэд байх Эрдэнэ шанзавын яам гээчид харьяалагдана, харьцангуй бие даасан шинжтэй. 1905 он гэхэд Жавзандамбад 17 их отог, 93 бага отог, 30 тусгай баг байжээ. Энэ олон отог Монгол даяар цоохорлон тарна. Их отгийн хүн ам заримдаа хошуудынхаас их байхад, бага отгийн жижиг нь ердөө 20-30 өрхөөс бүрдэнэ.
Жавзандамба хутагт ганцаараа шавьтай байсангүй. Түүнийг анх Жавзан Дарнатын хувилгаан гэж тодруулсан ба үүнээс гадна Монголд тодорч болохуйц эртний Энэтхэг Төвдийн олон бурхад цаана нь байлаа. 1796 он гэхэд Монголд хутагт хувилгаадын тоо 114 хүрсэн. Харин хутагт нь Монгол “заншлаар” зөвхөн төрсөн гэртээ эргэж төрөөд байдаг байсныг Бээжингээс 1793 онд цаазлан хориглож хаана ч төрж болохыг нь заан, хойд дүрийг нь тодруулах журам гаргажээ. Нэгэнт хутагт тул мөн л өөрт нь харьяалагдан алба гувчуур өргөдөг шавьтай байж таарна. Газар нутаг ихтэй, албат ард буюу шавь олонтой хутагтыг “тамгатай хутагт” гэх ба өөрөө засаг захиргаа болдог ийм хутагт Халхад 12 байжээ. Жавзандамба хутагтынхыг эднээс ялгахын тулд “их шавь” гэнэ. Бүх тамгатай хутагтын шавийг цэрэг, харуул, өртөө зэрэг албанаас чөлөөлөх хуультай. Үүнээс гадна шавь цөөтэй тул хошууны засаг захиргаанд хамаарагддаг тамгагүй хутагт 50 гаруй байв.
Хиагтын хэлэлцээрээр хүлээн зөвшөөрөгдсөн Гадаад Монгол нь 1,5 сая орчим ам км нутагтай 600-700 мянган хүн амтай, XX зууны иргэншлээс хол тасран хоцорсон, нүүдлийн мал аж ахуйн орон байлаа. Хонь, үхэр, ямаа, адуу, тэмээ гэсэн таван хошуу мал маллах ба тоо нь ойролцоогоор 20 сая орчим байсан бололтой. Автономит Монгол нь Манжийн үеийн засаг захиргаагаа хадгалж 4 аймаг, 13 шавь, 3 хязгаартай ажгуу. Хүн амын 90 хувь нь нүүдлийн мал аж ахуйгаар амьдарна. Зарим газар туслах аж ахуй маягаар арвай зэрэг ганц нэгэн зүйл ургамал тариалж байсныг эс тооцвол газар тариалан бараг буюу огт байсангүй. Өөрөөр хэлбэл монголчууд 2 000 жилийн өмнө яаж амьдарч байсан бараг л тэр маягаараа ХХ зуунтай золгосон байлаа. Гадаад Монголд 800 шахам сүм хийд байсанд 100 000 орчим лам сүм хийдийг дагаад жижиг хэмжээний суурьшил үүсэж байсан боловч Хүрээ, Ховд, Улиастайгаас өөр хот гэж хэлж болохуйц суурин газар байсангүй.
Хамгийн том, магадгүй ганц хот Хүрээ нь дөнгөж 1855 оноос л нүүхээ больж суурьшжээ. Хүрээ бол хамгийн гол нь Монголын бурхан шашны тэргүүн Богд Жавзандамбын суудаг газар юм. Үүнээ дагаад олон сүм хийд буй болсон тул нэг үгэндээ Монголын шашны төв болж байлаа. 1889 онд гаргасан тоогоор Хүрээнд 13 850 лам сууж байжээ. Нэгэнт суурьшмал амьдрал буй болсныг дагаад малын бус байдлаар, өөрөөр хэлбэл гар урлал, бичиг цаас, худалдаа наймааны аргаар амьдрагсад буй болж эхэлсэн байна. Ийм харчуулын тоо 1878 онд 1 800 орчим байсныг монголч эрдэмтэн А.Позднеев тэмдэглэн үлдээжээ. Хүрээ нэгэнт Монголын хамгийн том төвлөрөл болсон тул энэ орчны түүхий эдийн дамжих бааз, арилжаа худалдааны төв, үүнийг дагасан үйлчилгээний цэг болжээ.
Гол худалдаа хийгч нь мэдээж хятад, орос, төвдүүд. Хүрээнд гар урлал эрхлэн амьдрах хятад иргэд 4 500, пүүс 25, жижиг дэлгүүр мухлаг 100 орчим байв. Оросын худалдаачны жин, эзлэх байр суурь өдөр ирэх тутам нэмэгдэж байлаа. “Стукен”, “Бидерман”, “Швецов”, “Зергаген” гэх мэтийн Оростоо муугүйд тооцогдох пүүс Монголд орж ирэн төрөлжсөн, дагнасан худалдаа, бизнес хийх болсон нь Хятадын бүхнийг хамарсан жижиг худалдаанаас ялгагдаж байв. Tэр үед Гадаад Монголд Хятадын 500 шахам жижиг дунд зэргийн пүүс хоршоо ажиллаж байсны 160 нь Хүрээнд, 86 нь Улиастайд, 65 нь Ховдод, 100 нь Хиагтад гэх мэтээр таран байрлаж байсан байна.
1921 онд Монголд хамжлагыг халлаа. 1923 онд аймгуудын нэрийг сольж уулын нэрээр орлуулав. Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг, Сайн ноён хан аймгийг Цэцэрлэг мандал уулын аймаг, Сэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг, Засагт хан аймгийг Хан Тайшир уулын аймаг гэж нэрийдэхээр боллоо. Тагна Урианхайн хязгаарыг оросууд тусгаар улс гэж зарласан учир Гадаад Монголд хамаагүй болжээ. Хөвсгөлийн хязгаарыг Цэцэрлэг Мандал уулын аймагт хамааруулав. Дөрвөд хоёр аймгийг Ховдын хязгаартай нийлүүлж Чандмань уулын аймаг гэх боллоо. Тагна Урианхайг хасаад, Дөрвөд хоёр аймгийг Ховдын хязгаартай нийлүүлснийг эс тооцвол 1923 онд ямар ч засаг захиргааны өөрчлөлт гараагүй юм.