Хуучин цагт их, дээд сургуулиуд суралцагсдаа цифрээр буюу 2-5 тооны хооронд үнэлдэг байхад эх орны алтан гурав авчихлаа гэсэн яриаг бишгүй сонсдог байв. Энэ бол арай муу авчихаагүй, бас сайн ч биш, онц дүнд бүр хамааралгүй үнэлгээ юм. Сурлага муутайхан сурагч шалгалтандаа эгээтэй л уначихаагүйдээ баярлан Эх орны алтан гурав хэмээн дүнгээ бусдадаа зарладаг. Үүнтэй адилхан үйл явдал саяхан боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улстөрийн гурван нам нэр дэвшигчдээ хэдийнэ зарлаж, сурталчилгааны ажлын бэлтгэлээ базааж байна. Эдгээр нэр дэвшигчид ард түмний өмнө олон шалгалт өгөх нь тодорхой. Тэдний хэлсэн ярьсан үг, үйл хөдлөл, хандлага зэргээс ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг тодорхой мэднэ гэсэн үг. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурав өнгөрсөн амралтын өдрөөр Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардаж авсан үйл явдал тэдний хувьд бас нэгэн шалгалт сорилт боллоо. Энэ арга хэмжээг харж байхад гурван нэг дэвшигч маш бэлтгэл муутай, сулхан харагдаж байлаа. Тухайн арга хэмжээнд зориулан хэлэх үг болон сэтгэл зүйгээ бэлдээгүй тэднийг ээлжит шалгалтандаа арай гэж алтан гурав авлаа хэмээн улс төрийн ажиглагчид дүгнэж байна. Сонгуульд нэр дэвших үнэмлэхээ авна гэдэг нэр дэвшигчдийн хувьд том үйл явдал, өөрийгөө ард түмэндээ зөвөөр харуулах бас нэгэн боломж юм. Улс төрийн иймэрхүү томхон үйл явдалд нэр дэвшигчид маш сайн бэлтгэж оролцох ёстой. Барууны орнуудын сонгуулийн сурталчилгааг харж байхад нэр дэвшигчид биеэ хэрхэн авч явах, ямар хувцас өмсөх, үг хэлэхдээ юуг онцлох, ард нь ямар албан тушаалтан зогсох, хэн нь туг далбаагаа мандуулах гээд нэг бүрчлэн нарийн тооцож, хөтөлбөр төлөвлөгөөгөө гаргадаг, тэр дагуу үйл явдал өрнөдөг. Түүнээс биш гудамжинд гүйж явсан нэгэн хүрч ирээд “би ард чинь зогсчихъё” гэж дайрдаггүй, нэр дэвшигч санаанд орсон үгээ сэтгэлийн хөөрлөөр хэлдэггүй. Бүх зүйл бодлого төлөвлөгөөний дагуу үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, урьдчилан найруулсан жүжигчилсэн тоглолторхуу зүйл болдог. Хэлэх үгэндээ тэд маш их ач холбогдол өгдөг. Учир нь нэр дэвшигчид үгээр дамжуулан өөрийнхөө бодлого төлөвлөгөөг танилцуулан, үгийн хүчээр л бусдын сэтгэлийг өөртөө татдаг. Америкийн Ерөнхийлөгч Трамп сонгуулийн сурталчилгаагаа “Ноёд хатагтай нар аа, би албан ёсоор Америкийн нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боллоо, бид хамтдаа улсаа дахин агуу улс болгоно” гэсэн үгээр эхлэхэд хүмүүс таатай сайхнаар хүлээн авч байсан. Барак Обамагийн Тангарагийн ёслол дээрээ хэлсэн үг америкчуудын төдийгүй дэлхий нийтэд шагшигдаж байлаа. Тэрбээр “Өнөөдөр би та нарт бидний өмнө тулгарч байгаа бэрхшээл, саад тотгорууд бодит гэдгийг хэлье. Энэ саад тотгорууд бэрх хэцүү бөгөөд олон гэдгийг хэлье. Энэ бүгдийг богино хугацаанд амархан давж туулахгүй. Гэхдээ эд бүгдийг Америк улс зоригтой тулж угтана гэдгийг мэдтүгэй. Энэ өдөр, айдас хүйдсийн оронд итгэл найдвар, сөргөлдөж сарнихын оронд зорилго нэгтэй байхыг сонгосон тул бид энд цугларсан. Энэ өдөр, өчүүхэн харамсал, хуурамч амлалт, гүтгэлэг зүхэл, манай улс төрийг хэт удаан боомилж байсан хуучирсан үзэл онолыг эцэслэх гэж бид энд цугларсан” гэж онцолж байв. Дээрх улстөрчдийн хэлсэн үгнүүд сонгогчдод шууд нөлөөлж, тэдэнд эрч хүч урам зориг өгөхөөс гадна итгэл найдвар төрүүлж чадсан юм. Үг үнэн бөгөөд хурц дайчин, товч тодорхой, итгэл үнэмшил төрүүлэхүйц байх ёстой.
Харин манай гурав нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авахдаа тун оновч муутай, урт нуршуу, сулхан үг хэллээ. Аль өмнө нь тодорхой байсан үйл явдалд тэд бэлтгэсэнгүй. Гэнэт болсон арга хэмжээнд шууд оролцож байгаа мэт эг маг хийсэн, үл ойшоосон шинжтэй харагдаж байсан. Найран дээр хэнэггүй суусан нэгэнд гэнэт аяны дугараа тулгаж, өнөөх нь эв хав муутайхан дуулсан болж ээлжээ өнгөрөөж байгаа аятай л үйл явдал болов.
Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга тэдэн дотроо арай баруунжсан, дэлхийн жишгийг дагасан маягтай товч үг хэлсэн. “Монгол Улсын 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу, гурван сая иргэний төлөө юу гэсэн шийдвэр гаргахад сар гаруй хугацаа үлдлээ” гэсэн түүний үг сонсоход ойлгомжтой товч тодорхой. Даанч үгээ хүчлэх, сонгогчдын сэтгэлд хүргэх цог жавхаа дутагдаад байлаа. Энэ нь түүнийг тухайн арга хэмжээнд бэлтгэлгүй ирснийг харуулаад байгаа юм. Х.Баттулга нэр дэвшигчийн хувьд гэр бүлийн талаар байнга шүүмжлүүлдэг хүний нэг. Харин нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авах арга хэмжээн дээрээ охиноо дагуулж ирсэн нь маш зөв сонголт юм. Олон улсад ч ийм туршлага байдаг. Одоогоор албан тушаалаа өгөөд байгаа Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэ халдлагын үеэр амь үрэгдсэн ээжийнхээ оронд цөөнгүй жил тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж байсан гэдэг. Тухайн үед аав нь Солонгосын Ерөнхийлөгч байсан бөгөөд ээжийгээ амь үрэгдэхэд Пак ердөө хорь гаруйхан настай байсан ч энэ үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж үнэлэгддэг. Ер нь баруунд гэр бүлийн байдал сонгогчдын сонголтод нэг их чухал биш байдаг. Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп нэг өдөр сайхан эхнэрээ дагуулж, нөгөө өдөр царайлаг охиноо сугадчихсан явж байгаа харагддаг. Тун саяхан Францад Э.Макрон өөрөөсөө 25 насаар эгч, нэгэн цагт багш нь байсан гэргийгээ дагуулж явсаар байгаад Ерөнхийлөгчөөр сонгогдчихож байх жишээтэй.
Барууны чиг баримжаатай АН-аас нэр дэвшигч гэхэд Х.Баттулгад шүүмжлэх зүйл их байна. Нэр дэвшигчийн үнэмлэхээ морин цагт авна л гэнэ, нум сум, ташууртай байна л гэнэ. Харанхуй бүдүүлэг цагийн мухар сүсэг энэ намд амь бөхтэй оршсоор байх юм. Шинжлэх ухааны хүчээр ид шидийн мэт гайхамшигт бодит нээлтүүд хийж байгаа энэ цагт төрийн ажилд мухар сүсэг, шашин, бөөгийн зан үйл хольж хутгахаа даруй болих хэрэгтэй. Х.Баттулгын хувцаслалтад ажиглагчид сайн үнэлгээ тавьж байна. Орчин үеийн, ажил хэрэгч, цэмцгэр костюм түүнд сайхан зохиж. Гэхдээ л ард түмэн түүнд эхний удаа алтан гурав л тавилаа.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд хэт хуучинсаг харагдаж байлаа. Орчин үеийн барууны чигийн ямар ч үнэргүй. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авахдаа хэлэх үгээ тэрбээр мөн л бэлтгээгүй бололтой. Урт, нуршуу, дотроо төөрөлдөн, утга учир нь олоход бэрх үг хэлж байх юм. “Монголын төрийг ард түмэндээ ээлтэй төр болгох гэж би нэр дэвшиж байна” гэж хэлсэн үг сонгогчдод яаж нөлөөлөх бол. Учир нь өөрийнх нь удирдаж байгаа нам одоо Монголын төрийг барьж байгаа шүү дээ. Тэгэхээр МАН ард түмэндээ ээлгүй төр байгуулжээ гэж ойлгож болох нь. Мөн “айл өрх бүр төрийнхөө бодлогын тэргүүнд байж, төрийн анхаарах ёстой асуудлын нэг тэргүүнд байх төрийг төлөвшүүлж…” гэх зэрэг сунжирсан ойлгомжгүй үг хэлэв. Сандарч түгдэрсэн, үгээ ороосон, утга учир муутай түүний хэлсэн үгнээс тухайн арга хэмжээнд төдийлөн ач холбогдол өгч бэлтгээгүй нь харагдаж байлаа. Бүр олны өмнө үг хэлж, нүүр хагараагүй хүн гэлтэй харагдсан. Үүнийхээ оронд товч тодорхой үгийг цаасан дээр бичээд уншчихсан бол хавьгүй дээр байх байсан.
МАН-ыг уяачдын нам гэж шүүмжилдэг. Үүнийгээ батлах мэт М.Энхболдыг үгээ хэлж дууссаны дараа намынхан нь бөөнөөрөө “хоржийлоо” гэж түрж байх юм. Түвд гаралтай энэ үгийг хурдны морь эргэхэд эсвэл овоон дээр гараад ихэвчлэн хэлдэг. “Сайн сайхан бүхнийг хүсье” гэсэн утгатай. Зарим тайлбар тольд “хоржийлоо” гэсэн үгийн утгыг нь “хурай хурай” гэж бичсэн байдаг. Нэр дэвшигч М.Энхболд хэлсэн үгэндээ “Миний ард мөрийн хөтөлбөрийг маань хэрэгжүүлэх бүхэл бүтэн улстөрийн хүчин бий” гэсэн. Үнэндээ МАН бол нэр дэвшигчийн хувийн өмч биш бөгөөд хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол Монголын ард түмний эв нэгдэл, эрх ашгийн төлөө ажиллана гэдгээ мартчихсан болов уу гэж ойлгомоор.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа гурав дотроос хамгийн сайн үг хэлж сурсан нь МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар. Уран цэцнээр урсгаж өгдөг түүний хэлсэн үгний өмнөөс заримдаа нүүр улаймаар байдаг. Урьд өмнө хэлдэг байсан тиймэрхүү өнгө аятай үгээ л С.Ганбаатар үнэмлэхээ гардаж авахдаа хэллээ. Шинэ соргог зүйл байсангүй. МАХН болон иргэний хөдөлгөөнийнхөн МАНАН гэж их шүүмжилдэг. Энэ бол байгалийн МАНАН биш МАН болон АН хоёрыг нийлүүлсэн үг. Энэ үгийг хүн бүр мэддэг мэтээр ойлгож байнга л МАНАН гэж шүүмжилдэг. Хөдөөний суманд очоод захын хүнээс МАНАН гэж мэдэх үү гэж асуугаад үзээрэй. Байгалийн манангийн тухай л ихэнх хүмүүс хэлнэ. С.Ганбаатар нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авахдаа “Би МАНАН-г устгана” гэснийг хэр олон хүн ойлгох бол. Тэгээд ч АН, МАН хоёрыг устгуулчихаад ард түмэн С.Ганбаатарыг сонгоно гэж бодож байгаа бол ёстой сэрүүн зүүд юм. Ийм чухал арга хэмжээн дээр тийм алдаатай үг хэлж байх юм. С.Ганбаатарын хэлсэн үгнээс илүү хэдэн сайхан охид, энгийн даруухан гэргий нь эерүү сэтгэл төрүүлэхээр харагдаж байлаа.
Ийнхүү гурван нэр дэвшигч маань эхний удаад ард түмнээсээ алтан гурав авчихлаа. Гэхдээ сонгуулийн сурталчилчааны хугацаа эхлээ ч үгүй байна. Энэ хооронд юу ярих, ямар үйлдэл хийхээ нухацтай бодож тунгаахгүй энэ янзаараа байвал Ерөнхийлөгч байтугай багийн дарга хийхэд ч хэцүү харагдах юм.
Г.ГЭНДЭНДАРАМ