Categories
мэдээ цаг-үе

Нэмэлт тэтгэврийн 30 хүртэлх хувийг сургалтын төлбөр, орон сууц худалдан авахад зарцуулдаг болгоно

Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулахаар бэлтгэж байна

Нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийхээр багц хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй.

Энэ хүрээнд даатгуулагчийг олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх хүлээлттэй байгаа уг хуулийн төсөлд оруулахаар санал болгосон онцлох заалтуудыг хүргэе.

Хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлснээр доорх заалтуудад өөрчлөлт орох боломжтой.

Нийгмийн даатгалд хамрагдсан иргэн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт сайн дурын үндсэн дээр хамрагдаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврээс гадна нэмэлт тэтгэвэр авч болно гэж хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн уг тэтгэвэр нь өвлөгддөг байх зохицуулалтыг нэмсэн байна.

Тухайн иргэн тэтгэврийн насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан нөхцөлд нэмэлт тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ. Уг тэтгэврийг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч хариуцах бөгөөд дараах төрөлтэй байх аж.

  • Нэг удаагийн тэтгэвэр,
  • Хуваарьт тэтгэвэр,
  • Насан туршийн тэтгэвэр.

Нэг удаагийн тэтгэврийн дээд хязгаарыг нэмэлт тэтгэврийн журам, гэрээнд зааж болох бөгөөд нийт дүнгээр эсвэл гишүүний нэмэлт тэтгэврийн хуримтлалын тодорхой хувиар тогтооно.

Харин хуваарьт тэтгэврийг 10 хүртэл жилийн хугацаанд олгох ба аргачлалыг нэмэлт тэтгэврийн журам, гэрээнд заана. Тэгвэл насан туршийн тэтгэвэрт хамрагдахад шаардагдах тэтгэврийн нэрийн дансны хадгалагдсан эрхийн доод хязгаарыг тэтгэврийн журам, гэрээгээр тогтоохоор төсөлд нэмэлт оруулжээ.

Нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт гишүүнээр элсэхэд хувь хүний, ажил олгогчийн гэсэн хоёр төрлөөс сонгоно.

Шимтгэл нь ажилтны сарын үндсэн цалингийн 20 хувиас хэтрэхгүй байна

  • Хувь хүн хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай нэмэлт тэтгэврийн гэрээ байгуулж, шимтгэл төлснөөр гишүүн болно. Гишүүн нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах, нас барах хүртэл хувь хүний нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн гишүүн байх боломжтой.
  • Ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан ажилтны төлөх шимтгэлийн дээд хэмжээ нь сарын нийт шимтгэлийн хэмжээний 50 хувиас, шимтгэлийн сарын нийт дүн нь тухайн ажилтны сарын үндсэн цалингийн 20 хувиас тус тус хэтрэхгүй байна.
  • Ажил олгогч нь ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан ажилтны төлөх шимтгэлийг тухайн ажилтны цалин хөлснөөс суутгаж, ажил олгогчоос төлөх шимтгэлийн хамт хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид тухайн сард нь багтааж бэлэн бусаар төлнө.
  • Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь гишүүн бүрд ажлын 3 өдөрт багтаан нэмэлт тэтгэврийн нэрийн данс нээж, дансны мэдээллийг цахим хэлбэрээр хянах боломжтой нэвтрэх эрх олгоно.
  • Гишүүн эрүүл мэндийн үйлчилгээний зардал, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн сургалтын төлбөр, өөрийн нэр дээр орон сууц худалдан авах нөхцөлөөр нэмэлт тэтгэврийн хөрөнгийн 30 хүртэл хувийг зарцуулах хүсэлтийг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид зөвхөн нэг удаа гаргаж болно.
  • Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч даатгуулагчийн хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэж, зардал, төлбөрийг тухайн эрүүл мэнд, боловсролын байгууллага, орон сууц худалдагчийн дансанд бэлэн бусаар шилжүүлнэ.

Гишүүн, ажил олгогчийн төлөх шимтгэлд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй юм байна.

Тэтгэвэр өвлөгчид нэмэлт тэтгэврийг ажлын 10 хоногт тооцож олгоно

Уг тэтгэврийг өвлүүлэх талаар дараах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

  • Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт гишүүн элсүүлэхдээ гишүүнийг эрх залгамжлагчаа нэрлэх боломжоор хангана. Гишүүн нь эрх залгамжлагчаа өөрчлөх эрхтэй байна.
  • Гишүүн нь эрх залгамжлагчийг нэрлээгүй, эрх залгамжлагч нь нас барсан тохиолдолд өвлөгчид тэтгэврийн нэрийн дансанд үүссэн хадгалагдсан эрхийн үнийн дүнгийн тухай мэдэгдэж, өвлөгчийн тэтгэврийн нэрийн дансанд шилжүүлэх эсхүл нэг удаагийн тэтгэвэр хэлбэрээр авах сонголт олгоно.
  • Гишүүн хуваарьт тэтгэвэр авч эхэлсэн бол үлдэгдэл тэтгэврийг эрх залгамжлагчид олгоно.
  • Гишүүн насан туршийн тэтгэвэр авч эхэлсэн бол эрх залгамжлагчид олгох тэтгэврийг даатгалын компанитай байгуулсан гэрээнд тодорхойлсноор олгоно.
  • Гишүүн, эрх залгамжлагч, өвлөгч бичиг баримт бүрдүүлж, хүсэлт гаргаснаас хойш хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч ажлын 10 хоногийн дотор нэмэлт тэтгэврийг тооцож, сонгосон арилжааны банкны дансанд бэлэн бусаар олгох талаар хуулийн төсөлд тусгажээ.

Эрх залгамжлагчийг нэрлээгүй бол төлбөрийг өвлөгчид олгох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *