Цэргийн зарлан дуудах хуудсыг 18-25 насны залуучуудад 93,6 хувьтай тараасан бөгөөд зарлан дуудах хуудсаа авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, 3х4 хэмжээний 2 ширхэг зураг зэрэг холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих юм. Мөн төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн тухай мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн дипломоо авч очно.
Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”, Засгийн Газрын 2008 оны 194 дүгээр тогтоолын дагуу цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах хүсэлтэй 29 хүртэлх насны цэргийн алба хаасан иргэдийг сонгон шалгаруулалтаар элсүүлж, Зэвсэгт хүчний цэргийн ангиудад алба хаалгах юм.
Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн ЗДТГ-ын дарга, нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун цэрэг татлагын ажлыг хууль дүрэм, журамд нийцүүлэн зохион байгуулж, цаг хугацааг тооцох, 2010 онд Батлах хамгаалахын сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан иргэний цэргийн жинхэнэ албанд элсэх иргэдийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах зааврыг баримталж, энэ онд техникийн үзлэгт орж, зохих газраас зөвшөөрөл авсан авто машинаар цэргүүдийн тээвэрлэж, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газартай хамтран 1 дүгээр эгнээгээр зорчуулах, цэрэг татлагын байрны тохижилт, камержуулалт зэргийг сайтар хангаж ажиллахыг комиссын гишүүдэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
- Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” /96-р дунд сургууль/ цогцолбор
- Баянзүрх дүүрэг – 53-р дунд сургууль
- Сүхбаатар дүүрэг – 31-р дунд сургууль
- Сонгинохайрхан дүүрэг – “Ирээдүй” / 83-р дунд сургууль/ цогцолбор
- Хан-Уул дүүрэг – 34-р дунд сургууль
- Чингэлтэй дүүрэг – 24-р дунд сургууль