Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэг өдрийн турш “цэрэг” боллоо

“Танайд өнжье”
булангийн сурвалжлагаа бэлтгэхээр үүсэн байгуулагдсаны 80 жилийн
түүхэн ойгоо тэмдэглэж буй
Хууль сахиулахын их сургуулийг өнгөрөгч
баасан гаригт зорилоо.

2012 онд Засгийн газрын тогтоол
гарч, тухайн үеийн Дотоод
хэргийн дээд сургуулийг шинэчлэн
зохион байгуулж, Хууль сахиулахын их
сургууль болгосон билээ. Дотоод хэргийн
их сургууль нь Хилийн цэргийн
дээд сургууль Цагдаагийн академийн нэгдэл байв. 2012 оны
хууль зүйн салбарын шинэчилсэн
зохион байгуулалтаар их сургуулийн статустайгаар
үйл ажиллагаагаа явуулах болсон нь
бидний зорьж буй Хууль
сахиулахын их сургууль юм.

Өдгөө тус сургууль бидний
нэрлэж заншсанаар Цагдаагийн академийн хэд хэдэн байранд
байрлаж байгаа юм. Сургуулийн
хашааны үүдэнд очлоо. Долоо
хоно­гийн ажлын сүүлийн
өдөр бай­сан болоод
ч тэр үү
хөл хөдөл­гөөн ихтэй
байна. Тод цэн­хэр,
цайвар цэнхэр, эсвэл цэнхэр
эрээн өнгийн цэргийн хув­цастай залуус шалган
нэвт­рүүлэх байрны хаалгыг
чөлөө завгүй савчуулах ажээ.
Тэдний дунд оюутнуудын аав,
ээж бололтой хүмүүс ч олонтаа
харагдана.

“Та төрийн тусгай хамгаа­лалтын бүсэд нэвтэрч
байгаа тул биеийн байцаалтаа
шал­гуулж нэвтэрнэ үү”
гэсэн бич­гийг шалган
нэвтрэх хэсэгт наажээ. Иргэний
үнэмлэхээ шалгуулаад сургуулийн бүс рүү нэвтэрлээ.
Сургуулийн өмнөх том талбайд
түрүүний шалган нэвтрүүлэх дээр
хар­сан шиг олон
өнгийн дүрэмт хувцас­тай
залуус тус бүрээрээ нэгдэн,
жагсаалын бэлтгэл хийж байна.
Ноомхон, алхаад марш гэх
комданаар хэдэн зуун залуусын
гялтганатал тосолсон хар гуталны газарт
буух чимээ сүрдмээр юм.
Эдгээр залуус сургууль үүсэн
байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан
түүхэн номын зураг авахуулахаар
ийн алхаж байгаа ажээ.  

Ёс журам бэлэн байдлын
газар, дотоод ажил, сахилга,
дэг журам хариуцсан ахлах
ажилтан, цагдаагийн дэд хуран­даа
С.Эрдэнэбаяр хэмээн
өөрийгөө танилцуулсан хижээл насны эр
энэ өдөр сур­гуулийнхаа
үйл ажиллагааг бидэнд танилцуулахаар “томи­логдсон” хөтөч байлаа. Тэрээр
тус сургуульд 20 жил багшилсан бөгөөд
энэ л орчинд амьдралынхаа
ихэнх хугацааг үдэж байгаа учир
надаас сургуулийн талаар юу ч
асуусан би хариулна хэмээн
тэрээр их л бардам
хэлэх ажээ.

С.Эрдэнэбаяр хурандаа “батлав” гэсэн тамгатай,
гурван хуудас цаас барьжээ.
Түүнийг зэрвэс харвал бидний
ажлыг арав, хорин минутаар
төлөвлөчихсөн байна. Тухайлбал, “Г.Гантөмөр хуран­даа Сургалт
үйл ажил­лагааг ерөнхийд
нь тайл­барлах, хугацаа
20 минут, Ахлагчийн сургууль руу орох, тус
сургуулийн үйл ажил­лагааг
хурандаа тэр тайл­бар­лах, хугацаа төчнөөн
минут” гэх мэтчилэн нарийн
бичиж, төлөвлөжээ. Үүнийг тэрээр “Цэргийн
хүмүүсийн ажил тогтсон дэг
журамтай, нарийн цаг хугацаатай
байх ёстой” хэмээв. Ингэж
бид нэг өдөр тусгай
хуваарийн дагуу ажиллах “цэрэг”
болов бололтой.

Тус сургууль нь найман үндсэн
мэргэжил олгох зорил­го
бүхий долоон бүрэл­дэхүүн
сургуультай. Үүнд Удирдлагын сургууль,
Цагдаагийн сургууль, Хилийн сургууль, Шүүхийн
шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургууль,
Ахлагчийн сургууль, Ерөнхий эрдмийн сургуулиуд
багтана. Эдгээр нь тус
бүртээ магистр, докторын сургалтын албатай юм билээ.
Энэ тухай Сургалт эрхэлсэн
дэд захирал, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр танил­цуулсан юм. Түүний
хэлснээр Хилийн цэргийн дээд
сургууль, Цагдаагийн академийг нэгт­гэс­нээр
их сургууль болж өргөжсөн төдийгүй
эдийн засаг, санхүүгийн хувьд
бэх­жиж, багш нарын
сургах арга барил эрс
сайжирчээ.

Тус сургууль нь Хууль зүйн
яамны харьяа таван агентлагийн
болон Ерөнхий сайдын эрхлэх
асуудлын хүрээнд багтдаг Онцгой
байд­лын газ­рын
мэр­гэжилт­нүү­дийг
бэлтгэдгээрээ онцлогтой. Энэ онцлог нь
дэл­хийд ч ялгарах
зүйл болж байгаа аж.
Учир нь тус сургуулийнхны
судалж үзсэнээр дэлхийд энэ төрлийн
мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд нь манайд өмнө
нь байсан шиг агентлагуудынхаа
дэргэд дээд сургууль хэлбэрээр,
тус тусдаа байдаг аж.
Харин гурван сургууль л
манайх шиг нэгдмэл байдлаар
мэргэ­жилт­нээ бэлтгэдэг
байсан гэнэ.

Сургалтын хөтөлбөрийн хувьд хил хамгаалах
болон онцгой байдлын асууд­лаарх эрхзүйн орчин
бүрэн шинэчлэгдсэн тул мэргэжилтэн бэлтгэх
хөтөлбөр нь ч тодорхой
болоод байгаа юм байна.
Харин хууль зүйн салбарын
шинэчлэлийн хүрээнд салбарын сайдын
батлуулахаар ажиллаж буй дараагийн
30 гаруй хуулийн төслөөс хамаарч
бусад мэргэжлийн хичээлийн сургалтын хөтөлбөрүүд өөрчлөгдөхөөр бэлтгэгдэж байгаа гэнэ.

Энэ хичээлийн жил эхэлснээс хойш
багш нарын дунд нэгдсэн
аттестатчлал явуулж, мэдлэгийн түвшингээр
нь чансаа тогтоожээ. Үүнд
130 багш хамрагдсанаас 15 багш хангалтгүй үнэлгээ
авсан байна. Тэдгээр багш
нарт эхний ээлжид хугацаатай
сануулга өгөөд байгаа бөгөөд
зургаан сараас нэг жилийн
хугацаанд заах аргазүйдээ ахиц,
дэвшил гаргах шаардлага өгөөд
байгаа юм байна. Заасан
хугацаанд ямар нэг өөрчлөлт
гаргахгүй бол ажлаас чөлөөлөх
хүртэл арга хэмжээ авах
болно гэдгийг ч тус
сургуулийн удирдлага хэлж байсан билээ.

НАРИЙВЧИЛСАН

ЦАГИЙН ХУВААРИЙН
ДАГУУ ҮЙЛ ЯВДАЛ ӨРНӨНӨ

Тус сургууль 2000 гаруй сонсогч, суралцагчтай.
Сургуулийн үндсэн оюутнуудыг сонсогч
гэдэг бол магистр, доктор
эсвэл түр сургалтад хамрагдаж
буй хүмүүсийг суралцагч хэмээн нэрлэдэг байна.

Өнөө жилийн хувьд 270 сонсогч
шинээр элсчээ. Шинэ сонсогч
гэдэг нь эхний жилдээ
цэргийн ерөнхий эрдмийн хичээл
заалгаж, хоёр дахь жилээсээ
эзэмших мэргэжлийнхээ дагуу тус бүртээ
хуваарилагддаг оюутнуудыг хэлдэг аж.

Харин бакалавр, маристр зэрэг сургалтад
580 гаруй оюутан элссэн байна.
Түүнчлэн мэргэшүүлэх ангидаа ч тодорхой
тооны элсэгч авчээ.

Тус сургуулийн онцлог нь шинэ
сонсогч нар нь бүгдээр
сургууль дээрээ байрладагт байдаг.
Тэднийг эзэмших гэж буй
мэргэжлийн онцлогоос нь шалтгаалан тэсвэр
хатуужил суулгах, цэргийн наад захын
сахилга, дэг журмыг заахын
тулд ийнхүү эхний жил
дотуур байрандаа байрлуулдаг ажээ.

Биднийг очих үед ч
цэнхэр эрээн хувцсаар жигдэрсэн
шинэ сонсогч нар жагсаалын
бэлтгэлээ хийж дуусаад үдийн
хоолондоо жагсан орж байсан
юм. Тэдгээр сонсогчид өнгөрөгч
долдугаар сард хотын зүүн
хэсэг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутагт байх
Гүнжийн хоолой хэмээх газарт
45 хоногийн цэргийн бэлтгэлд хамрагдаж
байгаад иржээ. Өөрөөр хэлбэл,
цэрэг байх анхны мэдэгдэхүүнтэй
болж, сахилга бат, дэг
журам, тэсвэр хатуужил суусан
аж. Тиймээс ингэж гэр
бүлийнхнээсээ хол, сургууль дээрээ
байрлаж байгаа нь тэдний
хувьд тийм ч хэцүү
асуудал биш гэнэ.

Засгийн газраас их сургуулиудыг
хотхон хэлбэрээр хөгжүүлэх тухай тогтоол шийдвэр
гараад байгаа билээ. Тиймээс
тус сургуулийн хувьд ч хотхон
хэлбэрээр сургалтаа явуулахаар эхний алхмуудаа хийгээд
байгаа юм билээ. Өөрөөр
хэлбэл, одоогийн ашиглаж буй хуучин
Цагдаагийн академийн хичээлийн байрнаас гадна өнгөрсөн онд
улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалтаар 850 оюутны дотуур байр
ашиглалтад оруулжээ. Түүнчлэн энэ оны долдугаар
сард гурван мянган оюутны
хичээлийн болон дотуур байр
ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Гэхдээ эдийн засгийн хямралын
улмаас барилгын ажил нь зогсонги
байдалд оржээ. Салбар яамныхны
хэлж буйгаар удахгүй яригдах
төсвийн тодотголын үеэр эхний ээлжийн
шаардлагатай хөрөнгө оруулалтын жагсаалтад
оруулахаар төлөвлөөд байгаагаа хэлсэн гэнэ. Уг
барилгыг ашиглалтад оруулахад 20 гаруй тэрбум төгрөг
шаардлагатай ажээ.

Ийнхүү барилга нь хүрэлцээгүй
байгаагийн улмаас ашиглалтад ороод
байгаа 850 оюутны байрны баруун
жигүүрт сургуулийн захиргаа, удирдлагын хэсэг, зүүн жигүүрт
нь сонсогч нар байрлаж
байгаа юм байна. Дээр
хэлсэн шинэ байр нь
ашиглалтад орчихвол одоогийн байрлаж байгаа байрандаа
бүхэлд нь оюутнуудаа оруулах
ажээ.

Өнөөдрийн байдлаар тус сургуулийн зөвхөн
шинэ сонсогчид л дотуур байрандаа
байдаг. Мөн л шинэ
байр ашиглалтад орвол хоёр болон
түүнээс дээшхи дамжааны оюутнуудыг
дотуур байраар хангах боломж
нээгдэх тухай сургуулийн удирдлага
хэлж байлаа. Энэ мэтчилэн
хөрөнгө оруулалт тасалдсаны улмаас барилгын ажил
тасалдаж, бүх зүйл “Шинэ
байр ашиглалтад орвол…” гэсэн олон ажлын
зангилаа болжээ.

Сонсогч нарын байрны хувьд
шинээр ашиглалтад орсон болоод ч
тэр үү тун цэвэр
юм. Байрны үүдэнд тухайн
өдрийн жижүүр сонсогч байх
бөгөөд тэрээр орж гарч
буй хүмүүст хяналт тавин
ажиллах үүрэгтэй. Жижүүр сонсогчийн ард
өдөр бүрийн хичээл, амралтын
цагийн хуваарийг нарийн гаргаж, наасан
байна. Сонсогч нарын хувьд
өглөө 5 цаг 50 минутад босч,
оройн 22 цаг 00 минутад унтах
ёстой. Тэр дунд өглөө
5 цаг 50 минутад босч, 6 цагт
нүүрээ угааж, хувийн бэлтгэл
хангана. 7 цагт өглөөний хоол,
7 цаг 30 минутад хичээлийн бэлтгэл,
өдөр 13 цаг 10 минутаас 14 цаг
10-т бага амралт гэх
мэтчилэнгээр цагийн нарийн хуваарийн
дагуу өдөр бүрийн үйл
явдал өрнөх учиртай.

Сонсогчид байр руугаа нэвтрэхдээ
даавуун улавч өмсөх дүрэмтэй.
Даавуун улавч өмсөөд дотогш
орлоо. Байрны хамгийн эхний
өрөөнд бүх сонсогч нарын
чемодан байдаг байна. Уг
өрөөнөөс цааш том зааланд
сонсогчдын нэгдсэн ор байрлана.

Тэдгээр ор нь ихэнх
хүмүүсийн мэддэгчлэн, цэргийн ангиудад байдаг
шиг давхар ор бус
дан ор юм. Уг
зааланд ойролцоогоор 30-40 ор бий болов
уу. Тэдгээр орны хувьд
гудас муутай болов уу
гэмээр харагдсан. Энэ нь тэсвэр
хатуужил суулгах гэсэн санаа
ч байж мэдэх
юм л даа.

Ор бүр дээрээ жижиг
шүүгээтэй. Тэнд ойр зуурын
хэрэгтэй зүйлсээ хийж хадгалдаг
байна. Том зааланд үүнээс
өөр тавилга сэлт үгүй,
хананд ч ямар нэг
цаас, зураг энэ тэр
байхгүй юм.

Эмэгтэй сонсогчдын хувьд уг заалны
хажуу талын тусгаарласан өрөөнд
байрлана. Ор, шүүгээний хувьд
яг ижил. Дашрамд хэлэхэд,
тус сургуульд охид тун цөөн.
2000 гаруй оюутнаас ердөө 50, 60-аадхан эмэгтэй сонсогч
байдаг гэсэн. Тэднээс хамгийн
олон нь цагдаагийн сургуульд
байдаг гэнэ лээ.

Дотуур байранд байгаа ор,
энд хэрэглэж буй сандал, ширээг
маш бөх төмөр материалаар
хийсэн нь содон харагдсан.
Ихэнх нь эрчүүд байдаг
болохоор аль болох бат
бөх материалтай хэрэгсэл сонгохыг бодолцжээ. Орны төмөр гэхэд
будаг нь хуурдаггүй хөргөгчний
материалаар хийгдсэн хэмээн Барилга орон
сууц, нийтийн үйлчилгээний хэлтсийн
дарга Ж.Булгантамир хурандаа
хэлнэ лээ. Дотуур байрны
ор, хөнжил, шүүгээ гэх
мэт ахуйн хэрэглээний зүйлсийг
авахад 100 сая орчим төгрөг
зарцуулжээ.

Сургуулийн
удирдлагын хувьд байрлан суралцаж
буй сонсогч нарынхаа ая
тухыг хангахын тулд шаардлагатай бүхий
л нөхцөл бололцоогоор
хангахыг хичээн ажилладаг тухай
бидний хөтөч С.Эрдэнэбаяр
хурандаа ам нээх бүртээ
шахам хэлж байсан юм.
Үнэхээр ч уг байранд
олон улсын шаардлага хангасан
техник хэрэгсэл бүхий бялдаржуулах танхимаас
авахуулаад ариун цэврийн болон
хувцас угаах өрөө, тэр
ч бүү хэл
анагаахын болон уламжлалт эмчилгээний
тусгай эмч нар байрлан
сонсогчдын өдөр тутмын эрүүл
мэндэд анхаарал тавин ажилладаг байна.

Тус сургууль нь ирэх жилээс
эхлэн “Соёмбо” спорт хороог
нээн ажиллуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд тус
хорооны ерөнхий дасгалжуулагчаар Монгол
Улсын гарьд Д.Рагчаа
ажиллах юм байна. Тэр
болтол Д.Рагчаа гарьд
бялдаржуулах танхимын дасгалжуулагчаар ажиллаж байгаа ажээ.
Биднийг очих үед тэрээр
шинэ сонсогч нартайгаа бэлтгэл
хийгээд тун ч завгүй
байна лээ.

Дотуур байрны бүх үйл
ажиллагааг үүдэнд байх харуулын
офицерууд хянана. Шаардлагатай бол
давхар бүрт байрлах цагаан
хоолойгоор “Тэдэн давхрын сонсогч
тэр салхилгатай байна уу” хэмээн
нийтээр нь зарлаж орхино.
Ингэж нэрээ дуудуулсан сонсогч
томоотой байхаас өөр аргагүйд
хүрнэ.

Биднийг очсоноос хойш буюу үдээс
хойш 17 цаг гэхэд тус
байранд ерөнхийдөө хөл хөдөлгөөн багатай
болсон юм. Учир нь
долоо хоногийн турш сургууль дээрээ
байсан сонсогчид бүгд энгийн хувцас
өмсөн гарч одлоо. Тэд
бүтэн сайн өдрийн оройн
хоолны цаг болтол чөлөөтэй
бөгөөд заасан хугацаанд бэлэн
жагссан байх ёстой ажээ.

ХИЧЭЭЛҮҮД НЬ ИХЭНХДЭЭ ПРАКТИК
ХЭЛБЭРЭЭР ЯВАГДДАГ АЖЭЭ

Хууль сахиулахын сургуульд долоон бүрэлдэхүүн сургууль
байдаг тухай дээр дурдсан
билээ. Эдгээр сургуулиудад бэлтгэгдсэн
мэргэжилтнүүд шууд ажлын байраар
хангагддаг. Учир нь тухайн
газар, хэлтсээс шаардлагатай мэргэжилтнийхээ тоог тухайн жилд
өгдөг бөгөөд зөвхөн захиалгын
дагуу мэргэжилтэн бэлтгэдгээрээ онцлогтой юм байна. Тиймээс
ч жил бүр
элсэгчдийн тоо нь хязгаарлагдмал
байдаг. Элсэгчдийн хувьд нийгэм, орос,
англи хэл, математикийн хичээлээс
гадна хамгийн гол нь
бие бялдарын шалгалт өгөх ёстой.
Түүнээс гадна ял шийтгэл
эдэлж байгаагүй, биен дээрээ ямар
нэг шивээс, шарх сорвигүй
байх гэсэн шалгуурыг ч
тавьдаг гэнэ лээ.

Дөрвөн жилийн хугацаанд ямар
нэг төлбөр төлөхгүйгээс гадна
хоол хүнс, хувцас зэрэг
бүх зардлаа улсаас “гаргуулдаг”
учир тус сургуульд элсэх
сонирхол маш их байдаг
байна.

Бүрэлдэхүүн
сургуулиуд хичээлийн нэг, хоёрдугаар байрандаа
хичээллэнэ. Хичээлийн байр бүр үүдэндээ
жижүүрийн цэрэгтэй. Тэд орж гарч
буй хүмүүсийг нарийн шалгахын зэрэгцээ,
тусгай байрлуулсан камеруудаар дотоод үйл ажиллагааг
бүрэн хянадаг юм билээ.

Сургууль доторх хөдөлгөөн их
эмх цэгцтэй. Элдэв дуу шуугиан
огт үгүй юм. Жирийн
их, дээд сургууль оюутнууд
нь холхиод л байдаг
даа. Харин Хууль сахиулахын
их сургууль тийм биш юм.
Орж гарах, багш нарын
хажуугаар зөрж өнгөрөх бүр
нь нарийн дэгтэй. Хурдан
алхаж байсан сонсогч зог
тусаад жагсаалын алхаагаар алхаж, ёсолно. Багш
нар нь ч хариуд
нь “Болно” хэмээн мэндлэх
ажээ. Тэр ч бүү
хэл сургуулийн шат нь өгсөх,
уруудах хоёр чиглэлтэй. Хэрэв
өгсөх шатаар уруудах юм
бол үүдэнд сууж буй
өнөөх жижүүрийн цэрэг дуудаж авчирч
байгаад холбогдох багш нарт хэлэн
тодорхой хариуцлага хүлээлгэдэг гэсэн. Ийм байтал
бид уруудах ёстой шатаар
нь өгсчихлөө. С.Эрдэнэбаяр хурандаа
“Би ганцаараа явж байсан бол
хариуцлага хүлээх байлаа” хэмээн
аяархан хэлж, инээмсэглэж байсан
юм.

Ийнхүү сургуулиудын зарим онцлог тэнхимээр
орж үзлээ. Хичээлийн нэгдүгээр
байрт байрлах Шинжлэх ухаан
технологийн төвд тун сонирхолтой
төхөөрөмж байна. Энэ бол
өнөөгийн манай цагдаа, ТЕГ,
АТГ зэрэг тоотой хэдхэн
газарт хэрэг мөрдөлтөд ашигладаг
төхөөрөмж юм. Уг төхөөрөмжийг
зүүсэн хүн худаа ярьсан
тохиолдолд физиологийн хариу урвалыг нь
мэдээлдэг аж. Уг төхөөрөмжийг
сургалтдаа ашиглаж буй нь
оюутнуудад маш их дэм
болж байгаа хэмээн хөтөч
маань хэлсэн.

Ер нь тус сургуулийн
салбар сургуулиуд бүгд сургалтаа практиктай
үргэлж хослуулж явуулдаг юм билээ. Онцгой
байдлын сургууль л гэхэд оюутнууд
нь өөрсдөө ажлын хувцсаа
өмсөж, гал болон түймэр
унтраах багаж төхөөрөмжөө бодитоор
барьж байгаад л хичээллэдэг
юм билээ.

Түүнчлэн шалган нэвтрүүлэх албаны
тэнхим гэхэд үүдэндээ хилийн
боомт дээрх шалган нэвтрүүлэх
бүсийг хийжээ. Үүнд хилийн
шалган нэвтрүүлэх ажилтнууд дадлага хийдэг бөгөөд
хилээр гарахад иргэнийг шалгадаг
бүхий л шаардлагатай тоног
төхөөрөмжүүдийг байрлуулсан байна лээ.

Хичээлийн хоёрдугаар байранд Цагдаагийн сургууль
байрлана. Дээр хэлсэнлэн үүдэндээ
харуултай. Энд замын хөдөлгөөний
болон цагдаагийн ажилтнуудыг бэлтгэдэг байна. Энд мөн
л гар, хурууны
хээний адилтгалын автомат систем гэх
сонирхолтой анги байна лээ.
Энд гэмт хэрэгтний хурууны
хээг шинжлэн судалдаг тусгай
төхөөрөмжүүдийг бүгдийг байрлуулсан байгаа
юм. Оюутнууд элдэв онол уншаад
байхгүйгээр шууд л практик
дээр ажиллахад уг систем маш
дөхөм болдог гэсэн.

Тус сургуулийн замын хөдөл­гөөний
тэнхимийн эрх­лэг­чээр
олон жил ажилласан Ч.Ганбат хурандаагийн цуг­луул­гаас бүрдсэн
тун сонир­холтой тэнхимийг
мөн үзэв. Тэрээр 1980-аад
оны үеэс эхлэн шинээр
үйлдвэрлэсэн автомашины жижиг хувилбаруудыг цуг­луулж эхэлжээ. Өдгөө
түүний цуглуулгыг замын цагдаагийн тэнхимийн
оюутнууд ашиг­ладаг юм
билээ. Ойролцоогоор 1000 гаруй “автомашин” тэнд
байна лээ. Тухайн машин
үйлдвэрлэсэн он, марк бүрээрээ
өрөөстэй байгаа нь тун
сонирхол татаж байв.

Мөн тус сургуульд дэргэдээ
хэвлэх цехтэй юм билээ.
Багш нар өөрсдийн эрдэм
шинжилгээний бүтээлээ бусад хэвлэх үйлдвэрт
хэвлэхэд хэвлэхийн зардал маш өндөр
гардаг тул өөрийн цехээр
хэвлүүлэх нь эдийн засгийн
хувьд өндөр ач холбогдолтой
байдаг байна. Тус цехээр
орох үед ажилчид нь
сургуулийн 80 жилийн ойн арга
хэмжээний урилгыг хэвлээд зав
муутайхан байна лээ.

Үүнээс гадна сургуулийн зэргэд
захирлын болон эрдмийн зөвлөл
ажиллаж сургалт, судалгааны ажилд хяналт тавин
ажилладаг юм билээ.

ТҮҮХЭН ОЙДОО БЭЛТГЭЭД ТУН ЗАВГҮЙ БАЙНА

Тус сургууль 1934 онд БНМАУ-ын
Сайд нарын зөвлөлийн наймдугаар
тогтоол буюу дотоодыг хамгаалах
газрын дунд сургууль байгуулах
шийдвэрийн дагуу “Төв сургууль”
нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Түүнээс
хойш түүхийн нугачаанд олон
олон нэр сольж байсан
ажээ.

Өнөө жилийн  хувьд
80 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр
олон ажил төлөвлөж, зарим
нь ажил хэрэг болж
байгаа гэнэ. Мэдээж түүхэн
ой учир бусдын жишгээр
ном, баримтат кино зэрэг бэлгэдлийн
чанартай зүйлийг хийхээс гадна
бодит ажил олныг хийж
байгаа юм байна. Тухайлбал,
сургуулийн нэрэмжит бие хамгаалах урлагийн
нээлттэй тэмцээнийг орон даяар явуулжээ.

Түүнчлэн ирэх сарын 8-нд
Төрийн ордноо “Хууль сахиулах
үйл ажиллагааны инноваци” сэдэвт олон улсын
эрдэм шинжилгээний хурал хийх төдийгүй
Чингэсийн талбайд ёслол хүндэтгэлийн
жагсаал зохион байгуулах зэрэг
олон ажлыг төлөвлөөд байгаа
тухай Сургалт хариуцсан дэд
захирал, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр хэлж
байсан юм.

Нөгөө талаас шинэ сонсогч
нарын цэргийн анхан шатны
бэлтгэлийг хангах нөхцө­лийг
бүрдүүлж, иж бүрэн тоног­логдсон сургуулилтын хотхон
бий болгохоор ажиллаж байгаа тухайгаа
ч тэрээр хэлж
байсан билээ.

 

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургуудыг
Ц.МЯГМАРСҮРЭН   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *