Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн 72 дахь улирал үүдээ нээж сая сая хөгжөөн дэмжигчдийн хүслийг биелүүлэхэд долоо хоног үлдлээ. Улирал эхлэхийн өмнө ямар баг хэн гэдэг тоглогчийг элсүүлж, солилцооны зах зээлд илүүрхсэн бэ гэдгээр бас нэгэн чимээгүй тэмцэл өрнөдгийг хөгжөөн дэмжигчид бид андахгүй ээ. Энэ зуны солилцоо наймаа лигийн түүхэнд байгаагүй халуухан болж спорт сонирхогч биднийг ярих зүйлтэй байлгаж чадсан. Мөн NBA-ийн зүгээс ирэх улирал мөрдөх хэд хэдэн томоохон шийдвэрүүд гаргасан юм. Тухайлбал, “Zaza Rule” буюу довтлогч довтолгоо гүйцэтгэсний дараа хамгаалж буй тоглогч биеэ таталгүй албаар ойртуулж, хөл тавих гэх мэтээр санаатайгаар эсрэг тоглогчоо бэртээх гэж оролдвол шүүгчид удаашруулсан бичлэг үзэж спортын бус алдаагаар торгох гэнэ. Ийм шийдвэрийг өрнөд бүсийн финалын цувралыг шийдвэрлэсэн Кавай Леонардын бэртлээс улбаалан гаргажээ. Мөн “Harden Rule” буюу довтлогч довтолгоо гүйцэтгэх үедээ хамгаалагчаас алдаа салгах зорилгоор албаар биеэ ойртуулж контакт авах гэж оролдсон үед довтолгооны алдаа заахаар болов. NBA-ийн улирлын тоглолтууд 10 сарын сүүлээр эхэлдэг байсныг 10 хоногоор сунгаж энэ сарын 19-нд эхлүүлэхээр шийджээ.
NBA-ИЙН ЗҮГЭЭС ТОГЛОГЧ АМРААХ ТУХАЙ ШИНЭ ДҮРЭМ БАТАЛЛАА
Хэрэв баг улирлын болон ач холбогдол өндөртэй тоглолтод гэмтэлгүй тоглогчдоо амраавал торгууль 100,000$-с эхэлнэ. Онцгой нөхцөл биш бол аялан тоглолт эсвэл нэг тоглолтод тоглогчдыг олноор нь зэрэг амрааж болохгүй. Энэ тохиолдолд баг тоглогчдоо амраахаар шийдсэн бол тоглогч зайлшгүй багтайгаа хамт аялж, хөгжөөн дэмжигчидтэй харилцах арга хэмжээнд нээлттэй байхаар болжээ. Энэхүү дүрмүүд нь NBA-д тамирчдын ядралт, “од” тоглогчдын тоглолт өнжих зэрэг асуудлыг шийдэж бохир тоглолт үзүүлэх, шүүгчид хямдхан алдаа үлээх зэргийг багасгана гэж Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо үзэж байгаа.
ОДОД ЦУГЛАРСАН NBA-ИЙН ДӨРВӨН БАГИЙН ДУНД ГОЛ ӨРСӨЛДӨӨН ЯВАГДАХ УУ
Солилцоо наймааны зах зээлд өрнөд бүсийн багууд хожсон гэхэд болно. Энэхүү бүсэд Жимми Батлэр, Пол Жорж, Кармело Энтони, Пол Милсап зэрэг бүх од тоглогчид нэгдсэн билээ. NBA-ийн 30 баг бий. Эдгээр багууд намраас эхлэн хоёр бүсэд 15-аараа хуваагдаж, бүсийнхээ аваргын төлөө өрсөлддөг. Улмаар хоёр бүсээс шалгарсан багууд финалын тоглолтууд хийж, NBA-ийн аваргын алтан бөгжийг зүүдэг. Сүүлийн жилүүдэд NBA-ийн од тоглогчдыг зарим мөнгөтэй багууд худалдан авч, багтаа оддын бөөгнөрөл үүсгэх болсон. Өнөө жил энэхүү байдал бүр ч гүнзгийрч NBA-ийн дөрвөн баг оддыг цуглуулж эхэлжээ. Үүнд бусад багууд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа гэнэ. Шударга өрсөлдөөн 30 багаас гарахгүй, дөрөвхөн багийн дунд гол тоглолт явагдана хэмээн тэд үзэж байгаа аж. Ингээд та бүхэндээ энэ зуны онцлох наймааг хийсэн багуудын солилцоог хүргэе. Клэвландын “Морьтон цэргүүд” энэ зун солилцоо наймаа чөлөөт агентын зах зээлд нэлээд идэвхтэй ажилласан. Тэд багийн тулгуур тоглогчдын нэг Кайри Ирвингийг Бостон Сэлтиксд алдсан ч оронд нь Азьяа Томас, Жэй Кроудер, Антэ Зизич болон 2018 оны (Брүүклин Нетс) нэгдүгээр тойргийн драфтын эрхийг халааслаад амжсан. Мөн холбон тоглогч Дэррик Рөүзтэй нэг жилийн 2.1 саяын гэрээ, хамгаалагч Двэйн Вэйдтэй нэг жилийн 2.3 саяын гэрээг тус тус үзэглэв. Ингэснээр Леброн, Вэйд хоёрын хослолыг эргэн харах боломжтой болж байна. Тэгвэл Кайри Ирвингийг багтаа элсүүлсэн Бостон Сэлтикс дөрвөн жилийн 128 саяын гэрээг Гордон Хэйвардтай байгуулж өөрийн эгнээнд нэгтгээд байна. Өмнө нь тэд хамгаалагч Эвэри Брэдлиг Детройд руу явуулж оронд нь довтлогч Маркус Моррисыг аваад байсныг сагсан бөмбөг сонихогчид мэднэ. Хьюстон Рокетс баг холбон тоглогч Крис Полыг солилцоогоор нэгтгэж. Харин Лос анжелос Клипперс баг оронд нь Сэм Дэккэр, Лью Виллиамс, Патрик Бэвэрли болон дараа жилийн нэгдүгээр тойргийн драфтын эрхийг авлаа.Чикаго Буллз баг Минесато Тимбэрволвест хамгаалагч Жимми Батлэрийг өгч оронд нь хамгаалагч Зак Лавинь, холбогч Крисс Данн болон энэ жилийн драфтын долоо дахь (Лаури Марканэн) сонголтыг авлаа.Энэ зуны хамгийн ашигтай наймаануудыг Оклахома сити Тандэр баг хийсэн. Индиана Пэисэрс багт хамгаалагч Виктор Оладипо, довтлогч Домантис Сабонисыг өгч оронд нь Пол Жоржийг авсан. Мөн Нью Иорк Никс багаас Кармэло Энтонинг авч Энес Кантэр, Дуг Магдэрмот болон драфтын эрх оронд нь өглөө. Тэгвэл чөлөөт агент болоод байсан бүх одод довтлогч Пол Милсап Дэнвэр Наггетсын гурван жилийн 90 саяын гэрээг зөвшөөрөв. Нью Орлеанс Пеликанс баг нэг жилийн 3.3 саяын гэрээг холбон тоглогч Ражон Рондотой хийлээ.Төвийн тоглогч Андрью Богуттай нэг жилийн 2.3 саяын гэрээг Лос Анжелос Лэйкэрс баг үзэглэлээ.Ингэснээр удахгүй эхлэх NBA-ийн улирал Клэвландын “Морьтон цэргүүд”, Бостон Сэлтикс, Оклахома сити Тандэр, Голден Стэйт Уорриорс хэмээх одод цугларсан дөрвөн багийн дунд гол өрсөлдөөн явагдахаар боллоо.
КЛИВЛЭНДИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ОЧСОН ВЭЙД ШИНЭ УЛИРАЛД ГАРААНД ГАРЧ ТОГЛОХ УУ
Чөлөөт агент болмогцоо Кливлэндийн бүрэлдэхүүнд очсон Вэйд гараанд гарах эсэх талаар хүмүүс янз бүрээр ярьж байна. Тэгвэл үүнд түүний байрлалд тоглодог Жи.Ар Смит огт эмзэглэхгүй байгаа гэнэ. Түүний хувьд гараа эсвэл сэлгээнээс тоглох эсэх нь тийм ч чухал биш ажээ. “Вэйд сэлгээнээс тоглох, эсвэл би сэлгээнээс тоглох эсэх нь баг хүчирхэг болох боломжийг бүрдүүлж байгаа нөхцөлд ямар ч хамаагүй. Одоохондоо би гараанд гарах боломжтой байгаа гэдгээ л мэдэж байна. Би одоо 14 дэх жилдээ энэ лигт тоглож байна. Өмнө нь янз бүрийн зүйл үзэж байлаа. Одоо бол гараа эсвэл сэлгээнээс тоглох нь надад үнэхээр хамаагүй” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.Ямартай ч Вэйдийг ирсний дараахь хоёр бэлтгэлд Смит хоёуланд нь гараанд гарсан аж. Тус гараанд түүнээс гадна ЛэБрон Жэймс, Жэй Краудэр, Дэрик Рөүз, Кэвин Лаав нар багтсан байсан гэнэ.Улирал эхэлтэл долоо хоног хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдээд байгаа билээ. Тэгвэл хэн нь гараанд гарч, хэн нь сэлгээнээс тоглохыг Бостон Сэлтиксийн эсрэг хийх нээлтийн тоглолтод харах л үлдлээ.
NBA-ИЙН БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ ӨӨР ЗАРЧМААР БОЛНО
NBA-ийн комиссарын албыг авснаасаа хойш багагүй өөрчлөлтүүдийг хийж байгаа Адам Силвэр бас нэгэн бүтцийн өөрчлөлт хийлээ. Энэ удаад бүх оддын тоглолтын бүтцэд өөрчлөлт оруулсан байна. Өмнөх зарчмаас өөрчлөгдсөн зүйл нь өрнө болон дорно гэсэн бүсийн хуваарилалт байхгүй болж байгаа юм. Тодруулбал бүс бүсээс хамгийн олон санал авсан тоглогч нар багийн ахлагч болно. Харин үүний дараа үзэгч, тоглогч, хэвлэл мэдээллийнхэн нарын саналаар сонгогдсон гарааны тоглогч нарыг драфт хийдэгтэй адил зарчмаар багийн ахлагч нар ээлжлэн авах юм. Үүн дээрээс нэмэгдээд дасгалжуулагч нарын сонгосон сэлгээний тоглогч нарыг дахин багийн ахлагч нар ээлжлэн сонгож өөрийн багтаа нэгтгэнэ. Харин тоглолтоос олсон ашгийг бүх оддын тоглолтыг зохион байгуулж буй хотын нийгэм рүү хандсан үйл ажиллагаанд хандивлахаар болжээ.Ингэснээр өрнө дорнын өрсөлдөөнийг бид дахин харах боломжгүй болж байгаа юм. Мөн нэг багийн хоёр тоглогч өөр өөр багт сонгогдож нэг нэгнийхээ эсрэг тоглох ч боломжтой болж байна. Хэрвээ энэ зарчим өнгөрсөн жил хэрэгжсэн бол ЛэБрон Жэймс болон Стэфэн Көрри нар баг ахлах байжээ.
Бэлтгэсэн: Э.МӨНХТҮВШИН