Categories
мэдээ спорт

НБА-ийн шидэт тоглолтууд үргэлжилсээр

Өрнөд конференци

Голден Стэйт” – “Хьюстон” 110:106 (24:31, 34:24, 26:24, 26:27)тоглолтын харьцаа 1:0

Тавдугаар сарын 20, 10.00, «Oracle Arena»

“Голден Стэйт” :Карри (34), Томпсон (15), Барнс (14), Грин (13 + 12 самбар + 8 дамжуулалт), Богут (0) – гараа; Ливингстон (18 + 7 самбар), Изэли (6), Игудала (4), Барбоза (4), Ли (2).

“Хьюстон”: Хардэн (28 + 11 самбар + 9 дамжуулалт), Ариза (20), Смит (17 + 7 самбар), Тэрри (7), Ховард (7 + 13 самбар) – гараа; Брюэр (9), Капэла (9), Жонс (5), Прижиони (4).

Бүсийн аваргын төлөөх эхний тоглолт “Голден Стэйт Уорриз”-ын “Oracle Arena” цэнгэлдэх хүрээлэнд эхэлж анхнаасаа л Карри, Хардэн хоёрын хооронд дахь тэмцлээр үргэлжлэв. Энэ жилийн улирлын тоглолтын шилдэг нь хэн бэ гэх халз уралдаанд тасархай ялж оны MVP шагналын эзэн болсон Стефен Карри энэ удаа ч гэлээ Харденаас хавьгүй илүү байж талбайн хоёр талд тэгш тоглолт үзүүллээ. Түүнчлэн сэлгээнээс гарч тоглосон Ливингстон багтаа сэргэлт өгч оноогоор тэргүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. “Хьюстон”-ы хувьд эхний тоглолтын хамгийн муу мэдээ нь хожигдол нь бус харин төвийн довтлогч Ховардын өвдөгний гэмтэл байж таарах нь шиг. Учир нь өчигдрийн рентгений шинжилгээ түүний зүүн өвдөгний зөөлөн эд суналттай, дараагийн тоглолтод оролцуулахгүй байх зөвлөмж өглөө хэмээх дүгнэлттэй гарсан байна лээ. Ховард бол “Хьюстон”-ы хамгаалалтын цөм нь, түүнгүйгээр тэдний багийн амжилт нилээн доошлох нь дамжиггүй шүү дээ. “Хьюстон”-ы холын довтолгоо ч гэлээ энэ өдөр шальсангүй. Ахлах дасгалжуулагч Макхэйл хэлэхдээ “Мэдээж Ховардын гэмтэл хожигдолд нөлөөлсөн байж болно. Гэхдээ бид улирлын тоглолтын тал хувийг нь түүнгүйгээр тоглосныг санацгаая. Тэгэхээр хожигдлын сэжим энд биш байх нь. Гурван онооны шидэлт тал хувьдаа ч үр дүнд хүрсэнгүй. Самбарын дор ч олигтой тоглосонгүй” хэмээн багаа дүгнэжээ.

Дорнод конференци

Атланта–Кливленд 89:97 (26:20, 25:31, 16:23, 22:23) тоглолтын харьцаа 0:1

Тавдугаар сарын 21. 09,30 цагаас «Philips Arena»

Атланта: Тиг (27), Хорфорд (16 + 7 самбар), Миллсэп (13 + 7 самбар), Корвэр (9 + 7 самбар), Кэрролл (5) – гараа; Бэйзмор (10), Шрёдэр (6), Мускала (2), Антич (0).

Кливленд: Жэймс (31 + 8 самбар + 6 дамжуулалт), Томпсон (14 + 10 самбар), Ирвинг (10 + 6 дамжуулалт), Мозгов (10 + 11 самбар), Шамперт (4 + 7 самбар) – гараа; Жи Ар Смит (28 + 8 самбар), Деллавэдова (0), Жонс (0).

Дорнод бүсийг Өрнөдийнхэнтэй харьцуулахад харьцангуй сул дорой, жул гэдэг ч гэлээ өрсөлдөөнийхээ хувьд харин ч нэг гал маналзсан тоглолтуудыг үзүүлж өгч байна даа. Өчигдөр эхэлсэн бүсийн аваргын төлөөх анхны тоглолт үүнийг гэрчилнэ. Энэ өдрийн ялагч багийн од нь Леброн Жэймс байлаа гэвэл харин ч том эндүүрэл болно шүү. Хэдийгээр “Хаан” Леброн 31 оноо авч бүх цаг үеийн сагсан бөмбөгчид дотроос гуч болон түүнээс дээш оноог хамгийн олон удааплей-оффын тоглолтод авсан тоглогч болсон ч гэлээ Жи Ар Смит лугаа үр дүнтэй байж чадсангүй. Гараанаас бус сэлгээнээс талбайд гарсан Смитийн гурван онооны шидэлтүүд оновчтой байж багаа оноогоор тэнцүүлэх улмаар илүү гарахад тун чухал үүрэг гүйцэтгэлээ. “Кливленд”-ийн үндсэн холбогч Ирвингийн өвдөгний гэмтэл гүйцэд илааршаагүй байгаа бололтой. Тиймээс Блатт түүнийг дөрөвдүгээр үед талбайд бараг гаргасангүй. Энэ өдрийн бас нэгэн хар мэдээ нь “Атланта”–гийн Кэрроллын гэмтэл. Тоглолтын явцад авсан мөн л өвдөгний гэмтэл энэ авьяаслаг довтлогчийг улирал дуустал тэмцээнээс “хасч” байна.

“Кливленд” өнгөрсөн улирлын туршид “Атланта”-тай дөрвөн удаа тоглохдоо гуравт нь хожигдож байсан бөгөөд сүүлийн удаа хожигдохдоо Жэймс “бид цаашид энэ багтай яаж тоглох ёстой вэ гэдгээ мэдлээ” гэдэг дүгнэлттэй өндөрлөж байсан. Леброны найзууд яаж тоглох аргаа олсон бололтой, ямартаа ч эхний тоглолтыг хүний талбайд байгуулсан ялалтаар дуусган талбайн давуу талыг өөрсдөдөө үлдээлээ.

Д.Бат-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *