Сагсанбөмбөгт хамгаалал хийх явцдаа зуурах, үгээр идэх, санаатай гэмтээх, тохойдох, хүчтэй алдаа гаргах зодоон өдөх гэх мэт бохир тоглолтыг үзүүлдэг тоглогчид бий. Бохир тоглолт онцгүй ч гэсэн сагсанбөмбөгийн нэг хэсэг юм. Хамгийн ойрын жишээ гэвэл 2017 оны плэй оффд Голдэн Стэйт Варриорс багийн төвийн тоглогч Заза Пачульяа эсрэг багийн гол тоглогчийг шидэлт гүйцэтгэж байх үед нь хөл тавьж гэмтээж байсан билээ.
5. Дэннис Родман
Бүх цаг үеийн хамгийн шилдэг багуудад хүчин зүтгэж явсан хүчний довтлогч Дэннис Родман энэ жагсаалтыг удаалж байна. Тэрбээр 1986-1993 онд Дэтройтын муу залуусын эгнээнд тоглож байсан юм. Дэннис Родман нь тоглогчидтой сөргөлдөх үгээр идэх, зодоон өдөхдөө гаргууд нэгэн байсан. Мөн шүүгчийн нүднээс далдуур тохойдох, жүжиглэж алдаа аван хүссэн тоглогчоо тоглолтноос гаргаж чаддаг байв. Тэрбээр таван удаагийн аварга, хоёр удаагийн шилдэг хамгаалан тоглогч шагналтай, карээртаа 6683 оноо, 11954 самбараас бөмбөг авалт хийсэн ажээ.
4. Дикэмбэ Мутомбо
Тус тоглогчийн бохир тоглолт хийсэн бичлэг барагтаа олддоггүй. Гэвч тэрээр самбараас бөмбөг аваад тохойгоо задлахдаа 40-өөд тоглогчийг бэртээсэн түүхтэй. Тэрээр NBA-ийн түүхэн дэх хамгийн боловсролтой тоглогчдын нэг байсан бөгөөд есөн хэлээр ярьдаг байсан юм. Дикэмбэ Мутомбо нэгэн тоглолтын үеэр Дэннис Родманыг хүртэл шатааж(уурлуулах) байв. Тэрээр 8 удаагийн бүх одод болж бйасан бөгөөд карээртаа 11729 оноо, 12359 самбараас бөмбөг авалт, 3289 хаалт гүйцэтгэж байжээ.
3. Чарлэс Оаклэй
Чарлэс Оаклэй нь тоглолтын үеэр зодоон ихээр өддөг байсан. Ихэнхдээ багийн андуудаа өмөөрч зодоон хийдэг байв. Тэрээр карээртаа 12417 оноо, 12205 самбараас бөмбөг авалт хийж байсан.
2. Брүс Бовэн
Тэрээр тоглолтын ур чадвар гэхээсээ илүү хөл тавьж тоглогчдыг гэмтээдэг байснаараа алдартай байсан. Тухайн үедээ шилдэг оноо түүгч Винс Картэрийг шидэлт гйүцэтгэж байхад нь гурван ч удаа гэмтээж байв. Ийнхүү тэрээр NBA-гийн дүрмийг өөрчлүүлж байсан юм. Брүс Бовэн карээртаа 5290 оноо, 2428 самбар гүйцэтгэсэн ажээ.
1. 1980-1990 оны Дэтройт Пистонсын муу залуус
Сагсанбөмбөгт багаараа бохир тоглолт үзүүлдэг ганцхан баг байсан. Тэр нь Азьяа Томас тэргүүтэй 1980-1990 оны Дэтройт Пистонс юм. Төвийн тоглогч Рик Мохарн багийн бохир системийг анх авчирч багийнхандаа зааж өгсөн гэгддэг. Тэрээр Азьяа Томас, Дэннис Родман, Адриан Дантлэй гээд бүгдэд нь бохир тоглолтын техникийг зааж өгсөн юм. Пистонс эсрэг багаа үгээр идэж, шүүгчийн нүднээс далдуур тохойдож, өшиглөж гэмтээх гэж үздэг байсан бөгөөд эсрэг баг нь шатаж ихэвчлэн зодооныг эхлүүлэн хохирогч болдог байв. Тэд 1989, 1990 онуудад хоёр улирал дарааллан NBA-гийн аварга гэх цолыг хүртэж байсан юм.
Б.АМАРТҮВШИН