Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг суллахыг шаардан ОХУ-ын хэд хэдэн хотод төдийгүй олон улсад олон мянган хүн жагсаж, үзэл бодлоо илэрхийлцгээсэн билээ. Жагсаалыг Оросын эрх баригчид хууль бус хэмээн үзэж, хүчээр тараан, Навальныйн эхнэр тэргүүтэй 4000 гаруй хүнийг баривчилсан юм. Мөн жагсаал тарсны дараа ч Навальныйн дүү гэх мэт хүмүүсийг цагдаа нар саатуулжээ. Навальныйг дэмжигчид бууж өгөлгүй, өнөөдөр (2021.1.31) дахин жагсахаа зарласан билээ.
Цагдаа нарын зүгээс жагсаал цуглаан хийхийг хууль бус хэмээн үзэж, шаардлагатай бол хүч хэрэглэн тараахаа удаа дараа мэдэгдсэн ч ард түмэн үл ойшоож байгаа юм. Тиймдээ ч нийслэл Москва хотод эрх баригчид өнөөдөр хүмүүсийн хөдөлгөөнийг нарийн ажиглан зохицуулж, метро, нийтийн тээвэр, зарим дэлгүүр, үйлчилгээний төвүүдийг албадан хаажээ.
Эхний жагсаалууд ОХУ-ын Алс Дорнодын хэд хэдэн хотуудад эхэлсэн байна. Цахим орчинд цацагдаж буй зарим бичлэгүүдээс залуучууд голдуу хүмүүс цугларан, “Путин бол хулгайч” гэх мэтээр хашгиран, тойрон бүжиж, цагдаа нартай хөөцөлдөн, зарим нь баривчлагдаж, зодуулж байгаа нь харагдах аж.
Өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр Навальныйн эхнэр Юлия баривчлагдаж, түүнээс хойш дүү Олег, идэвхтэн Мария Алёхина, хүний эрхийн талаар мэдээ бэлтгэдэг агентлагийн ерөнхий эрхлэгч Сергей Смирнов нарын хэд хэдэн хүнийг баривчилж, гэрийн хорионд байлгаж байгаа юм. Мөн жагсаалын үеэр баривлагдсан хүмүүсийг хорих шоронгийн камер Москвад хүрэлцэхгүй байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн билээ.