Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нацизм, фашизм, арьсны үзлийг сурталчилдаг хэвлэл мэдээллийг хаах нь чөлөөт хэвлэлд оруулж буй асар их хувь нэмэр юм

Сүүлийн үед Монголын  телевизүүдээр “100 чухал сэдэв” нэртэй Үндсэн хууль зөрчсөн, арьсны өнгө, яс үндсээр ялгаварлан гадуурхсан  нэвтрүүлэг олон давтамжтай  нэвтэрлээ.  Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр  зүйлийн хоёрт  “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал,  хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил,  албан тушаал,  шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг. Дээрх нэвтрүүлэг энэ бүх заалтыг зөрчсөн байна.

Уг нэвтрүүлгийн утга агуулга нь  хятад гарал угсаатай эрлийзүүд нарийн цариг тавихаар зүтгэж,  Хятадын түрэмгийлэл нарийн цариг тавьснаар эхэлж,  Монгол Улс устаж үгүй болох нь  гэсэн өнгө аясыг дам болон шууд утгаар илэрхийллээ.  Уг нэвтрүүлгийн мөрөөр нийгэмд  эрлийзүүдийг үзэн ядах, ялгаварлан гадуурхах шоовдорлох кампанит ажил өрнөөд байна. Нэвтрүүлэг цацсанаас хойш “Босъё, хөдөлье,  буудъя, эрлийзүүдийг  хөөе,  тууя, нэгдье” гэх үгс хаа сайгүй явах болж, зарим нэг төрийн бус байгууллагууд жагсаал цуглаан хийх юм болоод явчихлаа. Эндээс фашизм, нацизм, арьсны үзэл  үнэртэж байна.  Ийм үзэл гаарснаас  болж дэлхийн дайн  болж  улс үндэстэн устаж  байсныг  эрхбиш  та бүхэн  гадарлах биз.  

Монголчуудыг айдаст автуулж, талцалд дуудсан   нэвтрүүлгийн захиалагчтай яриад байх юм алга. Хэвлэл мэдээллийн байгууллагад ямар ч захиалга ирж болдог. Иргэд захиалга өгөх эрхтэй. Харин хэвлэл мэдээллийн байгууллага  хууль зөрчсөн нийтлэл нэвтрүүлгүүдээс  татгалзах эрхтэйгээс гадна нийгмийг буруу тийш турхирч залахгүй байх үүрэгтэй. Гэтэл дээр дурдсан   нэвтрүүлгүүдээс болж нийгэмд доргио үүсч  түүгээр ч тогтохгүй     төрийн үйл ажиллагаа доголдож эхэллээ.  Ямар ч байсан Засгийн газар л лав одоо төмөр замын цариг ярьж зүрхлэхгүй биз.  Дээр нь  нарийн цариг гэж ярихаа энэ удаа болино. Ийнхүү зуны дэлгэр цагт явагдах ёстой  төмөр замын ажил өнгөрөх нь  тодорхой болж байна.

Үндсэн хууль зөрчсөн энэ нэвтрүүлгийг цацсан  хэвлэл мэдээллийн байгууллагууд “Захиалагч нь   хариуцлага хүлээнэ” гэж бодож байгаа бол том эндүүрэл. Олонд түгээж нийгмийг хагаралдуулчихаад яахаараа өөрсдөө хариуцлага хүлээхгүй гэж.  Харин ч бүүр их хариуцлага хүлээж таарна. Иргэдийг хооронд нь  хагалж,  арьс өнгө,  үндэс угсаа, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан үзлийг дэвэргэсэн,  Монгол Улсын Үндсэн хууль болон Хүний эрхийн түгээмэл тунхгийн үзэл санааг санаатайгаар зөрчиж байгаа  дээрх хэвлэл мэдээллийн байгууллагуудад хатуу арга хэмжээ авч,   одоо шууд хааж, хэвлэл мэдээллийн  лицензийг нь хураах хэрэгтэй. 

 Улайм цайм арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан  ийм  нэвтрүүлгийг цацаж буй телевизүүдийг хаахгүй өөгшүүлэх нь чөлөөт  хэвлэлийн хөгжилд асар их хохирол учруулж байна. Тиймээс дээрх хууль зөрчсөн бүдүүлэг нэвтрүүлэг явуулсан хэвлэл мэдээллийн байгууллагыг хаах нь чөлөөт хэвлэлийн хөгжилд оруулж байгаа асар их тус дэм юм.

Ер нь сүүлийн үед  хэвлэл мэдээлэл  болон цахим ертөнц сайт, твийтрээр хүн гүтгэх, доромжлох, тохуурхах, дарамтлахад хэн ч, юу ч хэлэхээ байж. Ерөнхий сайдыг гэхэд л онигооны баатраар өргөмжилж, матрын зулзага болгож доромжлох болов.  Зулбасганы бие дээр нүүр толгойг нь залгаж, ой гутам зураг тавьж, орчлонгийн хамаг муу үгсийг цуглуулж,  доромжлох бол энүүхэнд болж.   С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нарын сэхээтнүүдийг хужаагаар нь дуудаж, эрлийз хурлийз гэж үзэн ядаж,  Н.Батбаяр сайдыг бөө, тэнгэрийн амьтан, гал тахьдаг, төрийн их зөнч гэж амныхаа зоргоор доромжилно. Нөгөөдүүл нь  ч гэсэн дээ. Чөлөөт хэвлэлд хайртай царайлж, дүр үзүүлж  жүжиглэдэг. Ядаж байхад Н.Алтанхуяг  гэхэд  охин Саранзаяа, туслах Дэнзэн нарынхаа өмнөөс хэлэх үггүй болтлоо асуудалтай байдаг. Н.Батбаяр адилхан. Төрийн хүн байж гал тахиж гүйгээд байсан. Ийм асуудлаасаа болж  гүтгэн доромжилж,  хагалан бутаргах үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн өөдөөс олигтойхон дуугарчих нэр нүүргүй болчихоод  дэмий л хэвлэлд хайртай хүний дүр эсгэх юм. 

Энэ мэтээр хэвлэл мэдээллийг өөгшүүлэх нь Монголын чөлөөт хэвлэлийг буруу тийш нь залаад буруу замаар явуулаад байна. Хэвлэлээр мөнгөтэй хүн хэнийг ч яаж ч доромжилж болдог гэсэн ойлголт   нэгэнт  бий болж,  юу хүссэнээ олон нийтэд түгээж болдог гэсэн буруу үзэл тогтлоо. Гэмт хэргийн тухай хуульд сэтгүүлч хүн гүтгээд ял авахгүй гэж заалт оруулсан.  Үүнийг нөгөө талаас нь харвал сэтгүүлч  хэн нэгнийг   гүтгэж доромжилж болно гэдэгтэй агаар нэгэн заалт. Бид хүнийг доромжилж болохгүй, гүтгэж болохгүй. Шүүмжилж болно. Болохгүй байгааг нь, алдаа дутагдлыг нь шүүмжлэхээр шалгуулна, бариулна гээд сандралдаад байдаг хэрнээ доромжилж басамжлуулж гүтгүүлэхээрээ загнуулсан хүүхэд шиг байгаад байдаг нь ямар учиртай юм бэ. Энэ бүхнийг нэгтгээд бодохоор чөлөөт хэвлэл хөгжиж байгаа биш чөтгөртэй хэвлэл үүсч байгаа юмуу даа гэсэн эмзэглэл төрөх юм. Хэвлэлээр доромжлуулж   гүтгүүлчихээд инээгээд сууж байгаа улстөрч бол Монголд чөлөөт хэвлэлийг устгаж байгаа хэрэг юм. 

Олон нийтэд нөлөөлөх талаас нь авч үзэхэд твийтр ч  чөлөөт хэвлэл мөн. Твийтрийг анзаараад байх нь ээ бодох эргэцүүлэх зүйл их харагддаг. Ихэнх улс орнууд өөр өөрийн гэсэн харилцааны сошиал  хэрэгсэлтэй байдаг. Тэд гадны харилцааны хэрэгсэл дээр чухал хүмүүс байршвал нууц алдах эрсдэлтэй гэж үздэг. Гэтэл яагаад Америкийн  сошиал хэрэгсэл дээр   манай төрийн удирдлагууд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, улстөрчид нь  байршаад үйл ажиллагаа явуулаад байна вэ. Түүнд нь захын нэг нусгай жаал улс орны бодлого буруу зөрүү яриад загнаад сууж байдаг.  Нөгөөдүүл нь үүнийг тоож байгаа ч юм байхгүй “Би хамгийн олон дагагчтай болж”  гэцгээн гайхуулаад суудаг нь зөв үү,  буруу юу.  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль энэ хэсгийнхэнд ч хамаарах ёстой. Хүнийг гүтгэх доромжлох, хүмүүн бусаар хэлэх зэрэг нь твийтрчдийн өдөр тутам хийж байдаг гол ажил нь болсон.

Үндсэн хууль  зөрчин,  хүний эрхийн түгээмэл тунхаг зөрчсөн, хүн доромжилсон,   хувь иргэний эрх чөлөөнд халддаг хэвлэл мэдээллийг хааж эрс арга хэмжээ авч  хуулийн дагуу ажиллах нь чөлөөт хэвлэлийн ариун талбайд ургасан чөтгөрийн өвсийг түүж байгаа хэрэг. Чөлөөт хэвлэлийн  ирээдүйд санаа зовдог хэвлэл мэдээллийн  зүтгэлтнүүд  энэ бүх хууль зөрчсөн нийтлэл нэвтрүүлэг ямар ч хорио саадгүй нэвтэрч хэвлэгддэг болсонд  ихээхэн санаа зовж эмзэглэж байна.  Яагаад гэвэл чөлөөт хэвлэл энэ янзаараа  хууль зөрчин юу дуртайгаа хэвлэн нийтэлж, нэвтрүүлсээр байх ахул хаагдахаас өөр замгүй болох нь.

Захиалагчийн даалгавар ёсоор  Монголын телевизүүд  ард түмнийг хагаралдуулан  хоёр хувааж, цэвэр цусны монгол, эрлийз монгол гэж талцууллаа. Одоо цаашид монголчуудыг юу хий гэж зааж өгөх вэ. Зэвсэг бариад тулалдацгаа гэж уриалах уу. Зүв зүгээр амьдарч байсан ард түмнийг ингэж хорлож байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг  тэгээд хаахаас өөр яах ёстой юм бэ.  Хэрэв “Чөтгөрийн ургамлаа” ингэж эрс тууштай хатуу арга хэмжээ авч, тасдан хаяж, чөлөөт хэвлэлээс тусгаарлахгүй  юм бол  Монголын чөлөөт хэвлэл устаж үгүй болохдоо тулж ирээд байна. Хэвлэл мэдээлэл ийм аюултай, ингэж захиалгаар  үндэстэн ястанг хооронд нь алалдуулдаг  гээд  нийтэд нь хамруулаад хэвлэл мэдээллийг хаавал яах вэ. Хэрэв чөлөөт хэвлэл уствал нөгөө бидний яриад байдаг ардчилал, тусгаар тогтнол гэх зүйлүүд үлдэх үү.       

Б.ДОРНО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *