Categories
гадаад мэдээ

NASA дэлхийг солироос хамгаалах туршилт хийнэ

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв болох NASA аюул учруулж болзошгүй солируудаас дэлхийг хамгаалах туршилтыг анх удаа хийх гэж байна. NASA ирэх сард солир руу тусгай зонд бүхий пуужин хөөргөх бөгөөд уг аппарат 2022 оны есдүгээр сарын сүүлч, 10 дугаар сарын эхээр уг солирыг мөргөж тойрог замыг нь өөрчлөх юм байна.

DART /“Double Aster­oid Redirection Test”- Хос солирын тойрог замыг өөрчлөх туршилт/ зонд бүхий, “SpaceX” компанийн “Falcon 9” зөөгч пуужинг Калифорни муж улс дахь Ванденберг сансрын хүчний баазаас арваннэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Зүүн эргийн цагаар 01 цаг 20 минут хөөргөхөөр товложээ.

Сансарт хүрсний дараа DART аппарат пуужингаас салж, Дидим-Диморф гэх хос солирыг чиглэн ниснэ. Гэхдээ 780 метрийн диаметртэй, том солир Дидимээ тойрон эргэлдэж байдаг хэмжээгээр жижиг солир болох 160 метрийн диаметртэй Диморфомтой мөргөлдөхөөсөө өмнө бүтэн жил шахам сансарт байх ажээ. NASA-гийн төлөөлөгч Жошуа Хэндалийн хэлснээр, DART аппарат Диморф солиртой 2022 оны есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 2-ны хооронд мөргөлдөх гэнэ.Уг аппарат цагт 25 мянга орчим км-ийн хурдтайгаар жижиг солирыг мөргөх аж. Үүний дараа том солироо тойрон нэг эргэлт хийх хугацаа хэдэн минутаар багасах бөгөөд хос солирын хоорондох зай багасаж, тойрог зам нь өөрчлөгдөх ёстой юм байна. Хэдийгээр тойрог замын хазайлт нь тийм ч их ач холбогдол өгөхгүй ч дэлхийгээс огторгуйн дурангаар ажиглахад хангалттай байх аж. Дидим-Диморф хос солир нь нарыг тойрон эргэлддэг бөгөөд дэлхий рүү үе үе ойртдог ч одоогоор манай гаригт аюул учруулаагүй байгаа юм. Туршилтын зорилго нь ирээдүйд манай гаригт үнэхээр аюултай солирууд гарч ирэх тохиолдолд тойргийг нь хэрхэн өөрчилж дэлхийтэй зөрүүлэх аргыг боловсруулах гэнэ. NASA анх 2016 онд Дэлхийг солироос хамгаалах үйл ажиллагааг зохицуулах газар байгуулжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэлхийгээс 48 сая км-ийн сансар огторгуйн орон зайд манай гаригт аюул учруулж болзошгүй солир, сүүлт одыг хайн илрүүлж, хэмжээ, тойрог зам, химийн найрлагынх нь талаар мэдээлэл цуглуулж, мөн дэлхий дээр унаж болзошгүй үр дагаврын дүн шинжилгээг хийж байгаа юм байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *