Categories
мэдээ нийгэм

Нарны зайн дэлгэц үйлдвэрлэх түүхий эдийг татвараас чөлөөлнө

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Оюун нарын 11 гишүүнээс өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нарны зайн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдийг дотооддоо үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангасан, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах үүднээс сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн буюу нарны зайн дэлгэц үйлдвэрлэх түүхий эдийг импортын татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан.

Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслүүдийг нэгдсэн хуралдаанд оруулан батлуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй үзсэн тухай Байнгын хороог төлөөлж УИХ-ын гишүүн Б.Наранхүү илтгэлээ. Дээрх хуулийн төслүүдийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *