Бүгд найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди дөнгөж сая Монгол Улсын УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцож үг хэллээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди төрийн айлчлал хийж байгаад талархал илэрхийлэн хоёр орны цаашдын хамтын харилцаа улам өргөн хөгжинө гэдэгт итгэлтэй байгааг хэллээ. Түүнчлэн энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгааг цохон тэмдэглэн, Энэтхэгийн Ерөнхий сайд анх удаа айлчилж байгаад талархал илэрхийлэн чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхийг урилаа.
Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар айлчилж байгаадаа талархал илэрхийлэн аугаа түүхтэй үндэстний эх оронд ирсэндээ баяртай байна гэв. Монгол Улсын Их хурлын индэр дээрээс үг хэлэх завшаан олдсонд талархал илэрхийлэхийн сацуу энэ жил танай орон ардчиллын 25 жилийн ой тохиож байгаад байгаад баяр хүргэе гэлээ. Түүнчлэн гуравдагч хөршийн нэг тэрбум гаруй хүний халуун мэндчилгээг авч ирснээ дуулгалаа.
Энэ дэлхий дээр анд найз шиг үнэт бэлэг байдаггүй болохоор цаашид энэ харилцаагаа хадгалан явахыг хүслээ. Түүнчлэн Монгол Улс хөгжлийнхөө нэн хариуцлагатай үед ирсэн болохоор хоёр орны хооронд харилцааны хязгаар байхгүй гэв. Өдгөөгөөс 2000 гаруй жилийн өмнө Энэтхэгээс лам нар монголд ирж бурханы шашныг дэлгэрүүлж байсан нь өнөөдөр ч хэвээрээ байна. Эрт цагийн монголчуудын эрэлхэг явдал өнөө ч дуурсагдсаар байдаг. Монголчуудын хувьд хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөөлөл их бий. Цаашид оюун санааны эрэлд хамтдаа явахыг уриаллаа.
Өдгөөгөөс 50 жилийн өмнө Монгол Улс НҮБ-д элсэх гэж байхад Энэтхэг улс тууштай дэмжиж байсныг Нарендра Моди хэлсэн үгэндээ тодотгон цаашид хоёр орон Эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэх шаардлагатай байгаа гэсэн юм. Жил хүрэхгүйн хугацаанд Энэтхэгийн эдийн засаг 7.5 хувийн өсөлттэй гарч дэлхийд хурдацтай хөгжиж байгаа эдийн засагтай орны тоонд орлоо. Манай орны эдийн засгийн энэ өсөлт Монголд ч нөлөөллөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Дэлхийн эдийн засгийн шинэ эрч хүч нь Энэтхэг гэдэгтэй бүгд санал нэг байгаа.
Энэтхэг улс улам л залуужиж байна. Бид дэлхийд шинэ боломжийг нээн өгөхийн тулд хичээж байна. Газарзүйн байршилаас болж түншээ сонгоход хязгаар гэж байх ёсгүй. Цаашид сүү, цагаан идээ боловсруулахад туршлага авч болно гэв.
Мөн ноос, ноолуураа нэмүү өртөг шингээх тал дээр шууд ажиллаж болно гээд Монгол Улсад нэг тэрбум ам.долларын зээл олгож байгаагаа дуулгалаа. Монгол хүний хийж бүтээх чадварт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэн кибер аюулгүй байдлын салбарт хамтарна гэдгээ мэдэгдлээ.
Чуулганы хуралдааны нээлтэн дээр хэлсэн өөр нэг үг нь “Манай намын логон дээр бадамлянхуа цэцэг байдаг бол танай төрийн сүлдэн дээр мөн бадамлянхуа цэцэг байдгийг сая анзаарлаа. Тийм болохоор бидний хооронд ямар нэгэн холбоо байдаг юм байна гэдэг нь харагдлаа” гэсэн юм.
Энэ удаагийн хүндэтгэлийн чуулганы хуралдаанд 66 гишүүн оролцлоо.
Э.ЭНХ