Өчигдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Пакистанд айлчилсан байна. Түүний айлчлал тус улсын Ерөнхий сайд Наваз Шарифын 66 насны ойд баяр хүргэснээр эхэлсэн бөгөөд талууд 90 минут уулзалт хийж, оройн зоог хамт барьжээ. Моди, Шариф нар уулзалтынхаа үеэр Кашмирын бүс нутаг дахь хилийн маргааны асуудлыг хөндөж, хэлэлцсэн гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.
1947 оноос өмнө нэгдмэл байсан дээрх улсууд Британийн колоничлол эцэс болсны дараа шашны хагарлаас үүдэн хиндичүүд олонхитой Энэтхэг, исламын шашинт Пакистан гэсэн хоёр улс болон задарсан. Түүнээс хойш Энэтхэг, Пакистаны хооронд дэгдсэн гурван дайны хоёр нь Кашмир дахь хилийн маргаанаас үүджээ. Хоёр орон Кашмирын бүс нутгийг бүхэлд нь өөрийн газар нутаг хэмээн маргадаг.
Жар гаруй жил хоёр орны харилцааг хурцатгасан энэ асуудлаар 2003 онд гал зогсоох гэрээ байгуулсан ч, талууд гэрээг зөрчин, бие биеэ буруутгасаар өдийг хүрсэн билээ. Энэтхэгийн ерөнхий сайдын Пакистанд хийсэн гэнэтийн айлчлал хоёр талын харилцаан дахь хурцадмал байдлыг намжаахад чиглэсэн нэг том алхам гэж ажиглагчид дүгнэж байна.
Талууд цаашид хоёр орны хоорондын уулзалт, хэлэлцээг эрчимжүүлэх, мөн ард иргэдийнхээ хооронд нөхөрсөг уур амьсгал бий болгох замаар харилцаагаа сайжруулахаар талууд төлөвлөжээ. Мөн энэ чиглэлд нэн тэргүүнд гадаад хэргийн сайд нарын уулзалтыг ирэх сард зохион байгуулна гэж Пакистаны тал мэдэгдэв.