Categories
мэдээ цаг-үе

Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 30 га газрыг нөхөн сэргээжээ DNN.mn

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн 3 том хогийн цэгт өдөрт дунджаар 3000 тн хог хаягдал төвлөрүүлж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь Нарангийн энгэр, Баянзүрх дүүргийн нутагт орших Цагаан давааны хогийн цэгийг үе шаттай хэсэгчлэн хааж, 2020 оноос нөхөн сэргээж эхэлжээ. Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2007-2009 онд байгуулахдаа Япон улсын буцалтгүй тусламжаар хог дарж булах талбайн хөрсөнд бохирдол нэвчдэггүй давхарга үеийг хийснээрээ онцлог болжээ. Мөн Японы стандарт жишгийн дагуу хог хаягдлын ялзрал, шүүрлээс бий болдог бохир шингэн зайлуулах хэвтээ хоолойнуудыг суулгасан байна.

Харин Цагаан давааны хогийн цэгийг 2011 онд бий болгон, хотын зүүн, төвийн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг төвлөрүүлж байгаа. Энд 2011-2020 онд 16 га талбайд 20м өндөр, 3.5 сая куб метр буюу 2.8 сая тн хог хаягдал төвлөрүүлжээ. Нарангийн энгэрийн хогийн цэгт 2020, 2021 онд тус бүр 8 га, 2022 онд 4 га, нийт 20 га талбайг харин Цагаан давааны хогийн цэгт 2020, 2021 онд тус бүр 4 га, 2022 онд 2 га, нийт 10 га талбайг нөхөн сэргээгээд байна.

Хог булах, газрыг нөхөн сэргээх талаар Улаанбаатар хотын ЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга М.Чинсанаа ярихдаа, -Энэ онд Цагаан давааны хогийн цэгт 2 га, Нарангийн энгэрийн хогийн цэг дээр 4 га талбайд ландфил хийсэн. Цагаан давааны хогийн цэг 98 га талбайг эзэлдэг. Дахин хог хаях боломжгүй дүүрсэн хэсэгт нь ландфил технологиор хог булж, газрыг нөхөн сэргээлээ. Хог булсан газрыг зүлэгжүүлж, ургамал тарьж байгаа ч барилга барих боломжгүй тул хөл бөмбөгийн талбай болгон ашиглах хувилбарыг ярьж байна. Эхлээд булсан хогноос ялгарч буй метан хийг байгальд хоргүй байдлаар шатаах талаар төрийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагч байгууллагатай ярилцаж байгаа” гэжээ.

Цагаан даваа, Нарангийн энгэрт Эко паркийн төлөвлөлт хийснээр олон улсын донор байгууллагын дэмжлэгээр хогийг эргэлтэд оруулж дахин боловсруулах үйлдвэр барьж байна. Улаанбаатар хотын ЗАА-наас энэ чиглэлээр ажиллах хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дэмжиж, газар олгож, үйл ажиллагааг нь дэмжих бодлого барьж байгааг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээллээ.

Хогийг газрын гүнд 60 см-ээс 1.2м, зарим хэсэгт 1.5 метр гүнд байгалийн хөрс нягтаршуулж, дээр нь 30-40 см хар шороо татаж, үр цацдаг байна. Газрын гүнд хуримтлагдсан хийг гадагшлуулах үүрэгтэй метан хоолой, цооногийг 3-4 метр гүнд суурилуулсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *