Categories
мэдээ цаг-үе

Нанзадын Чулуунхүү гавьяаттай хөөрөлдсөн нь

Шинийн арваннэгний билэгт өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин Нанзадын Чулуунхүүгийнд өнжсөн юм. Гавьяат маань ер нь л их завгүй хүн. Цагаан сарын золголт ч хараахан дуусаагүй байлаа. Тэрээр хийх ажлаа өдөр бүр төлөвлөн, жижигхэн цаасан дээр бичнэ. Түүнийгээ харж байгаад л ажлаа амжуулдгаа ярьж өнөөх “ажлын тайлан”-гаа үзүүлэв. Биднийг очихын өмнө тэрээр уугуул нутаг Завхан аймгийн Тэлмэн сумын золголтод очиж амжжээ. Яриа хөөрөө маань монгол бөхийн дуунаас эхэллээ. Бөхийн өргөөнд болдог барилдаан

Хангарьдын дэвэлтээр дэвээд

Харцага шонхорын шүүрэлтээр шүүрээд

Хараа өндөр өө гараа сүрлэг ээ

Хавтай сайхан бахтай бардам аа

Монгол түмний цэнгэлийн манлай

Мохошгүй зоригт харьшгүй хүчтэй бөхчүүд минь ээхэмээх дуугаар эхлэх нь бий. Уг дууны шүлгийг ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав бичиж Н.Чулуунхүү гавьяат ая данг нь тааруулсан байна. Ерээд оны үе. Чулуунхүү гуай цэргийн 013 дугаар ангийн санхүү аж ахуй эрхэлсэн орлогчоор ажиллаж байснаа дурсан ярив. Картын бараанд шилжсэн, нийгэм зэврүүхэн байсан тэр цагт Сүрэнжав гуайн шүлэг сэтгэлд нь яваад л байсан хэрэг. Нэгэн өдөр өрөөнд нь улсын заан Ч.Гочоосүрэн, “Ерөнхийлөгчийн бөх” гэгддэг Ж.Чулуун начин нар ороод ирсэн байна. Тэдэнд дууныхаа тухай яриад “Алив та нар нэг дэвээд орхи, би дуугаа аялъя” гэхэд хариуд нь “Хурандаа нэг шил юм гаргавал ч болно” хэмээн тоглоом шоглоом хийсэн гэдэг. Байсан ганц хатуухан “юм”-аа гаргаж, хоёр хүчтэн ч сайхан дэвж дууны ая нугалаа ч зохирсон байна. Ц.Түвшинтөгс гавьяатаар дуулуулна хэмээн бодож байсан ч нэг танил нь С.Эрхэмбаяр начныг сайхан дуулдгийг шагшин магтаад гавьяатын сонорт хүргэчихэж. Ийнхүү бөхийн тухай дууг улсын цолтой бөх хүн дуулж олны хүртээл болгосон түүхтэй. 1993 онд улсын начин С.Эрхэмбаяр энэ дуугаар “Морин хуур” уралдаанд оролцсон нь бий.

НЭГДЛИЙН ДАРГА БОЛОХ МӨРӨӨДӨЛ

Н.Чулуунхүү сургуульд байхын л нийгмийн идэвхтэй, дуулна, бүжиглэнэ, шүлэг уншина бас ангийн дарга. Бөөн идэвх байсныг нь ангийн нөхөд нь уулзах бүртээ дурсан ярьдаг гэнэ. Зуны амралт эхлэнгүүт хүүхдүүд хөдөө гэр рүүгээ явна. Харин сурагч Чулуунхүү явах тун дургүй. Наадмын концертын бэлтгэл энэ тэр гээд л үлдчихнэ. Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит арван жилийн дунд сургуулийг төгссөн түүний хүүхэд нас хөдөө өнгөрсөн. Хүргэн ахыгаа дагаж аймгийн төвд ирж аравдугаар ангиа төгссөн аж. Сурлагаараа сайн байсан тул шалгалтаа өгч аль ч сургуульд сурах бүх болзлыг хангасан байна. Гэвч яагаад ч юм Хөдөө аж ахуйн дээд сургуулийн малын эмчийн ангид орох хүсэлтэй байж. Гадаадад суралцах бодол байгаагүй гэдэг. Хөдөөний хүүд малын эмч шиг том хүн үгүй. Малын эмч нь сум, нэгдлийн дарга болдог тул тэдэн шиг мундаг болно хэмээн мөрөөддөг байж л дээ. Тухайн үеийн хөдөөний хүүхдийн мөрөөдөл гэх үү дээ. Ингээд Хөдөө аж ахуйн дээд сургуульдаа ч орсон. Гэтэл 1964 оны арваннэгдүгээр сард гэнэт Улсыг агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийн анги байгуулагдаж карантингүйгээр татагджээ. Дээд сургуулийн нэг, хоёрдугаар курс, тухайн үед техникумын төгсөх курсын оюутнуудыг татаж, Оросын офицеруудаар хичээл заалгуулсан байна. Пуужин, локатр, холбооны ангиуд байгуулж байсан тул зүгээр нэг цэргүүдийг бус оюутнуудаас шилж авсан байх хэмээн Чулуунхүү гуай ярив. Тэр үед түүнтэй цэрэгт цуг татагдсан залуучуудаас хожим нь олон генерал төржээ. Цэрэгт очоод хэдхэн сарын дараа гурван залууд бага дэслэгч цол олгосны нэг нь Чулуунхүү байсан гэнэ. Ингэж салаан дарга болон дэвшиж удаа ч үгүй ротын дарга болон мандаад өгч. Гэвч дуу хуураа орхиогүй. Хожим Ленинградын цэргийн академид элсэн орж оюутан байхдаа ч дуугаа дуулсаар. Гадаадын оюутнуудын дунд зохиогддог урлагийн үзлэгт орж гран при шагналыг хүртээд авсан удаатай. Түүний дүүргэсэн академи нь өнгөрсөн жил 105 жилийнхээ ойг тэмдэглэжээ. Энэ сургуулиас Монголын 12 генерал төрсөн гэнэ. Харин гавьяат жүжигчинтэй хамт цэрэгт алба хааж байсан залуучуудаас Улаанхүү, Жалбажав, Бямбажав, Дашзэвэг гээд нэлээд хэд нь генерал цол хүртсэн. Мөн галтай хэдэн хурандаа цолтон төрснийг он жав нь онцолж байлаа.

Хурандаа Н.Чулуунхүүд “Эх орны төлөө” шагнал гардуулж байгаа нь

Ж.ГҮРРАГЧАА БААТРЫН РОТЫН ДАРГА

Гавьяат жүжигчинг Ленинградын цэргийн академид явахын өмнөхөн түүний ротод Ж.Гүррагчаа хэмээх залуу ирсэн байна. Ердөө сар гаруй л ротынх нь дарга байсан гэдгээ дуучин маань дурссан юм. Ийнхүү Чулуунхүү гавьяат Монгол Улсын баатар, сансрын нисгэгчийг захирч байсан сайхан түүх бий ажээ. Гүрээ баатар тэр хоёр насаар тун ойрхон. Баатар ч гавьяатын ижил Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурч байсан гэнэ лээ. Ж.Гүррагчаа баатар гавьяаттай хаа чиг таарсан “Ротын дарга” хэмээн хүндэтгэн дууддаг гэнэ. Тэгэхэд нь нүүр хийх газаргүй болж ичдэг байснаа ярив. Тэр үед хөгжмийн зохиолч Сэргэлэн “Арван дүүгийн зулайг гишгэсэн” хэмээх нэгэн сайхан дууг зохиож, Чулуунхүү дуулжээ. Нэг удаа Ж.Гүррагчаатай таарсан чинь гэртээ аваачиж энэ дуугаа сансрын нисгэгчийн аавд дуулж өгч сонорыг нь мялаасан гэнэ. Ингэж суухдаа “Та намайг олон хүний дунд битгий ротын дарга аа гэж дуудаарай” хэмээн гуйхад өөдөөс нь “Үнэн юм чинь яадаг юм” хэмээн инээд алдсан гэдэг. Баатар Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байхдаа ротынхоо даргыг дуудаж нэлээд хэдэн удаа гуйж байж Цэргийн музейн дарга болгосон юм билээ.

Чулуунхүү гавьяат гитартай холбогдсон түүхээ ийнхүү сонирхуулсан юм. “Радиогоор дуучин Зоригоогийн гитар дарж дуулдаг дуу их явна. Түүнийг сонсох болгонд гитар дарж сурмаар санагдана. Цуг алба хааж байсан, хожим нь хурандаа болсон Батцэрэн маань Улсын филармонийн Нацагдорж гэдэг хүнтэй танилцуулж, гитар заалгаж байлаа. Ингээд л гитараас салахаа больсон доо. Эхэн үед надад хэн ч дуугаа өгч дуулуулах билээ. Тиймээс ардын дуугаар уран бүтээлээ эхэлсэн. “Юндэн гөөгөө”, “Өдтэй бичиг”, “Гандий мод” зэрэг дууг дуулж радиогийн алтан фондод бичүүлж байлаа” гэв.

Тэрээр олон жил дуулагдаагүй “Ванлий”-г дуулж радиод бичүүлсэн байна. Үүнээс улбаалан “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр сонсогчид заавал захиалдаг болсон гэнэ. Ардын дуунууд нь ийнхүү радиогоор цацагдаад эхлэхээр хөгжмийн зохиолчид ч дуугаа дуулуулах хүсэлт тавьжээ. Зохиолын дуунуудаас анх соёлын гавьяат зүтгэлтэн Р.Энхбазарын хөгжим “Ижилсэн жаргая хоёулаа” дууг олны хүртээл болгосон гэдэг. Уг бүтээлийг хүмүүс одоо хэр нь сонсох дуртай.

Хос гитартай, ятгатай, гобойтой, морин хууртай дуулснаа Чулуунхүү гуай сонирхуулж байв. “Ер нь гитартай хослуулах боломжтой бүх хөгжмийг ашигласан. Уран бүтээлийн амтанд орж ажлын хажуугар зав гарангуут л хөгжмөө барьж аваад л дуулна. Ямар сайндаа л гитараа тоглож байгаад тэврээд унтчихсан байдаг сан”.

ХӨГЖИМ ЗОХИОХ ИХ УЧИРТАЙ

Хэдийнээс дууны ая зохиодог болсныг гавьяатаас сонирхоход “Хөгжим зохиох их учиртай” гэв. Хөгжмийн зохиолчдоос хамгийн анх Төрийн шагналт Цэдэн-Ишийн Чинзоригтой танилцсан гэнэ. Нэг нь дуулдаг, нөгөө нь хөгжим зохиодог болохоор ихэд тохирно хэмээн дотнын найз нь танилцуулсан байдаг. “Нэрт хөгжмийн зохиолч маань тэр үед оюутан байсан, төгөлдөр хуур, гитар их сайхан тоглоно, зохиосон ая нь бүр ч сайхан. Тиймээс хэрхэн уран бүтээл туурвиж байгааг нь уулзах бүртээ анхааралтай ажиглана. Нэг удаа П.Сандуйжав гуайтай тааралдахад тэрээр “Настан буурал эмээ” шүлгээ барьчихсан “Үүнд хэд хэдэн хүн ая хийсэн юм. Тэгсэн мөртлөө гаргаж ирэхгүй юм” гэв. Би хүнээр ая хийлгүүлэхээр болж шүлгийг нь аваад гэртээ хариад харж суутал гэнэт ая нь ороод ирдэг байгаа” хэмээн өгүүлэв. Ийнхүү “Настан буурал эмээ” дуу төрж, Чулуунхүү ч анхныхаа аяыг зохиосон байна. Ая зохиосон гэдэгтээ бараг өөрөө ч итгэж чадаагүй гэнэ. Чинжиг найз дээрээ очиж түүнийгээ дуулж өгөхөд ихэд сайшаан дахин дахин дуулуулжээ. Нэрт хөгжмийн зохиолч нотыг нь өөрөө бичиж өгөөд зогсохгүй Хөгжмийн зохиолчдын холбоогоор хөөцөлдөж байж батлуулсан гэнэ. Цэрэнчимэд дуулж олон түмний сонсох дуртай дуу болсон. Дараа нь “Хүмүүс минь амьдрах сайхан” дуугаа зохиосон нь бас л хит болсон. Ингэж л дуучин, хурандаа Чулуунхүү ая зохиогч болжээ.

Ардын дууг зүгээр ч нэг бус маш олон бадгаар дуулж байсан гэнэ. “Гандий мод” дууг 14-16, “Юндэн гөөгөө”-гийн Сийриймаад зориулсан үгээр нь 15-16, “Сандуйтай мод” дууг 28 бадаг дуулжээ. Ардын дууны үг бичсэн хоёр, гурван том дэвтэр байдаг тухайгаа сонирхуулав. Нэг удаа аз таарч радиод “Сандуйтай мод”-ыг ардын хөгжимтэй дуулж бичүүлсэн байна. “Тэр үед бичлэгт орно гэдэг одоогийнх шиг биш. Компьютер энэ тэрээр бичдэггүй болохоор тун ярвигтай. Нэг удаа л алдахад дахиад л эхнээс нь эхэлдэг. Ингээд л бичлэгт орж “Сандуйтай мод” дууны 28 бадгийг зогсолтгүйгээр 30 минут дуулсан. Дуусахад хөлс минь дусалж байлаа. “Энэ цэргийн дарга чадах болов уу” гэж хоорондоо ярьж байсан хөгжимчид алга ташин баяр хүргэсэн юм даг” гээд инээмсэглэж суулаа.

Түүний дуулсан “Ванлий” дууг нэг хэсэг радиогоор явуулахаа больжээ. Нэлээд хэдэн сар хүлээсэн боловч нэвтрүүлэхээ больсонд ихэд гайхаж сураг тавьсан байна. Тэгтэл радиод хэн нэг нь завхай дууг олны хүртээл болголоо хэмээн алтан хошуу хүргэжээ. Үүнийг сонсоод ихэд гомдсон тэрээр ангийнхаа улс төрийн газрын дарга генерал Балжинням дээр оржээ. Чулуунхүүг хэл үггүй уйлаад эхлэхэд генерал ихэд гайхан юу болсныг нь асуув. Дуулсан дууг нь нэвтрүүлэхээ больсон тухай дуулгахад тэр даруйд нь арга хэмжээ авч “Балжинням генерал энэ дууг захиалсан юм” гэж хэлээрэй хэмээн радио руу утасдсан байна. Тэрээр уран бүтээлийнхээ төлөө ийм л хоёргүй сэтгэлээр зүтгэж өдий хүрсэн нэгэн.

Охин Мөнхжаргалын хамт

ААВ, ОХИН ХОЁР ХОЁУЛАА “МОРИН ХУУР”-ЫН ЭЗЭН

Чулуунхүү гавьяатын ээж нь өдгөө 94 настай буурай байдаг гэнэ. Залуудаа сайхан дуулдаг байжээ. Харин аав нь дуулахаас гадна исгэрнэ. Дүү нар нь ч дуулна. Ер нь авьяас гэдэг удам дамждаг гэдгийг өөрөөрөө мэдэрчээ. Түүний охин хөгжмийн зохиолч Мөнхжаргал аавынхаа авьяасыг өвлөсөн. Охин нь дуучин болох хүсэлтэй байсан боловч аав нь ятгасаар байж хөгжмийн зохиолч болгосон. Хөгжмийн багшийн сургууль, Соёл, урлагийн их сургууль, Санкт-Петербург хот дахь Хөгжмийн дээд сургуулийн дээд курс гээд хамгийн сайн л гэсэн сургуульд охиноо сургасан аж. Ийм олон жил мэргэжлээрээ сурчихаад симфони бичихгүй байна хэмээн охиноо зэмлэж байсан удаатай. Аавын зэмлэлийг Мөнхжаргал охин удаа ч үгүй хүлээн авч бүрэн хэмжээний хоёр симфони зохиосон нь Монголын хөгжмийн зохиолч эмэгтэйчүүдээс анхных гэнэ. “Морин хуур” хөгжмийн наадамд Мөнхжаргал 2010 онд түрүүлсэн бол аав нь 2015 онд тэргүүлсэн аж. Аав охин хоёр “Морин хуур” уралдаанд түрүүлсэн анхны тохиолдол.

“Морин хуур-2014” шилдэг дууны уралдааны үеэр

Чулуунхүү гуайнх таван хүүхэдтэй, ач зээ нь арав аль хэдийнэ гарсан. Нэг хүүхэд нь Бельгид, нэг нь Америкт, нэг нь Перуд амьдардаг. Техник технологи хөгжсөн энэ үед гадаадад байгаа хүүхдүүдтэйгээ бараг л өдөр болгон утсаар холбогддог гэнэ. Гадаадад амьдардаг монголчууддаа зориулж “Амин хайртай Монгол минь” хэмээх цомог гаргажээ. Авч явахад хялбархан, маш нимгэн хийгдсэн нь CD-ний нэг онцлог нь болсон. Цомгийнхоо ард “Амин хайртай Монголоо санагалзан эх орноосоо алс хол ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчууддаа зориулав” хэмээн бичжээ. Хамгийн сүүлд “Шилдэг дууны түүвэр клип” нэртэй DVD гаргаснаа бидэнд үзүүлсэн юм.

Гэргий М.Мөнхбуянтын төрсөн өдрөөр

ХАНИА ОЛНО ГЭДЭГ ХАМГИЙН ЧУХАЛ

Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү гуайн гэргий М.Мөнхбуянт хэмээх дөлгөөхөн эмэгтэй. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг дүүргэсэн. Дээд, дунд, тусгай дунд боловсролын улсын хороо, Монголын эмэгтэйчүүдийн хороо, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороо, МОНЦАМЭ агентлагт ажиллаж байжээ. Харин одоо бол гавьяаныхаа амралтанд сууж буй. Нэг ёсондоо гавьяат дуучны шадар туслах нь гэж болно. Ар гэрийнхээ бүх л ажлыг амжуулна, нөхрөө тоглолт хийх газар нь хүргэж өгнө, авна, ая хийлгүүлэхээр хүмүүсийн авчирсан шүлгийг нь янзалж өгнө. Гавьяаныхаа амралтанд суусныхаа дараа машин барьж сурсан гэнэ. Эхэндээ ихэд сандарч байсан бол одоо туршлагатай жолооч болжээ. Чулуунхүү гуай ярихдаа “Эхэндээ сандраад надаас яах уу гээд л асуудаг байлаа. Одоо бол би дөрвөн жил жолоо мушгиж байгаа хүн шүү гээд үг хэлүүлэхээ больсон” гээд бөөн инээдэм болж “Энэ маань л миний төлөө санаа тавьж, хүний биед сайн гэсэн бүхнийг л идүүлж уулгана. Ер нь ар талыг бүрэн хариуцдаг” хэмээн ярив. Чулуунхүү гуайн ээж, ах дүү нар нь бэрдээ хүүгээсээ илүү сайн гэнэ шүү. Ханиа олно гэдэг юунаас ч илүү чухал болохыг гавьяат маань дурдаж байлаа.

Н.Чулуунхүү бол манай соёл урлагийн нэртэй зүтгэлтэн төдийгүй улс орныхоо батлан хамгаалах салбарт өөрийн хувь нэмрээ оруулсан хүн. Тиймээс ч хурандаа Н.Чулуунхүүд Батлан хамгаалах салбарын дээд шагнал болох “Эх оны төлөө” шагналыг олгосон байна. Уг шагналыг ердөө зургаахан хүн хүртсэн юм билээ. Биднийг ярилцаж суухад утас нь дуугарч дуучин СТА М.Бямбажав багшийнхаа амар мэндийг асуухаар залгаж байлаа. Чулуунхүү олон ч шавьтай. М.Бямбажавтайгаа хамтран олон уран бүтээл туурвиж, хичнээн удаа тоглолт хийснийг ард түмэн мэднэ. Шавийгаа үзэгч сонсогчдын адилаар гавьяат жүжигчин цолыг авчихаасай хэмээн хүсэн хүлээдэг гэдгээ ч нуугаагүй юм. Удахгүй тэр хоёр хөдөө орон нутгаар явж уран бүтээлээ толилуулах гэнэ. “Явахгүй бол болохгүй. Биднийг сонсох дуртай малчид маань хүлээж байгаа шүү дээ. Олон ч сумаар орно, ядрах л байх даа” хэмээн ярив. Гавьяат далан насны даваан дээр гарч ирсэн гэхэд итгэмээргүй залуу сайхан харагдана. Өнөө л жавхаатай, гялалзсан хэвээр, гитараа бариад л

Ай даа хүмүүс минь амьдрал сайхан

Амьдын хорвоод энэ л үнэн шүү дээхэмээн дуулж олон түмнийхээ сонорыг мялаасаар л.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *