Categories
мэдээ улс-төр

НАМЗХ-г Г.Тэмүүлэн удирдана

НАМЗХ-ны V чуулган өчигдөр болж, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгожээ. Ийм сонголт хийхэд МАН-ын Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэл тодорхой үүрэг гүйцэтгэсэн тухай сонсогдож байна.

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаад НАМЗХ-ны гишүүний нас 18-35 байна гэсэн хязгаарыг хэвээр үлдээх. 18-35 нас хэтэрсэн залуусыг НАМЗХ-ны V чуулганд хасах эрхтэйгээр оролцуулах.

2016 оны сонгуулийн бэлтгэл хангаж, залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох Бодлогын зөвлөл байгуулж ажиллах.

НАМЗХ-ны дотоод эв нэгдлийг хангаж ажиллах зэрэг хэд, хэдэн чиглэл өгсөн юм байна.

Энэ дагуу НАМЗХ-ны V чуулганаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох Бодлогын зөвлөлийг удирдах эрхтэй болж, НАМЗХ-нд эргэн иржээ.

НАМЗХ-ны ерөнхийлөгчийг шинээр сонгох болсонтой холбоотойгоор МАН-ын залуучууд хоёр талцан, ширүүхэн “дайтсан” юм.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн нар нэг баг болж, НАМЗХ-ны гишүүний насыг 40-д хүргэхийн төлөө нэлээд чармайлт гаргаж, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг 2014 онд бүрэн эрх нь дууссан байсан гэх зэргээр буруутгаж байсан юм.

Харин МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, тодорхой чиглэл өгөх хүрээнд НАМЗХ-ны гишүүний насыг 18-35 байх гэсэн хязгаар тавьж өгснөөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдох хүсэлтэд цэг хатгасан ч Бодлогын зөвлөл гэгчийг удирдах болсноор МАН мөнгөтэй, хөрөнгөтэй хүний өмнө сөгддөг гэдгээ нэг талаар бас нотоллоо.

Нөгөө талдаа НАМЗХ-г өнөөдрийн энэ хямралд хүргэж, залуусыг хоёр талцуулсан их дайнд аваачсан гэгдэж байгаа Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн яажшуухан тус холбоог удирдаж авч явах вэ гэдэг бас анхаарал татах сэдэв болж, үлдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *