Categories
мэдээ цаг-үе

Намрын ажил нь ид ундарсан “УЛААНБААТАР ГУРИЛ” үйлдвэрийн нэг өдөр

Энэ удаад “Танайд өнжье” булангаа “Улаанбаатар гурил” ХХК-иас бэлтгэлээ. Дархан хотын Үйлдвэрийн районд тус үйлдвэр байрладаг юм байна. Тариаланчдын хөдөлмөр шингэсэн улаанбуудай чухам ямар шат дамжлагаар явсаар гурил хэмээх бүтээгдэхүүн болдгийг сонирхлоо.

Үйлдвэрийн хашааны гад­­на, дотно чиргүүлтэй, чир­­гүүл­­гүй, том, жижиг, Оросын ЗИЛ-130-аас эхлүү­лээд Япон, Солонгосынх гээд л ачаа­­ны машинууд дүүрэн буудайтай, цуваагаар зогсчихож. Тус үйлдвэрийн Дархан дахь салбарын захи­рал Ц.Оюунсүрэнгийн өрөөнд орлоо. Тэрээр шөнийн ээл­жийн­хэн хэрхэн ажилласан, хичнээн тонн гурил гаргаад байгаа талаар холбогдох мэргэжилтнүүдтэйгээ утсаар ярьж байлаа.

“Улаанбаатар гурил” ком­пани 2001 онд Улаанбаатар хотод анх байгуулагдаж бай­сан түүхтэй. Анхны үйлдвэр нь хоногт 120 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай байжээ. Дараа жил нь мөн адил 120 тоннын хүчин чадал­тай хоёр үйлдвэр ашиглалтад оруулсан юм байна. 2012 оны тавдугаар сард Дархан дахь үйлдвэр нь ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлжээ. Үйл ажил­лагаа нь тогтворжоод эхэлсэн учир өнгөрсөн жилээс хотын гурван үйлдвэрээ бүрэн зогсоосон юм байна.

Анх энэ гурилын үйлд­вэрийг “Таван Богд” груп­пын ерөнхийлөгч Ц.Баатар­сайхан Сэлэнгэ, Эрдэнэт хоёрын аль нэгэнд байгуула­хаар төлөвлөчихсөн байж. Тэгтэл Ц.Оюунсүрэн захи­рал “Дархан хот бол үйлдвэр­лэгч хот. Нөгөөтэйгүүр тариа­­лан­гийн бүсийн төв газар. Тийм болохоор энд гурилын үйлдвэрээ барья. Тариаланчдаасаа буудайг нь хүлээж авахад гарах чирэгдэл нь харьцангуй бага” гэж өөрийн саналаа дэвшүүлснийг нь дэмжсэн гэнэ. Ингээд Ц.Оюунсүрэн газар, байршлаа сонгож, үйлдвэрийн газар шорооны ажлыг эхлүүлж байжээ. Тэрээр “Улаанбаатар гурил” ХХК-ийг анх байгуулагдахад борлуулалтын менежер бай­жээ. Олон жил менежерээр ажилласан хүн болохоор үйлдвэрийнхээ талаар, гурил, буудай, тариаланчдын тухай түүн шиг нэвтэрхий мэдэх хүн цөөн болов уу гэмээр. Нэг үгээр салбарынхаа зовлон, жаргалыг гарын арван хуруу шигээ мэддэг ажил хэрэгч эмэгтэй санж.Аравдугаар сар бол гури­лын үйлдвэрүүдийн аж­лын ид үе. Хашаанд ма­шин маши­наар буудай бууж, тээрмүүд зогсолтгүй ажил­лана. Тус үйлдвэрийнхэн ажлын энэ ачаалалтай үеэр удирдах албаны ажилчдаа хариуцлагатай жижүүрт ээлж ээлжээр гаргана. Биднийг очиход урьд шөнө нь үйлд­вэрийн дарга Б.Намдаа гэх бүс­гүй хоножээ. Захирал “Урьд шөнө манай үйлдвэрийн дар­­га жижүүрлэсэн юм. Гэр­тээ очоод нүдний хороо гар­гачихаад ирье гэнэ ээ” гэв.

Захирал өрөөндөө байрлуулсан дэлгэцээрээ үйлдвэрийн бүхий л үйл явцыг хянах аж. Гурилын үйлдвэр гэхээр түм түжигнэж, бум бужигнасан, хацар нүүр нь гуриланд будагдсан, олон зуун ажилчин угтах болов уу гэтэл үгүй. Бүх техник технологи нь хүний ажлыг хөнгөвчилсөн, бүрэн автомат болохоор үйлдвэрийн зүрх болсон тээрмийн хэсэгт л гэхэд гурван операторчин ажилладаг юм байна. Бүхнийг компьютерээр хянаад дэлгэцээ хараад суух аж. Үйлдвэрийн таван давхар барилга дунд хүмүүс сүлжилдэхийг бараг харсангүй. Гурил савлах хэсэг харин хэдэн хүн байгаа нь дэлгэцэнд харагдана.

Үйлдвэрийн контороор буудай буулгаж буй жолооч нар, тариалан эрхэлдэг компанийн захирал, няравууд л их орж гарах аж. Тариаланчид “Манай ажил бараг дууслаа. Сүүлчийнхээ буудайг авчирлаа”, “Дээжээ аваад ирсэн. Уржигдрынх шиг сайхан буудай байгаа даа”, “За ямартай ч танайд буудайгаа тушаачихлаа. Сайхан хамтарчихлаа” гэх урмын сайхан үгс сонор мялаана.

Энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал хоногт 300 тонн буудай тээрэмдэх хүчин чадалтай. Энэ хүчин чадлаараа улсын хэмжээнд хоёрт орох гэнэ.

“Улаанбаатар гурил” компани импортоор буудай оруулж ирсэн нь багагүй хэл ам дагуулсан. Зарим тариаланч “Олон жил хадгалсан, чулуу шиг хатуу, стандартад нийцэхгүй чанаргүй буудай оруулж ирсэн. Аягүй бол тэр буудайг тээрэмдээд гурил болгочихсон байгаа. Магадгүй тэр гурилаар хийсэн талх танай ширээн дээр ирсэн ч байж болно” гэж ярьцгаасан. Энэ талаар Ц.Оюунсүрэн захирлаас асууж, импортоор оруулж ирсэн гэх буудайг нь сураглалаа.

“Манайх тариаланчдаасаа буудай тасралтгүй хүлээн авч байгаа. Бид дотоодын зарим тариаланчдаасаа вагоноор улаанбуудай хүлээж авч байна. Гэтэл зарим мэдээллийн хэрэгслээр импортын буудай орж ирлээ гээд дотоодын тэр вагоны зургийг аваад тавьчихсан байна лээ. Тийм вагоноос буудай бууж байхыг нь хараад л мэргэжлийн байгууллагын хяналтгүйгээр оруулж ирлээ гэж ойлгосон болов уу. Бид өнөө жил л анх удаа импортоор буудай оруулж ирж байгааюм биш шүү дээ. Өмнө нь олон удаа оруулж ирж байсан болохоор ямар хууль, дүрэм журмын дагуу, ямар бичиг цаас бүрдүүлдгийг сайн мэднэ. Дээж авчихсан байсан долоон вагон буудайг Дарханы Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Буянбат, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын холбогдох мэргэжилтнүүдтэй хамт ирээд бүх юм лац, ломботойгоо, огт хөндөгдөөгүй байгаа гэдгийг газар нь ирж шалгаад, зураг хөргийг нь аваад явсан” гэлээ. Тариаланчдаасаа буудай хүлээж аваад, ажил ид өрнөж байгаа намрын энэ үеэр энд тэндээс утасдаж, ажлыг нь тайван хийлгэхгүй байгаад үйлдвэрийн захирал тиймхэн хандаж буйгаа илэрхийлсэн юм. Тариаланчид дээжээ аваад эдний үйлдвэрт ирээд “Танайх чинь буудай хүлээж авч байгаа юм уу. Танай үйлдвэрийг Оросоос 40 мянган тонн буудай оруулж ирсэн. Дотоодын тариаланчдаасаа буудай авахгүй байгаа гэсэн ш дээ. Буудай авч байсан байна шүү дээ. Танайд жинхэнэ намрын ажил өрнөж байна. Тэгтэл тэр хэдэн хүн юу яриад яваад байгаа юм бол” гэж гайхан толгой сэгсэрсэн гэнэ.

“Улаанбаатар гурил” компани хоногт дунджаар 500-1000 тонн улаанбуудайг тариаланчдаасаа хүлээж авч байгаа бөгөөд өнгөрсөн сарын дунд үеэс хойш нийтдээ 24 мянган гаруй тонн шинэ ургацын буудай авчихаад байна.

Компаниуд гурилын үйлдвэрт буудайгаа шууд авчраад өгчихгүй. Эхлээд тухайн компани буудайныхаа дээжийг илгээнэ. Эсвэл гурилын үйлдвэрийн мэргэжилтнүүд талбай дээр нь очиж дээж авна. Шинжилгээний хариугаар гурил хийхэд тохирохуйц байвал өнөө компани нь “За тэгвэл манайх тэр буудайнаас төчнөөн тонныг явуулъя” гэнэ. Ингээд машинаа илгээнэ. Машинд ачсан буудайгаа дагаад захирал, нягтлан нь явахгүй. Падаанаа жолоочдоо өгчихнө. Гурил үйлдвэрлэгч, тариаланч хоёрыг холбодог, итгэлцлийнх нь гүүр буудайны жолооч нар. Ингэхээр буудай хүлээж авах, өгөх үйл явц зуун хувь итгэлцэл дээр тогтоно.

Компанийн захирлаас эхлүүлээд эгэл жирийн ажилчин нь хүртэл гурил үйлдвэрлэгч гэдгээрээ бахархдаг аж. “Хүнд хоол хүнс залгуулдаг ажлаараа бид үргэлж бахархдаг. Үртэй юмнаас үүсч гардаг, өгөөжтэй сайхан ажил. Өсч үрждэг, сүү шиг цагаан өнгөтэй гэдгээр нь гурил үйлдвэрлэнэ гэдэг том буян юм” гэцгээх.

“Улаанбаатар гурил” компани 135 ажилтантай. Дөрвөн ээлжээр буюу 12 цаг гарч, 36 цаг амарна. Үйлдвэрийн ажил жилийн дөрвөн улирлын турш зогсолтгүй үргэлжилнэ. Гэхдээ өнгөрсөн зун эдний үйлдвэр тээрэмдэх буудайгүйгээс хоёр сар хэртэй сул зогсчээ. Тэр үед зарим үйлдвэр хагас жил хэртэй ийм шалтгаанаар ажиллаагүй гэнэ билээ.

“Улаанбаатар гурил” компанийн хувьд одоогоор Оросын ямар нэг буудайтай хольж гурил үйлдвэрлэхгүй байгаа юм байна. Дотоодын буудайгаа жорлоод л гурил хийж байна. Оросоос орж ирсэн гэх вагон нь лацтайгаа хадгалагдаж байгааг тус үйлдвэрийн захирал Ц.Оюунсүрэн албан ёсоор мэдэгдсэн юм.

Түүний утсанд зогсоо зайгүй дуудлага ирнэ. Ихэвчлэн тариаланчид утасдах. “Тэгээ тэг. Аваад ир, дээжээ. Шинжлүүлэхгүй юу”, “Манайх буудай хүлээн авч байгаа хүрээд ир ээ. Манай Буудай хүлээн авах лаборатори 24 цагаар ажиллаж байгаа шүү” гэнэ.

“Улаанбаатар гурил” компанийн технологийн инженер Л.Алтантуяа үйлдвэрийнхээ бүхий л үйл явцыг нэг бүрчлэн танилцуулахаар боллоо. Түрүүн захирлын өрөөний дэлгэцээр харсан шат дамжлагуудыг нүдээр харах боломж олдов.

Эдний үйлдвэр 17, 18 хувийн цавуулагтай буудай авахгүй байгаа аж. 19 хувиас эхлүүлээд 20-23, 24, 25, 26 хувийн цавуулагтай буудай хүлээж авч байгаа гэнэ. 27 хувийн цавуулагтай буудай нийлүүлж байгаа компаниуд ч бий гэнэ. Гэхдээ дийлэнх нь цавуулаг багатай буудай. ОХУ-д нэгдүгээр зэргийн буудай нь 30 хувийн цавуулагтай байх нь бий. Бүр түүнээс ч өндөр цавуулагтай байх тохиолдол элбэг. Харин манайд 27, 28-аас нэг их хэтрээд байдаггүй аж.

Буудайн жолооч нартай уулзлаа. Тэд өглөө эрт иржээ. Нэг машинаас буудайны дээж аваад гучаад минутын дараа шинжилгээний хариу гарна. Тэр хооронд жолооч нар амрах байранд сууцгаана. Эдний үйлдвэрийг Дарханд байгуулагдах цагаас нь л эхэлж буудайг нь зөөсөн жолооч нар. Гурилын үйлдвэр нээгдээгүй байхад Дарханы төвд өнөө “горьдлого” дээр зогсдог байсан гэх дал гаруй жолооч эдний жолооч нар болжээ. Тэд өөрсдийгөө азтай хүмүүс гэв. “Тариа буудай зөөнө гэдэг чинь асар хариуцлагатай ажил. Улаанбуудайг чинь стратегийн чухал хүнс гэдэг биз дээ. Тийм болохоор бид ажилдаа хариуцлагатай ханддаг. Гурилын үйлдвэр байгуулагдаагүй байхад бид чинь наашаа гэсэн болгон руу гүйж, машинаараа халтуур хийдэг байсан хүмүүс. Харин одоо “Улаанбаатар гурил” компанид харьяалагдаж, жилийн дөрвөн улирлын турш ажилтай байдагтаа баярладаг юм. Бид туслан гүйцэтгэгч компанийнх нь жолооч нар ч гэлээ тус үйлдвэрийнхэн биднийг бүхий л талаар дэмжиж ажилладаг” гэлээ. Буудайны жолооч нар зөвхөн буудай л зөөнө. Тэвш, чиргүүл гээд машинаа бүхэлд нь буудайнд зориулан тоноглож бэлдчихсэн байдаг болохоор өөр юу ч ачдаггүй гэнэ.

Тэд “Гурилын үйлдвэр баригдсанаас хойш буюу бараг дөрөв дэх намартаа буудай тээвэрлэж байна. Тариа тарьдаг ямар л газар байна. Бүгдээс нь буудай зөөнө. Тариаланчдын бүтэн хоёр жилийн хөдөлмөр, хөлс хүч шингэсэн буудайнаас ширхгийг ч гээх эрхгүй хүмүүс, бид чинь” гээд “Улаанбаатар гурил” үйлдвэр ашиглалтад орсноос хойш Дарханы жолооч нар бараг бүгд ажлаар хангагдчихаад байгаа гэлцэнэ. Эдгээр жолооч нар “Ачит оргилын хишиг” компанид харьяалагддаг юм байна. Туслан гүйцэтгэгч гэдэг утгаараа “Улаанбаатар гурил” компанийн ажилчид гэж тооцогддог бөгөөд байгууллагын зүгээс явуулж буй бүх арга хэмжээнд оролцоно. Шинэ жилээр дотроосоо аваргаа шалгаруулдаг гэж жолооч нарыг зохицуулдаг Тээврийн менежер Ш.Мөнхгэрэл ярилаа.

Арванхоёрдугаар сараас цагаан сар хүртэл буюу хүйтний улиралд жолооч нараа амраадаг юм байна. Тариа хураалтын ид үеэр, улаанбуудай хүлээж авах цагаар гурилын жижиг үйлдвэрүүд томоохон үйлдвэрүүдийн жолооч нарыг өндөр үнэ, цалин амлаж ганц нэгийг нь татах ч ажил дуусчихаар хаячихна. Тийм болохоор жолооч нар мөнгө амласан руу нь биш тогтмол ажлын байраар хангах, найдвартай үйлдвэрийг барааддаг нь энэ юм байна.

Жолооч нарын авчирсан буудайнаас лаборантууд тодорхой цэгүүдээс дээж аваад Буудай хүлээн авах лаборатори руугаа явна. Энэ лабораторид хорин хэдтэй хэдэн бүсгүйчүүд буудайгаа шинжлээд тун чиг завгүй. Тухайн буудайн эзлэхүүн, чийг, цавуулаг, хог хаягдлын хольц зэргийг тодорхойлно. Лаборант бүсгүйчүүл тээрэмдсэн үрийг сайтар холиод дээжийг, шаазан аяганд хийн усаар зуурна. Дээжнийхээ хэмжээнээс болоод зуурмагт орох усны хэмжээ нь хүртэл өөр байх ажээ. Зуурмагаа нэгэн хэвийн болтол нь сайтар зуурсны дараа гараараа базаж бөөрөнхийлөөд аяганд хийн шилээр таглаад 20 орчим минут амраах юм. Харин гурилын чанарыг илтгэх цавуулгийг угаахдаа лабораторид хэрэглэгдэх том саванд бүлээн ус хийгээд өнөөх зуурмагаа дүрж норгон, базаж цавуулгаас нь цардуул, үр хальсыг нь ялгана. Цавуулаг буюу зуурмагаа эхлээд угаахдаа зөөлөн базаж угаах бол аяндаа биежээд ирэхээр нь чанга базан угаах бөгөөд цавуулаг угааж буй ус булингартах бүрт нь цэвэр усаар солих юм. Энэ мэтээр лаборант бүсгүйчүүд гурилын цавуулгийг хэрхэн шалгадгийг нэг бүрчлэн сонирхуулаад “Хөлдсөн, хортонд идэгдсэн буудайны цавуулгийг тун болгоомжтой угаах хэрэгтэй” гэж тайлбарлаж байлаа.

Лабораторийн бүх үйл явцнарийн заасан дүрмийн дагуу явагдах ажээ. Тэр бүү хэл цавуулаг угаах бүлээн усны температур, иодын агууламж, цавуулаг амраах хугацаа хүртэл заагдсан ном журамтай. Ингээд шинжилгээний дүн гарч цавуулгийн хэмжээг нь тусгай журналд тэмдэглэнэ. Эл журналд компани бүрт хуудас гаргажээ. Ирсэн буудай болгоны тонн хэмжээг бичээд дээрх шинж чанарын үзүүлэлтүүдийг нь тэмдэглэнэ. “Ерөө эх сүрэг” гэх компанийн буудай 24-27 хувийн цавуулагтай 12 машин буудай, “Тулга энх” мөн “Баян-Ундарга” компаниуд 24-28 хувийн цавуулагтай 12 машин буудай нийлүүлжээ. Үүнээс гадна буудайгаа үтрэм дээрээ сайн цэвэрлээд илгээдэг ажилсаг компаниуд ч цөөнгүй байдаг гэнэ.

Энэ лабораториос шинжилгээний хариу гарч зөвшөөрөгдвөл жолооч нар машинаа асаагаад пүүн дээр гарна. Ингээд тэндээсээ хөдлөөд өргөгчин дээр очно. Машиныг хойш нь цоройлгоод буудайг нь сороод авчихдаг юм. Ингээд л буудайг гурил болгох жинхэнэ үйл явц эхэлнэ дээ. Гэхдээ компаниуд хог хаягдал, элдэв хольцноос нь буудайгаа сайн цэвэрлэхгүй явуулдаг нь хүндрэл учруулна. Гэвч бүрэн автомат үйлдвэр учир буудайг гадны бүх хольцноос ялгана. Ялгаж, цэвэрлэхдээ тоймгүй их дамжлага туулна. Салхиар үлээж, усаар угааж, тусгай төхөөрөмжөөр чулуу, элдэв хаягдлыг нь ялгана. Буудайг өнгөөр нь хүртэл ялгах төхөөрөмж байна. Улаанбуудайг гурил болгох тээрмийн хэсэг рүү илгээхийн тулд цэвэрлэгээ, ялган салгах ажил гэж үгээр илэрхийлэмгүй нүсэр юм байх аж. Гадаа машинаас авсан буудайг салхин тээрэм таван давхарт хүртэл өндөрт аваачна. Тэндээс буудай доош буух явцдаа цэвэрлэгдэж, ангилагдаж, бутлагдан тээрэмдүүлсээр нэгдүгээр давхарт ирнэ. Энд Үйлдвэрийн лаборатори ажиллана. Цаг тутам гурилнаас дээж авна. Дээд, нэг, хоёрдугаар зэргийн гурил, хивэг гэсэн дөрвөн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Гурил тус бүрээс өнгө, уураг, үнслэг, чийг гэсэн 5-6 төрлийн үзүүлэлтээр шинжилгээ авдаг тухай лаборант П.Мөнхзул ярилаа.

Савлагааны хэсэгт хоёр зам байна. Нэг хэсэгт нь 50 кг-ын шуудайтай гурил гарч байхад нөгөөд нь жижиг савлагаатай гурил гаргана. Савлагааны хэсгээс гарсан бэлэн болсон бүтээгдэхүүнийг зөөврийн жижиг трактороор бөөн бөөнөөр нь агуулахад хураана.

Бэлэн бүтээгдэхүүний нярав Б.Оюунбилэг агуулахынхаа гадна зогсоно. Хөвсгөлийн байнгын харилцагч нь гурил авах гэж иржээ. Харилцагч нь Улаанбаатар хотоос бараагаа татчихаад буцах замдаа гурилаа бөөнөөр нь авч байгаа нь энэ. Нэгдүгээр гурил үйлдвэр дээр нэг кг нь 780 төгрөг байна. 25 кг-ын шуудайтай нь 19500 төгрөг. 50 кг-ын шуудайтай гурил кг нь 770 төгрөг буюу шуудайгаараа 38500 төгрөгийн үнэтэй.Харин 25 кг-ын савлагаатай хивэг 9250 төгрөг. “Улаанбаатар гурил” компани өдөрт хот руу 4-6 вагон гурил тогтмол явуулдаг гэсэн. Дарханы иргэд дэргэд нь гурилын үйлдвэр байдаг болохоор ер нь бол бөөндөж авдаггүй, өөрсдийн унаагаараа ирээд гурилаа шуудайгаар нь аваад явдаг гэж байлаа.

Гурилан дээр БГ-085 гэсэн томьёо ч юм уу, тэмдэглэгээ ч юм уу тоо, үсэг холилдсон юм бичдэг. Энэ нь ямар учиртай юм гэхээр БГ гэдэг нь буудайн гурил гэсэн үгний товчлол. Харин тэр тоо нь гурилын үнслэг чанарыг илтгэнэ.

Гурилын үйлдвэрийн дамжлага бүрийг сонирхож, шат дамжлаг бүр дээр буудай хэрхэн бутлагдаж байгааг харж, алган дээрээ тавьж имэрч үзсээр нэлээд цагийг үйлдвэрт өнгөрүүллээ. Цайны ч цаг болж ажилчид завсарлажээ. Тариа, гурилын танил үнэр үнэртсэн үйлдвэрээс “Улаанбаатар гурил” компанийн албан байранд очлоо.

Ажилчдын хоолны газар. Үйлдвэрийн ажилчид, конторын ажилчид, лаборантууд, жолооч нар гээд бүгд энд сууцгаана. Ажлын халуун яриа өрнүүлцгээх аж. Ярьж байгаа сэдэв нь буудай, гурил.

“Улаанбаатар гурил” компанийн Үйлдвэрийн дарга Б.Намдаа ажил дээрээ иржээ. Цагаан халаадтай бүсгүй. Урд шөнө нойргүй жижүүрлэсэн ч төвөөс сурвалжлагч ирснийг дуулаад ярих, хэлэх зүйл байна гэсээр ороод ирлээ. Тэрээр “Гурил үйлдвэрлэлийн салбарт олон өрсөлдөгчтэй ч гэсэн манай үйлдвэр хэрэглэгчдэдээ найдвартай түнш нь байхын тулд бусдаас чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний гол зорилго” гэлээ. Сүүлийн үед буудайны үнэтэй зэрэгцээд цавуулаг гэх үг их сонсогдлоо гэвэл “Мантуу, бууз хийлээ, талх барилаа гэж бодъё. Ийм хоол хийхэд зарим үед түүхийрдэг. Ерөөсөө л тэр. Чанарынх нь гол үзүүлэлт бол цавуулаг. Мантуу, талх сайхан хөөгөөд зөөлхөн, сэвсгэр болно гэдэг чинь цавуулагтай холбоотой” гэж тайлбарлав. Б.Намдаа дарга “Монголын тариаланчид сайн үртэй байх ёстой. Ямар үр тарина, тэр л ургана. Муу үр тариад сайн буудай хураахгүй. Манайхан элит үр л тарилаа гэдэг. Үнэхээр элитийг нь оруулж ирсэн үү гэдэг дээр анхаарч, хянах л ёстой” гэлээ. Тэрээр тариаланчдад төр засгийн зүгээс бүгдэд нь тонн тутамд нь 100 мянган төгрөг өгдөг зарчим нь буруу гэж үздэг аж. Сайн буудай ургуулсанд нь 100 мянга төгрөг, чанаргүй буудай тариалсанд нь ч төдий хэмжээний урамшуулал олгож байгаа нь шударга биш гэнэ. Хэн сайн хөдөлмөрлөж сэтгэл гаргана, тэр хүн урамшуулал авах хэрэгтэй. Буудайных нь чанарт тохирсон урамшуулал өгвөл дагаад энэ салбарын, буудайны чанар сайжирна гэж үзэж байгаагаа хэллээ. “Улаанбаатар гурил” сайн чанарын буудайг тонныг нь 550 мянгаар, цавуулаг багатайг нь 460, 480 мянга гээд тохирсон үнээр нь авч байгаа аж. “Тариаланчид жилийн жилд л өнөө жил дотоодын хэрэгцээг хангаад илүү гарах хэмжээний тариа хурааж авна гэдэг ч тэр нь бодит байдал дээр худлаа байдаг. Өнөө жил 450 мянган тонн буудай хурааж авна гээд байгаа. Тэрнээс хүнсэнд зориулагдах нь хэд юм бэ гэдэг дээр анхаарал хандуулаад үзэх ёстой. Хүнснийх гээд буудай ирэхээр тэрнийх нь хичнээн хувь нь хаягдал байдаг гэж санана. Яаманд очиж байгаа тэр тоо баримт хэзээ ч бодит амьдралтай таардаггүй. Тариаланчид талбайнхаа 15 хувьд л рапс тарьсан гэж дээш худал мэдүүлдэг. Тэгтэл талбайнхаа 30, 40 хувьд нь рапс тарьчихсан байдаг. Би түүнийг тариалангийн бүс нутгуудаар явж байхдаа нүдээрээ харсан. Ингэхээр 450 мянган тонн гээд байгаа нь худлаа тоо шүү. Өнгөрсөн жил ч ялгаагүй тариаланчид бид дотоодын хэрэгцээг бүрэн хангана гээд байсан. Тэгтэл гурилын үйлдвэрүүд буудайгүй болоод зогсоцгоосон шүү дээ” гэлээ. Энэ салбарт залуу халуун насаа зориулж яваа инженерийн хэлэх л үгс.

Намрын ажил нь ид ун­дар­сан “Улаанбаатар гурил” компанийн эгэл жирийн нэгэн өдөр ийм өнгөтэй. Тариаланчид зав зайгүй утас цохин буудай нийлүүлэх тухайгаа дуулгаж, буудай дүүртэл ачсан машинууд хашаан дотор нь цувж, үйлдвэрт нь тээрмүүд тасралтгүй ажиллаж байна.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *