Categories
мэдээ цаг-үе

Намын Төв хорооны нарийн бичгийн дарга асан Цэрэнпилийн Балхаажав: Төрийн хүний хэлсэн үг, хийж байгаа ажил нь ноён нуруутай байх ёстой

Түрүүч нь 097(6198) дугаарт


1984-1990 оны хооронд Намын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан монгол төрийн зүтгэлтэн Цэрэнпилийн Балхаажав гуайн ярианы үргэлжлэлийг хүргэж байна. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн шинжлэх ухааны доктор, профессор эл эрхэм монгол тооллоор өдгөө 92 насны сүүдэр зэрэгцэж байгаа. Өмнө нь сонин хэвлэлд хүн судлал, философийн тухай гээд ихэвчлэн эрдмийн ажил судалгааны бүтээлийнхээ талаар ярьсан байдаг. Харин энэ удаад нам төрд зүтгэсэн он жилүүдийнхээ тухай цухас цухасхан дурдсан юм. Тухайлбал, өмнөх хөөрөлдөөнд тэрээр Цэдэнбал даргын дэргэд ажиллаж байснаа, наян найман онд Москвад Бал даргатай хамгийн сүүлд уулзсанаа дурссан. Мөн ерэн оны цагаан морин жилийн гуравдугаар сард Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход “Би лав хувьдаа “огцорно” гэдэг үгийг хэрэглэхгүй шүү, бусад нь хэлдэг юм байгаа биз” гэсэн хатуу байр суурьтай байснаа ч хэлсэн юм. Ингээд Балхаажав гуайн ярианы үргэлжлэлийг хүлээн авна уу.


-Жамбын Батмөнх гуай хамт ажиллахад ямар хүн байсан бэ. Та хоёр бол олон жил мөр мөрөө түшиж монгол төрийн төлөө зүтгэсэн хүмүүс?

-Батмөнх бид хоёр намын дээд сургуульд хамт багшилж байсан. Тэнд танилцсан, нэг үеийн хоёр яалт ч үгүй мөн л дөө. Батмөнх надаас хоёр насаар ах шиг санагдана. Мэдлэгтэй, чадалтай даруухан, их ажилсаг хүн. Ажлыг бол хийж чаддаг хүн байсан. Бид хоёр Төв хорооны нэг хэлтэст нэг дор хамт нэг жил болсон юм. Батмөнх Их сургуулийн захирал байж байгаад 1974 онд байна уу даа, Төв хороонд ирсэн. Төв хорооны шинжлэх ухаан боловсролын хэлтсийн эрхлэгчээр ажилллаж байсан. “Батмөнхийг авчирбал яасан юм бэ” гэх саналыг би гаргаж байсан. Тэгэхэд би өөрөө адилхан хэлтсийн эрхлэгч байсан л даа. Нэг дор хамт ажиллахад сайхан юм даа гэж бодохгүй юу. Төв хороонд ирээд удалгүй Сайд нарын зөвлөлийн орлогч дарга болсон. Тэгээд дараахан нь Ерөнхий сайд болоод надад гүйцэгдэхээ байсан. Төрийн ажилд нь би хутгалдаж оролцдоггүй, үндсэндээ хол хөндий байсан. Намайг дуудаж уулзаад ажил төрөл яриад энээ тэрээ болоод байхгүй. Гэхдээ найзууд юм хойно хааяа уулзаж ярилцалгүй яахав. Харин Батмөнх дарга намайг Намын Төв хорооны нарийн бичгийн дарга болгоё гэдэг саналыг тавьсан юм билээ. Би ч энэ хүнд тусалж, дэмжиж ойр байх нь зөв гэж бодсон. Бид хоёр хөдөө гадаа хамт явж л байсан. Хааяа тамхиа татаж, дэмий ярих гээд манай өрөөгөөр ороод ирнэ. Нэг үеийн багш нар хойно нэгнээсээ цэрвээд байлгүй дэмий юм ярина. Тэгээд би “За одоо намайг тамхиар утаж болсон бол та явна уу” гэхээр инээд алдаад гараад явдаг сан. Батмөнх дарга ямар тамхи татдаг байв, та хоёр элдэв шалдав юу ярьдаг байв гэж хүмүүс сонирхож байдаг. Би хүний тамхи, архи хоёрыг үнэндээ мэдэхгүй хүн. Тэр хоёрыг огтоос хэрэглэж байгаагүй болохоор тоодоггүй.

-Бал даргын тухай өмнөх ярилцлагадаа хоёулаа ярьсан. Гэхдээ би нэг зүйлийг сонирхох гэсэн юм. Цэдэнбалыг солих нь зөв гэсэн Хрущёвын бодлогыг та юу гэж үздэг вэ?

-Хрущёв Цэдэнбал дарга хоёр хоорондоо тийм ч таарамжтай байгаагүй. Нэг нь нэг хүнийг шүтэж бишрэх асуудлаар их хөөцөлдчихсөн байсан. Нөгөө дэх нь нэг хүний тахин шүтэх асуудалтай өөрөө нэр холбогдоод байсан үе. Цэ дарга Хрущёвын бодлогыг тэр энэ гэж сайшаадаггүй байсан нь үнэн чанартаа тийм учиртай юм билээ. “Сталины хөшөөг авч хая, Чойбалсанг буруутга” гэж Хрущёв шууд тушаах маягаар хэлдэг байж. Түүний хариуд Цэдэнбал дарга тусгаар тогтносон улсыг удирдаж байгаа намын байр сууринаас хатуу хандсан байдаг. “Чойбалсангаа бид хэзээ ч муулахгүй, тэр хүний Монгол Улсын тусгаар тогтнолд баримталж байсан ардач байр суурь их зөв байсан” гэж Бал дарга үздэг байсан. “Сталин бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах байтугай олж авахад гол байр суурь баримталж байсан. Тиймээс Сталиныг монголчууд бид үзэн ядах боломжгүй, хөшөөг нь буулгахгүй” гэж Хрущёвын өөдөөс хэлж байжээ. Үндсэндээ олон удаагийн үүрэг даалгаварыг нь хүлээж аваагүй юм билээ. Цэдэнбал дарга тусгаар улсын эзэн гэдгээ тэгж харуулж чадаж байсан.

-Та түрүүн яриандаа Горбачёвын тухай дурсаад авна лээ. Гэхдээ би энэ тухай ярихгүй гэж байсан. Та Горбачёвтай олон уулзаж байв уу?

-Горбачёвыг Ставропольскийн хязгаарын хамтралын намын үүрийн дарга байхад нь уулзаж байсан. Тэр чинь жараад оны дунд үе. Тэгэхэд маш эрүүл саруул ухаантай, Сибирээс ирж тэнд суурьшсан сүрхий хүн байсан. Сүүлдээ чухам хэн болсныг би мэдэхгүй юм даа.

-Танаас олон л хүний тухай асуумаар санагдах юм. Ухаандаа, 1972-1987 оны хооронд Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, ерэн он хүртэл Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан Түмэнбаярын Рагчаа гуайг асуулгүй өнгөрч боломгүй. Саяхныг хүртэл сэрүүн тунгалаг байсан монгол төрийн зүтгэлтэн?

-Рагчаа гуай дайчин шуурхай хүн. Юмыг их хатуу хуваарилна. Харин ажлын үр дүнг нь сонсоод үнэлэх чадвар сайтай. Хүнийг загнаж л байна, буулт нь зөөлөн. Үндсэндээ хүний анхаарлыг татах гэж их айхавтар үүрэг даалгавар өгнө. Тэгээд түүндээ сэтгэл нь ханадаг байсан. Гэхдээ хэнд ямар үүрэг өгснөө мартдаггүй, заавал шалгадаг тийм хүн. Сайд нарын зөвлөлийн хүн учир дээгүүр л хоорондоо ярьж байсан байх. Мань мэтийн жулдрайнуудыг тэр бүр анхаараад, яриад байсан нь юу л бол.

-Таны туулсан зам мөр, эзэмшсэн боловсролыг хараад “Монгол төрийн зүтгэлтэн гэж ийм л хүн байдаг байх” гэсэн бодол төрдөг юм. Ерээд оноос хойших төрийн үйл явцыг та хэрхэн харж байна. Боловсролтой гэдэг юм уу, төрийн тулхтай хүмүүс гэвэл хэн байсан бол?

-Жасрай эхлээд зовлонтой байх үед нь өөд татах гэж оролдсон. Гэхдээ өөрөө яагаа ч үгүй явчихлаа. Түүнээс хойш тухтай тулхтай ямар хүн удирдаж байна гэх миний сонирхол буурсан, тэдний зүгээс ч бидний санаа бодлыг сонсч, уулзаж барьж, яавал дээр вэ гэж асууж сурдаг хүн байхаа больсон. Чимээ алдарсан гэж дээр хэлсэн нь тийм учиртай.

-Ингэхэд Монголоос орос цэргүүдийг гаргах ажлыг гүйцэтгэсэн хүний нэг та. Тухайн үед хэцүү байв уу. Ер нь цэрэг гаргадгийн цаад нарийн учир нь юу байсан юм бэ?

-Би 1989 онд Дорнодод очиж орос цэрэг гаргах ажлыг тэндэхийн цэргийн дарга нартай нь уулзаж барьж зохион байгуулсан. Орос цэргүүдэд “Та бүхэн үүргээ гүйцэтгэсэн. Одоо ингээд ийм зүг чиг гарч ирлээ, та нарыг бид хэзээ ч мартахгүй, Монгол Оросын харилцаа бол мөнхийн харилцаа” гэж хэлээд албан ёсоор үдсэн. Надад аль болохоор сайхан гаргаарай гэж захьсан л даа. Улаанбаатарынхыг бас өөр хүмүүс хариуцаж гаргасан. Дундговьд бас их олон цэрэг байлаа шүү дээ. Хятад Монголын харилцаа тэр үед сайн биш байлаа. Хятад Монголын харилцаа 1949 оноос хойш жигдрээд ирсэн. Ийм үед Оросын цэрэг Монголын хил дээр байгаад байна гэдэг Хятад Монголын харилцаанд нөлөөлж болох байсан байх. Тэгээд ч Орос орон цэргээ татаж авъя гэсэн бодлого барьж манай төр засагтай ярьсан байх. Зүй зохистой гаргалт байснаас хөөж гаргах юм уу, үзэн ядаж гаргах тийм зүйл болоогүйг хэлэх хэрэгтэй. Нийгэм цаг үеийн шаардлага л байсан. Зөвхөн манайхаас гарсан юм биш. Германд гэхэд асар хүчирхэгжсэн Оросын цэрэг байрлаж байсан.

-Лоохууз, Сурмаажавын хэрэг гээд бүгд мэднэ. Тэдэнтэй та хэр ойр байв?

-Лоохууз чинь тавиад онд сангийн аж ахуйн удирдах газрын дарга байсан. Тэр үеэс эхлээд мэднэ. Төв хороонд лектор байсныг нь мөн мэднэ. Хойно хөдөө аж ахуйн академид суралцаж байсан үеийг нь ч мэднэ. Тэр үед Жүгдэр гэж философийн эрдэмтэн хойно сурч байхдаа хөлөө хугалчихсан хэвтэж байв. Лоохууз бас хойно академид байсан. Тухайн үед Лоохууз өөр санаа бодолтой хүмүүсийг цуглуулж байсан шиг санагдана. Жүгдэрийг ч тэр, намайг ч тэр түүндээ оролцуулах гээд л. “Бид тэгж чадахгүй ээ. Байр суурь өөрчлөгдөх зүйл байхгүй, та нар хоорондоо юу гэж ярилцдаг юм байгаа, тэр шугамаараа л яв” гэж саналаа хэлж байсан. 1963 онд билүү, өвөл би гэртээ ирээд Тэрэлжид хэд хоног амарсан юм. Тэгэхэд Лоохууз бид хоёр бас тааралдсан л даа. Лоохуузыг дагаад би ууланд явж байв. “Чи анд дуртай юу” гэж надаас асуув. Би ан ав гэж мэдэхгүй, ялаа, шумуул, шалз, жоом л устгаж чадаж магадгүй гэдгээ хэлсэн. Манай хүн чоно тааралдвал хоёулаа буудна шүү, чи ч ан авд хань болохоор нөхөр биш юм гээд инээж байсан. Лоохууз тийм ч буурь суурьгүй амьтан биш шүү дээ. Тохитой, юмыг олон талаас нь боддог, хурц ухаантай хүн. Юмыг сайжруулъя гэж бодсоноос тэр үед муутгая гэж хэн ч бодоогүй байх. Тухайн үед Жалан-Аажав гуай Улс төрийн товчооны нарийн бичгийн даргаар ирээд байсан үе. Би жаран дөрвөн онд намын түүхээ судлаад цаасаа ухаад сууж байгаа. Лоохууз нарын яриа хөөрөө Төв хороогоор дуулдаж байснаас намын түүхийн институтит гүнзгий орж ирээд дуулдахгүй нь лав. Би жаран таван онд намын түүхийн долдугаар бүлэг гэдгийг нь хариуцаж бичээд Нямын Жагварал даргад дуусгаад өгсөн. “Намын товч түүх” номонд миний тэр бүлэг орсон. 1945 оноос хойших намын түүх л дээ.

-Та бол баялаг номын сантай хүн байж таараа. Таны номын сан тэр чигээрээ Монголын нам төрийн түүх байх нь мэдээж дээ?

-Ном байна аа байна. Нийгмийн ухааны академийн Наранбаяртай ярьчихаад байгаа. “Миний номыг та нар ав” гэсэн. Надад тав гурван юм өгнө л гэж байна лээ. Зүгээр авахгүй худалдаж авна гэдгээ хэлсэн нь тэр. Өгдөг юм байгаа биз. Гол нь миний өөрийн олж хадгалсан жинхэнэ ориг ботиуд, мөн гар бичмэлүүд гээд үнэ цэнтэй ном бүтээлүүд бий. Тийм болохоор хадгалаад, далд хийгээд орхичих хүнд өгмөөргүй байгаа. Яваандаа хэрэгтэй юм байвал хэвлүүлэх барих, залуучууд ашиглах тийм л үүднээс өгнө гэж яриад байгаа.

-Та ерэн оноос хойш улс төрд оролгүй гэртээ суусан. Харин энэ хугацаанд судалгааны гол бүтээлүүдээ хийлээ, шинжлэх ухааны докторын зэргээ ч хамгааллаа?

-Зав чөлөөтэй болчихгүй юу. Өөрөө өөрийгөө мэднэ гэдэг чинь их юм байхгүй юу. Бусдад захирагдах хэцүү. Би бол хориод боть, гуч дөчөөд товхимол, эрдэм шинжилгээний өгүүллэгээд гэвэл 140-өөд, бусад сонин хэвлэлд бичсэн барьсан юм гэвэл тоо гаргах амаргүй. Би чинь хувийн дэг гэж айхтар юманд захирагдаж явдаг хүн. Нэгдүгээрт эрт босох.Өглөөний 4, 5 гээд сэрчихдэг. Сэрсэн хэрнээ хий дэмий хэвтээд байдаггүй. Юухан хээхэн хийгээд, бичиг цаастайгаа зууралдана. Дараагийн зүйл бол юмыг заавал бодох. Бод гэдэг даалгавар бол миний ээжийн даалгавар, гэр бүлийн даалгавар, мөн төрийн ажлын даалгавар байсан. Хонинд явсан ч хаагуур хариулах уу, яах уу ийх үү гэж боддог байсан. Урьдаар сайн бодож байж шийдээ гаргадаг. Шийд гарсны дараа бол буруу зөв нь хамаагүй, түүгээрээ л явна. Гурав дахь нь буруу юмнаас зайдуу байж цээрлэж, жигшсэн бол түүнээ зайлшгүй хадгал гэсэн зарчим. Архи, тамхи, элдэв бусын хараал хэрүүл, хүнтэй муудалцах гээд тэр бүгдийг би дэмий гэж үздэг. Мөн их идэж болохгүй. Энэ нь цадтал идээд залуурч болохгүй гэдэг ойлголт биш. Ерөөсөө ходоод гэдсээ мөнхөд өлмөн зэлмэн байлгах гэдэг утга. За тэгээд маш их явган явах хэрэгтэй гэж үзнэ. Чи бол хонь хариулж явган явж сурсан хүн, энэ хөдөлгөөнийг хэзээд ч алдаж болохгүй гэдэг шийдлийг хэвшил болгосон. Би өглөө оройдоо байшингаа явган тойрдог. Таягтай таяггүй хамаагүй явна.

-Төв хорооны нарийн бичгийн дарга байхдаа төрийн ордон руу үргэлж алхдаг байсан биз?

-Өглөө, орой ажил руугаа алхчихна. Төв хороонд байхад над шиг өглөө эрт ирж цагаа бүртгүүлдэг, надаас орой харьдаг хүн бараг байгаагүй. Үзэл суртлын хэлтэс гэдэг чинь тоймгүй их ажилтай. Шөнийн арванхоёр, нэгээс нааш ажил дуусахгүй. Тэгээд унаа цуцаа гээд байхгүй. Гараад л алхчихна. Айдас хүйдэс бага байж дээ. Тэр байтугай нэг өдөр талбай дээгүүр алхаж байтал чоно гүйж явсан. Одоогийн дуурийн театрын тэндээс нэг юм гүйгээд хөшөөний урдуур гараад Дотоод яамны тийшээ явчихлаа. Нохой юм уу гээд хараад байтал чоно мөөн. Сургуулилтай чоно биш хотод орж ирээд өөрөө төөрчихсөн явсан чоно байсан юм билээ. Өглөө эрт ажилдаа ирж бараг шөнө орой гэр лүүгээ явдаг учир замд хүмүүс таараад уулзаж хоргоогоод байх нь гайгүй байсан.Миний дэгэнд бас ажилсаг бай гэдэг зүйл бий. Үнэндээ би зүгээр сууж чаддаггүй. “Чи юм бүтээсэн байж болно, гэхдээхоосон маяг үзүүлсэн байдалтай битгий яв” гэж өөртөө хэлдэг. Үүнийгээ ижий аавын захиас, өөрийн барих чиг шугам гэж боддог.

-Хэзээ билээ дээ, төмөр замын Раш гуайтай ярьж суухад тантай уулздагаа хэлж байсан. Ер нь тантай уулздаг хүмүүс гэвэл хэн байна?

-Раштай би хэзээний танил. Төмөр замыг хөл дээр нь босгосон хүн. Уулздаг хүн гэвэл Лантуу байна. Амралтад ч хааяа таарч байх юм. Илэн далангүй найрсаг, сайхан хүн. Бид хоёр утсаар байнга ярьдаг. Ерөнхий сайд байсан Думаагийн Содном байна. Би сайн танина. Цагаан Молом гэж ярьдаг Цэндийн Молом байна. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан хүн. Ерөнхий сайд байсан Гунгаадорж байна. Дорноговийн манай Жагварал гуайн нутгийн хүн. Адьяа бид бол байнгын харилцаатай.

-Буурал Очирбат гуайтай уулздаг уу, тэр хүн нэг л чимээгүй байх, уул нь юм ярих хүн дээ?

-Ярихаар барах уу, маш их юм мэдэж байгаа хүн. Толгойтой ч хүн. Намыг удирдаж байлаа, үйлдвэрчний байгууллагыг ч удирдаж байлаа. Ерөнхийлөгч байсан П.Очирбаттай бас ойр. Гэр бүлийг нь би танина.

-Улс орныг ямар хүн удирдах ёстой юм бэ. Төрийн хүний ноён нуруу гэдгийг та юу гэж ойлгодог бол?

-Шууд хэлэхэд өөрөө юм мэддэг байх ёстой. Өөрөө маш өндөр боловсролтой юм мэддэг байж хүнийг удирдана. Юм мэдэхгүй, хуучин мэдлэгт дулдуйдсан, аманд байгаа зүйлээрээ хүнийг удирдаж болохгүй. Өөрөө маш их ажилсаг байж бусдад үлгэр дуурайл үзүүлнэ. Төрийн хүний хэлсэн үг хийж байгаа ажил нь ноён нуруутай байх ёстой. Хүн чанарыг бүрэн хадгалж чадсан байх ёстой. Хэлсэн үг, хийсэн зүйлдээ эзэн байх ёстой. Тэр зүйл нь улс орны хөгжилд нэмэр болох тухай яригдахаас биш хувь хүний өөрийнх нь юм болж үнэлэгдэх ёсгүй.

-Таны үед хувийн шунал, хувийн амбиц гэж байсан уу. Би шинэ хүүхэд учир сайн мэдэхгүй юм. Одоо бол төр барьж байгаа хүмүүсийн шунал, амбиц нь хэрээс хэтрээд байх шиг?

-Түүнийг мэдэхгүй байна. Би хувьдаа бичгийн нэг хар машинтай байсан. Улсынх байсан учир эргүүлээд тушаасан. Долоон төгрөг хэдэн мөнгөний ч билээ харилцааны тэмдэглэлийн зүйлээ бас тушаасан. Тэгж байж тойрох хуудасны тухай ярина. Унах машингүй, одоо ч унах машингүй. Зуслан гэдэг юманд байргүй. Хадгаламж гэдэг юм байхгүй. Оффшор гэж байхгүй. Дээр нь илүү орон сууц элдэв шалдав юм байхгүй. Ийм л янзаар халагдсан ч гэх үү, хөөгдсөнч гэх үү. Ингэхэд өнөө 07 га газраа хүртэл төрөөс олж авч чадаагүй. Ар гүнтэд нэг газар өгнө л гэж дуулдсан. Өнөөг хүртэл чимээгүй байна. Би ч хөөцөлдөж энээ тэрээ болохгүй юм, манай хүүхдүүд ч тийм зүйлд сонирхол муутай намайг дуурайсан хүмүүс юм. Иймэрхүү л байдлаар биеэ авч яваа арчаагүй ч гэж болохоор хүн байна даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Намын Төв хорооны нарийн бичгийн дарга асан Цэрэнпилийн Балхаажав: Ерэн оноос хойш би улс төрийн тухай бодохоо ч байсан, намайг хүмүүс тоохоо ч байсан


Ц.Балхаажав, В.Алзахгүй нар Монголын багш нарын долдугаар их хурлын үеэр. Төрийн ордон

1984-1990 оны хооронд Намын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан монгол төрийн зүтгэлтэн Цэрэнпилийн Балхаажав гуайн яриаг хүргэе. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн шинжлэх ухааны доктор, профессор эл эрхэм монгол тооллоор өдгөө 92 насны сүүдэр зэрэгцэж байгаа. Өмнө нь сонин хэвлэлд хүн судлал, философийн тухай гээд ихэвчлэн эрдмийн ажил, судалгааны бүтээлийнхээ талаар ярьсан байдаг. Харин энэ удаад нам төрд зүтгэсэн он жилүүдийнхээ тухай цухас цухасхан дурдсан. Балхаажав гуайтай түүхийн ухааны эрдэмтэн доктор Вандангийн Алзахгүйн албан өрөөнд гурвуулаа хөөрөлдсөн юм.


-Балхаажав гуай, та чинь Завхан нутгийн хүн. Ус нутаг, удам гарлынхаа тухай эхлээд ярихгүй юу?

-Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутаг Нарийн цахир хэмээх уулын зүүн биед орших Баруун туулайтын Үүдэндээ цохиот гэдэг өвөлжөөнд 1928 онд төрсөн. Өвөг эцэг минь Бат-Очир тайжийн хүү Түвдэнсүрэн гэж язгууртан, тамгын бичээчээр он удаан жил ажилласан өвгөн байсан. Надад хуучин бичгийн зүг чигийг анх заасан хүн. Бичих уншихыг энэ хүнээр заалгаад Сандуйжав мээрэн гэж тухайн үеийн зуны түр сургуулийн багшаар мөн бичиг үсэг заалгасан.

Өвөг эцэг минь мээрэн дээр аваачиж “Чи энэ хүүхдийг л бичиг үсэгтэй болгож үз” гэж хэлсэн байдаг. Түр сургууль байгуулахыг Сандуйжав мээрэнд Засгийн газраас даалгасан юм билээ. Сургуульд хориод хүүхэд хичээллэдэг байв. Тэр чинь гучин долоон оны үе. Япон улс манайх руу үе үе довтолдог байсан цаг. Тиймдээ ч болоод тэр үү, бидэнд Японыг буруутгасан утга агуулгатай ном уншуулдаг байсан. Д.Нацагдожийн зохиол хуучин бичгээр хэвлэгдсэн байсан. Бас нэг морины тухай тууж гарчихсан байлаа. Өвөг эцэгт маань том даавуун баринтагтай дээхнэ үеийн ганжуур данжуурын уламжлалтай модон дармал бичигтэй номнууд олон байсан. Би гэртээ байхдаа бараг бүгдийг нь уншсан. Ингээд гучин долоон оныхоо өвөл буюу түр сургуульд суралцсаныхаа өвөл одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дахь Цагаан оломын бага сургуульд очиж суралцсан. Гончиг гэж багш дээр очиж хоёрдугаар ангид орсон. Цагаан оломд Батмөнх гэж Шилүүстэй сумын өндөр хар хүү байлаа. Сандив гэж Дэлгэрт багш байсан, сүүлд Төв музейд ажиллаж байсан. Их бага Санжмятав гэж байсан. Бага Санжмятав нь сүүлдээ Намын төв хорооны боловсон хүчний хэлтэст ажиллаж байсан хүмүүс “буурал Санжмятав” гээд анддаггүй байв. Дамдинжав, Норов гэж Рафак төгссөн орос хэлтэй хоёр багш байв. Дамдинжав багш сүүлд Дотоодыг хамгаалах яамны орлогч сайд хүртэл байсан хүн. Мөн бас нэг хүнийг дурдах хэрэгтэй. Бид хоёр нэг ангид, нэг өрөөнд байсан, тэр маань саяхан соёлын гавьяат болсон зураач Даваасамбуу юм. Засгийн газарт олон зураг зурж өгсөн мундаг зураач хүн. Жаалхүү гэж хүний хүүхэд. Тагнуулын Баатарын төрсөн ах гэдэг шүү. Гончиг багш бүх хичээлийн конспектээ надаар хуулуулна. Миний бичгийн хэв энээ тэрээ чинь тэндээс сайхан болсон юм. Сургуульдаа сүрхий сурагч нь байлаа. Миний өөрөөр нь овоглодог нагац ах Цэрэнпил цээж тоонд сайн болгосон. Зургаа, долоо настайгаас минь цээжээр тоо бодуулж сургасан, би гэдэг хүн нэг саяын дотор толгой өвдөхгүй хариуг нь шууд хэлдэг байв. Нутагтаа амралтаар очиход багийн дарга зүгээр суулгахгүй, малын тоонд авч явна. Бүр багаасаа л би бичээч хийж, тоо бодож суманд ч багт ч зарагдаж явсан. Мөн улаа нэхнэ, өртөө хийнэ гээд барагдахгүй их юм үзэж туулж дээ. Цагаан оломд гурван жил суралцаж төгсөөд Завханы дунд сургуульд ирсэн. Дөчөөд оны үе. Говь-Алтай аймаг Завханаас дөнгөж салж тусдаа аймаг болж байсан цаг гээд бодохгүй юу

-Улиастайд ирээд сурахад ямар хүмүүс хичээл ном заах уу?

-Шар Рэнцэн гэж өндөр багш хүлээж авч хичээл заасан. Их сургуульд сүүлд багшилж байгаад нас барсан алдартай Дашцэдэн багш арван наймхан настай залуу Завханы дунд сургуульд анх крилл бичиг зааж байсан. Миний кирилл бичиг Дашцэдэн багшийн бичгийн хэлбэр юм. Биеийн тамирын Ламзав гэж багшаас их айна. Тэвхэлзсэн намхан бор багш. Биднийг жагсааж байгаад хөл гарын сургууль хийлгээд. Завханы дунд сургууль аймгийн төвөөс жаахан зайдуу. Ширэн ултай монгол гутлаараа мөсөн дээр гулгаж сургуульдаа очно. Голын эрэг дээр гутлаа тайлж хаячихаад бахиал ч юм уу арай хөнгөн юм өмсөөд хичээлдээ ордог байв. Хавар нь багш болж сумандаа очсон ч хоёр жилийн хугацаанд хөдөө мал малласан. Учир нь яг тэр үед ээжийн бие муудаж, дөчин гурван онд таалал болсон. Ээж минь Түвдэнсүрэнгийн Намнансүрэн гэж хүн байв. Дөчин таван онд би бичиг үсгийн багш болсон. Албан ажилд анх томилогдсон нь тэр. Бичиг үсгийн багш нэг жил хийгээд улаан булангийн эрхлэгч, дараа нь сумын бага сургуулийн захирал болсон. Ингээд дөчин найман онд Улаанбаатарт хотноо Намын дээд сургуульд ирсэн.

-Намын сургуульд ирээд хэн хэнтэй хамт суралцав, ямар хүмүүс багшилж байв гэдэг бас сонин байх болов уу?

-Хассүрэнгийн Лхамдорж гэж миний найз байж байгаад өнгөрсөн, тэр бид хоёр цуг ирсэн. Лениний ботиудыг орчуулсан, Маркс, Энгельс гээд бүгдийг нь орчуулсан мундаг сэхээтэн. Пүрэвжав гэж Монцамэ-гийн даргаар ажиллаж байсан тэр мөн суралцаж байсан. Лувсансамбуу надаас хоёр жилийн өмнө ирсэн байсан. Хамт төгссөн хүмүүсээс одоо амьд мэнд хүн бараг л байхгүй болоод байна. Намын сургуульд суралцсанаар би номонд дуртай болсон. Мөн орос хэлийг надад сургасан. Доржсүрэн гэж түүхийн багш намайг орсон жил “Хүний үүсэл гарал” гэсэн жижигхэн номыг “Чи үүнийг орос хэл дээр орчуул, хавар гэхэд надад өгөөрэй” гээд намар өгдөг юм. Би чинь оросоор ганц ч үг мэдэхгүй. Үнэнээ хэлтэл, “чи үг бүрийг словарьд, чиний толгойд энэ номын утга санаа, үг бүхэн үлдэнэ” гэв. Би үг бүрийг нэг бүрчлэн толиос харж хажууд нь монголоор бичлээ. Тэгээд тэрхүү үгнүүдээ өгүүлбэр болгон найруулах гэхээр миний үгнүүд орос хэл дээр утга санаа нь дүйж найрч өгдөггүй. Овоо найрлагатай өгүүлбэр боллоо гэтэл үг нь таардаггүй. Хожим бодоход инээдтэй санагддаг. Тийм л зовлон эдэлж байж орос хэлний зүг чигийг олж авсан юм. Доржсүрэн багшийн буян. Хүн судлалын сэдэв маань ч тэндээс үүдэлтэй. Их буянтай багш гэдэг үгүй ээ мөн хэрэгтэй дээ. Намын дээд сургуулийн Сүхбаатарын нэрэмжит цалинт онц сурлагатан байлаа. Ямар сайндаа гурван жил миний зургийг самбартаа хадах билээ. Тэр зургаа би сүүлд нь дурсгал болгоод авчихсан.

-Та бол тухайн цагтаа дэлхийн шинжлэх ухааны гол төв болж байсан Москвагийн их сургуулийг төгссөн хүн. Тэртээ 60 жилийн өмнө буюу тавин есөн онд Монголоос таван оюутан философийн ангид суралцахаар явсны нэг нь та?

-Москвагийн их сургууль дэлхийн шинжлэх ухааны гол төв гэдэг үнэн л дээ. Ёстой уншиж барахын эцэсгүй баялаг номын сантай. Миний бие чадах ядахаараа л уншсан. Таван хүн томилж философийн ангид явуулсны дунд чинь Содномгомбо, философийн нэртэй эрдэмтэн багш болсон Пүрэв, за тэгээд Цэрэн, Нансал бид хэд байв. Нансал бол намын дээд сургуульд философийн багш байсан хүн. Философийн шинжлэх ухаан гэдэг чинь ерөөсөө л ертөнцийг үзэх түгээмэл үзэл шүү дээ. Аливаа юмны голыг нь олж үзэх үзэлд сургахыг хэлж байгаа юм. Тоо, физик, хими гээд байгалийн шинжлэх ухаанаар хэрхэн суурь хийж үзэгдэл юмсыг тайлбарлах вэ гэдгийг сургана. Мэдээж байгалийн ухаануудыг заана. Би хими, биологийн чиглэлийг голлож авсан. Байгалийн шинжлэх ухаан философитой нийлэхээрээ юу болох уу гэдэг суурь ойлголтын гаргалгааг хэлж өгдөг. Үндсэндээ философи, байгалийн ухаан хоёрыг нийлүүлж нэгтгэж өгдөг ийм л сургуульд сурсан. Миний багш Молодцов Василий Сергеевич гэж философийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн байлаа. Философийн факультет нь Москвагийн төвд байсан. Молодцов багш манай факультетийн захирал, намайг бие дааж хариуцаж байсан хүн. Тэр багшийг би хэзээ ч мартах эрх байхгүй. Буруу юм хийвэл багшийнхаа нэрийг гаргах учир одоог хүртэл шүтэж дээдэлж явдаг. Тэнд таван жил сурч ирээд нийгмийн ухааны академидаа тасгийн эрхлэгчээр ажилд орсон. 1967 он хүртэл гурван жил тасаг хариуцаад дахиад аспирантурт явсан. Докторын зэрэг хамгаалахаар бас л Москва явж байгаа. Би чинь аль тэртээ жаран долоон онд тухайн үеийн дэд эрдэмтний зэргийг философиор хамгаалаад түүнээсээ гучин жилийн дараа буюу 1997 онд “Хорьдугаар зуун ба хүн судлал” сэдвээр шинжлэх ухааны докторын зэргээ хамгаалсан. Ажил төрөлд дайчлагдаж гүйсээр байгаад гучин жил болсон байдаг. Энэ хугацаанд бараг л үндсэн сэдвээ мартах нь холгүй болсон.

-Таны төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил боловсролын тухай яриад байвал уртаас урт дараалал болно. Тэгэхээр одоо яриагаа Төв хороонд ажилласан он жилүүд рүү хандуулбал яасан юм бэ. Төв хороонд ажиллаач гэсэн үүрэг чиглэлийг хэн анх өгсөн бол?

-Төв хороонд үзэл суртал эрхэлсэн Дэжидийн Чимэддорж гэж дарга байсан. Тэр хүн нэг өдөр дуудаад “Лхамсүрэн гуай хойшоо эрдмийн зэрэг хамгаалахаар явна. Чи үзэл суртлын хэлтсийн эрхлэгч” болно гэж далан хоёр онд хэлсэн. Ингэж тушаал буулгаад Улс төрийн товчоонд орж батлуулсан. Тэгээд долоон жил үзэл суртлын хэлтсийн дарга хийлээ. Түүний дараа нь С.Жалан-Аажав дарга дуудаад “Чи үзэл суртлын хэлстийн даргыг ажлыг Адъяад өгнө. Чи өөрөө намын байгууллагын хэлтсийн эрхлэгч болно” гэдэг юм. Намын байгууллагын хэлтэст очоод гурван жил болж байтал Гомбожав дарга дуудлаа. “Чи намын байгууллагын хэлтсээс гадаад харилцааны хэлтэст очно” гэдэг юм. Ингэж би Төв хороонд гурван хэлтэс дамжсан хүн. Гадаад харилцааны хэлтэст гурван жил болсон. Гадаад яамыг, мөн гадна дотны харилцаа, элчин сайд гээд Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой бүх асуудлыг хариуцна. Чадал чансаа хүрэхгүй зүйл байсан. Намын Төв хорооны нарийн бичгийн даргын хариуцлагатай албанд зүтгэхийг надад Батмөнх дарга хэлсэн. Наян дөрвөн оноос ерэн оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд төрийн өндөр албанд зүтгэсэн. Ерэн оны гуравдугаар сарын онцгой их хурлаар огцорч хөөгдөөд дээлээ үүрээд, номоо тэврээд гэртээ харьсан ийм л түүхтэй. Төв хорооны нарийн бичгийн дарга байхад Цахилгаан, Жанцанноров, Баасансүрэн, Түмэндэлгэр, Даваадаш, Пүрэвдаш, Дашдаваа, Бордух, Дондов гээд хорь гучаад залуустай ажиллаж байсан. Үзэл суртлын хэлтэс, шинжлэх ухаан боловсролын хэлтэс, намын байгууллагын хэлтэс, гадаад харилцааны энэ дөрөв чинь үнэн хэрэг дээрээ миний харьяалал байсан. Түмэндэлгэр мэдлэгтэй намуухан, эвлэг хүнтэй ажиллахад сайн алт шиг хар хүү байлаа. Одоо энэ Баасансүрэн байна, соёлын хэлтэст байсан, мундаг залуу.

-Цэдэнбал даргатай ойр байсан хүний нэг та яах аргагүй мөн. Ер нь Бал дарга таныг өөр дээрээ авсан гэх яриа байдаг?

-Бал даргын цэрэг нь юм чинь би ойр байлгүй яахав. Дуудсан цагт нь яваад орно, ажлаа танилцуулна. Гадаад харилцааны хэлтэс Бал даргын шууд харьяалалд байсан. Намын байгууллагын хэлтэс, үзэл суртлын хэлтэс өөр дарга нараар дамжина. Гадаад харилцааны хэлтэст очсоноос хойш байнга юмаа танилцуулна. Намайг Улс төрийн товчооны хуралд ороход Бал дарга “Би чамайг өөр дээрээ авлаа” гэж хэлээд шууд батлуулж байсан. Бал дарга тэгж намайг өөрөө дээрээ авсан нь үнэн юм. Гомбожав дарга “Чи надаар заалгалтгүй гадаад харилцааны юмандаа өөрөө суралц” гэж хэлж байсан. Гадаад харилцааны хэлтэст байхад нэг албан бичигт жижиг алдаа гаргаж Бал даргаас бүтэн цаг лекц сонсож байсан удаа бий. Ер нь Бал даргатай өдөр тутам гэх нь юу юм, гэхдээ их л ойр байсан. Заримдаа манай өрөөгөөр ороод ирнэ. Бал даргыг ороод ирэхэд би чинь босоод харайна биз дээ. Тэгэхэд “суу суу, ажлаа хий. Би зүгээр л юм сонирхож явна” гэдэг сэн. Их товчхон үүрэг өгдөг байсан. Үг яриа нэг их хэлээд тайлбарлаж удаад байхгүй. Хүнийг урдаар буруутгах, наануу цаануу болохгүй. “Энэ чинь ийм ийм учиртай, тэр улсуудыг чи сайн мэдэх үү, судалсан уу” гэнэ. Тэгээд өөрөө заримыг нь хэлж өгнө дөө.

-Та амьдралынх нь сүүлийн жилүүдэд хэр ойр байсан бол. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-1988 онд хойно байхад нь очиж уулзсан. Даргын авгай Филатоватай утсаар яриад “Москвад ирснийх дарга та хоёртой уулзаж болох уу” гэхэд “Болно” гэж зөвшөөрсөн. Дөчин хэдэн минут уулзсан. Комиссар нь Чулуун байсан. Авгайтай эхлээд Улаанбаатарын амьдралын тухай жаахан ярилцсан. Авгай Улаанбаатарын амьдралыг юу гэж харж байна, та нар энэ хүнийг юу гэж боддог уу гэж Бал даргын асууж байсан. Ингээд цаанаа дарга орж ирсэн. Намайг хараад шууд таньсан. “Чи хаачиж яваа юм” гэж асууж билээ. Даргад тэр үед нэг дутагдалтай нь мартаж санах асуудал байсан. “Тэр хаана байгаа вэ” гэж зарим нэг хүний тухай дахин дахин асууна. Дарга бол хүмүүсийг овог нэртэй нь шууд хэлдэг, тийм онцгой ойтой хүн байсан юм. “Монголын байдал ямар байна” гэхээс өөр зүйл нэг их асуугаагүй. Тэгтэл авгай “Одоо болно, чи ядарчихлаа” гээд даргыг цаад өрөө рүү нь оруулсан. Тэр бол бид хоёрын хамгийн сүүлчийн уулзалт байсан.

-Наяад оны сүүлээс социализм нэг л болохгүй нь гэх зүйл танд мэдрэгдэж байв уу. Энэ тухай Алзахгүй доктор сонирхож байна л даа?

-Социализмыг би насаараа буруутгаж чадахгүй. Тэр тухайгаа би хэлдэг. Коммунист үзэл суртал надад муу юм өгөөгүй, ер нь хэнд ч муу юм өгөөгүй дээ. Өөрчлөлт гэдэг наян таван оноос эхэлсэн юм. Горбачёв очоод шинэчлэлт өөрчлөлтийг хийе, социализмыг улам боловсронгуй болгоё, сайжруулъя гэснээс халъя гэдэг асуудал байгаагүй юм. Миний хувьд Намын төв хорооны нарийн бичгийн даргын хувьд социализмыг хэрхэн сайжруулах талаар хүмүүст үүрэг даалгавар өгч байсан. Өөрөө ч энэ тухай бодсоор байгаад ерэн онтой золгосон доо. Харин ерэн оноос хойш бол би улс төрийн тухай бодохоо ч байсан, намайг хүмүүс тоохоо ч байсан. Ерэн оны гуравдугаар сард болсон намын онц их хурал, Төв хорооны бүгд хурлын чуулган хоёуланд нь би үг хэлсэн. Тэгэхдээ “Огцорно гэдэг үг хэрэглэхгүй ээ” гэдгээ хэлсэн юм. “Би намаас огцрохгүй, намын ажлаас огцрохгүй. Би намд өөрөө элсэж даалгаврыг нь биелүүлж ирсэн. Намайг хөөгөөгүй цагт би холдохгүй” гэж хэлсэн. Огцорно гэдэг үгийг хэрэглэх хүн нь хэрэглэдэг юм байгаа биз, би лав хэрэглэхгүй гэж Бугын Дэжид гуай биднийг цуглуулахад хэлсэн.

-Намын Төв хорооныхныг хүмүүс шүүмжилдэг. Улс орныг удирдах нь байтугай төр гэдгийг ч мэдэхгүй хэдэн залуучуудад Монгол орныг тэр чигээр нь өгөөд та хэдийг зугтсан гэдэг. Үүнд та ямар тайлбар хэлэхсэн бол?

-Бид нарын бууж өгснийг буруу гэдэг юм аа. Миний бие огцорно гэдэг үгийг хэрэглэхгүй байсан болохоос залуучууд шинэ юм хийе гэхийг хүлээн зөвшөөрч байсан. Итгэж үлдээх нь зөв. Бид бол мөнхийн дарга нар биш шүү дээ. Халаатай, солиотой байх ёстой. Үнэхээр Монгол Улсаа хөгжүүлье, хөгжлийн шинэ шатанд гаргая гэж бодлогоо тодорхойлоод зорьж байгаа бол надад татгалзах зүйл алга гэсэн тийм л бодолтой байсан.

-Жамсрангийн Самбуу гуайтай хэр ойр байв?

-Самбуу гуай намайг танина, би бол сайн танина. “Амьдралын сургаал” ч бил үү хуучин бичгийн номоо кирилл болгож надаар хуулуулсан юм. “Энэ номыг чи кириллд оруулаатах. Чамд хугацаа тогтоохгүй ээ” гэж хэлээд өглөө. 50, 60-аад хуудас ном байсан. Самбуу гуай тэр үед АИХ-ын дарга байсан. Би өнөөхийг нь гурав хоногийн дотор бичээд өгчихлөө. “Чи сайн хийсэн биз” гэж асууж байсан. Яг л байгаагаар нь хийхийг бодсон гэдгээ хэллээ. Түүнээс хойш нэг жил тойрсны дараа АИХ-ын нарийн бичгийн дарга Готов гуай “Чамайг Самбуу дарга дуудаж байна” гэдэг юм. Дахиад л бас нэг ном өгөх нь дээ, яаж хийж өгнө дээ гэж бодоод орсон чинь 400 төгрөг өглөө. Дандаа тавьтын дэвсгэрт. “Чи миний номыг сайн хийсэн байна лээ” гэв. Даргаа би зүгээр л бичээд өгсөн шүү дээ гэтэл “чи ав ав” гэдэг юм. Тэгээд би одоо хүртэл нэг 50 төгрөгийг нь хадгалдаг юм. Нэг номын завсар хийчихсэн, хаана байгааг нь олохгүй байгаа. Том ногоон далбагар тавьтын дэвсгэрт. Хуучны мөнгө их том байсан. Далаад оноос мөнгө жижиг болсон. Ном сөхөх бүрийдээ Самбуу гуайн өнөө миний хадгалсан тавьтын дэвсгэрт байж байх вий гэж горьдож хардаг юм.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *