Categories
мэдээ нийгэм

Намын даалгавраар Монголын сагсан бөмбөгийн холбооны бүртгэлийг хүчингүй болгосон гэв

Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд 2016 онд монголын сагсчид түүхэн амжилт үзүүлсэн гэдгийг онцлоод МСБХ-г татан буулгах шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү саяхан Монголын сагсан бөмбөгийн холбооны бүртгэлийг хүчингүй болгожээ. Хүчингүй болгосон албан бичигт “Монголын сагсан бөмбөгийн холбоо” төрийн бус байгууллагын мэдээлэлд 2016 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр өөрчлөлт оруулан тус газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болох нь Хяналтын газрын хяналт шалгалтаар тогтоогдсон байх тул хүчингүй болгосугай” хэмээн тодотгосон байна.

Энэхүү шийдвэрийн талаар МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал “Энэ тушаалыг иргэн Б.Оргил гэдэг хүний гаргасан албан бичигт үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү гаргасан. Юуг шалгаж, юунд үндэслэн МСБХ-г татан буулгаж байгаа талаараа бидэнд тайлбарлаагүй. Тэгэхээр энэ бол намын даалгавараар хийгдэж байгаа ажил гэж бид харж байна. Бүх агентлагийн даргын суудалд МАН-ынхан байгаа. Тэгэхээр энэ бусармаг үйлдлийг МАН-тай холбохоос өөр эрхзүйн үндэслэл алга. Тиймээс ч МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар гэх залуу МСБХ-ны ерөнхийлөгч болохоор зүтгэж аав нь ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүүд намын даалгавар өгч ямар ч үндэслэлгүйгээр МСБХ-ны бүртгэлийг хүчингүй болгох тухай тушаал гаргуулсан. Би 50 гаруй жил хөлстэй зааланд ажилласан. Энэ хугацаанд Р.Содхүү гэдэг хүн зааланд орж ирээд сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө хэн, юу хийж байгааг анзаарч, хараагүй. Тэгэхээр энэ бол цэвэр намын даалгавар. М.Энхболдын хүү Э.Анар МСБХ-г авах гэж улайрч байгаа нь ил тод болсон” хэмээн ярилаа.

МСБХ-ны удирдлагууд Оюуны өмч улсын бүртгэлийн газрын даргын гаргасан эл шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Улсын шүүгч н.Мөнхзул уг хэргийг хянаж буй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *