Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Намгүй төрийг байгуулахаар “Эвлэн мандах хүч” нэгдлээ

Үндэсний үзэлт “Онги голынхон”, “Босоо хөх Монгол”, “Гал үндэстэн холбоо”, “Мөнх галын дуудлага”, “Монгол тулгатан”, “Шинэ аравт”,“Монголын эв нэгдлийн төлөө”, “Шударга Монгол”, “Бид Монголчууд төсөл”, “Март” эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, “Улс төр менежментийн академи”, “Монголын малчдын хамтын хариуцлагын холбоо”, “Авлигын эсрэг үндэсний илд холбоо”, “Монгол язгуур ухаан эрдмийн хүрээлэн” төрийн бус байгууллага, иргэдийн хөдөлгөөний нэгдэл хамтран “Эвлэн мандуулах хүч”-ийг (ЭМХ) байгуулжээ. Чингис хааны “Их цааз” хуулинд тулгуурлан “Их цааз төсөл”-ийг боловсруулж эхний бичвэрийг хэвлүүлжээ. Үүнийгээ 1000 ширхэг хэвлэн 21 аймаг, есөн дүүргийн нэгдлийн гишүүдэд урилга хэлбэрээр тарааж өгсөн байна. “Монгол улсын их цааз” хэмээх шинэчлэсэн бичвэрийг гишүүдийнхээ хамтаар хэлэлцэж, алдааг засч, оноог дэмжих зорилгоор “Их цааз, Их эргэлт” чуулганыг зохион байгуулжээ. МҮЭСТӨ-нд 527 хүн буюу гишүүдийн 52.7 хувь нь ирсэн байв. Тиймээс 50+1 хувьтай ирц бүрдсэн учир чуулганыг эхлүүлэхийг мэдэгдэв. Чуулган албан ёсоор эхэлсэн ч хүмүүс нэмэгдэж ирсээр байлаа. ЭМХ-ний тэргүүн Ц.Мөнхбаяр чуулганыг нээхдээ “Өрлөг их түүхтэй Монгол орон өнөө үед туульдлаа. Бид болохгүй бүтэхгүй байгаа есөн зүйлийн зам мөрийг засаж сайжруулахаар олон нийтийн байгууллагууд сүүлийн хориод жил идэвхтэй ажиллаж, өөр өөрсдийн чиглэлээр чармайсан. Уйгагүй тууштай явсан хэсэг нь цөөнгүй амжилтад хүрч, засч залруулж, төрийн бодлогыг зөв болгож, хэлэлцүүлэхийн төлөө ажилласан. Гэвч нөхцөл байдал улам төвөгтэй, хор хохиролтой болж ирлээ. 17 жил нутгаа бүтэн авч үлдэх гэсэн миний бие, нөхдийн хамт энэ замаар явсан. Сүүлийн долоон жилд төрөө зөв замд оруулахгүй бол ямар ч хүчин чармайлт, үйл ажиллагаа амжилтгүй болдог гэдэг хатуу сануулгыг авлаа. Тиймээс ЭМХ сүүлийн хоёр жилд Монгол орны шинэ явах зам мөрийг тодорхойлох зориг эрмэлзэл өвөртлөн хичээж, Их цааз төслийг боловсруулж эхний бичвэрийг гаргалаа. Хамгийн гол нь цаашид намгүй Монгол төрөө байгуулах хэрэгтэй” хэмээн хэлэв. Чуулганд оролцсон гишүүд Чингис хааны аравтын системээр нэгнээ удирдагчаар сонгож, аравт нь зуут, түмэт гэх мэтээр дээшилж, ард түмний төлөөллийг УИХ, ЗГ-т сонгох зорилготой ажээ.


С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *