Categories
мэдээ цаг-үе

“Найрамдал” зуслангийн нэг өдөр

“Найрамдал”-д 745 хүүхэд амарч байна. Хамгийн бага нь нэгдүгээр ангиа төгссөн зургаан настнууд гэж Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн дэд захирал Б.Отгонбат сонирхууллаа. Эхний ээлжинд багачууд голдуу амардаг болохоор дөрөвдүгээр ээлжинд зургаан настнууд тун цөөхөн ирж. Ирэх намар хоёрдугаар ангид орох нөхдийн нэг нь Сидина. Охин эгчтэйгээ амарч байгаа гэнэ. “Би Авинатайгаа ирсэн болохоор уйлаагүй ээ. Эгч ээ, би хатны нэртэй ш дээ. Манай эгч бас хатны нэртэй” гээд их додигор байна. “Найрамдал”-ын арга зүйч Т.Тунгалаг “Зургаан настнууд их сэргэлэн. Найман настай хүүхдүүдийг бодвол биеэ авч яваа нь хүртэл өөр шүү. Эхний өдрөө л зарим нь хямраад хэцүүхэн байдаг тал анзаарагддаг. Дасаад ирэхээрээ сэргэлэн, хөдөлгөөнтэй гэж жигтэйхэн. Энэ жил таван настай охин эгчтэйгээ хамт амарч байна. Ер нь эцэг, эхчүүдийн хүүхдэдээ ханддаг хандлага, сургууль, цэцэрлэгийн нөлөө хүүхдээс их тод харагддаг” гэж ярилаа. Бид энэ удаа олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн нэг өдрийг сурвалжилсан юм.

ТОГЛООМЫН ӨРТӨӨГӨӨР АЯЛДАГ ХАГАС ӨДӨР

Энэ зун хур ихтэй байсан нь “Найрамдал”-д очиход л илт байв. Зөөлөн ногоон зүлгэн дээр хүүхдүүд тоглоомын өртөөгөөр аялаад дуу шуутай бужигнаж байна. Ирээд ганц л хоносон, биенээ танихгүй хүүхдүүдийг тоглоомын аргаар дотносуулж байгаа нь энэ аж. Зуслангийн ээлж бүрт ирсэн хүүхдүүд эхний хагас өдрөө тоглоомын өртөөгөөр аялж өнгөрөөдөг гэнэ. “Муурын байшин”, “Дусал хүүгийн аялал” гээд тоглоом бүртээ нэр өгчихөж. “Дусал хүүгийн аялал”-ын өртөөн дээр ирсэн хүүхдүүд гэхэд л эгнэж суугаад толгой дээгүүрээ устай сав дамжуулцгаана. Дунд ангийн хөвгүүдэд их зугаатай байгаа бололтой. Эвгүйхэн бариад толгой дээрээ ус асгасан нэгнийгээ шоолж хөгжилдөнө. Хүүхдүүд аль хэдийнэ дотносоод амжжээ. “Муурын байшин” тоглож байгаа бага ангийнхан дээр очлоо. Хоёрдугаар сургуулийн Содбаяр ирэх намар тавдугаар ангид орох гэнэ. Гуравдугаар ангиасаа “Найрамдал”-д амарч эхэлжээ. “Манай зуслангийн тогооч эгч их гоё хоол хийдэг. Бөөрөнхий махтай хоол нь бүр гоё” гэхэд хажууд нь зогсч байсан үеийнх нь охин “Хоол байхдаа яахав дээ” гэж жуумалзана. “Хобби” сургуулийн Дөлгөөн “Эгч ээ би удахгүй дөрөвдүгээр ангид орно. Энд ирээд 55 найзтай болчихлоо. Надад бол манай зуслангийн тоглоом тоглуулдаг нь гоё байна. Өдөржингөө тоглохоор ээж, аавыгаа санахгүй байна” гэж дуржигнуулав. Дөлгөөн Долгион гэж ихэр дүүтэйгээ иржээ. Хөвгүүд дараагийнхаа тоглоомын өртөө рүү яаран гүйцгээлээ. Хүүхдүүд бүлгийн багштайгаа найз шиг л харьцацгаах юм. Тоглоом тоглохоороо утаснуудаа бариулчихна, шинэ тоглоомын өртөөн дээр ирэхээр “яаж тоглох вэ” гээд тойроод зогсчихно гэж ирээд яривал багшийн оролцоогүй юм гэж алга. “Ирээдүй” бүлгийн багш П.Номин “Сүүлийн үеийн хүүхдүүд их нээлттэй болсон. Амархан найз болцгоочихдог. Бага насныханд гэрээ санах, уйлах явдал гардаг л юм. Гэхдээ тун цөөн нь. Дөчин хүүхэдтэй бүлэг байлаа гэхэд ганц хоёр хүүхэд л жаахан хямарна. Харин зуслангаас явах сүүлийн өдөр бөөн уйлаан болно шүү дээ. Багшийгаа, биенээ тэвэрч уйлаад сүйд болдог” гэж яриад хүүхдүүдээ дараагийн өртөө рүү дагуулан явлаа.

ОКСФОРДЫН ОЮУТНУУД АНГЛИ ХЭЛ ЗААНА

“Найрамдал” зуслан энэ зунаас англи хэлний сургалт зохион байгуулж эхэлжээ. Англи хэл заахаар ирсэн анхны багш нь Роберт Гриин. Нигери улсын иргэн юм байна. Ээж нь нигери, аав нь америк хүн гэнэ. “Найрамдал”-ынхан Робертод зориулж Нигерийн далбааг оёж байгаа аж. Зусландаа багшлахаар ирсэн гадаадын багш нарын улсынх нь төрийн далбааг төвийнхөө гадна мандуулдаг бололтой. Роберт “Орчин үе ирээдүй гадаад хэлний төв”, “Найрамдал” төвийн хамтын ажиллагааны хүрээнд иржээ. Монголд анх удаа ирж байгаа нигери залуу “Би цасанд маш их дуртай. Өвлийг үзнэ гэхээс тэсч ядан хүлээж байна. Ер нь би хүүхдүүдтэй ажиллах их дуртай. Тэдний хайр үнэхээр агуу, ариун гэгээн байдаг. Бас их хурц ухаантай. Хүүхдэд ийм давуу талууд байдаг учраас хэлийг их амархан сурдаг” гэж ярив. Робертын хичээлд тав, зургаа, долдугаар ангийн охид голдуу хүүхдүүд иржээ. Охид Роберттой англиар ярьж, хөөрөөд жигтэйхэн. Хүссэн хүүхдүүд Робертын хичээлд суух боломжтой юм билээ. Дараагийн ээлжинд Английн Оксфордын их сургуулийн 12 оюутан ирж нэг нэг бүлэгт хариуцан багшлах гэнэ.

Хүүхдүүд өглөө долоо хагаст сэрж, найман цагт дасгал хийдэг юм байна. Дасгалын дараа цайндаа орж өдрийнхөө хөтөлбөртэй танилцдаг аж. Энэ жил “Найрамдал”-ынхан хувь хүний чадварыг төлөвшүүлэх, нийгэмд биеэ зөв авч явахад чиглэсэн хөтөлбөрт түлхүү анхаарчээ. “Хувь хүний төлөвшил мэнд мэдэхээс эхэлдэг” гэж бүлгийн багш нар нь ярьж байсан юм. Тааралдсан хүүхэд бүр мэнд мэдэцгээж байв. Арга зүйч Т.Тунгалаг “Хүүхдүүд маань 10:00-13:00 цагийн хооронд тухайн өдрийн үйл ажиллагаанд оролцоод 11:00 цагаас бага үдийн цайгаа уудаг. Дараа нь бага, дунд, ахлах наснаасаа шалтгаалж 30-60 минутад төлөвшлийн сургалтад хамрагдана. 13:00 цагаас өдрийн хоолтой. 14:00-16:00 цагт бага насны хүүхдүүдээ амраадаг. Зуслан гэдэг хүүхдийг хөгжүүлэхээс гадна эрүүл агаарт амрахад орчныг бүрдүүлэх учиртай газар. Бусад нь 14:00-15:00 цагийн хооронд амралтын цагтай. 16:30 цагаас их үдийн цайгаа уучихаад 17:00-19:30 цаг хүртэл хүүхдүүдэд зориулсан бас хөтөлбөрт хамрагддаг. 19:00-20:00 цагт оройн хоол. 20:00-21:30 цаг хүртэл оройн арга хэмжээтэй. Арга хэмжээ нь өдөр бүр өөр. Өнөөдөр гэхэд л бид галын наадам хийнэ. 22:00 цагаас хүүхдүүд оройн тойргоо хийдэг” гэж зуслангийнхаа цагийн хуваарийг сонирхуулав. Оройн тойргийн үеэр хүүхдүүд тухайн өдөр юу сурч мэдсэнээ ярилцдаг гэнэ. Багачууд нь 22:00 цагт, томчууд нь 22:30-23:00 цаг гэхэд унтацгаадаг юм байна.

ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУД ХҮҮХДҮҮДЭЭ АМРААХ ДУРТАЙ

Гадаадад амьдардаг монголчууд хүүхдүүддээ улсынх нь соёл, заншлыг таниулах гэж амраадаг болжээ. Биднийг очиход Солонгост амьдардаг охин амарч байсан юм. Хамаатны эгчтэйгээ иржээ. Монголоор ойлгодог хэрнээ ярихдаа жаахан тааруу юм. Бөмбүүлэй гэж өөрийгөө танилцуулсан охин зун бүр Сөүлээс “Найрамдал”-д ирж амардаг гэнэ. Ихэнхдээ Америк, Солонгос, Герман зэрэг улсад амьдардаг монголчууд хүүхдүүдээ амраахаар явуулдаг байна. Энэтхэг, Тайвань, Нигер, Гвиней зэрэг улсад амьдардаг монголчууд ч хүүхдүүдээ эх орных нь соёлтой танилцуулахаар “Найрамдал”-д амрааж байж. “Найрамдал”-ын багш нар “Гадаадад амьдардаг монголчууд хүүхдүүддээ монгол ёс заншлаа таниулж мэдүүлэхийг их хүсдэг болсон” хэмээн ярьж байлаа. Энэ жилээс Өмнөд Монгол, Буриадын хүүхдүүд олноороо амрах захиалга өгчээ.Японоос цөөнгүй хүүхэд хүлээж авдаг гэнэ. Долдугаар сарын дундуур ОХУ-аас хүүхдүүд ирэхээр захиалга өгчээ. Гаднаас ирсэн хүүхдүүд “Найрамдал”-ын хоолонд их дуртай гэнэ. Цөөн тохиолдолд гадаад хүүхдүүд үндэсний хоолоо идэхийг хүсдэг аж. Үндэсний хоолоо идэхийг хүсвэл хийгээд өгчихдөг юм байна. Сонирхуулж хэлэхэд энэ зун “Найрамдал”-ынхан Монголын скаутын холбоотой хамтарч Ази Номхон далайн орнуудын скаутын том цуглаан зохион байгуулахаар болжээ. Долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 1-ний хооронд үргэлжлэх гэнэ. Скаутын цуглаанд арав гаруй орноос 5-10 мянган хүүхэд оролцох нь.

НЭГ ӨРӨӨНИЙ НАЙЗУУД

“Үй цай” сургуулийн Өнө-Алдар, нэгдүгээр сургуулийн Хасчулуун, Америк сургуулийн Жаргал-Эрдэнэ, Батлан хамгаалахын “Тэмүүжин” сургуулийн Бямбадорж, Замын-Үүдийн нэгдүгээр сургуулийн Төгөлдөр тав “Нарлаг” бүлгийн нэг өрөөний хөвгүүд. Ирээд ганц хонож байгаа гэхэд хэзээний найзууд болчихож. Ирэх намар долоо, наймдугаар ангид орцгоох хөвгүүд шөнө орондоо ороод нэг цаг хүртэл хууч хөөрцгөөсөн гэнэ. Жаргал-Эрдэнэ “Бид өчигдөр орой баахан онигоо яриад. Сүүлдээ бүр элэг хөших шахсан” гэж хэлээд хөгжилтэй инээв. Хөвгүүдэд ус дамжуулж тоглодог “Дусал хүүгийн аялал” таалагдсан гэнэ. Бусдаасаа хонгор шаргал үсээрээ ялгарах Жаргал-Эрдэнэ “Зуслангийн бүх хүүхэд намайг гадаад гэж бодоод байх юм. Уг нь би монгол ш дээ. Эрдэнэтэд төрсөн. Аав “Шар доктор” компанийн захирал. Ээж ч бас тэнд ажилладаг” гэж хэлэхэд өнөөдүүл нь тэрүүхэндээ жуумалзацгаана. Өрөөний тав өөр зуураа “Чи их хурхирдаг юм байна лээ”, “Би эрт босоод та нарыг сэрээсэн шүү”, “Бөмбөг байвал сагс тоглох юмсан”, “Нөгөө охидыг айлгах төлөвлөгөө яасан бэ” гэж зав чөлөөгүй ярьцгаах юм. “Гэрээ санаж байна уу” гэж асуухад Бямбадорж “Одоо ээжийгээ санавал онигоо болно биз дээ” гэсэн догь хариу өгөв. Өнөөдүүл нь ч толгой дохицгоогоод жигтэйхэн. Хажуугийн байрны охидын өрөөгөөр ороход цэмцийтэл зассан орнууд эгнэж байна. Хөвгүүдийн өрөөний дуу шуу энд алга. Охид их л намбалаг, юм асуухаар цөөн үгээр хариулцгаана. 62 дугаар сургуулийн Энэрэл, 33 дугаар сургуулийн Энхжин, зургадугаар сургуулийн Маралмаа, нэгдүгээр сургуулийн Бадамханд, 45 дугаар сургуулийн Ариунтуул, зургадугаар сургуулийн Энхлэн, “Шинэ Эрин” сургуулийн Намуун нар нэг өрөөнд оржээ. Охид ирэх намар наймдугаар ангид орох гэнэ.

“Найрамдал”-ын бүлэг бүр өөрийн онцлогтой юм. “Сакура” бүлэг гэхэд л япон хэв маяг бүхий тохижилттой. Энэ бүлгийн хүүхдүүд хөвгүүд, охидоороо хоёр өрөөнд хуваагджээ. Япон маягаар зассан өрөөнд матрас эгнүүлжээ. Бөөнөөрөө нэг өрөөнд учраас амархан дотносдог гэж бүлгийн багш Х.Баянжаргал ярив.

ГАЗТАЙ УНДАА, ЧИПС ЗАРДАГГҮЙ ДЭЛГҮҮР

“Найрамдал” зуслангийн дэлгүүрийн гол нэрийн бараа нь зайрмаг, газгүй ундаа, жигнэмэг. Нэг удаагийн шампунь гэх мэт ариун цэврийн хэрэглэл бас бий. Хүүхдүүдэд бороотой өдөр зайрмаг зардаггүй гэнэ. Хоолой нь өвдчихнө гэж болгоомжилдог аж. Чипс, газтай ундаа огт зардаггүй юм байна. Эргэлтээр ирсэн эцэг эхчүүд л хориотой хүнс авчирчихаад хүүхдэдээ өгнө гэж зүтгэчихдэг бололтой. Арга зүйч бүсгүй “Хийжүүлсэн ундаа, чипс, тостой хуушуур, торт, пицца, тахиа аваад ирдэг. Ийм хүнс авчирч болохгүй гэж хэлж сануулаад байхад л авчраад байдаг юм. Бид энэ зунаас 11:00 цагт хүүхдүүддээ зайрмаг, иштэй чихэр, сүү, иогурт өгдөг болсон. Аав, ээжүүдэд хорьсон хүнс авчирч өгч болохгүй гэхээр би хүүхдээ алах гэж ирээ юу, миний хүүхэд шоронд байгаа юм уу, хамгийн сайн чанартай юмыг л авчирч байна гэх мэтээр бухимддаг. Эцэг, эхээсээ илүү хүүхэд нь төлөвшчихсөн жишээ цөөнгүй анзаарагдана шүү. Хүүхдээ эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн оруулаагүй ээжид шинжилгээндээ хамрагдахыг сануулахад захиралтай чинь ярина гэж ирээд уурлах жишээний. Гэтэл хүүхэд нь ээждээ буруу авирлаад байгааг нь хэлж байгаа юм” хэмээн ярилаа.

АМТЛАГЧ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ХООЛНЫ ГАЗАР

“Найрамдал” төвийн хүүхдүүд хоёр газар хуваагдан хооллодог юм байна. Биднийг “Найрамдал”-д өнждөг өдрийн хоол нь ногоотой шөл, будаатай хуурга, чацарганы шүүс байв. Хоолны газрынхан давхардсан тоогоор ганц өдөрт 5000 хүний хоолыг бэлддэг гэнэ. Өдөрт 130-150 кг мах, 250-300 кг төмс гэж ирээд тоочвол хүнсний бүтээгдэхүүнийг өчнөөн кг-аар нь хэрэглэдэг аж. “Найрамдал”-ынхан өдөр, оройн хоолондоо амтлагч хийдэггүй юм байна. ШУТИС-иас жил бүр дадлагын оюутнуудыг гэрээгээр ажиллуулдаг гэнэ. Оюутнууд сардаа 300 мянган төгрөгийн цалинтай ажилладаг аж. ШУТИС-ийн Хүнсний технологи, хоол үйлдвэрлэл технологийн гуравдугаар дамжааны оюутан Ө.Рэгзэдмаа “Өдөрт зууш, салатнаас гадна зарим хоолыг гардаж хийж байгаа. Хүүхдүүдэд үйлчлэх их гоё юм байна. Баярлалаа, эгчээ гээд хэлэхээр нь сэтгэл нэг л гоё болчихдог. Агаар сайтай, хүүхдийн инээд хөөртэй ийм сайхан орчинд ажиллаад сургалтын төлбөрийнхөө ихэнхийг цуглуулаад хичээлдээ орно гээд бодохоор сэтгэл өндөр байгаа” гэж ярив.

Батноров “Найрамдал” төвийн хоолны технологичоор 22 дахь жилдээ ажиллаж байгаа гэнэ. Технологич бүсгүй “Хүүхдүүдийн таргалалт, өвчлөл ихэссэнтэй холбоотойгоор илчлэгийн хэмжээг бууруулж амин дэмийг ихэсгэх бодлого улсаас барьж ажиллаж байгаа. Бид ч гэсэн хоолныхоо өөх тосыг багасгаж, сүү цагаан идээ, хүнсний ногоо зэргийг түлхүү өгч байна. Би нэг л зүйлээс их том урам авдаг. Амрагч хүүхдүүд маань гоё амттай хоол байна, баярлалаа эгч ээ гэхээр огшоод ирнэ шүү дээ. Хүүхдүүдтэй ажиллахаар баярлах гомдох нь амархан болдгоос эхлээд яг л хүүхэд шиг болчихдог юм байна. Том хүн байж том хүнтэй харилцахаар их сонин шүү” гэж хэлээд хөгжилтэй инээв. Эрүүл мэндийн сайд хоёр жилийн өмнө хүүхдийн хоолны илчлэгийг шинэчилж баталжээ. Өсвөр насныхан өмнө нь 2800 ккл хоол хэрэглэдэг байж. Шинэчилсэн хэмжээгээр 2300-3400 ккл хоол идэх ёстой болжээ.

ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ ХҮҮХДҮҮД “НАЙРАМДАЛД”-Д БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА

Тайваньд ирэх сард болох чөлөөт бөхийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид “Найрамдал”-д бэлтгэл, сургуулилтаа хийж байна. Энэ тэмцээнд Монголоос 34 тамирчин дөрвөн багштай явахаар болж. Якутад болох Азийн наадамд оролцох тамирчид ч энд бэлтгэлээ базааж эхэлжээ. Чөлөөт бөхийнхөн бүрэн бүрэлдэхүүнээрээ явах гэнэ. Улаанбаатараас гадна аймаг бүрийн тамирчин хүүхдүүд “Найрамдал”-д иржээ. Азийн аваргад явах багийн ахлагч Б.Билгүүн “Агаар, орчин нь сайхан байна. Хоол унд нь амттай, амарч байгаа хүүхдүүд нь их соёлтой юм. Бэлтгэл сайн хангагдаж байна” гэсэн бол Сахагийн багийн ахлагч Э.Бямбадорж “Би Баянхонгороос ирсэн. Орчин нь их таалагдаж байгаа. Орой дөрвөн цагаас бэлтгэлтэй” гэж ярилаа. Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Чулуунбаатар “Бэлтгэл анх удаа зургаан дэвжээн дээр болж байгаа . Чөлөөт бөхийн холбоо, “Найрамдал” төвийн захиргаанд баярлаж байна. Хоёр, гурван аварга төрчих болов уу гэсэн найдлага бий” гэж ярилаа.

“НУЛИМАСТАЙ” ДИСКО

Найрамдал төвийн нэг ээлж голдуу долоон хоногтой. Дээд тал нь арав хоног байдаг гэнэ. Сүүлийн өдөр үдэлтийн диско хийдэг аж. Дискон дээр “Найрамдал”-ын дэд захирал Б.Отгонбат найзуудын тухай шүлэг уншдаг юм байна. Зуслангийн захирлын шүлгийг хүүхдүүд нулимс цийлэгнүүлэн сонсдог гэнэ. Арга зүйч бүсгүй “Хүүхдүүд маань бараг хорь, гучин минут уйлалдана шүү дээ. Долоо, арав хоногт их дасчихсан байдаг юм” гэж ярилаа. Бүлгийн багш нарт ч энэ өдөр их хүндхэн байдаг гэнэ. Бараг бүгд л “Хүүхдүүдээсээ салах хэцүү шүү” гэж байна.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн дэд захирал Б.Отгонбат “Манай зусланд ЭХЭМҮТ-ийн эмч нар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтсийн хэв журмын цагдаа нар хамгаалалтад ажиллаж байна. Бид энэ жилээс санхүүжилтээ төсвөөс биш өөрсдөө зохицуулж эхэлсэн. Амрах эрхийн бичгээ өмнөх жилүүдээс нэг их өсгөөгүй. Үнээ өсгөе гэсэн бодолгүй байна. Нэг долоо хоногийн ээлжийн үнэ 185-195 мянган төгрөгийн хооронд байгаа. Зуны ээлжиндээ 580 хүүхэд авах хүчин чадалтай ч эрэлт их байгаа учраас 150 гаруй хүүхэд нэмэгдлээр хүлээн авч байна” хэмээн ярьсан юм.

“Найрамдал” зуслангийн ирэх ээлжүүдийн эрхийн бичгийг онлайнаар захиалж болох юм билээ. Мөн хуримын ордон дээр тарааж байгаа гэнэ. “Найрамдал”-ынхан 8-10 дугаар ээлжиндээ нэмэлт захиалга авч эхэлжээ.

Б.Маралмаа

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *