Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан найман сартай хүү амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарлаа. Хүүгийн ээж энэ талаар “Mommy central” гэх фэйсбүүкийн группт бичсэн бөгөөд сувилагч залуу хүүд нь тариа хийж байх үед реакц өгөхөд тоохгүй “Зүгээр ээ, тэгдэг юм” гээд тариаг дуустал нь шахсан аж. Удалгүй найман сартай хүү нас баржээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд эмчийн буруутай үйлдлээс хүүхэд нас барсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн “Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Дүүргийн хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж байсан хүүхэд нас барсан гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу шалгахад тус эмнэлэгт хэвтэж байсан, Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух найман сартай эрэгтэй Э гэх хүүхэд нас барсан байсан. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна” гэв.