Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд долдугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд соёл, урлагийн томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар болжээ.
“Учиртай гурван толгой” дуурь
Долдугаар сарын 10-ны өдрийн 22 цагаас Чингисийн талбайд тоглоно. Энэхүү тоглолтонд зориулж 9000 хүний сандал бэлджээ. Тасалбарыг ticket.mn болон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын билетийн кассаар үнэ төлбөргүй түгээж байна.
“Улаанбаатарын үдэш” рок поп шоу
Долдугаар сарын 11-ний өдрийн 21 цагаас Чингисийн талбайд болно. Энэхүү шоу арга хэмжээг UP MUSIC продакшин зохион байгуулна. Олны дунд нэр хүнд бүхий телевизийн шоу нэвтрүүлгээс төрөн гарсан уран бүтээлчдээс гадна бидний сонсох дуртай хамтлаг, дуучид ая дуугаа өргөж, “Харанга” хамтлаг ая дуугаа өргөнө.
“Талын бүжиг” фестиваль
Долдугаар сарын 12-ны өдрийн 21 цагаас Чингисийн талбайд болно. Энэхүү Монгол туургатны бүжгийн их наадамд ӨМӨЗӨ, ОХУ-ын Тува, Халимаг, Буриад улс, Монголын мэргэжлийн урлагийн театрийн уран бүтээлчид нийлсэн 200 гаруй хүн тоглоно.
Silence White
Долдугаар сарын 12-ны өдөр Паркад “Энх тайван, эв нэгдэл, найрсаг Улаанбаатар” уриатайгаар болно. Тус үйл ажиллагаа нь наадмын үеэр залуучуудад зориулсан томоохон арга хэмжээ болон сүүлийн жилүүдэд төлөвшиж байна.
“Морин хуур” фестиваль
Долдугаар сарын 13-ны өдрийн 21 цагаас Чингисийн талбайд Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн “морин хуур” хөгжмийн тоглолт болно. Морин хуурын мастеруудаас гадна энэхүү хөгжмийг сонирхогч гадаадын уран бүтээлчид оролцоно.
“Улаанбаатар свийт найт” их талын жааз олон улсын наадам
Долдугаар сарын 14-ний өдрийн 21 цагаас Чингисийн талбайд болно. Монголын шилдэг жаазчидаас гадна Япон, Турк, Орос, Герман зэрэг орнуудын уран бүтээлчид оролцож нэгэн үдшийг хамт өнгөрөөх болно.