Categories
мэдээ цаг-үе

Наадмын сүлд дуу “ТОЛИН ХУЛ”

…Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам

Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам

Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн Монгол оо…

Энэ гурван мөртийг уншихад “Толин хул” дууны ая өөрөө л аманд ороод ирнэ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбатын аялгуу, УИХ-ын гишүүн асан, тод манлай уяач Г.Батхүүгийн шүлгээр бүтсэн “Толин хул” дуу бол Монгол наадмын сүлд дуу гэж хэлэхэд нэг их буруудаад байхгүй болов уу. “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн дуулж олон түмэнд хүргэсэн “Толин хул” бол анхны зориулалтаасаа хальж ард түмэнд түгсэн алдартай бүтээл. Энэ дууны хөгжим явж эхлэхэд нартай, хуртай, хуушууртай, айрагтай, майхантай, талтай, цэцэгтэй, бөхтэй, морьтой, суртай, дуутай, хууртай, инээд баясалтай, учран золгохын ерөөлтэй, бэлгэ дэмбэрэлтэй, дээлтэй, хөөрөгтэй, далбаатай, есөн хөлт цагаан тугтай, түрүү бөхтэй, арслантай, аваргатай наадам хүн бүрийн сэтгэл зүрхэнд ургаж “Наадам хурдан болоосой” хэмээн өөрийн мэдэлгүй дуу алдахад хүргэдэг билээ. Долдугаар сар гаруут л хүн бүрийн сэтгэл нэг л хөнгөрөөд ам л нээвэл наадмаар хаана байх тухай, аль наадмыг үзэх тухай, сум, аймгуудын наадмын товыг бие биеэсээ сурагласан бүх л юм баяр бахдалын шинжтэй, юм хүлээж догдолсон, нэг л том үйл явдалд бэлдсэн хүмүүс болчихдог. Энэ үед “Толин хул” дууг хаана нэгтээ, эхлэлийнх нь хөгжмийг нь сонсвол бүжиглэдэггүй хүн ч хуурын татлага, бөмбөрийн хэмнэлийг нь мэдэрч,

…Газар үнэрлэн омогшиход толгод хотойно

Хазаар даран тэмүүлэхэд дэлхий атирна

Зурхай эргэж гарахад наран сугарна

Зуныг элдэж хурдлахад дээл сэмэрнэ

Зуныг элдэж хурдлахад дээл сэмэрнэ хэмээн даган дуулж найгадаг. Хүмүүс машиныхаа урд хэсэгт далбаа хатгаад машиндаа “Толин хул”-ыг эгшиглүүлчихсэн байхыг харвал дагаад л давхичихмаар, хамтдаа дуулмаар тийм ховор сайхан, эерэг зөөлөн хэрнээ омогших мэдрэмжийг төрүүлдэг. Тод манлай уяач Г.Батхүүгийн Толин хул бол домогт хүлэг. Хул азарга Хэнтийн Баянхутаг сумын харьяат Дамдинжавын унаган адуу. Хул азарга аймгийнхаа наадамд хоёр удаа айрагдаад байхдаа Тод манлай уяач Д.Даваахүүгийн нүдэнд тусчээ. Д.Даваахүү гуай “Аргагүй хурдан хүлэг Хэнтийд байна. Тэрийг ав” гэж зөвлөснөөр Г.Батхүү 1995 онд тухайн үедээ нэлээд өндөр үнээр худалдан авч сүрэгтээ нийлүүлсэн байдаг. Тэр жилээс хул азаргыг Г.Батхүүгийнх хэмээн цоллох болж духан дээрх толь мэт сарыг нь бэлгэдэн Толин хул гэж нэрийдэх болж. Ингээд шинэ эзэндээ ирсэн жилээ 1996 оны улсын наадамд түрүүлж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлуулсан бол дараагийн хоёр жил улсад айрагдаж, Хархоринд болсон анхны “Их хурд” наадамд дөрөвт ирж айрагдсаныг монголчууд, моринд дуртай хүмүүс мэдэх.

Г.Батхүү уяач Толин хулаа шүтнэ. Тийм ч болохоор хул азаргадаа зориулж “Толин хул” гэж шүлэг бичсэнээ 2001 онд “Харанга”-ын Чука буюу хөгжмийн зохиолч Ц.Чулуунбатад үзүүлтэл ихэд дуртай хүлээн авч хөгжмийг нь хэдхэн хоногт бичиж, дуучин Лхагваагаар дуулъя гэдэг дээр санал нэгдсэн байдаг. Наадмын өмнөхөн дуу бэлэн болж Г.Батхүү CD-нд дуугаа хуулж аваад уяан дээрээ очоод морины хүүхдүүддээ сонсготол хоёр, гурван удаа сонсоод л дагаж дуулж байсан гэдэг.

Дууны үг, ая сүлэгдэнэ гэж энэ л дээ. Анх удаа сонсоход л сэтгэлд бууж, санаанаас гардаггүй, чихэнд хоногшдог сайхан дуунууд бий. Тэдний нэг нь “Толин хул”. Монголын нийтийн дууны шүлгийг ерөнхийд нь ажиглахад дөрвөн мөрт яваад дахилттай. Дахилт нь хоёр юм уу, дөрвөн мөрттэй. Ойролцоогоор 3-4 бадагтай. Гэтэл “Толин хул”-ын бадгууд нь таван мөртэй, дахилт нь гурван мөртэй. Дөрөв-хоёр-дөрөв-хоёр эсвэл дөрөв-дөрөв-дөрөв гэсэн давталтыг “Толин хул”-ын шүлэг тав-гурав-тав-гурав гэсэн сондгой сөөлжилтөөр өөрчилсөн. Энэ содон сөөлжилт дууны хөгжимд нөлөөлж хэмнэл нь өндөр уулсын оргил шиг шовх, хурц, хурдтай атлаа баяр жаргал мэдрүүлж, эмнэг сургаж байгаа ч юм шиг, эсхүл хурдан морины нуруун дээр салхи татуулан давхиж байгаа ч юм шиг, цэцэг ногоон талд биелээд ч байх шиг, олуулаа тойрон бүжээд ч байгаа юм шиг мэдрэмж өгдөг сөн.

Хурдан морьд амгайгаа зажлан үүрсэхэд уяа сэргэж, арайчүү нэг тогтооход цулбуур эрчилж аймгийнхаа наадмын галыг тойрохдоо хурсан олны харааг булаадгийг уяач хүн л сайн мэднэ. Тийм ч болохоор Г.Батхүү,

…Амгайгаа зажлан үүрсэхэд уяа сэргэнэ

Арай ядан тогтооход цулбуур эрчилнэ

Аймгийн галыг тойроход хараа булаана

Аядуу уртад сойход салхи амарна

Аядуу уртад сойход салхи амарна гэж шүлэглэжээ.

Монголын рок поп, эстрад урлагт өөрийн арвин сан хөмрөгтэй болж, хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон олон сайн бүтээлтэй “Харанга”-ын Чукагийн хувьд “Толин хул” дууны хөгжмийг зохиох хүртлээ морь малд тийм ч ойр хүн байгаагүй гэдэг. Ямар сайндаа,

…Хазаар даран тэмүүлэхэд дэлхий атирна

Зурхай эргэж гарахад наран сугарна гэдэг мөртөөс “Зурхай эргэнэ” гэж юу гэсэн үг вэ гэж Г.Батхүү уяачаас асуух вэ дээ. Дуучин Х.Лхагвасүрэнгийн хувьд ч морины тухай дуу дуулна гэхэд өөрт нь нэг л бууж өгөхгүй байсан гэдэг. Ямартаа ч “Толин хул” дуу телевиз, радио, цахим сүлжээгээр тархаж Цагаан сар, наадмын үеэр хамгийн олон хандалт, санал авах болсон нь уг дууны уран бүтээлчдэд урам өгсөөр байна. Жил ирэх тусам, жил жилийн наадмаар “Толин хул”-аар эхэлдэггүй наадам, “Толин хул”-гүй аймаг, сумын наадам ч байхаа больж, морь мал мэддэггүй, моринд мордож үзээгүй “Би цэвэр готын хүн” гэж өөрсдийгөө нэрлэдэг залуус хүртэл,

Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам

Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам

Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн Монгол оо хэмээн дуулах болсон. Нөгөө талаар энэ дуугаар дамжуулж морь уяхын сайхан, уяач байхын жаргал, хурдан морьгүй бол наадам ямар уйтгартай вэ гэдгийг харуулчих шиг болдог. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат наадмаар уядаг ганцхан морьтой. Тэр нь “Толин хул”. “Толин хул” сүүлийн 16, 17 жил улсын наадамд “түрүүлж” байгаа хэмээн ярих дуртай. Ц.Чулуунбат “Би морь сонирхдоггүй байсан юм. “Толин хул”-ын хөгжмийг зохиож байх үед Г.Батхүү маань намайг морины сунгаан руу аваачиж үзүүлсэн л дээ. Тэнд сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч морьд, хүүхдийн гийнгоо, нар, тэнгэр, тал гээд бүх л юм амьд, гайхалтай, гоё харагдсан. Байгалийг хурдан морь, гийнгоотой хослохоороо үгээр илэрхийлэхийн аргагүй төгс зохицолтой болдгийг анх мэдэрсэн. Ингээд л би тэр цагаас хойш хурдан морины уралдаан үзэх болж, хурдан морь, уяачийн жаргал, зовлонг зах зухаас нь мэдрэх болсон. “Толин хул” дуу надад тийм сайхан зүйлийг өгсөн, мэдрүүлсэн хайртай уран бүтээл минь” гэж ярьснаас нь үзвэл “Толин хул” дуу түүнд хурдан морины ертөнцийг нээгээд өгчихжээ гэж дүгнэж болох.

Арвайн домог сэдрэхэд өвгөд хуучилна

Адтай гийнгоо цангинахад асар эзгүйднэ

Үрээ морьдын давхианд дагуул олширно

Түрүү магнайд ирэхэд нь хадаг ховордоно

Түрүү магнайд ирэхэд нь хадаг ховордоно

Яг л наадмын зураглал. Гийнгоо дуу тээр тэндээс цангинаж, алс холоос хурдан морьд бариа руу ойртоход асар майхан эзгүйрч хүн бүр бариа руу хошуурч айрагдсан хүлгийн хөлсөнд хүрэх гэж, хадаг зүүх гэж тэмүүлцгээдэг. Энэ мөчид хүн бүрийн царайнд баяр тодорч, морины хөлстэй алгаараа нүүрээ арчиж, малгайгаа илж хийморио сэргээдэг.

Үеийн үед наадамчин олныг баясгаж, торгон жолоо өргүүлж байсан алдарт хүлгүүдэд зориулсан сайхан дуу, магтаал олон. Тэрэн дундаас түмэнд хүрч, олны таашаалд нийцсэн морьдын тухай дуу мөн чиг олон. Харин сүүлийн хорин жилд наадмыг аялгуугаараа, шүлгээрээ “Толин хул” шиг тасралтгүй чимсэн сайхан дуу өөр бараг алга шив. Дууны яруу найраг, хөгжмийн ертөнцийг анзаараад байхад зохиосон дуугаа гэнэт хүчтэй, эсвэл зохион байгуулалттайгаар олон нийтэд цацаж, хүчээр ард түмний сэтгэлд “хоногшуулах” гэсэн оролдлогууд сүүлийн арав шахам жилд их гарах болсон. Ер нь юмыг хүчлэх тусмаа үнэгүйддэг. Тэр л зарчмаар өнөөх алдар “горилсон” дуунууд нэг л зуны настай байдаг. Тэгэсхийгээд мартагдчихдаг. Гэтэл “Толин хул” дуу яван чангарч он жил өнгөрөх тусам, жил жилийн наадмыг улам ихээр чимж, “Толин хул”-гүй бол ямар ч наадам, наадам биш болох хэмжээнд энэ уран бүтээл үнэлэгдэж, цойлж явна. “Толин хул” зуун, жаран дамжин дуулагдсаар байгаа үндэсний хит дуунуудын араас нэхэж салхи татуулан “давхиж” явна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *