Categories
мэдээ нийгэм

​Наадмын нээлтийн тасалбар олдоц муутай байна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрөл авсан иргэд, аж ахуйн нэгжийн эзэд асар майхнаа босгож, бэлтгэлээ базаагаад тун завгүй байна. Цэнгэлдэхийн орчимд наадмын “тасалбар авна” гэсэн иргэд цөөнгүй байв. Маргаашийн буюу наадмын нээлтийн тасалбар энд олдоц муутай байсан юм. Харин наадмын хоёр дахь өдрийн тасалбарыг 12000 төгрөгөөр худалдаална гэж шагчид хэлж байлаа. Гэхдээ наадам өнгөрөгч баасан гаригт буриад сурын харваагаар аль хэдийнэ эхэлсэн тул наадмын хуушуур худалдаанд гарчихсан ширхэг нь 1000 төгрөгөөр худалдаалагдаж байв. Өнөөдрийн хувьд төв цэнгэлдэхийн урд байрлах сурын талбайд үндэсний сур хана харваагаар үргэлжилж байсан бол шагайн харваан наадгай өнөөдөр эхэлжээ. Үндэсний сурын хана харваанд 21 аймгийн улсын цолтой болон залуу 540 харваач оролцож байсан юм. Тэдний дунд дархан мэргэн тав, даяар дурсах мэргэн хоёр, даян мэргэн дөрөв, улсын мэргэн 16, хүндэт мэргэн тав, гарамгай харваач долоо, гоц харваач 16 байгаагаас гадна 230 залуу харваач оролцож байгаа юм. Энэхүү харваанд 18 наснаас дээш насныхан оролцдог бөгөөд хамгийн ахмад нь 80 настай ажээ. Харин Урианхай сурын харваанд 180, Буриад сурын харваанд 150, өсвөрийн 150 нийт 1000 гаруй харваач улсын баяр наадмаар цэц мэргэнээ сорьж байгааюм байна. Харин шагайн харваан тэмцээнд 62 багийн 558 харваач оролцож байв. Шагай болон сурын харвааг үзэхээр зорин ирсэн наадамчид энэ өдөр тун цөөхөн харагдав. Эрийн гурван наадмын нэг болох сурын харваа болон үндэсний наадгай шагайн харвааг цөөн тооны жуулчид болон харваачид өөрсдөө л үзэж сонирхож байсан нь харамсалтай.

Наадмын өдрүүдэд“А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан зургаан давхар автомашины зогсоолд байрлуулах боломжтой. Тус авто зогсоол нь 3, 4, 5, 6 давхаруудад тээврийн хэрэгслийн зогсоолтой ажээ. “Г”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана. “Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн автомашины зогсоолд байрлах юм байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын өдрүүдэд нийслэлийн мэргэжлийн хяналтын явуулын лаборатори байрлаж ажиллах юм байна. Хүнс, худалдаа үйлчилгээ эрхлэх бүх газруудыг зориулалтын асар барихыг шаардаж байгаа ажээ. Наадмын үеэр үйлчилгээ үзүүлэх иргэд, ААН-үүдэд дараах зүйлсийг хоригложээ. Үүнд, гар дээрээс худалдаа эрхлэх, согтууруулах ундаа болон тамхи худалдах, түргэн муудах майонез, өндөг, хиам болон тэдгээрийг оролцуулсан бүтээгдэхүүн худалдах, халаасан болон нөөшилсөн хоолоор үйлчлэх,
заасан байршлаас өөр газар хүнсний худалдаа явуулах, хог хаягдлаа ил задгай асгах,
хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг тус тус хориглосон байна.

Б.НАРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *