Categories
мэдээ нийгэм

Наадмаар хуушуур зарах зөвшөөрлийг ирэх сарын 1-ээс олгоно

Жил бүрийн наадмаар Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэд худалдаа үйлчилгээ эрхэлдэг. Тэгвэл энэ жил тус газруудад худалдаа үйлчилгээ эрхэлж, хуушуур, ундаа зарах иргэдийн зөвшөөрлийг ирэх долоодугаар сарын 01-05-ний өдрүүдэд харьяа дүүргийнх нь Үйлдвэр үйлчилгээний газраас олгох юм байна.

Нийслэлийн Захирагчийн албанаас энэ жилийн хувьд 900 зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн ба үүний 70 хувь нь хуушуурын зөвшөөрөл байх аж. Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд хүнсний аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Үйлчилгээ эрхэлж буй бүх хүмүүсийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулна гэж Захирагчийн албаны Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга ярилаа.

Мөн энэ жил эдийн засаг хямарсантай холбоотойгоор иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг хувь хүмүүст олгох юм байна. Зөвшөөрлийн үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил буюу Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх бол 15 мянга, Төв цэнгэлдэх хүрээлэнд бол 20 мянган төгрөг төлөх аж.