Categories
мэдээ цаг-үе

Наадмаар бага насны хүүхдүүд амиа алдсан ноцтой ослууд гарлаа

Баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10-14-ний өдрүүдэд улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба нийт 963 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн оны баяр наадмын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад бүртгэгдсэн осол 27.5 хувиар өссөн байна. Орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос гарсан бол 85 гаруй хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлснээс, үүний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх ба хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгааныг буруу тээвэрлэлт эзэлж байна. Наадмаар гарсан ноцтой ослоос дурдвал энэ сарын 11-ний өдөр гарсан ослуудын хувьд БЗД-ийн 22 дугаар хороо Доржийн гудамж, “Шунхлай ШТС”-ын урд замд “Toyota Prius” маркийн автомашины жолооч П явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироосон. Баянхонгор аймаг, Өлзийт сум Баяндөхөм гэх газар шороон замд “Hyundai Porter” автомашины жолооч А нь Б жолоочтой мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Б нас барсан байна. Дорноговь аймгийн Айраг сум “64-р зөрлөг” гэх газар асфальтан замд “Toyota Pre­mio” автомашины жолооч Н нь Б жолоочтой мотоцикльтой мөргөлдөж, зорчигч С нас барсан байна. Ховд аймаг Алтай сум Цагдуултай бураат гэх газар шороон замд амины УАЗ маркийн автомашин онхолдож, жолооч Т нас барсан.

Энэ сарын 12-ны тухайд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Овоот гэх газар асфальтан замд “Toyota Co­rolla” маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч 21 настай эмэгтэй, таван настай эрэгтэй, 10 настай эмэгтэй нарын гурван хүн нас барж, жолооч, хоёр зорчигч гэмтжээ. Энэ сарын 13-ны тухайд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүн цэнгэлэг гэх газар шороон замд “Toyota Prius” маркийн О жолоочтой автомашин нь аяллын майхан мөргөж, майхан дотор байсан долоон сартай эмэгтэй, зургаан сартай эмэгтэй нарын хоёр хүүхэд нас барж, гурван хүн гэмтжээ. Энэ сарын 14-ний тухайд Чингэлтэй дүүрэг Хайлаастын гудамж, Согоотын тоот хашааны гадна замд “Lexus 470” маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч нэг нас зургаан сартай хүүг мөргөж амь насыг нь хохироосон. Мөн Архангай аймаг Тариат сум Далай толгой гэх газар асфальтан замд” Toyota Axio” маркийн автомашин онхолдож, жолооч Б нас барж, зорчигч У гэмтсэн байна. Хөвсгөл аймаг Алаг эрдэнэ сум Эрхэлийн хөндий гэх газар асфальтан замд “Honda Crossroad” автомашины жолооч Х нь “Toyota Prius” маркийн О жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 29 настай эмэгтэй нас баржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *