Categories
мэдээ нийгэм

Наадам сүлд дуутай болов

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ жилийн наадмыг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна. Энэ жилийн наадмын нээлт, бөхийн барилдааны тасалбарын үнэ өмнө оныхоос нэмэгдээгүй байна. Тодруулбал, суудлаасаа хамаараад 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар хэвээр байгаа юм. Тасалбарыг долоодугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний кассаар худалдаална.

Үндэсний их баяр наадам энэ жилээс “Монгол наадам” хэмээх сүлд дуутай болж байна. Уг сүлд дууны аяыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Балхжав зохиож, үгийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар бичсэн бол хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат хийсэн байна.

“Монгол наадам” дууг ирэх сарын 1-нээс эхлэн цацах бөгөөд дууны клипийг “Cross” студид бүтээсэн гэнэ. Шинэхэн уран бүтээлийн клипэнд рок поп, сонгодог урлаг, нийтийн дуучид зэрэг нийт 25 дуучнаас гадна ҮДБЭЧ, ХЦДБЧ, ЦДБЭЧ, УДЭТ-ын уран бүтээлчид хамтран оролцсон ажээ.

  • Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Монголд үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ. Өмнөх жил 15 цахилгаан автобус үйлчилгээнд явж байсан бол энэ удаа 15-ыг нэмж явуулах бөгөөд автобусыг цэнэглэх тусгай талбайг шийдэж өгчээ.
  • Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр 3000 сандал авч, урьд жилүүдтэй нийлээд 6000 сандалтай болж байгаа юм. Үүнээс Хүй долоон худагт 4000 орчим сандал байршуулах бөгөөд өмнөх жилийнхээс 2000-аар нэмэгдэж байгаа аж.
  • Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ явуулах иргэд Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд үйчилгээ эрхлэх иргэд, аж ахуйн нэгжүүд бусад дүүргээс зөвшөөрлөө авах юм. Энэ жилийн хувьд нийт 250-280 орчим худалдаа, үйлчилгээний газар ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
  • Хүй долоон худагт 6000 гаруй автомашины зогсоол, 15 байршилд 30 орчим бие засах газар ажиллуулна.
  • Наадмын эхний өдөр бюу долоодугаар сарын 11-ний үдэш Чингисийн талбайд “Харанга” хамтлаг үнэ тоглолт хийнэ.
  • Унаач хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу даатгалд даатгуулсан тохиолдолд хурдан морь унуулахыг зөвшөөрөх аж.
  • Тэгш ой тохиож буй тул энэ жилийн баяр наадмаар 1024 бөх зодоглох гэнэ.