Categories
мэдээ нийгэм

​Н.ЗАНДИ: НАЙЗ НАР МААНЬ “ЧИ ХЭД НАСЛАХ ГЭЖ ИНГЭДЭГ ЮМ БЭ” ГЭДЭГ Л ЮМ

Хөл хорионы үеэр хүмүүс жин нэмж, хийцгүйрч суугаа талаараа сошиалаар нэг зарлан улиглацгааж байхад 50 настай эгч маань өдөр бүрийг уйдах завгүй өнгөрөөж байв. Албан ажилтай хүн шиг өглөөний 6 цагт босож, гар утсаа өмнөө тавьж байгаад л дасгал хөдөлгөөн хийнэ. Төдөлгүй “даалгавраа хийж байна” гээд дэвтэр цаас дэлгээд суучихна. Гар утсаа ширтэж, бидний хөдөлгөөн бүрийг цагдаж, үглэх маягтай байдаг нь ч эрс багасав. Ер нь нүдний өмнө амьдралынх нь хэв маяг эрс өөрчлөгдөж, өмнө нь огт хийдэггүй байсан зүйлсээ хийгээд байдаг болчихлоо.

Өнөө өглөө “Та ингэхэд юу хийгээд байдаг юм бэ?” гэж хэрэгт дурлаадахлаа. Тэгтэл “Гэрээсээ сурч хөгжиж, эрүүлжиж байна. Гэтэл чи өөрийгөө хар даа. Хөл хорио эхэлснээс хойш лавтайяа 5 кг жин нэмсэн дээ. Харин намайг хар. Гэдэс жавхайгаад, нүүр гарын арьс хүртэл толийчихсон байгаа биз дээ?” гээд л жуумалзаж байна шүү. Тэр хэзээ ч худал хэлдэггүй, хийдэл гаргадаггүй хүн л дээ. Энэ удаа ч бас дэгсдүүлсэнгүй. Үнэнийг хэлэхэд цагаахан атаархал төрж, дэмий л дотогшоо өөрийгөө зэмлэв. Гэвч сэтгүүлч хүний сониуч зангаа барьж дийлэлгүй, аниагийн нууц руу нэвтрэхээр шийдлээ. Харин тэр надад амьдралын эрүүл хэв маягт сургасан багшийгаа зааж өгсөн юм. Ингээд хөл хориог боломж болгон ашиглаж, гэрээсээ ажиллаж, сурч хөгжиж, эрүүлжих, цаг мөчийг үр ашигтай өнгөрөөх арга туршлагаас нь уншигчидтайгаа хуваалцахаар Эрүүл мэнд, амжилтын коуч, анагаах ухааны доктор Н.Занди эмчтэй холбогдож, цөөн асуултанд хариулт авлаа.


-Өглөөний мэнд. Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-Өглөө сэрээд хамгийн түрүүнд байгаа бүхэндээ талархаж сэтгэл дотроо залбирахын зэрэгцээ бүх хүнд сайн сайхныг хүсэн ерөөдөг. Өглөө бол хүний хамгийн нандин, үнэтэй цаг байдаг учир аль болох өөртөө цаг гаргаж, иог, бясалгалаа хийхийг хичээдэг.

-Таны бодлоор урт наслах нь чухал уу, эсвэл эрүүл, чанартай амьдрах нь чухал уу?

-Манай зарим найз надад “Чи хэд наслах гэж ингэдэг юм бэ, болиоч” гэдэг л юм. Тэгэхээр нь би “Хэд наслах нь чухал биш, харин амьдарч байх хугацаандаа хүн эрүүл саруул, эрч хүчтэй байж, санасан сэдсэн зүйлээ хийж, бүтээж амьдрах нь чухал” гэж хариулдаг. Бид хэрэглэдэг зүйлийнхээ чанарыг их эрхэмлэдэг. Үнэн хэрэгтээ бидний амьдрал өөрөө чанартай байх учиртай юм. Тийм ч учраас хүссэн зүйлээ хийж, өөрийгөө хөгжүүлж, өөрийн чаддаг мэддэг бүхнээ бусадтай хуваалцаж амьдрах нь миний амьдралын чанар, утга учир байдаг.

-Өглөө танд юу өгдөг вэ?

-Шинэ өглөө бүр надад баяр, талархлыг төрүүлдэг. Өглөө босоод иог, бясалгалаа хийчихэд тухайн өдрийн хамгийн гол ажлаа хийчихсэн юм шиг л сэтгэгдэл төрдөг. Төлөвлөсөн бусад ажил маань аяндаа л амжчих шиг санагддаг даа.

-Тэгвэл та бусдад юу өгөхийг хүсдэг вэ?

-“Энэ амьдралынхаа эзэн болсон хүмүүн бид өөрсдөө хамгийн чухал цөм нь юм. Та байгаа учраас таны гэр бүл, таны ажил төрөл, таны хамаатан садан, таны гэсэн бусад бүх зүйл байгаа учир энэ болгоныхоо гол цөм нь, утга учир нь болсон өөрийгөө хайрлаж, өөртөө цаг гаргаж, өөрийнхөө эрүүл мэнд, сэтгэл санааны байдалдаа анхаарал тавиасай. Тэгвэл эрүүл саруул, сэтгэл санаа нь өөдрөг хүн чинь эргэн тойрондоо сайн сайхныг л түгээнэ, гэр бүлээ хайрлана, ажил төрөл, сургууль соёлдоо ч илүү их амжилт дэвшлийг бий болгож чадна шүү дээ” гэж боддог.


-Бусдад өгч байгаа эрүүл мэнд, амьдрах ухааны маш том хөрөнгө оруулалтуудын тань нэг нь “Эрүүл амьдрал өглөөнөөс…” 21 хоногийн онлайн хөтөлбөр гэж харж байна. Өглөөг үр дүнтэй эхлүүлдэг туршлагаа бусадтай хуваалцаж буй энэхүү хөтөлбөрийнхөө талаар товч танилцуулна уу?

-Бид бүгдээрээ л гэр бүл, ажил төрөлтэй учир цаг зав хомс, хийхийг хүссэн зүйлээ тэр болгон амжуулаад байж чаддаггүй. Гэтэл өглөөний цагийг өөртөө гаргах боломж бараг бүх хүнд байдаг учир “Эрүүл амьдрал өглөөнөөс” хэмээх эрүүл мэндийн цогц хөтөлбөрөө санаачилсан. Хөтөлбөрт оролцож байгаа хүмүүс маань өглөө 6-7 цагт иог, амьсгалын дасгал, бясалгалыг хамтдаа хийж, 20-30 минут эрүүл мэндтэй холбоотой лекц сонсож, сонирхсон асуултандаа хариулт авдаг. Хүмүүс маань зөв дадлуудыг өөртөө бий болгож, 21 хоногийн турш гэрийн даалгавар хийж, багшдаа шалгуулан, санал зөвлөгөө авч байна. Оролцогчид маань нэгэн анги хамт олон болж, нэг нэгэндээ урам зориг өгч, нэг нэгнээсээ үлгэр дуурайл авч, маш сайхан халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Тийм учраас хүмүүс маань хөтөлбөрийн үр дүнд маш сэтгэл хангалуун байгаа. Би ч хүмүүсийнхээ үр дүн, өөртөө бий болгож буй эерэг өөрчлөлт, зөв ухаарлыг хараад, тэднээрээ бахархаж сууна даа.

-Эхний 2 ээлж хичээллэж дуусаад 3 дахь ээлжийнхэн бүртгүүлээд эхэлсэн гэл үү. Сургалтанд хамрагсад маань эндээс ямар үр өгөөж хүртэв?

-Эхний хөтөлбөр маань өглөө бүр иог, амьсгалын дасгалтай байснаас гадна амьдралын зөв хэв маяг, амьдрах эрч хүчийг авах нөөцүүдийг хэрхэн ашиглах талаар лекцүүдээс бүрдэж байсан. Оролцогчид маань иог хийхийн хэрээр биеийн хөшингө арилж, уян хатан нэмэгдэж байгаагаа илэрхийлж байснаас гадна нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүй байх, уурлаж уцаарлах, ядрах, өтгөн хатах зэрэг байдлаа ялж, шөнө сайхан унтаж амарч, сэтгэл санаа өөдрөг, амьдралын эерэг хандлагатай болж, өглөөд босоход ямар ч асуудалгүй болж байгаагаа хичээлийн явцад хуваалцаж байлаа. Мөн оролцогчдынхоо сэтгэгдлийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан хуваалцсан учир та бүхэн маань сонирхоод үзээрэй.

Хоёр дахь хөтөлбөрийн үеэр иог, амьсгалын дасгал, бясалгалаас гадна хий, шар, бадганы онол, хувь хүний өвөрмөц чанар, түүнтэй уялдуулан идээ ундаа, амьдралын хэв маягаа тохируулах зэрэг сэдвээр уншсан лекц маань хүмүүст Монголын уламжлалт анагаах ухааны талаар мэдлэгтэй болоход нь маш их дөхөм үзүүлж, их сонирхолтой, өгөөжтэй байлаа гэдгийг оролцогчид маань дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байлаа. Хөтөлбөрийн үеэр гарсан хамгийн бодит үр дүн гэвэл нэгэн шавь маань 10 удаагийн хичээлийн дараа 5.5 кг жин хасаж, бие, сэтгэл нь хөнгөрч байгаа үр дүнгээ бусадтайгаа хуваалцсан байна лээ. Мөн 71 настай нэгэн эгч хөтөлбөрт маань хамрагдаж, амьдралын эрүүл зөв хэв маягт суралцахаас гадна өөрийнхөө хуримтлуулсан туршлага, амьдралын арга ухаанаасаа хуваалцсан 2 дахь ээлжийн ангийнхны дунд бас нэгэн халуун уур амьсгал нэмлээ. Харин гурав дахь удаагийн 21 хоногийн хөтөлбөр маань нэгдүгээр сарын 31-нд эхэлнэ. Тус хөтөлбөр мөн адил өглөө бүр иог, амьсгалын дасгал, бясалгалтай байхаас гадна Монголын уламжлалт ухаанд хоол ундыг хэрхэн авч үздэг, хувь хүн өөрийн өвөрмөц чанартаа хоол ундаа хэрхэн тохируулах, зөв хооллох зарчмууд гэсэн сэдвийн хүрээнд бэлтгэсэн лекцүүдээс бүрдэнэ.

Дэлхий дахинаа үүсэж буй ковидийн нөхцөл байдал, нийгэм эдийн засаг, хүмүүс гэрээсээ ажлаа явуулж байгаа зэрэг олон нөхцөл байдлыг харгалзаж үзээд байж болох хамгийн бага төлбөрөөр хөтөлбөрөө зохион байгуулж байна. Хөтөлбөрт оролцогчид маань хөтөлбөрөөс олж авч буй мэдлэг, туршлага, зөв дадлыг төлбөртэй харьцуулахын аргагүй байна хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байна. Хамгийн гайхалтай нь хөтөлбөрт оролцоод өөртөө цаг зав гаргаж, өөртөө хариуцлагыг бий болгож чадсан хүмүүсийн маань хичээл чармайлт, хором мөч бүхэн үр өгөөжөө өгч, олон сайхан эерэг өөрчлөлтийг бий болгож байгааг харах нь надад хамгийн их урам зоригийг өгч байна. Эмч мөн багш хүний хувьд аль болох гэртээ байж, шаардлагатай үед гадагш гарахдаа зөвлөмж, дэглэмийг дагаж, өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалаарай гэж хэлэх байна. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье!

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *