Би сонгогчдын саналыг авч чаддаг улстөрч. Харин ялалтаа баталгаажуулж чаддаггүй улс төрч байхгүй юу. Заргалдаад шүүхдээд явах газар байхгүй. Би 2008 оны сонгуульд ялчихлаа гэж зарлагдчихаад одоо хүртэл шүүхийн маргаантай яваа. Монголд энэ асуудлыг шийдэх газар байхгүй. Би сэтгэл санаагаар унадаггүй. Харин энийг яаж засах вэ, өөрчлөх вэ гэж явдаг.
Эрүүл мэндийн сайд асан, доктор Н.Удвалтай ярилцлаа. Түүнийг Глобал удирдагч дээд сургуулийн оюутнуудад “Агаарын бохирдлоос амьд үлдэх арга замууд” лекц уншсаных нь дараа ярилцсан юм.
-Агаарын бохирдлын асуудлаар та оюутнуудад лекц уншлаа. Агаарын бохирдлыг даван туулахад иргэд юу хийхийг хэлж өгөх нь чухал шүү?
-Агаарын бохирдол бараг осол гэмтлээс илүү их хор уршигтай болж байна гэж дэлхий нийтээр үзэх болсон. Тийм болохоор хэн нэгэн агаарын бохирдлыг бууруулахыг хүлээж сууж таарахгүй. Энэ бохир агаарыг яаж хохирол багатай даван туулах талаар иргэдэд боловсрол олгох хэрэгтэй байна. Хамгийн нэгдүгээрт жирэмсэн эмэгтэйчүүд агаарын бохирдолд их өртдөг. Ийм бохир агаарт эрүүл хүүхэд төрүүлэх боломж хомс. Хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалтай, эрхтэн системийн гажигтай, эсвэл дутуу, амьгүй төрдөг. Энэ бүхэн ажиглагдаад байгаа учраас агаарын бохирдол гэдэг чимээгүй дайн юм. Иргэд маань бүгд өөрийгөө хамгаалах мэдлэгтэй байж л энэ бүхнийг даван туулна. Энэ санаачлагыг Глобал удирдагч дээд сургуулийн анагаахын сургуулийнхан гаргаад, намайг “Олон нийтэд боловсрол олгох лекц уншаач” гэж урьсан юм.
-Сайдын ажлаа өгсний дараа та лекц уншихаас гадна юунд анхаарал хандуулав?
-Би сайдын ажлаа өгсөнөөс хойш нэг л зүйлд төвлөрч ажиллалаа.“Эв судар”, үндэсний эв нэгдэл миний хамгийн их анхаарал хандуулсан сэдэв. Засгийн газрын гишүүний ажлаа хүлээлгэж өгсөнөөс хойш “Эвийн хэрэм” гэдэг Үндэсний хөдөлгөөн байгуулаад, эв эеийн эш ухаан буюу шударга журмын онол хэмээх Монгол төрийн онолыг судалсан. Монгол төрийн онол нь хагарал тэмцлээс ангижирч, үндэсний эв нэгдэлд хүрэх, хямрал мухардлаас гарч, хөнөөлгүй хөгжилд хүрэх замыг заасан онол юм. Манайхан социализм капитализм гээд дандаа гадны онолоор явчихсан. Зөв юмыг нь ашиглахгүй буруу тийш нь гажуудуулж хэрэгжүүлсэн гэж боддог. Аливаа улс орон өөрийн гэсэн төрийн онолгүй бол тусгаар тогтнолоо алддаг. Өөрийн гэсэн итгэл үнэмшил, онол суртахуунгүй болчихоод байна. Оюун санааны онолын төр одоо хэрэгтэй. Тийм учраас тэрийг гаргасан гол бүтээлээ бичээд, “Эвийн дуу” хүртэл зохиосон шүү дээ, би. Аяыг нь Чингис хаанд тоглосон А.Энхтайван хийсэн юм. Цагаан сарын битүүний өдөр би номоо дуусгасан. 500-гаад хуудастай ном бүтээлээ. Энэ судраа хураангуйлаад “Эвийн судар” нэртэйгээр хэвлүүлсэн.
Монгол төрийн гарц энд л бий. Бид эвийн хүчээр хөгжинө. Гэхдээ эвтэй байна гэхээр чи бид хоёр нэг нутгийнх, нэг ангид сурч байсан гэдэг биш. Монгол орны тусгаар тогтнол, газар шорооны бүрэн бүтэн байдлын төлөө, ард түмний аюулгүй амьдрал, шударга ёс гээд бид бүхэнд хамаатай хөгшин залуу, аль аймаг ямар мэргэжилтэй эсэхээс үл хамааран бидэнд байдаг нийтлэг үнэт зүйлсээ эвийн таван үндэс гээд байгаа юм. Үүн дээрээ нэгдэж Монголын ард түмэн л улс орноо аврахаас биш гаднаас хэн нэгэн биднийг аврахгүй. Энэ онолыг гаргахаар намын ажлаас нэлээд хол байсан. Нам ярихаар эв нэгдэлтэй харшаад байгаа.
-Намаараа талцаад нэг гэр бүлийн хүмүүс нэгнээ хөнөөсөн хэрэг гарсан. Талцал хуваагдал дээд цэгтээ туллаа шүү дээ. Энэ бүхэн онол, үнэт зүйлээ алдсанаас үүдэлтэй гэж та хэлэх гээд байна уу?
-Хүн ёс дагадаг, нохой яс дагадаг гэж Монгол ардын зүйр цэцэн үг бий. Хүн ёсоо алдахаараа л яс булаалдсан ноход шиг болдог юм байна. Би энэ номд бичсэн. Ёс суртахуунгүй, үнэт зүйл, итгэл үнэмшилгүй болчихоор л эв нэгдэлгүй болж байгаа юм. Ёс журамтай, үнэт зүйлтэй, итгэл үнэмшилтэй, үндэсний бахархалтай бол бид ийм байдалд хүрэхгүй. Монгол Улс сэргэе гэвэл үндэсний бахархал, эв нэгдэлтэй байх учиртай. Миний гол зорилго монгол хүн бүрт үүнийг хүргэх. Би үүнийг бичих л гэж хүн болж төрсөн гэж ойлгож байгаа. “Эв судар”-аа чадвал сонсдог ном болгох санаатай.
-“Эв судар” бүтээе гэдэг санаа яаж төрсөн бэ?
-Засгийн газарт ажиллаж байхдаа л энэ улс төр биш болсон юм байна. Бидэн шиг хүмүүс төрд ажиллах дэмий юм байна. Энд бидэнд хийх ажил байхгүй юм байна гэдгийг би ойлгосон.
-Бидэн шиг гэдгийг та ямар утгаар хэлж байна вэ?
-Би бол ард түмний төлөө зүтгэе, энийг сайжруулчих юмсан, тэрийг л нэг бүтээчих юмсан гэж зүтгэдэг. Энэ бүхэн ажил хийсэн гэж тооцогдохгүй. Харин хэнд хэрхэн үйлчилж байгаагаар нь үнэлдэг хэмжээнд очсон төр засаг байсан шүү дээ. Эвслийн Засгийн газар байсан учраас үнэн хэрэгтээ эсрэг талаа хааж боох нь бий. Энэ бол өнгөрсөн хорин жилд өрнөсөн буруу зөрүү бүхний төгсгөлийн шат юм байна гэдгийг би ойлгосон. Заавал би эрх мэдэлтэй байхдаа Монголынхоо төлөө зүтгэдэг юм биш. Яаж улсаа улс шиг болгох вэ, газар шороогоо бүрэн бүтэн, байгаль орчноо унаган төрхөөр нь хадгалах вэ, орчноо эрүүл байлгах вэ гэдэг монгол хүн бүхний санаа тавих асуудал. Энэ санаагаар “Эв судар”-аа бичсэн. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Үүнийг XXI зуунд биеэ засаад, гэрээ зас, гэрээ засаад ураг удам олноо зас, орон нутгаа зас, тэгээд төрөө засах хэрэгтэй гэсэн санаагаар оруулсан.
-Хүмүүсийн үнэт зүйл өөрчлөгдөж байгаа. Та бол социализмын үед хүмүүжсэн. Бараг өөрийгөө мартаад улсын төлөө зүтгэдэг үе байсан. Одоо бол ийм улстөрчид тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг харагдаж магадгүй?
-Байнга л цөөнх болно гэдэг амаргүй. Энэ замыг сонгосон нь миний хувь заяа. Миний улстөрийн замнал амаргүй. Гэхдээ үнэний төлөө зүтгэж байгаа учраас зөв юм. Эрх мэдэл, эд материалд улайран зүтгээгүй. Би ард түмний төлөө эх орныхоо төлөө явж байгаа. Миний зорилго ариун учраас хүмүүс намайг ойлгож хүлээж авдаг.
-Намбарын Энхбаярыг ганцаардсан чоно шиг болсон үед эргэн тойронд нь үлдсэн цөөн хүний нэг нь та. Гэнэн ч юм шиг хэтэрхий шударга ч юм шиг сэтгэгдэл заримдаа төрдөг?
-Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг. Зорилго бид хоёрыг нэгтгэсэн. Нэгэнт зорилго тавиад зарчмаа бариад явахаар би түүнээсээ буцдаггүй. Бас хүн чанараа хадгалах ёстой.Н.Энхбаяр даргад үнэнч гэхээсээ зорилго, зарчимдаа үнэнч туйлбартай байгаа.
-Та Ерөнхийлөгчид нэр дэвшиж өрсөлдсөн ганц эмэгтэй. Энэ бол эмэгтэй Ерөнхийлөгч сонгогдож болно гэж олон нийтийг бэлтгэх нэг алхам болсон. Гэхдээ таныг МАН-аас нэр дэвшигчийн саналыг хуваах тохироотойгоор өрсөлдсөн гэж шүүмжилдэг хэсэг байдаг?
-Зөндөө юм яригдсан. Тэр дунд миний мэддэг юм байгаагүй. Цаагуураа хэн, хэнтэй юу ярьсныг би мэдэхгүй. Би бол хэнтэй ч юу ч тохироогүй. Нам намайг өрсөлд гэхээр нь нүдэндээ нулимстай нэр дэвшээд, сурталчилгаандаа гарч байлаа. Миний мэдэх үнэн бол энэ. Би ялна гэхээсээ намаас өгч байгаа даалгавар гэж хүлээж авсан. Хоёрдугаарт, эмэгтэй хүний нэр хүндийг өргөх ёстой. Ээ энэ нэг юмыг нэр дэвшүүлчихээр яадаг билээ гэхээр байгаагүй л гэж боддог. Дараа дараагийн эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрөгдөх нэг алхам болсон.
-Эрэгтэй улс төрчид нутагтаа хаялгатай ажилладаг юм билээ. Тийм ч учраас сонгуулиар нутгаасаа баараггүй гардаг. Гэтэл эмэгтэй улстөрчид нэг тойргийг тойглох гэхээсээ нийт улс орны төлөө ажилладаг юм болов уу?
-Энд хоёр хүчин зүйл нөлөөлдөг. Нэгдүгээрт, эрэгтэй улстөрчид хүмүүст өгдөг мөнгөтэй. Сонгуулийн дүнг засдаг, өөрсдөө өөрсдийгөө сонгодог болчихоод байгаа юм. Ийм маягаар байгуулахаар ямар төр гарах вэ. Нутгийнхан бол “Таныг сонгоод л явуулах юм, яасан хүн бэ та” л гэдэг юм.
-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Хиллари ялагдчихлаа. Зовлон нэгтэй болохоор өрөвдөв үү яав?
-Нэг их өрөвдөөд байх ч юмгүй, баярлаад байх ч юмгүй. Сонгууль гэдэг бол өрсөлдөөн. Аль ч нэр дэвшигчид дутагдал, давуу тал ч байдаг. Америкийн ард түмний сонголт. Хиллари бол сайн өрсөлдсөн.
-Та ялагдлыг яаж хүлээж авдаг вэ?
-Би сонгогчдын саналыг авч чаддаг улстөрч. Харин ялалтаа баталгаажуулж чаддаггүй улс төрч байхгүй юу. Заргалдаад шүүхдээд явах газар байхгүй. Би 2008 оны сонгуульд ялчихлаа гэж зарлагдчихаад одоо хүртэл шүүхийн маргаантай яваа. Монголд энэ асуудлыг шийдэх газар байхгүй. Би сэтгэл санаагаар унадаггүй. Харин энийг яаж засах вэ, өөрчлөх вэ гэж явдаг. Надад энэ бүхэн ухаарал сургамж болдог. Ялагдал бол ялах ухаарал өгч байдаг.
-Та эмч хүн, Эрүүл мэндийн сайд байсан. Эрүүл мэндийн салбарыг гаднаас нь хараад ямар дүгнэлттэй явдаг вэ?
-Эрүүл мэндийн салбар сайжрах бүрэн боломжтой. Хамгийн гол нь улс төрийн дэмжлэг хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт улс төрийн дэмжлэг хамгийн их дутагдаж ирсэн. Дандаа л үлдэгдлээр санхүүждэг. Шаардлагатай санхүүжилтээ авч чаддаггүй. Хүмүүсээ муу сургаж байна. Бидний үед сайн эмч нар гардаг байлаа.
-Та өмнө нь бас гэр бүлийн асуудалд анхаарал хандуулаад байл уу?
-Гэр бүлийн боловсролоор маш их лекц уншиж байсан. “Эрчүүд музейд тавигдах уу”, “Эмэгтэйчүүд өөрийн дүрэмтэй юу”, “Гурав дахь үнэн” гэсэн сэдвээр лекц уншиж байлаа. Дандаа л нийтэд хандсан ажил хийж ирлээ.
-Та ямар ном уншиж байна?
-Надад ном уншихгүй өдөр байхгүй. Миний хоёр настай ач ямар сайндаа эмээ кофе, эмээ ном гэж эмээтэй холбоотой хоёр үг мэддэг байх вэ. Хамгийн сүүлд “Шударга ёсны онол” гэж уншлаа. Түүний өмнө Непкогоос хэвлүүлсэн “Итгэлцэл” гэж номыг уншсан л даа. Байнга уншиж байдаг. Унших гэдэг миний хувьд зуршил. Ажилтай ч байсан ажилгүй ч байсан ном уншихгүй өнгөрдөг өдөр байхгүй.
-Ингэхэд эмээгийн үүргээ хэр сайн биелүүлж байгаа вэ?
-Эмээгийн ажилд их муу. Танхай эмээ. Хүү маань ихэр хүүхэдтэй болчихоод “Засгийн газар огцроосой” л гээд байсан. Надаар хүүхдээ харуулах санаатай. Огцроод ч нэмэргүй. Эмээ лекц уншаад, ажилтай хүн л яваад байдаг. Гэхдээ долоо хоногт ямар ч байсан нэг удаа очиж ихрүүдтэйгээ эв санаа нэгтэйгээ илэрхийлнэ. Гурвуулаа нэг уулзана. Нэг хүү маань гурван хүүхэдтэй. Бага хүүхдийнх нь үгсийн санд эмээ гэдэг үг байхгүй. Ичсэндээ хүүдээ ойр дотно байхыг хичээж байгаа. Дутагдлаа засч сайн эмээ болох зорилго тавиад л явж байна даа.
-Таныг ганц бие байхад би хань ижлийн талаар асууж байсан даа. Харин та “Ахиад хань ижилтэй болвол сайн сонголт хийнэ” гэсэн. Ханьтай болсон болохоор сайн сонголт хийсэн байх?
-Сайн ханьтай. Сайн хань гэдэг улстөрчийн хатуу ширүүн замд түшиг тулгуур болдог. Тэр талаар сэтгэл хангалуун явдаг.