Categories
мэдээ нийгэм

Н.ШИРЧИН: Шударга ёсны төлөө хэмээн хууль тогтоомжид үл нийцсэн үйл ажиллагаа явуулахыг таслан зогсоож, Үндсэн хуулиа дагаж мөрдөцгөөе

Л.Оюун-Эрдэнэ нарын УИХ-ын гишүүдээс “Нийтийн сонсгол зохион явуулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг, 47 дугаар зүйлийн 1, 56 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж буй тухай Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан МАН-ыг дэмжигч “Тусгаар тогтнол-100” ТББ-ын тэргүүн Н.Ширчинтэй ярилцлаа.


Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач. Зарим цахим хуудсанд таныг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн ойрын найз, 2006 онд Хөвсгөлийн нөхөн сонгуулийг будилуулж явсан талаар мэдээлэл тавигдсан байсан.

Баярлалаа. Танд болон танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Н.Ширчин гэдэг, МАН-ын гишүүн. Би 2006-2010 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны Холбоо буюу одоогийн МАН-ын дэргэдэх оюутны байгууллагад гишүүн, Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. 2006 онд Хөвсгөл аймагт явагдсан УИХ-ын нөхөн сонгуульд намын гишүүний хувиар очиж ажиллаж байснаас хууль тогтоомж зөрчиж, сонгууль будилуулсан үйлдэл хийгээгүй. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг бол огт танихгүй.

Та чухам ямар үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж хандсан бэ?

Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг, 47 дугаар зүйлийн 1-д “ Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэж, 56 дугаар зүйлийн 1-д “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж тус тус хуульчилсан. Үүнээс үзэхэд Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, гэм буруутай эсэхийг гагцхүү шүүхийн байгууллага тогтоох бөгөөд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрхийг прокурорт олгосон байна. Гэтэл “60 тэрбумын хэрэг”-ийг прокурорын байгууллагаас хянан үзээд хэрэгсэхгүй болгосон байхад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь заавал гэм буруутай гэсэн хувийн үзэл бодлоо бусдад тулган, нийтийн сонсголоор далимдуулан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж байгаа учраас хандсан. Үүний дараа намайг “60 тэрбум”-ын талын хүн, “60 тэрбум”-ын улаан хамгаалагч гэх мэтээр цахим орчинд нилээд шүүмжилсэн. Уг нь миний Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудлын гол нь “60 тэрбум” гэх зүйл ч биш, Л.Оюун-Эрдэнэ гэдэг УИХ-ын гишүүн ч биш юм.

Энэ талаараа тайлбарлаач.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын гэх асуудлаар “Нийтийн сонсгол зохион явуулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад өргөн барингуут Ширчин гэж нөхөр гарч ирээд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж 60 тэрбумыг хамгаалж байна, шударга ёсны төлөө явж байгаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг харлуулж байна гэсэн ойлголтыг олон нийтэд хүргэх ажиллагаа явсан. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2018 оны 8-р сарын 21-ний өдөр NTV телевизэд ярилцлага өгөхдөө намайг Төв аймгийн харъяат гэж хэлсэн. Би Төв аймгийн харъяат биш, тэнд амьдардаг миний нэг ч төрөл садан байхгүй. Ер нь яагаад би Төв аймгийн харъяат болж, 60 тэрбумын талын хүн гэгдэх болсноо ч ойлгохгүй байна. Гэхдээ энд хамааралтай хэрэг нь 60 тэрбум, хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж байгаа этгээд нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ байсан болохоор л асуудлыг зарим талаар харлуулж, зарим талаар улстөржүүлэхэд амар байсан байх. Угтаа бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд прокурор хяналт тавьж, зөвхөн шүүх л шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, гэм буруутай эсэхийг тогтоох талаар Монгол Улсын Үндсэн хуульд хуульчилсан байтал хэн нэгэн УИХ-ын гишүүн прокурорын байгууллагын шийдвэрийг эсэргүүцэн, дахин ажиллагаа явуулахыг шахах нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа учраас л цэцэд хандсан. Энгийн жишээ авахад хэн нэгэн этгээд хэрэгт холбогдсоныг прокурор нь хянаад, шүүх нь шүүгээд гэм буруугуй гэдгийг тогтоогоод байтал нэгэн УИХ-ын гишүүнээс хэргийг буруу шийдсэн байна, заавал гэм буруутай байх ёстой гэж шахаж шаардсаар байгаад хэргийг сэргээгээд байвал юу болох вэ. Энэ бол яав ч Үндсэн хуульд нийцэхгүй үйлдэл. Үе үеийн УИХ-д заримнэг гишүүд нь үнэн худал нь мэдэгдэхгүй гэмт хэрэгт холбогдсон тохиолдол байдаг, цаашид ч холбогдохыг үгүйсгэх аргагүй. УИХ-ын гишүүдээс “… энэ буруу, тэр зөв, үүнийг ялла, энэ хэргийг сэргээ, үгүй бол чуулганы хуралдаанд суухгүй, тэмцэнэ барина“ гээд үндсэн ажлаа хийхгүй, хууль тогтоох байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулаад, шүүх эрх мэдлийн байгууллагын ажлыг сайн дураараа хийгээд эхэлбэл яах вэ? Тэр болгонд нь прокурорын байгууллага гаргасан шийдвэрээ буцаагаад, шийдсэн хэргээ сэргээгээд байвал яах вэ? Нэг, хоёр биш олон арван УИХ-ын гишүүд энэ үйл ажиллагаанд оролцвол яах вэ? Үндсэн хуультай үл нийцэх энэ үйлдлийг таслан зогсоох ёстой Үндсэн хуулийн цэц нь өөрөө үл тоогоод байвал яах вэ? Ердөө л энэ.

Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан асуудалтай тань холбоотой учраас заавал асуумаар санагдлаа. 60 тэрбумын талаар таны хувийн бодол.

Үндсэн хуульд үл нийцэх үйлдлийн талаар цэцэд хандсанаас болж би гэдэг хүн “60 тэрбум”-ын талын хүн, “60 тэрбум”-ыг хамгаалагч нэр зүүсэн. Одоо таны асуултанд хариулахаар бас л нэг шинэ нэртэй болох байх. Гэхдээ бид өнөөдөр эрх зүйт нийгэмд амьдарч байгаагаа бодох хэрэгтэй. Өөрт нь хэрэг болохоор хууль ярьж цагдаа дууддаг, бусад үед нь өөр юм яриад, “би чадна”-ын дүрд тоглоод байж болохгүй. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу аливаа гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт болон шүүх хуралдаан зэрэг олон дараалсан үе шатуудыг дамжсаны дараа тодорхой болдог. Би хувьдаа 60 тэрбум ч бай, өөр асуудал ч бай дээрх үе шатуудыг дамжиж шийдэгдэх ёстой, тэгж байж үнэн худал нь нэг талдаа гарна гэж боддог. Тэрнээс хүмүүсээс 60 тэрбумын талаар хувийн бодлыг нь асуухаар зарим нь үнэн гээд, зарим нь худал гээд, тэдгээр нь хоорондоо чи худлаа, би үнэн гээд зүтгээд байж болохгүй. Би хувьдаа өнөөдрийн 60 тэрбумын асуудал нь олон нийтэд УИХ-ын дарга М.Энхболд нь сэжигтэн шиг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь мөрдөгч, прокурор, шүүгч шиг л харагдаж байна гэж хэлнэ. Дээр нь Үндсэн хуульд үл нийцэх энэ үлдлийг таслан зогсоох ёстой Үндсэн хуулийн цэц нь өөрөө үл тоосон маягтай байна гэж хэлнэ.

Яагаад Л.Оюун-Эрдэнийг мөрдөгч, прокурор, шүүгч гэж харна гэж?

Төрийн эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваагддаг бөгөөд эдгээр нь хоорондоо харилцан тэнцвэртэй байж, хариуцлагыг бие даан хүлээх нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, эрх зүйт төрийн оршин тогтнох суурь болдог. Монгол Улсын Үндсэн хууль нь дээрх үзэл санаанд суурилсан. Гэтэл хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч Л.Оюун-Эрдэнэ гишүүн маань шүүх эрх мэдлийн ажлыг хөндлөнгөөс заагаад, зарим тохиолдолд урдуур нь орж хийгээд байгаа нь олон нийтэд мөрдөгч, прокурор, шүүгч шиг л харагдаж байна шүү дээ.

УИХ-ын гишүүн байж мөрдөгч, прокурор, шүүгч шиг ажиллаж байна гэх гээд байна уу?

Тэрээр “100 чухал сэдэв” нэвтрүүлэг оролцохдоо “… АТГ хэргийг хаахдаа надад мэдэгдээгүй …” гэж ярьсан. Хууль тогтоомжийн дагуу АТГ болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагууд гагцхүү прокурорт л хэрэг үүсгэх эсэх саналыг тавьж шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд прокурорын эрх хэмжээг хэрэгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрсөн хуулийн нэг ч заалт байхгүй, байх ч ёсгүй.Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 93106060 гэсэн утсаар 60 тэрбумын хэргийн талаар мэдээлэл авна гээд зурагтаар гарч байсан. 93106060 гэдэг нь хэний эзэшдэг дугаар вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ер нь бол эрх бүхий байгууллага л гэмт хэргийн мэдээллийг утсаар болон бусад хэлбэрээр хүлээн авч шалгадаг болохоос энэ нь УИХ-ын гишүүний хийх ажил биш шүү дээ. Төсөөлөөд үз л дээ, УИХ-ын гишүүдэд тойргийн сонгогчид нь хэргийг шүүх буруу шийдсэн, хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосон байна гэж хандаад, түүнийх нь дагуу УИХ-ын гишүүд шүүх эрх мэдлийн ажилтай хутгалдаад байх нь энгийн ойлголтоор ч утгагүй асуудал.

60 тэрбумын асуудалд шударга ёсыг нэхэн хандаж байгаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн байр суурь буруу гэж үү?

Тэр хүний байр суурь зөв бурууг тэр хүн л мэднэ, харин үйлдэл нь Үндсэн хуультай нийцэхгүй байгаа асуудлыг л би хөндсөн. Монгол Улс бүхэлдээ муу муухай, шударга бус явдлаар дүүрсэн гэж хэлэхгүй ч шударга ёс үгүйлэгдсээр байгаа орон зай байгаа гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх биз. Шудрага ёс хаана үгүйлэгдэж байгааг олж хараад, түүний төлөө зүтгэнэ гэдэг маш сайн хэрэг. Шударга ёсыг тогтоох гэж байна гээд Үндсэн хуульд нийцэхгүй үйлдэл гаргах, тэр тусмаа хууль тогтоох байгууллагад ажилладаг УИХ-ын гишүүн хүн ийм үйлдэл гаргах нь олон нийтэд буруу үлгэр болж харагдахаас гадна Үндсэн хуульд итгэх итгэлийг бууруулах, хуулийн засаглалын хүчийг сулруулах зэрэг олон сөрөг үр дагавартай. Магадгүй хууль хяналтын байгууллага нь хэн нэгний нөлөөнд автаж, шударга бус ажиллаж байж болох ч УИХ-ын гишүүний хувьд эрх зүйн орчныг бий болгох, боловсронгуй болгох замаар, мөн өөр олон арга замаар асуудалд хандах нь нээлттэй байгаа. Гэхдээ хүн бүр хуулийн дагуу л ажиллаж амьдрах ёстой. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг залуу үеийн төлөөлөл болж, шударга ёсыг тогтоохын төлөө олон асуудалд идэвхитэй байр сууринаас ханддаг гэж хардаг. Гэвч 60 тэрбумын асуудлаар түүний гаргаж буй үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж байгаа нь харамсалтай хэрэг. Түүнийг 60 тэрбумаас дутахгүй олон нийтийн анхаарлын төвд байгаа Эрдэнэт үйлдвэр, Стандарт банк, Оюутолгойн гэрээ, Ноён уул, хүчингийн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүд зэрэг олон асуудалд шударга ёсны төлөө байр сууриа илэрхийлэх байх гэж бодож байна, гэхдээ хуулийн хүрээнд.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огрох ёстой гэж үзэж байгаа та энэ талаар ямар бодолтой байна.

Энэ асуудал миний хувьд сонирхолтой санагдахгүй байна. УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлыг зөвхөн УИХ-ын гишүүд л шийднэ шүү дээ. Гэхдээ би намын гишүүний хувьд МАН-ыг хүнд хэцүү байдлаас гаргаж, ялалтанд хөтөлсөн удирдагч нар нь яагаад хэцүү бэрх замыг туулж байгааг огт ойлгодоггүй. Өнөөдөр Н.Энхбаяр шиг муу хүн байхгүй болсон, гэхдээ тэр хүн л их өрийг дарж, тэр хүний үед л төр засаг харьцангуй тогтвортой ажиллаж байсан. Мөн өнөөдөр янз бүрээр чичлүүлж байгаа ч стратегийн том ордоо эдийн засгийн эргэлтэнд оруулж чадсан хүн бол С.Баяр. Хамгийн сүүлд УИХ-д 27 гишүүнтэй сөрөг хүчин байсан намыг бүлэг дотроо хуваагдах хэмжээний олон суудалтай болгож чадсан М.Энхболд шиг удирдагч энэ намд одоогоор байхгүй л байна шүү дээ. Энэ бол ганц би хэлж байгаа зүйл биш, хүн бүр л мэдэж байгаа. Мэдсээр байж худлаа гэж хэлэх нь өөр асуудал. Түүх арилж, алга болдоггүй юм. Магадгүй Монгол төр зүтгэсэн хүндээ халгаатай гэдэг үг заавал биелдэг байх.

Монголын улс төрд гуравдагч хүчин бий юу? Гуравдагч хүчин хэрэгтэй гэж боддог уу?

Дээд шүүхэд бүртгэлтэй олон нам бий. МАН, АН 2-оос бусад нь бүгд л бид бол гуравдагч хүчин гэж ярьдгийг бид мэднэ. Миний хувьд улс төрийн бодлого, түүнийгээ хэрэгжүүлэх чадамж талаас нь харах нь чухал ач холбогдолтой байх, тэр утгаараа МАХН бол өнөөдөр гуравдагч хүчин мөн. Өнөөгийн нөхцөл байдалд гуравдагч бүү хэл дөрөвдөгч хүчин Монголын улс төрд үгүйлэгдэж байна гэж хувьдаа үздэг. Эрх мэдэл хэт төвлөрөөд ирэхээр улс төрийн хүчнүүд нам дотроо нам үүсгэж байгаа нь олны дунд шинэ зүйл биш болсон. Үүний оронд ард иргэдийн улс төрийн сонголт нь цөөн биш байх нь дээр биз.

Танд баярлалаа. Сүүлийн үгийг танд үлдээе.

Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу хэрэг маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шүүх болон прокурорын байгууллагын аливаа шийдвэр нь хэн нэгэн этгээдийн хувийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцэх албагүй бөгөөд шударга ёсны төлөө хэмээн хууль тогтоомжид үл нийцсэн үйл ажиллагаа явуулахыг таслан зогсоож, Үндсэн хуулиа дагаж мөрдөцгөөе гэж хэлэх байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *