Categories
мэдээ цаг-үе

Н.Пүрэв: Ээждээ захиа бичих гэж суутал сэтгэл гэгэлзээд “Намрын өнгө орлоо ээжээ” шүлгээ бичсэн дээ

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, яруу найрагч Намбарын Пүрэвтэй ярилцлаа. Тэрээр саяхан “Аав л ээжээс заяасан хувьхан заяаны харгуй минь…” хэмээх шинэхэн цомгоо гаргаад буй юм.


-Та саяхан “Аав л ээжээс заяасан хувьхан заяаны харгуй минь…” хэмээх шинэ цомгоо гаргажээ. Энэ цомгоо аав ээж хоёртоо зориулсан гэж сонссон. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Монголчууд тоог ихэд бэлгэшээдэг ард түмэн. Энэ жил тэгш тоотой 2020 он гарч, би энэ онд 50 нас хүрлээ. Гэгээн тэмүүлэлтэй явдаг уран бүтээлч хүнийхээ хувьд, өөрийн гэсэн ул мөрийг үлдээе гээд энэхүү цомгоо гаргасан. “Аав л ээжээс заяасан хувьхан заяаны харгуй минь…” бол миний дөрөв дэх цомог. Үүнээс өмнө 2005 онд “Цэцгэнд төөрсөн эрвээхэй”, 2008 онд “Намбарын Пүрэвийн намуухан уянга”, 2013 онд ”Дэндүү буянтай буурлууд-Даанчиг хайртай аав ээж хоёр минь” хэмээх цомгуудыг гаргаж байсан. Миний аав жолооч, харин ээж маань тогооч хүн. Аав ээж хоёр маань есөн хүүхэд төрүүлсэн. Би тав дахь буюу “одонгийн хүү” нь болж хорвоод мэндэлсэн. Аав ээж хоёрын маань 80 насны ой энэ жил тохиож байгаа. Мөн би яруу найрагт зүрх сэтгэлээ зориулаад 30 жил болж байна.Тэгэхээр цомгоо аав ээждээ зориулснаас гадна 50 насныхаа ойд зориулан өөрөө өөртөө барьж байгаа бэлэг юм даа.

-Шинэ цомогт тань ямар дуунууд багтсан бэ?

-Шинэ цомогтоо МУГЖ С.Ганзоригийн дуулснаар “Гуулингийн тал”, МУСТА Б.Болдбаатарын дуулснаар “Нутгаа санаад уярдаг сэтгэл”, Хурд хамтлагийн дуулснаар “Тоотой санагдах юм”, МУГЖ Х.Болормаагийн дуулснаар “Намрын өнгө орлоо ээжээ” зэрэг зөвхөн нутаг, аав, ээжийн сэдэвтэй дуунуудыг багтаасан. Энэ цомог бол миний 30 жил огшиж, омогшиж, тэмүүлж амьдарсны минь шагнал юм даа.

-Шинэ цомгийг тань сонссон хүмүүс эхнээсээ сэтгэгдлээ ирүүлж байгаа байх. Тэд танд ямар сэтгэгдлүүдийг ирүүлж байгаа вэ?

-Шинэ цомгийг маань авсан хүмүүс “одоо хайрын дууны цомгоо гаргаач” гэсэн хүсэлтийг ирүүлж байгаа. Уг нь цомог гаргавал олон хайрын дуунууд надад бий.

-Таныг удахгүй шинэ номоо өлгийдөн авах гэж байгаа гэж сонссон?

-Өөрийн дөрөв дэх яруу найргийн ном болох “Сэтгэлээс шивэрсэн онгодын бороо” номоо гаргах гээд хэвлэлтэд өгчихсөн байгаа. Одоо номоо хүлээгээд л догдолж байна даа.

-Шинэ номонд тань ямар шүлгүүд багтсан бэ?

-Би ойр ойрхон ном гаргаад байдаггүй. Урьд өмнө нь бичсэн шилмэл шүлгүүд дээрээ шинэ шүлгүүдээ нэмээд уг номоо гаргах гэж байгаа. Би яруу найргийг сэтгэл хэмээх тэнгэрээс шивэрдэг онгодын бороо гэж боддог. Тиймээс шинэ номоо “Сэтгэлээс шивэрсэн онгодын бороо” хэмээн нэрлэсэн.Яруу найраг бол сэтгэл зүрхний илэрхийлэл. Хүн гэгээн тунгалаг байвал яруу найргийг хэзээ ч бичиж болно. Миний хувьд,нас ахих тусам сэтгэл тунгалагшиж бодол ариусаад амьдралын сайн сайхныг илүү ихээр олж хардаг. Одоо хавар цаг ирж байна. Яруу найрагчийн сэтгэлийг доглуулж, гэгэлзүүлж, эгшиглүүлдэг улирал. Хавар болон намрын улирал яруу найрагчийг хамгийн аз жаргалтай болгодог улирал даа.

-Дуу болсон анхны шүлэг тань ямар шүлэг байдаг вэ?

-Дуу болсон хамгийн анхны шүлэг минь “Намрын өнгө орлоо ээжээ” юм. Энэ дууныхаа үгийг би 1987 оны намар 17 настайдаа бичсэн. Тэр үед намрын ажилд очоод байж байтал гурав хоног бороо орсон юм. Бороотой үед ургац хураалтын ажил зогсчихдог. Би тэмдэглэлийн дэвтрээ дэлгээд ээждээ захиа бичих санаатай суутал гадаа бороо ороод л, хажууд охидууд дуулаад л байсан. Тэгээд сэтгэл гэгэлзээд захиа бичих гэж байснаа болиод гэнэт шүлэг бичсэн юм.

…Намрын өнгө орлоо ээжээ

Насыг тань нэмээд одлоо

Нуурын зэгс шаргалтлаа, ээжээ

Нулимсаа даалгүй бөхөлзлөө…

“Намрын өнгө орлоо ээжээ” шүлгийг сайн ажвал, борооны хэмнэлээр бичигдсэн байдаг. Тухайн үед ааваас маань “Ээж нь жаахан өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Гэхдээ миний хүү санаа зоволтгүй, ээж нь удахгүй эмнэлгээс гарна байх” гэсэн захиа ирсэн байсан тул ээжийгээ маш их саначихсан байсан. МҮОНРТ-ийн студид миний “Дэлхий дүүрэн хайр” номны тасарчихсан дөрөв тавхан хуудас хэвтэж байхад нь Х.Болормаа нэвтрүүлэгт орох гэж яваад тэр номыг авсан байдаг. Түүнээс хойш дуу болгох санаатай Х.Болормаа цүнхэндээ хоёр гурван жил авч явсан гэдэг. Энэ шүлэг бичигдсэнээсээ хойш арван жилийн дараа дуу болсон. “Намрын өнгө орлоо ээжээ” дууны клипэн дээр миний нэрийг С.Пүрэв гэж бичсэн байдаг юм. Яагаад гэхээр, тэр үед хүмүүс намайг таньдаггүй байсан л даа. Тэр үед Санжийн Пүрэв, Жамбын Пүрэв гэж хоёр зохиолч байлаа шүү дээ. Тэгээд л Санжийн Пүрэв энэ шүлгийг бичсэн юм байна гэж бодсон юм билээ.

-Та “Намрын өнгө орлоо ээжээ” дуугаа анх хэрхэн сонсож байв?

-Нэлээн шамаргатай, хүйтэндүү намрын өдөр микронд суугаад явж байтал, нэг л танил дуу сонсогддог байгаа. Би өөрийнхөө шүлгийг сайн тогтоодог л доо. Тэгээд нэг л дотно шүлэг санагдаад эргэлзэж байтал, микроны жолооч дахиад тэр дууг тавьдаг юм. Дахиж сонссоныхоо дараа өөрийнхөө шүлгийг таниад гайхсан. Тэр үед маш гоё дуу болчихсон мэт л сэтгэгдэл төрсөн. Тэгээд өөрийнхөө дууг сонсох гээд буух ёстой буудлаа өнгөрөөд явж байлаа шүү дээ. Хүн өөрийн уран бүтээлээ анх сонсоод их л догдолж, баярладаг юм билээ.

-Таны шүлгүүдээс хамгийн сонирхолтой түүхтэй дуу болсон шүлэг нь аль вэ?

-Намайг хамгийн ихээр олонд таниулсан дуу бол МУСТА Б.Болдбаатарын дуулсан “Нутгаа санаад уярдаг сэтгэл” юм. Би энэ дууныхаа шүлгийг Солонгост сурч байхдаа бичсэн. Тэр үед одоонийх шиг харилцаа холбоо сайн хөгжөөгүй байсан л даа. Гэрээ санахаараа сард нэг юм уу хоёр удаа Монгол руу ярьдаг байлаа. Нэг удаа эхнэртэйгээ ярьтал өөдөөс “Нэг хөгжмийн зохиолч чамайг асуугаад байсан, нутгийн тухай шүлэг байвал өг гэсэн” гэдэг байгаа. Тэр үед би нутгаа саначихсан байсан л даа. Тэгээд энэ шүлгээ бичээд эхнэр лүүгээ и-мэйлээр явуулсан. Эхнэр маань миний шүлгийг Т.Найданжав ахад өгсөн байсан. Шүлгээ явуулснаасаа хойш гурван сарын дараа Монголд ирсэн. Онгоцны буудал дээр буутал, тэнд миний дуу эгшиглэж байсан.

-Та аав, ээждээ зориулж цомог гаргаснаар хоёр буурайгаа их том баярлуулсан байх аа. Үүнээс өмнө хамгийн томоор хэзээ, ямар зүйл дээр тэднийгээ хамгийн ихээр баярлуулж байв?

-Би хэсэг хугацаанд эхнэртэйгээ хамт Солонгост ажиллаж, амьдарсан. Тэнд ажилласан цалин болох нэг өрөө байрны мөнгийг, захиа бичиж хавсаргаад ээж, аав руугаа явуулж байсан. Надад ээж, аав хоёрыгаа баярлуулж байсан том жижиг олон л тохиолдол бий. Гэхдээ энэ бол хамгийн том сэтгэлийн өргөл юм.

-Та түрүүн есөн хүүхэдтэй айлын тав дахь хүү нь гэсэн. Танай ах дүү нар дунд зохиол бичдэг хүн бий юү?

-Манай ах дүү нараас зохиолчийн замналаар явж байгаа хүн байхгүй. Намайг уран зохиолд дуртай болгосон хүн нь манай аав. Манай аав хэдийгээр жолооч хүн байсан хэдий ч маш их уншдаг, оюунлаг хүн. Тэр үеийн бүх л сонингуудыг уншдаг байсан.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *