Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Оюундарь: Үр тогтоох, шилжүүлэн суулгах, тээгч эхийн харилцааны зохицуулалт, бэлгийн эсийн донорын хууль эрх зүйн орчин бүрдэнэ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Та энэ хугацаанд ямар ажлууд амжуулж байна вэ?

-Чуулган завсарлахаар гишүүд амраад явчихаж байгаа мэт нийгэм ойлгодог. Бид тойрогтоо ажиллаж, хийсэн хэрэгжүүлсэн ажлаа тайлагнахын сацуу иргэдийн санал бодлыг сонсдог. Гишүүн бүрийн үүрэг л дээ. Миний хувьд энэ хугацааг ашиглан тойргийн сумдаараа ажиллаж, хотод байх сонгогчидтойгоо ч уулзсан. Өргөн барих хуулийн төслүүд дээрээ судалгаа хийлээ. Үүнээс гадна БНСУ-ын Пёнчан хотод болсон “Энхтайвны форум”-д Монгол Улсаа төлөөлж оролцлоо. Уг форум нь Трамп, Ким Жөн Ун нарын уулзалтын өмнө болсноороо онцлог байсан. Монгол Улсыг цөмийн зэвсэггүй статустай байх асуудлыг болоод тогтвортой хөгжлийн зорилтууд, 16 дугаар зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар ярьсан.

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ дахь эмэгтэй гишүүд өргөн бариад буй. Уг хуульд бага тэтгэвэр авч байгаа эхчүүдийн тэтгэврийг 349 мянган төгрөг болгох зохицуулалт тусгагдсан гэсэн үү?

-1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах насанд хүрээгүй ч дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүд, улсад 27-гоос дээш жил ажилласан эмэгтэйчүүд, улсад 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд тэтгэвэрт гарсан.

Ингэснээр тэдгээр эмэгтэйчүүд өөрөөс үл хамаарч ажил, хөдөлмөр эрхлэх боломж, эрхээ хасуулж, тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдсон байгаа юм. Төр засгийн зүгээс тодорхой арга хэмжээ авч ирсэн боловч одоо ч тэдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байна. Тухайлбал, 1997 оны хоёрдугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эх-чүүдийн 87.5 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэврээс бага тэтгэвэр авч байна. Тиймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээг улсын дундаж тэтгэврийн хэмжээ буюу 342.8 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх асуудлыг ярих хэрэгцээ шаардлага байна. Хууль хэрэгжиж эхэлбэл өдгөө амьд сэрүүн байгаа 21.3 мянган иргэний тэтгэвэр 50-70 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

-Та мөн Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү хуульд ямар гол зохицуулалтууд орж байна вэ?

-Манай улсад бэлгийн замын халдварт өвчин, түүний тархалт, үр хөндөлт, үргүйдэл зэрэг нийгмийн харилцаанд шууд нөлөөлдөг хүчин зүйлийг судлах, судалгаанд үндэслэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил дутагдалтай байна. Үргүйдлийн бүртгэл мэдээллийг сайжруулах, тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийг нэвтрүүлэх нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаа юм. Олон улсад үргүйдлийн оношлогоо, эмчилгээнд хамруулахад зөвхөн бэлгийн эсийн донор хэрэглэх шаардлагатай байдаг. Мөн умайгаа тайруулсан, авахуулсан, умайн төрөлхийн гаж хөгжилтэй эмэгтэйчүүд тээгч эхийн тусламжтайгаар л хүүхэдтэй болох боломжтой байдаг. Тиймээс энэ чиглэлд эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн бэлгийн эсийн донор гэж байх эсэх, тэдгээртэй холбогдсон харилцааг хэрхэн зохицуулах нь эргэлзээтэй байна.

Тиймээс уг хуульд үргүйдэл, түүний тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн туслах арга, шаардлага хангасан эмнэлэг нь ямар нөхцөлд хэрэглэх, нууцлал, тээлгэгч эцэг эх, тээгч эх гэж хэн байх, тэдгээрт тавигдах шаардлага, талуудын хоорондын гэрээнд юуг тусгахыг оруулж өгсөн. Мөн тээгч эхээс төрсөн хүүхдийг хэрхэн шилжүүлэн өгөх, хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэх зэрэг олон харилцааг тусгасан юм.

-Хүүхдээ тээж хилээр гаргаж зарж байгаа тохиолдол гарсан талаар Хүний эрхийн комиссоос мэдээлж байсан. Энэ байдлаар хүүхэд худалдаалах гэмт хэрэг гарах вий гэх болгоомжлол байдаг. Хуулинд энэ талаар зохицуулалт орсон уу?

-Хүний эрхийн комисстой Дорноговь аймагт ажиллаж байх үед нэг удаагийн тийм тохиолдол гарсан гэдгийг хэлж байсан. Гэхдээ энэ хуульд тэр талаарх заалт ороогүй. Ямартай ч энэ хуулийн төсөл батлагдснаар иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмчилгээнд хамрагдах байдал сайжирна. Хувь хүний сэтгэл санаа, гэр бүлийн тогтвортой байдал, улс орны хүн амын өсөлтийн байдал дээшилнэ. Гадаад оронд явж үргүйдлийн оношлогоо, эмчилгээ хийлгэх, үр шилжүүлэн суулгах харилцаа багасч, эх орондоо энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэн хөрөнгөө хэмнэх боломжтой. Гадагшаа чиглэсэн валютын урсгал хумигдах боломж бүрдэх юм. Хамгийн гол нь үр тогтоох, үр шилжүүлэн суулгах, тээгч эхийн харилцааны зохицуулалт, бэлгийн эсийн донорын хууль эрх зүй, бүртгэлийн нэгдсэн орчин бүрдэнэ. Улмаар эрүүл мэндийн байгууллагын хяналтын тогтолцоо сайжирна гэж ойлгож болох юм.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн. Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юу. Хэлэлцэх тохиромжтой цаг хугацаа нь мөн үү?

-1992 онд Шинэ Үндсэн хуулийг батлахдаа бүхий л талыг харгалзан үзэж, нухацтай хандсан. Түүний үр дүнд маш мундаг хуулийг баталж чадсан. Гэхдээ тэр үеэс хойш 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд бидний амьдралд маш их өөрчлөлт гарсан. Хариуцлагын тогтолцоо, Засгийн газрын бүтэц, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ ямар байх эсэх асуудлуудыг авч үзэх шаардлагатай гэдгийг олон нийт илэрхийлж байгаа. Үнэмлэхүй олон болчихоод хүч түрэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна гэх хүмүүс байна л даа. Ер нь бол түүхэн үе нь л энэ удаад таарч байна гэж харж байгаа. Улс төрийн тогтолцооны гүйцэтгэх, шүүх засаглал, Их хурал, хууль тогтоох байгууллагуудын хоорондын харилцааны зохимжийг тааруулах нь зөв байх. Буруутай, зөрүүтэй өөрчлөхөөр зүйлүүд 30 жилийн хугацаанд харагдлаа шүү дээ.

-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. УИХ-ын эмэгтэй гишүүд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлаар санал нийлж ажиллаж байгаа зүйл бий юү?

-Бид өнгөрсөн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, эрх, хүмүүжлийн асуудлуудад зориулагдах төсвийг нэмэхэд анхаарч ажилласан. Ер нь бол төрийн албан хаагчдын 60 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг. Тэр дундаа эрүүл мэнд, боловсролын салбарын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Тэгэхээр ачааны хүндийг үүрч яваа эмэгтэйчүүдийн төлөө хийх шаардлагатай зүйл бидэнд их бий. БНСУ-д л гэхэд эмэгтэйчүүд, гэр бүлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг тусгай яам бий. Хойч үеэ хүмүүжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг эмэгтэйчүүддээ хандсан бодлогыг тус яам явуулдаг хэрэг. Бидний ярьдаг шиг “Цалинтай ээж хөтөлбөр” гэх мэт эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлдэг юм.

Хувиараа жижиг бизнес эрхлэх сонирхолтой эмэгтэйчүүд цөөнгүй байдаг. Түүнд нь зориулж “Итгэлийн зээл”-ийг бий болгож, сум, дүүргээр нь дамжуулж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Түүнчлэн олон улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөр, бизнес эрхлэх боломж бололцоог нь нэмэгдүүлэх зорилготой “Эмэгтэйчүүдийн банк” байдаг. Эмэгтэйчүүдийн санаачилсан бизнесийг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм. Бидний хувьд ч энэхүү туршлагыг судалъя гэсэн бодолтой байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *