Төрийн соёрхолт инженер Н.Нацагнямтай ярилцлаа.
–Таныг шинэ лаборатори зохион бүтээчихлээ гээд байна. Лабораторийнхоо тухай яриач?
-Гурван жил гаруй станцуудад ажиллаж байгаа Наням төхөөрөмжөө ашиглаад хийсэн лаборатори. Цахилгаан станц дээр хийх боломжгүй бүх туршилтыг хийж болно. Фазын зөрүүний өөрчлөлтөөс хамаарч актив, реактив чадал, синус, косинусийн эгшин зуурын долгиолог гармоник хэлбэр яаж өөрчлөгдөхийг харж болно. Өөрөөр хэлбэл синус тэг градуст байдгийг цээжлэх биш харин яагаад тэг байдгийг өнгөтөөр харж болно. Мөн автомат тохируулгын онол PID контрол системийг туршиж болно. Энэ мэтчилэн олон сонирхолтой туршилтыг хийж болно. Энэ төхөөрөмжүүдийг дижитал, аналоги, механик реле, трансформатор, соронзон өсгөгч, СССР – ын технологи аргаар хийсэн. Уг аргуудыг бодитоор туршиж харьцуулснаар тус бүрийнх нь сайн муу талуудыг сурах боломжтой. Минийх шиг ийм ил тод лаборатори хаана ч байхгүй. Учир нь барууны компаниуд технологио нуудаг. Харин дээд сургуулиуд нь ийм лаборатори зохион бүтээх боломжгүй.
–Барууны их, дээд сургуулиудын техникийн ухааны доктор, профессорууд ийм лаборатори хийж чадахгүй гэж үү?
-Тийм. Тэд хэзээ ч баялаг бүтээж үзээгүй. Намайг “Женерал электрик-д ажиллаж байхад тэд бидэнд захиалга өгч маш энгийн хялбар зүйл захиалж хийлгээд түүн дээрээ бидний заавраар туршилт хийгээд л доктор, профессор цол хамгаалдаг. “Женерал электрик” хувийн компани тул их, дээд сургуулиас технологио нуудаг. Миний суралцаж байсан сургууль зөвхөн Англидаа биш баруун Европдоо эрчим хүчний төв нь байсан. Капиталист нийгмийн хамгийн том эрчим хүчний төв мөртлөө тэнд хичээл зааж байгаа профессорууд нь баялаг бүтээж үзээгүй онолоо худлаа заадаг хүмүүс. “Женерал электрик” компанид ажиллахаар ороод нэг л зүйлийг мэдэрсэн. Тэнд л жинхэнэ баялаг бүтээгчид, ямар ч дипломгүй Стив Жобс шиг хүмүүс байдгийг мэдсэн. Тэгээд 2000-2009 онд Англид гурван компанид инженерээр ажиллаж учрыг нь олсон юм. Тухайн үед дээд сургуульд худлаа онол ярьсан хүмүүс байдаг юм байна гэж ойлгоод миний тархины эргээ гарсан. “Женерал электрик” компанид ажиллаж ямар хүнд мэдлэг байдгийг хараагүй байсан бол би мэдэхгүй байсан. Дээд сургуульд профессор, доктор хамгаалчихсан хүмүүс нөгөө профессоруудаа шүтээд байгаа юм. Энэ үзлээсээ салаагүй учраас саяхан манайд дээд сургуулиудад 60 тэрбум төгрөг цацсан. Гэтэл тэр мөнгөөр хийсэн нэг ч технологийг ашиглаж чадахгүй байна. Миний хийсэн лабораторийн хувьд монгол хүн хийсэн учраас бид өөрсдөө 100 хувь ашиглаж чадна гэсэн үг. Энэ лабораторийг оюутан бүр гэр рүүгээ авч явж чадахгүй учраас жижигрүүлсэн хэлбэрээр хийж хямдруулах боломжтой. Таваас арван ам.долларт багтаагаад хийж болно. Тэгж хийе гэхээр их хэцүү юм. Нэг төсөл бичээд түүнийхээ хариуг хоёр жил хүлээдэг учраас. Манай улсын тухайд Инновацийнхаа хуулиар Стив Жобс шиг хүнийг биш доктор, профессоруудаа дэмждэг.
–Таныг бакалавр гэхээр их гайхсан. Доктор, профессор болчихоод өөрчлөлт хийвэл илүү амар биш үү?
-Манай инженерийн баг намайг доктор профессор цолыг хэзээ ч битгий ав гэсэн л дээ. Би тэрийг нь авчихвал тэднийг доромжилсон болчихно гэж бодсон хэрэг. Намайг доктор болбол инженер болох залуусыг хад руу авч ниссэнтэй ялгаагүй гэж бас сануулсан. Зөв сэрэмжлүүлэг ч байж мэднэ. Учир нь залуус Нацагням доктор болоод л автомат төхөөрөмжүүд хийсэн гэж харж мэднэ. Тийм ойлголт авчихвал инженер залуус сургуульдаа үлдэж доктор болохыг эрмэлзэнэ шүү дээ. Сайн оюутнуудыг сургууль төгсөхөд нь шууд практик дээр гаргаж юм сургах нь манай инженерийн багийн зорилго байгаа юм. Миний хувьд тэр нь ч зөв гэж бодож байгаа. Би 20 гаруй инженер цуглуулаад уулзсан юм. Тэд яалт ч үгүй илүү мэдлэгтэй байсан. Онол практикийг хослуулаад онолоо зөв ойлгочихсон улс. Гэтэл Английн дээд сургуульд насаараа багшилсан доктор, профессор хүмүүс онолоо буруу ойлгосон хэвээрээ л байдаг. Ганц Англи ч биш л дээ. Баруун даяараа тийм.
–Таны лабораторид юу хийж болох вэ?
-Одоогоор уул уурхайн эрчим хүч, барилгын кран, жижиг, дунд үйлдвэрүүдэд ашигладаг бүх автомат үйлдлүүдийг энд үзүүлж болно гэсэн үг. Бүх цахилгаан станц, хөнгөн үйлдвэр, бүх уул уурхайн компаниудын инвертийн удирдлагын хүчдэл тохируулдаг автомат тохируулга байдаг. Энийг л энд бодитоор үзүүлэх юм. Энэ чиглэлийг сонирхож буй хүүхдүүдэд их зүйл сурах боломж бүрдэж байгаа гэсэн үг. Энэ төхөөрмжөөр фазын зөрүүг гаргаж болно. Станцад тэгж их фазын зөрүү гаргах боломжгүй. Станц дээр хийж чадахгүй байгаа туршилтыг үүн дээр хийж болно. Энэ лаборатори товчхондоо үйлдвэрийн цех юм л даа. Үүнийг лаборатори болгоод хүүхдүүдэд заадаг. Манай ШУТИС-иас Мөнхгал гэдэг оюутан надтай хамт энэ ажлыг хоёр сарын турш хийсэн.
–Ийм төрлийн лаборатори ямар үнэтэй байдаг вэ?
-Зарим хувийн дээд сургууль арван жилийн өмнө Шанхайгаас иймэрхүү төхөөрөмж 100 сая төгрөгөөр авсан юм билээ. Тэрийгээ уул уурхайн эрчим хүчний ангидаа зориулдаг. Гадны өөр орноос авбал бүр л үнэтэй. Үүнийг би Монголдоо нэг сая төгрөгөөр л хийж болно гэдгийг батлаад байна. Энэ төмөр стендийг миний захиалгаар Багануурт байдаг хэдэн залуус хийсэн юм. Яг ийм лаборатори хаана ч байхгүй л дээ. Би өөрийн Нанямдаа тааруулж л хийлгэсэн. Үүнийг тэр хүүхдүүд 900 мянган төгрөгөөр хийчихлээ. Миний энэ лаборатори 100 ам.долларын үнэтэй.
–Та бүрэн баталгаа өгөх үү?
-Гадаадынхны нуудаг юмыг л монголчууд ил гаргаад ирлээ. Бид дэлхийн ямар ч сургууль руу хэдэн сая ам.доллар өгсөн ч ийм лаборатори олж харахгүй. Энэ лаборатори баруун Европын эрчим хүчний салбарт одоогоор байхгүй. Миний ажиллаж байсан “Женерал электрик” компанид мөнгө төлсөн ч үүнийг хийж өгөхгүй. Гадна талаас нь хэрэглэгчийн хэмжээнд сурахын тулд курсэд нь 500 фунт төлөөд л гурав хоног явдаг. Барууны электроникийн нууцыг би монголчууддаа зориулж хийгээд дэлгэж харуулж байна.
–Хэрэглэгч гэвэл хэр өргөн хүрээг хамрахаар байна?
-Миний бүтээсэн лабораторийг уул уурхайн сургууль, эрчим хүчний сургууль, автын сургууль, хүнсний автоматикийн сургууль гээд инженерийн бүх салбарт хэрэглэнэ. Тэр битгий хэл энэ жижигхэн сигнал генератор нь эмнэлгийн тоног төхөөрөмжид хэрэглэгдэнэ. “Женерал электрик” компанийн жижиг өрөөнөөс улсын захиалгаар Английн бүх галт тэрэг, онгоц, уул уурхайг бүтээсэн эд. Жаахан өөрчлөөд л бүх зүйлд ашиглачихаж болно. Олон салбарт хөрвөж болно гэсэн үг л дээ.
–Технологийн салбарт томоохон нээлт хийчихлээ. Одоо бүтээл болгож зарвал яах бол?
-Бид яагаад хөгжихгүй байна вэ гэхээр Ерөнхий сайд бид хоёрын дунд шинжлэх ухаан, инженерийн яамд гээд илүү аппарат бий. Шинжлэх ухааныг удирдах гээд байна. Тийм илүү аппарат социалист нийгэмд л байсан. Капиталист нийгэмд хэзээ ч байгаагүй. Тэр нь л саад болоод байна. Тэр аппарат нь юм хийж үзээгүй мэдлэггүй хүнийг дэмжээд байгаа учраас л бид хөгжихгүй байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Samsung, SK, Huandai гэх таван компанитай л эдийн засгаа ярьдаг. Манайх шиг арван яамтай ярихгүй. Профессорууд гэж капитализмын нийгэмд баялаг бүтээж үзээгүй хүмүүс баялаг бүтээх дүрмийг заадаг. Чөлөөт өрсөлдөөн гэдэг худал онол заадаг нь бидний хар толбо. Баялаг бүтээсэн “Женерал электрик” компани монополь үүсгэсэн. Америкт Жи Пи Морган мафийн аргаар монополь хийсэн. Монополь байхгүй бол шинэ бүтээл баялаг бүтээж чадахгүй.
–Яагаад?
-Технологио хүнд заагаад өгчихвөл чиний технологийг хулгайлаад чиний өрсөлдөгч болчихно шүү дээ. Монополь гэдэг нь технологийг анх нээсэн хүнд нь тэр зах зээлийг хуваарилдгийг хэлээд байгаа юм. “Самсунг”-ийн гар утсыг тав, зургаан компани хийдэг ч тэдэнд зарах эрх байхгүй. Яагаад гэвэл тэд “Самсунг”-аас технологи авч хөгжүүлж байгаа компаниуд. Тиймээс оюуны өмчийг хамгаалах хөгжүүлэх капиталист арга нь монополь зах зээл юм. Тэрийг манайхан үгүйсгээд чөлөөт зах зээлийн онолоор хөгжөөд л дэлхийн хэрэглэгч улс болчихлоо.
–Та яагаад ийм хямд өртгөөр хийгээд байгаа юм бэ. Өөр өрсөлдөгч байна гэсэн үг үү?
-IT компанийн хурлаар хөрөнгө оруулалт гээд л нэхээд байдаг юм. Би хөрөнгө оруулалт хэрэггүй, үнэгүй хийчихье, захиалгаа өгчих гэдэг юм. Яагаад гэвэл тэд лаборатори, хардвэйрийг гаднаас үнэтэй аваад хэрэглэгчийн түвшний программ хийдэг. Тэр нь гар утсан дээр нэр бичихтэй ижилхэн ажил. Иймд ханасан үнээр босдог тул дэлхийн хаана ч зарах боломжгүй. Харин би өөрийн үйлдлийн системээр хардвэйр болон лабораторио өөрөө зохион бүтээдэг. Тийм учраас дэлхийд байхгүй хямд зардлаар босч өрсөлдөх чадвартай бүтээлүүд болдог юм.
–Гадаад худалдааг тэлэх боломжтой юм байна гэж ойлголоо…?
-Өнгөрсөн тавдугаар сард би дэлхийн эрдэмтдийн хурал дээр улс төрийн саармагжилтын онолоороо 90 хувийн дэмжлэг авсан. Тэнд миний энэ лабораторийг дэлхий нийтээр оюутан болгонд хэдэн тэрбум долларын захиалгаар авъя гэсэн. Яагаад гэвэл саармагжилтын онолыг том гүрнүүд нутагшуулах сонирхолтой байна. Уг онолд Орос, Хятадын засаглалын сайн талыг дурддаг. Путин сонгуулиас үл хамааралтай болгож байна. Тэрийг Платоны онолоор зөв гэж ярьдаг юм. Тэгээд Орос, Хятадын эрдэмтэд энэ онолыг сонирхож байна. Зөвхөн энэ онолыг улс даяараа цацахын тулд Наням лабораторийг оюутан бүрдээ авч өгнө гэсэн үг. Нөгөө талаас Америкийн олигархиуд их баярласан. Яагаад гэвэл одоо Америкт олигархиудаа үгүй хийгээд төр барья гэсэн коммунист хөдөлгөөнүүд гарчихсан. Миний онолоор Маркс, Монтеско хоёр онолч биш, хувьсгалч. Харин Платон, Парито хоёр бол онолч. Яагаад гэвэл инженерийн суурьтай хүмүүс улс төрийн онолыг зөв ул суурьтай бүтээсэн хэрэг. Тэрийг нь олон жил хөгжүүлээд математик загварчлалаар баталчихсан. Тэгээд л 90 хувийн саналаар дэмжигдсэн хэрэг л дээ. Миний онолоор олигархи, популистуудыг үгүй хийх хэрэггүй. Нэг хүний буюу байнгын засаглалыг халах юм уу шүтэх шаардлагагүй. Эднийг бүгдийг нь оновчтой хослуулсан саармаг систем бий болгох хэрэгтэй гэсэн юм.
–Онолынхоо талаар дэлгэрүүлж яриач?
-Дэлхий даяар Монтескогийн онолыг шүтэж байна. Харвардын их сургуулийн багш нар үүнийг буруу гээд байгаа. Монтескогийн онолоор ардчилсан засаглал байгуулахад пирамид биш хавтгай тогтолцоотой болохоор авлига автоматаар дэлгэрдэг юм байна. Пирамид тогтолцоонд харьцангуй бага будаа шиг жижиг байсан авлига хавтгай тогтолцоонд ороод сүмбэр уул хад мэт автоматаар томордог юм байна. Тоо, үр дагавар нь харьцуулшгүй зөрүүтэй. Манайд 1990 оноос өмнө авлига байсан. Хонины тарган гуяа арын хаалгаар авдаг байлаа. Тэр нь ногоон дэлхийг сөнөөх хор нөлөөгүй. Гэтэл ардчилсан нийгмийн авлигын хор нөлөөнд ногоон дэлхий сөнөөд байна гэж дэлхийн эрдэмтэд яриад байгаа юм. Тийм учраас ардчиллыг байгуулах өөр арга замыг хайгаад байгаа юм байна. Дэлхий даяар ардчиллаас татгалзаагүй. Би ч гэсэн ардчиллаас татгалзаагүй. Ардчиллыг байгуулдаг өөр саармаг тогтолцоо байдаг юм байна гэж л баталсан. Энэ нь өнөөгийн Швейцарь болон Модун Шаньюгийн үе, Эртний Грект байсан тогтолцоо. Би Монтескогийн онолыг буруу гэдгийг олон жилийн судалгаагаараа математикаар баталсан. Буруу гэдгийг надаас гадна өөр эрдэмтэд үр дүн талаас нь баталсан юм. Харвардын их сургуулийн багш нар батлаад олон ном биччихсэн. Гэтэл Харвардад манай сайд нарт Монтескогийн буруу онолыг зааж байна. Энэ оюуны вирусээс болж бид сөнөөд байна гэж би хувьдаа харж байгаа.