Categories
мэдээ цаг-үе

Н.Хүрэлбаатар: Үндсэн хуульд Засгийн газрын бүтцийг нэр заан тусгаснаар гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатартай Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар ярилцлаа.


Та 2018 онд Төр засгийн бүтцийг загварчилсан эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ. Төр засгийн бүтэц ямар байх ёстой юм бэ?

-Өнөөдөр бид аливаа зүйлийг шүүмжлэх, ярихаасаа илүү хэрхэн засч залруулах арга зам, шийдлийг гаргаж хэрэгжүүлэх нь чухал болоод байна. Дэлхийн олон улс орнуудад төрийн байгуулалтынхаа зөв бүтэц, тогтолцоог бий болгох, засаглалын эрх мэдлийг зохистой хуваарилах, төрийг тогтвортой, хяналттай, шударга зарчимтай ажиллуулах нь чухал асуудал юм. Иймээс хүн өөрөө өөрийгөө удирддаг тогтолцооны зарчимд үндэслэн засаглалын оновчтой бүтэц, зохион байгуулалтыг загварчлах оролдлого хийсэн.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ хэлэлцэж байна. Та Үндсэн хуульд Засгийн газрын бүтцийг нэр заан оруулах нь зөв гэж үздэг талаараа хэлж байсан. Ингэж үзэж буйн гол шалтгаан нь юу вэ?

-Шинэ Үндсэн хууль батлагдсан 1992 оноос хойш УИХ-ын долоон удаагийн сонгууль зохион байгуулж, 15 Засгийн газар байгуулагдан 13 хүн Ерөнхий сайдаар томилогдон ажилласан байдаг. Засгийн газрууд 9-16 яам, 10-19 сайдын бүрэлдэхүүнтэйгээр дунджаар 642 хоног буюу 1.7 жилийн хугацаатай ажилласан байна. Дээр нь өнгөрсөн хугацаанд Монгол улс 214 хоног Ерөнхий сайдгүй байжээ. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд тухайлбал, Герман улсад 1949 оноос хойш найман Засгийн газар байгуулагдсан. Бүрэн эрхийн хугацаа нь дунджаар 8.6 жил байна. Сингапур улсад 1955 оноос хойш таван Засгийн газар байгуулагдаж, дунджаар 12.6 жил ажилласан байх юм. Дээрх улсуудтай харьцуулан үзвэл Монгол улсын Засгийн газрын ажиллах хугацаа хэт богино, тогтворгүй байгаа нь харагдаж байна. Энэ нь төрийн бодлогын залгамж чанар алдагдах, олон түмний төрдөө итгэх итгэл сулрахад хүргэж, хөгжлийг хойш татсан үндсэн шалтгаан болсон нь тодорхой. Иймээс өнгөрсөн хугацаанд Засгийн газрын бүтэц, бүрэлдtхүүнийг ойр ойрхон сольж, өөрчилж байсан алдаагаа дахин давтахгүйн тулд Үндсэн хуульдаа гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллуулах, нэн ялангуяа Засгийн газрын бүтцийг нэр заан тодорхой тусгах нь зүйтэй. Бид одоо л засаж авахгүй бол хэдий болтол ийм байдлаар цааш явах вэ. Хэрэв бид энэ алдаагаа засахгүй бол дараагийн Засгийн газар байгуулагдахад дахиад л бүтэцээ өөрчилнө.

-Засгийн газрын бүтцийг Үндсэн хуульд нэр заан тусгасны давуу талыг тодруулаач?

-Нэгдүгээрт, ирэх 25-30 жилд Монгол Улс ямар бодлого баримтлах нь яамдын тоо, нэршлээс тодорхой харагдана. Жишээ нь, Спорт, аялал жуулчлалын асуудал нь хаана, аль яамандаа харьяалагдах вэ, хөгжлийн болон соёлын яамтай байх уу, үгүй юу гэдэг нь тодорхой болж ирнэ гэсэн үг. Хоёрдугаарт, Засгийн газрын бүтэц буюу яамдын тоо, нэршил өөрчлөгдөхгүй байх нь төрийн залгамж чанар алдагдахгүй, төрийн албан хаагчид тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ. Энэ нь Монгол Улс тогтвортой хөгжих нэг үндэс болох юм. Иймээс Засгийн газрын бүтцийг нэр заан Үндсэн хуульд тусгаж оруулъя гэж санал гаргаж байгаа.

-Таны зүгээс Засгийн газар хэдэн яамтай байх нь тохиромжтой гэж үзэж байгаа вэ?

-Сүүлийн 27 жилийн хугацаанд байгуулагдсан Засгийн газруудын бүтэц хэт их хэлбэлзэж байгаа. Жишээ нь, 1996 онд байгуулагдсан Засгийн газар есөн яамтай байсан бол 2012 онд байгуулагдсан Засгийн газар 16 яамтай байсан. Хэдэн яамтай байх нь хамгийн зохистой вэ гэдэг дээр судлаачид, улстөрчид, ард иргэд санаа бодлоо хэлж ярьцгааж байна. Маш олон хүчин зүйлээс хамаардаг учраас улс орон болгоны Засгийн газрын бүтэц харилцан адилгүй байдаг. Гэхдээ судлаач хүнийхээ хувьд хүн өөрөө өөрийгөө удирдах эрхтэн тогтолцооны зарчимд үндэслэн Pасгийн газрын бүтцийг загварчилсан юм. Хүнд илүүдсэн эсвэл дутуудсан эд, эрхтэн гэх ойлголт огт байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүн хоёр тархитай, эсвэл зүрхгүй байх боломжгүйг бүгдээрээ мэддэг шүү дээ. Хүн мэдрэл, зүрх судас, амьсгал, хоол боловсруулах гэх мэт нийт 12 эрхтэн тогтолцоонуудын нэгдсэн үйл ажиллагааны тусламжтайгаар амьд оршин тогтнож байдаг. Энэ зарчимд тулгуурлавал Засгийн газар нь Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хөгжлийн болон бусад асуудлуудыг хариуцсан нийт 12 яамдтай байж болох юм.

Ер нь бол эрдэмтэд хүнийг олон талаас нь маш сайн судалсан байдаг. Маш товчхон, энгийнээр тайлбарлая. Хүн мэдрэхүйн эрхтнүүдийнхээ тусламжтай мэдээллийг хүлээн авч, тархи руу дамжуулж байдаг. Ирсэн мэдээллийг тархи боловсруулж, шийдвэр гаргадаг. Гаргасан шийдвэрийн дагуу чиглэсэн зорилготой үйлдэл хийдэг. Дээрх зүй тогтол аль нэг шатандаа алдагдвал өвчин эмгэг үүсч, эрүүл мэнд амь насанд аюул учирдаг. Мэдээллийг хүлээн авах, боловсруулж шийдвэр гаргах, шийдвэрийн дагуу чиглэсэн зорилготой үйлдэл хийх эрхтэн тогтолцоонууд нь бүтцийн хувьд харьцангуй биеэ даасан, үйл ажиллагааны хувьд нэгдмэл зохион байгуулалттай ажиллаж байдаг. Үүнийг төрийн байгуулалт, засаглалын хэлбэрүүдтэй жишиж үзвэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалтай дүйцүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалуудын бие даасан хараат бус тодорхой чиг үүрэгтэй байж, харилцан хяналттай, нэгдмэл үйл ажиллагаа явуулах зарчимтай адилтгаж болно.

-Гүйцэтгэх засаглалыг тогтвортой, үр дүнтэй ажиллуулахын тулд бүтцээс гадна өөр ямар зүйлүүд дээр анхаарах вэ?

-Монголчууд бид хэт улстөржиж, хэт их талцан хийрхэж, Засгийн газраа ойр ойрхон огцруулахаа зогсоох хэрэгтэй. Мөн гүйцэтгэх засаглалд нөлөөлөх парламентын нөлөөллийг бууруулж, Засгийн газрын бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүрэлдхүүнээ өөрөө бүрдүүлдэг байх, хариуцлагаа тооцдог эрхийг олгох, Засгийн газрыг огцруулахдаа дараагийн Ерөнхий сайдыг зэрэг хэлэлцэн шууд баталж байх нь зүйтэй. Парламентын засаглалтай Герман, Япон, Их Британид Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлдэг төдийгүй сайд нар нь хариуцлага алдсан, бодлогын өөр байр суурьтай тохиолдолд Ерөнхий сайдыг шууд огцруулдаг жишиг бий. Зарим оронд тогтвортой, хүчтэй засаглалтай байхын тулд Ерөнхий сайдад парламентыг тараах эрх ч олгосон байдаг. Мөн хууль тогтоох эрх мэдлийг гүйцэтгэх засаглалд төлөөлүүлэх явдал ч бий.

-Таны боловсруулсан төрийн байгуулалтын бүтцийн загварын дагуу парламентын тогтолцоог аль эрхтэн тогтолцоотой харьцуулж үзэх боломжтой вэ?

-Парламент ард түмний төлөөлөл болохын зэрэгцээ хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Тиймдээ ч би хувьдаа парламентын засаглалтай байх нь зүйтэй гэж үздэг. Монгол Улсын хувьд дэлхий нийтийн чиг хандлага, улс төрийн нөхцөл байдал, өөрийн улсын түүхэн уламжлал, газар зүйн байрлал, сургамж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж, Үндсэн хуульд “Парламентын бүгд найрамдах улс” гэсэн хэлбэрийг сонгож, төрийн эрх мэдэл нэг гарт хэт төвлөрөхийг хязгаарласан, тэнцвэртэй байдлыг хангахаар тусгасан. Энэ нь хүн өөрийгөө удирдан зохион байгуулах үйл ажиллагааны зарчимтай ерөнхийдөө тохирч байна. Эрхтэн тогтолцооны хувьд хүний тархийг парламенттай адилтгаж болно.

-Яагаад?

-Хүний тархи нийтдээ 120 гаруй тэрбум мэдрэлийн эсээс бүрддэг. Мэдээллийг хүлээн авч задлан шинжилж, шийдвэр гаргах мэдрэлийн дээд төв, эрхтэн тогтолцооны автомат байнгын үйл ажиллагааг хариуцдаг мэдрэлийн доод төв гэсэн хоёр түвшинд удирдан тохируулдаг. Мэдрэлийн дээд төв буюу их тархины гадар нь аливаа мэдээлэл, үр дүнг үнэлэн дүгнэж, задлан шинжилж, сэтгэн бодож ухамсарлан чиглэсэн зорилготой үйлдэл хийх шийдвэр гаргадаг. Тиймээс парламентын дээд танхимын хууль тогтоох, бодлого батлах, хуулийн хүрээнд ерөнхий хяналт тавих үүргүүдтэй дүйцүүлэн үзэх боломжтой.

Харин Мэдрэлийн доод төвүүд нь хүний дотор эрхтэн тогтолцоонуудын байнгын найдвартай үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Тиймээс байнгын үйл ажиллагаатай парламентын доод танхимтай адилтгаж загварчилсан юм. Нөгөө талаас хүнийг нэгдмэл цогц байдлаар удирдан зохион байгуулах үүрэгтэй тархины автомат үйл ажиллагааны төвүүд мөч, хором бүрд тасралтгүй ажиллаж байдаг. Энэ төвүүдийн үйл ажиллагаа алдагдахад хүний амь насанд шууд эрсдэлтэй байдал үүсэх зүй тогтолтой. Тархины автомат үйл ажиллагааг хариуцдаг энэ бүтцийг Засгийн газрын тэргүүнтэй зүйрлүүлж авч үзэж болно.

Эндээс дүгнэвэл парламентын дээд танхимыг шинээр байгуулж, одоо ажиллаж буй УИХ-ыг байнгын үйл ажиллагаатай парламентын доод танхим болгон зохион байгуулах боломжтой юм. Товчхондоо бол хоёр танхимтай парламентын тогтолцоотой байна гэсэн үг. Их Британи, Австрали зэрэг дэлхийн 80 гаруй орны хууль тогтоох засаглал хоёр танхим бүхий парламентын тогтолцоотой байдаг. Хоёр танхим бүхий парламент нь яс үндэс, нийгмийн гарал, боловсрол, соёлын хувьд цөөнхийн төлөөллийг хамруулах, орон нутгийн төлөөллүүдийн оролцоог хангах, нийгэм, эдийн засгийн ашиг сонирхлуудыг тусгах, төрийн үйл ажиллагаа тасралтгүй, хяналттай, хариуцлагатай, тогтвортой ажиллахад нэн чухал юм. Түүнчлэн хоёр танхим бүхий парламент хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль тогтоох үйл ажиллагаанд тэнцвэрт байдлыг үүсгэх давуу талтай байдаг. Тиймээс манай улс дээрх тогтолцоо руу шилжих бүрэн боломжтой.

-Та давхар дээл гэх ойлголтын талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Хүний тархины эсүүд ба захын эрхтэний эсүүд бүтэц, үйл ажиллагаа, үүргийн хувьд эрс ялгаатай байдаг. Энэ зүй тогтлыг харгалзан үзвэл парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах нь зарчмын хувьд тохиромжгүй юм. Парламентын засаглалтай Австри, Бельги, Тайланд зэрэг олон оронд Засгийн газрын гишүүдийг парламентын гишүүн байхыг Үндсэн хуулиараа шууд хориглосон байдаг. Энэ нь хууль тогтоох эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус байлгах давуу талтай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *