Categories
мэдээ спорт

Н.Хэрлэн 29 секундэд Улаанцутгалангийн мөсөнд авирч хурдны авиралтын рекордыг эвджээ

Өвөрхангай аймгийн БатӨлзий сумын нутаг дахь Улаанцутгалангийн хүрхрээнд Мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн билээ. Энэхүү тэмцээн нь Дэлхийн уулчдын холбооноос гаргасанУул, усаа хамгаалъяуриан дор зохион байгуулагдсанаараа онцлогтой болсон юм. Тэмцээнд 14 багийн 100 орчим тамирчин 14-17 нас, 18-35 нас, 36 наснаас дээш гэсэн ангиллаар өрсөлдөж шилдгээ тодруулсан юм. Энэ удаагийн тэмцээнд зөвхөн нийслэл гэлтгүй хөдөө орон нутгаас олон тамирчид ирсэн гэж Монголын үндэсний уулчдын холбооны дэд ерөнхийлөгч А.Батсүх онцолж байлаа.

АХ ДҮҮ ХОШОЙ АВАРГА

Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлж хошой аварга болсонМонгол даатгалкомпанийн тамирчин, спортын мастер Э.Нямбаяр:

Та мөсөнд авиралтын спортод хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

-2010 оноос спорт авиралт буюу хаданд авиралтын төрлөөр хичээллэж байна. 2012 оноос хойш мөсөнд авиралтын тэмцээнд тасралтгүй орж ирсэн. Харин уулын спортоор өнгөрсөн жилээс эхэлж хичээллэж байгаа. Би аль л авирч болох зүйлд авирах тамирчин хүн.

Тамирчдаас гадна гадаад, дотоодын олон үзэгчид ирсэн байсан?

-Мөсөнд эгц босоо, хүнд авиралтыг хийх боломжтой байдаг. Үүнээс гадна зөвхөн өвөл авирдгаараа их сонирхолтой. Энэ төрлийн авиралт хийдэг тамирчид хүйтэрч Улаанцутгалангийн хүрхрээг хөлдөхийг тэсч ядан хүлээнэ шүү дээ.

Таны хувьд мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж байсан санагдана?

-Өнгөрсөн тавдугаар сард Орост болсон мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцсон. Энэ багт би багтаж олон орны шилдэг авирагчидтай өрсөлдөх боломж олдсон.

Хичнээн орон оролцсон бол?

-Дэлхийн 20 орчим орны хамгийн шилдэг гэгддэг тамирчид өрсөлдсөн. Манайх багаараа зургадугаар байрт шалгарсан. Мөсөнд авиралтын спортыг гаргаж ирсэн гэдэг утгаараа Оросын тамирчид одоогоор дэлхийд ур чадвараараа тэргүүлж байна. Мөн Франц, Швейцарь, Солонгос улсын тамирчид сайн. Манай улсын тамирчдын чадвар дутахгүй.

Танай удамд спортоор хичээллэдэг хүн бий юу?

-Сая энэ тэмцээний бага насны эмэгтэй ангилалд манай дүү Э.Энхзул тэргүүн байр эзэлж хошой аварга болсон. Би өнгөрсөн жил түрүүлж байсан. Энэ жил дахин түрүүлж хошой аварга болоод байна. Манай дүү дэд мастер цолтой. Өөр нэг их спорт гээд байх хүн байхгүй. Эмэгтэй дүү маань намайг дуурайгаад экстрем спортод их сонирхолтой. Хэрвээ өндөр ууланд авирч байгаад сүхээ алдвал дахин цааш авиралтыг үргэлжлүүлэх боломжгүй болдог. Багажгүй цааш явах боломжгүй шүү дээ. Эргэж буугаад сүхээ аваад дахин авирах боломж ч байхгүй.

ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ МАСТЕРУУДТАЙ ӨРСӨЛДӨЖ АВАРГАСАН ОЮУТАН ОХИН

Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн МУБИСийн оюутан, дэд мастер О.Ууганцэцэг:

Таны ангилалд хичнээн хүн өрсөлдсөн бэ?

-Эхний шатанд нэг минут 29 секундын үзүүлэлттэйгээр финальд оролцох эрхтэй болсон. Харин финалийн шатанд нэг минут 50 секундын хугацаанд авирсан.

18-35 насны эмэгтэйчүүдийн ангилалд 30 гаруй тамирчин өрсөлдсөн. Надаас бусад нь спорт авиралтаар олон жил хичээллэсэн, спортын мастер хүмүүс байсан. Бусад авиралтын төрлөөс хамаагүй хүнд л дээ. Нэмэлт багаж хэрэглэхээс эхлээд техникийн үзүүлэлт өндөр. Тиймээс их сандарч байсан.

Энэ төрлийн спортоор хэзээнээс эхэлж хичээллэх болсон бэ?

-Миний хувьд хиймэл болон байгалийн хаданд авирдаг. Мөсний авиралтад гурав дахь удаагаа оролцож байгаа.

Яагаад заавал энэ спортыг сонгох болов оо. Эмэгтэйчүүдэд хүнд спорт санагддаг?

-Би Дархан аймгийн харьяат. Одоогоор МУБИС-ийн спорт аялал жуулчлалын ангид суралцаж байна. Миний мэргэжилтэй холбоотой. Хичээлийн программын дагуу хаданд авиралт хийдэг байсан. Тэгэхэд их таалагдсан. Ер нь уулын спорт эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, авьяас туршлага их шаарддаг.

Н.ХЭРЛЭН УЛААНЦУТГАЛАНД 29 СЕКУНДЫН ДОТОР АВИРЧ РЕКОРД ШИНЭЧИЛЖЭЭ

Энэхүү тэмцээний үеэр Монголын мөсөнд авиралтын хурдны рекордыг эвдсэн түүхэн явдал болсон байна. Учир ньСутайн боруулын клубийн тамирчин Н.Хэрлэн эхний шатанд 24 секундэд авиралтаа гүйцэтгэж хурдны гайхамшигийг харуулав.

Та Монголын мөсөнд авиралтын рекордыг эвдсэн гэсэн?

-24 секундийн хугацаанд авиралтаа гүйцэтгэсэн. Өмнө нь ийм амжилтыг хэн ч гаргаж байгаагүй юм билээ. Мөсөнд авиралтын тэмцээний онцлог нь эхний шатанд нь хурдны үзүүлэлтийг гол шалгуураа болгодог. Харин финалд мөсөнд авирахдаа хэрхэн багажаа ашиглахаас эхлээд техникийн ур чадварыг харж шилдгийг тодруулдаг байгаа. Финалд өрсөлдөөд гуравдугаар байр шалгарсан.

Өмнөх рекорд нь хэдэн секунд байсан юм бэ?

-Өнгөрсөн жилийн яг өдийд гучин хэдэн секундэд авиралт хийж байсан гэсэн.

Мөсөнд авиралтын спортоор хэр удаан хичээллэж байгаа вэ?

-Спорт авиралт буюу байгалийн хаданд гурван жил авирч байна. Энэ жил мөсөнд авиралтын тэмцээнд анх удаа ороод энэхүү амжилтыг эвдсэндээ үнэхээр баяртай байна.

Танай аав бас мэргэжлийн уулчин хүн гэж сонссон?

-Тийм ээ. Би Говь-Алтай аймгийн Тонхил сумынх. Миний аав спортын мастер хүн бий. Хүүхэд байхын л аавынхаа сонирхолд автаж, уул хаданд авирах болсон. Би экстрем спортод дуртай. Тиймээс аавдаа маш их баярлалаа гэж хэлье.

Сурдаг уу. Цаашдаа олон улсын чанартай тэмцээнд оролцох уу?

-Одоо ШУТИС-д дулааны инженер мэргэжлээр сурч байгаа. Мөсөнд авиралтын тэмцээн 2022 оны өвлийн олимпод орох магадлалтай гэгдэж байгаа. Тиймээс би цаашдаа энэ спортоор сайн хичээллэж, бэлтгэл сургуулилтаа сайн базааж олимпод өрсөлдөж эх орныхоо нэрийг гаргахыг маш их хүсч байна гэв. Мөн тус тэмцээний хамгийн содон явдал нь бага насны ангилалд түрүүлсэн Ч.Мандахбаяр тамирчны амжилт байлаа. Тэрээр өдгөө 15 настай ШУТИС-ийн дэргэдэх МСҮТ-ийн оюутан юм. Ч.Мандахбаяр өөрийн насны ангилалд түрүүлснээр насанд хүрэгчдийн ангилалд оролцох боломжтой болсон бөгөөд спорт авиралтын шилдгүүдтэй эн тэцүү өрсөлджээ. Түүний хурд хүч, техникийг уулын спортын тамирчид болон сонирхогчид ихэд үнэлжээ.

Харин багийн дүнгээр энэ удаа “Монгол даатгал” компанийн багийнхан тэргүүн байр эзэлсэн бол аман хүзүүнд Монголын үндэсний спорт авиралтын холбоо, гутгаар байрт Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” уулын клубийн тамирчид оржээ.

“Сутайн бор” клубийн тэргүүн Х.Нямдоо уулын спортын мастер бөгөөд өдгөө залгамж халаагаа бэлтгэж, Монгол Улсад уулын спортыг хөгжүүлэхийн тулд их зүйл хийж яваа нэгэн гэж тамирчид ярьж байсан. Тэрээр энэ удаагийн мөсний улсын аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэж явуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *