Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Гантулга: Цахим орчин дахь хүүхэд хамгаалал

“Өдрийн сонин”-ы Эдийн засаг, нийгэм соёлын мэдээллийн албаны дарга Н.Гантулгын Монголын өдөр тутмын сонины холбооны форумд тавьсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” илтгэлийг хүргэж байна.

Цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал, энэхүү сэдэв бол Монголын нийгмийн өнөөгийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болсон. Өнөөдөр Монгол Улсын хүн амын тоо өчигдрийн байдлаар гурван сая 224 мянга 266 байгаа бол нийт интернэт хэрэглэгчдийн тоо 2 сая 900 мянга. Үүнээс хоёр сая нэг зуун мянга нь фэйсбүүк хэрэглэгч. Хүн амын тоотой харьцуулахад Азидаа тэргүүлж байна.

Сошиал сүлжээ хөгжихийн хэрээр цахим гэмт хэргийн тоо маш хурдтай өсч байна.

Манай улсад цахим гэмт хэргийн хамгийн анхны тохиолдол нь 2008 онд бүртгэгдэж байж. 2010 оны үед нэг жилд 20 орчим цахим гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.Дэлхийд кибер аюулгүй байдлын индексээрээ манай улс 174 орноос 104-т жагсчээ. Тэр тусмаа цахим орчны гэмт хэрэг насанд хүрээгүй хүүхдүүд болон залуус их өртдөг аж. Улаанбаатар хотын 15-20 насныхны 96 хувь нь өдөр бүр фэйсбүүк ордог байна. Ирээдүй хойч үе цахим ертөнцөд ингэж донтох байдлаар нэвтэрснээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал алдагдахад хүрээд байна. Учир нь фэйсбүүкт донтсон хүүхэд адгийн наад зах нь хичээлээ давтахаа больсон. Багш хичээлээ зааж байхад зүгээр л утсаараа оролдоод, нэг нэгэн рүүгээ шалдан зургаа явуулаад, түүнийгээ хараад кайф аваад сууж байдаг.

Хоёр жилийн өмнө багш нь хичээлээ зааж байхад дунд сургуулийн сурагчид багшийнхаа араас бүгд босоод салаавч гаргаж буй зураг цахимаар явж байсан. Үнэн байдал ийм байна. Монголын залуу үе ингэж бүдүүлэг зэрлэг болохын зэрэгцээ цахим гадуурхал гэх цааз бий болсон. Хүүхдийн сэтгэл зүйд айхтар нөлөөлж эцэст нь амиа хорлоход хүргэж буйг доорхи жишээ баримтаар хэлье.

“Охин шиг царайтай банди манай сургуулиас зайл” гэсэн давалгааг фэйсбүүкээр өрнүүлжээ. Сургуулийн ихэнх хүүхэд тэр давалгааг дэмжиж, наймдугаар ангид сурдаг өнөөх хүүг найзаасаа хасч эхэлсэн байна. Сургууль даяараа түүнийг шоолж, найз нөхөдгүй болсон хүү амиа хорложээ. Мөн ангийн хоёр охин муудалцсаны дараа нэг нь нөгөөгөө чадах гэж ганцаардуулах хөдөлгөөн өрнүүлжээ. “Бусдын хайрыг булаагч охин. Бэлгийн замын халдварт өвчинтэй. Аборт хийлгэсэн” гэх зэргээр гүтгэн фэйсбүүк хуудастаа тавьжээ. Түүнийг нь хүүхэд бүр шэйрлэн бие биендээ дамжуулж, зарим нь найзаасаа хасч эхэлсэн байна. Үр дүнд нь охин гурван ч удаа амиа хорлох оролдлого хийсэн байна. Энэ бол Сонгинохайрхан дүүрэгт болсон явдал.“Биеэ үнэлдэг сурагч охин ангийнхаа хөвгүүдэд ДОХ тараалаа”, “Халтруудаас салъя” гэх фэйсбүүк давалгаануудыг баримтаар хэлж болно.

Фэйсбүүк хуудсанд “ЭМО” нэртэй нууц групп хүүхэд залуусыг гишүүнээр элсүүлэн, даалгавар гүйцэтгүүлэх замаар амиа хорлох сэдэл бүхий тоглоом тоглуулж, садар самуунд уруу татаж, шашны зан үйлд уриалан дууддаг байсныг илрүүлж, хэргийг таслан зогсоосон. Мөн иргэн Б гэгч нь хуурамч хуудас үүсгэн бага болон өсвөр насны 200 гаруй охидтой нэг жилийн хугацаанд харилцаж, итгэл олон замаар хагас, бүрэн нүцгэн зургийг нь авч, түүгээрээ дамжуулан дарамтлан, бэлгийн харилцаанд ордог байсан нь тогтоогдсон. Яг энэ орчинд ажиглагдаад байгаа бас нэг зүйл нь “Санхүү өгнө”, “Санхүү авна”, “Сайн ахтай болъё” “Хөөрхөн дүүтэй болж, санхүүгээр дэмжинэ” гэхчлэн хүмүүсийг садар самуунд уруу татах тохиолдол юм.Зарим тохиолдолд иргэд өөрийн мэдэлгүй гэмт хэргийг золиос, гол бай нь болчихсон байдаг.

Харин үүнийгээ мэдчихээд хаана, хэнд хандахаа мэддэггүй. Эцэг эхээсээ айж, бодит байдлыг нуудаг. Мөн нэр хүндээ алдахаас эмээж, гэмт этгээдийн дарамтыг хүлээж авдаг нь тэднийг улам өөгшүүлдэг байна. Одоогоор 33.856 гишүүнтэй “Санхүү өгнө авна” гэсэн нууц группийг устгасан. Мөн садар самуун сурталчилдаг 14.190 гишүүнтэй “Санхүүгийн туслалцаа” болон “Санхүү өгнө авна”4.408 гишүүнтэй группийг иргэдийн туслалцаатай хаасан гэдгийг Цагдаагийн Ерөнхий газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга хошууч Д.Будзаан мэдэгдсэн.

“Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт Төрийн ордны их танхимд болсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын хүүхдийн сан зэрэг байгууллагууд оролцсон. Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо дэмжин оролцсон.

Энэ үеэр Цахим бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Н.Учрал: Хамгийн чухал нь цахим сүлжээтэй холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хүүхдийн эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн зохицуулалтыг чангатгах хэрэгтэй. Ирэх намрын чуулганаар Хүүхдийг цахим орчинд хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр ажиллах болно гэж мэдэгдсэн билээ.

Сүүлд нь хэлэхэд, Хүүхдийг цахим орчноос хамгаалах хууль хэрэгтэй болжээ.Үндсэндээ Цахим орчны тухай хуулийг Монгол Улсын Их хурал даруй батлан гаргах хэрэгтэй байна. Ухаалаг утсыг хориглоно гэдэг эхний алхам. Гэхдээ энэ бол сургуулийн орчинд л байгаа. Хууль гаргахгүй бол ямар ч хэрэггүй.Монголын гэрэлт ирээдүй үр хүүхдийн амиа хорлоход хүргэсэн, нэгнээ үзэн ядахад хүргэсэн, ахас ихсээс аваад ачит багшаа хүртэл үл хүндэтгэхэд хүргэсэн одоо зогсоох цаг нь болжээ. Монголын ирээдүй ийм бүрхэг болоод ирэхээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын дархлаанд ч нөлөөлж болохоор байна.