Categories
мэдээ цаг-үе

Н.Ганхуяг: Би жүжгийн зохиолын эрэлд л явдаг хүн

Улсын драмын эрдмийн театрын Уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуягтай ярилцлаа.


-Аливаа театр үзвэрийн жилийн нээлтдээ ихэд ач холбогдол өгдөг. Нээлтийн жүжиг гэдэг үзэгчдийн сонирхлыг татдаг. Танай театр өнөө жил гадаадын зохиолчийн бүтээл болох “Оддын өвчин” жүжгээр үзвэрийн жилийн нээлтээ хийж байна?

-Манай театр өнөө жил 88 дахь үзвэрийн жилийн шинэ жилээ нээж байгаа юм. Арваннэгдүгээр сарын дундуур нээлтээ хийдэг нь ямар учиртай юм гэхээр 1931 оны арваннэгдүгээр сарын 12-нд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх товчооны тогтоолоор Улсын төв театр байгуулагдсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 12 гэдэг бол манай театрын төрсөн өдөр юм. Яахын аргагүй мэргэжлийн, орчин цагийн театрын эцэг, ууган театр. Манай театраас урлагийн олон байгууллага салбарлаж үүссэн, хөгжсөн. 1935 онд “Монгол кино” үйлдвэр, 1948 онд манай хаяа залгаа байрладаг “Хүүхэлдэй театр” маань тусдаа гарч байлаа. Тус театрынхан сая 70 жилийн ойгоо хийлээ. Орон нутагт л гэхэд Дорнод аймгийн театр 70 жилийн ойгоо тэмдэглэлээ. Улсын цирк, Дуурийн театр, Үндэсний урлагийн их театр буюу хуучнаар чуулга гээд л энэ бүгд чинь манай театраас эх авч, салбарласан юм байгаа юм. Энэ театрт ажиллаж байсан жүжигчид, найруулагчид, зохиолч, зураачид бүгд дээр дурдсан байгууллагуудад очиж үндэс суурийг нь тавьсан түүхтэй ийм аугаа том театр.

Би Багшийн дээдийн Кино, драмын ангийг төгсөөд энэ театрт жүжигчнээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Хэдийгээр жүжигчний ангийг төгссөн ч өөрийгөө жүжигчин гэж хэлэхээсээ ичдэг, зовдог хүн. Ер нь бол амьдралынхаа ихэнх хугацааг жүжигчин, найруулагч бэлтгэхийн төлөө явж ирсэн. СУИС-д 30 шахам жил багшилж байна л даа. Театрт ирээд ажиллахдаа жүжигчин гэхээсээ илүүтэй найруулагчдыг дагаж туслах найруулагч, ассент найруулагчаар нэлээд ажилласан.

Ардын жүжигчин Б.Мөнхдорж багш бол урлагийн цагаан толгой заасан багш минь. Намайг 1976 онд Багшийн дээдийн Кино, драмын ангид ороход багш маань Москвагийн А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуулийг дөнгөж төгсөөд ирсэн залуухан найруулагч байлаа. Энэ театрт ажиллаж байх үед Г.Доржсамбуу найруулагч төгсч ирээд ид ажиллаж байлаа. “Найрын ширээний ууц”, “Нора” жүжгүүдээ тавихад нь би “Нора” жүжгийн туслах найруулагчаар нь ажилласан. Найруулагчийн ажлыг илүүтэй сонирхсон л доо. Жүжигчин гэхээсээ илүүтэй бичих, судлах тал руугаа их явсан. Жүжигчин болж чадахгүй нь гэдгээ ухаарсан гэдэг нь ч хаашаа юм (инээв). Тэгээд л тэр тал руу, найруулагчийн ажил руу явсан даа. Найруулагч багш нар маань ч тэр тал руу их зүглүүлсэн. Э.Оюун багш маань энэ мэргэжил рүү их зүглүүлсэн. Өнөө жил Э.Оюун багшийн маань 100 жилийн ой тохиож өргөн дэлгэр сайхан болж байна. Таны асуусан асуултаас жаахан холдох гээд байна уу даа.

-Харин ч сонирхолтой санагдаж байна?

-Энд ажиллаж байгаад Беларусьт найруулагчаар төгсч ирээд энэ театртай салшгүй холбоотой болсон. Би долоо, найман жүжиг найруулж тавьсан байдаг. Хамгийн гол юм нь судалгааны ажил. Энэ театрын үүсэл хөгжлийн түүхээр урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. Яах аргагүй энэ театраас ниссэн, үүрээ гэж бодвол эндээс ниссэн шувуухай. Хол ниссэн шувуу эргэж үүрэндээ буудаг. Алтан үеийнхээ жүжигчдийг шүтдэг. Тэднийхээ бүтээл туурвил, жүжиглэх арга барил бүхнийг судалж явна. Өнгөрсөн зунаас театрынхаа уран сайхны удирдагчаар ажиллаж эхэлсэн. Манай театрын урын сан бол дэлхийн сонгодог бүтээлүүд дийлэнх хувийг эзэлдэг. Үндэсний зохиолчид Д.Намдаг, Л.Ванган, Ч.Лодойдамба, Д.Батбаяр, С.Жаргалсайхан гээд хүмүүс бол наддаа сонгодог болж үлдсэн. Эдний бүтээлүүдийг тавьдаг. Тэр уламжлал хэвээр хадгалагдаж яваа. Урын сангийнхаа бодлогод өнөөдрийн цаг үеийн урсгал, үзэгчдийн эрэлт хэрэгцээ, нийгмийн эмзэглэл бүхнийг заавал тооцоолох ёстой. 2028 он хүртэлх арван жилийн хөтөлбөр боловсруулж Уран сайхны зөвлөлөөрөө хэлэлцүүлж тэд маань талархан дэмжсэн. Ажил урагштай, өөдрөг, эрч хүчтэй сайхан явж байна. Америкийн зохиолч Кен Людвиг бол зохиол бүтээлээрээ надтай болон манай театртай танил гэж хэлж болно. 2009 онд түүний “Гол дүрийн амрагууд” жүжгийг миний бие найруулан тавьж байсан. ардын жүжигчин Н.Сувд орчуулагчаар нь ажилласан. Тэр үед залуухан жүжигчид гэгдэж байсан манай жүжигчид одоо дунд үе рүүгээ ороод ирэв үү дээ. С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Д.Ганцэцэг, Ц.Цэрэнболд, Б.Баттөмөр гол дүрүүдэд нь тоглосон. Бас Ардын жүжигчин Д.Мэндбаяр эгч, талийгаач, аугаа жүжигчин Мажигсүрэнгийн Цолмонбаатар ах маань тоглож байлаа. Ийм сайхан түүхтэй жүжиг. Олон жил тайзнаас буулгүй тоглогдсон бүтээл. “Оддын өвчин” гэдэг энэ жүжгийг сонгож олж авч орчуулсан. Олох гэдэг их хэцүү.

-Хэр удаан эрэл хайгуул хийж, яаж олж авав?

-Би жүжгийн зохиолын эрэлд л явдаг хүн шүү дээ. Театр гэлтгүй, хөдөө орон нутгийн театрыг толгойлж буй шавь нар, хошин урлагийн хамтлагууд надаас байнгын зохиол нэхээстэй байдаг юм. Энэ зохиолыг олчихоод өөрөө найруулна гэж бодож байлаа. Тэгж ч тооцоолж байсан.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу надад “Уран бүтээлийн чанар, жүжигчдийг өсгөх, дэвжүүлэх, авьяасыг нээх нөгөө талаасаа үзэгчдийг дуудсан тийм зохиол байвал энэ намар жүжиг хийе ээ” гэж санал тавьсан юм. Хэд хэдэн зохиол санал болгосноос “Оддын өвчин” жүжгийг театрынхнаараа хэлэлцүүлээд тавих нь зөв юм байна гэж тогтсон. Тэгээд л жүжгийн бэлтгэлээ эхлүүлсэн дээ. Манай Ч.Түвшин найруулагчид их таалагдсан. Таалагдана гэдэг жүжгээ мэдэрч байна гэсэн үг. Дийлэнх нь залуу жүжигчид байгаа. Дүрүүд нь ч ийм нөхцөлийг шаардаж байгаа. Хүчтэй бүрэлдэхүүн ажиллаж байна. Зураачаар Сундуйн Ариунболд гэж зураачдын дунд лидер болсон уран бүтээлч ажиллаж байна. Авангардизмын чиглэлээр тайз заслаа шийдсэн. Уг нь бол жүжгийн үйл явдал нэг зочид буудалд өрөө дамжаад болж байгаа үйл явдал л даа.

-Драмын жүжиг сонирхдог үзэгчдийн тоо өсч байна уу, буурч байна уу. Социализмын үед бол тасалбараа урьдчилаад авчихдаг байсан тухай том жүжигчид ярьдаг. Одоо тийм зүйл байна уу?

-Гадаадын орнуудад жилийн өмнөөс үзэх суудлаа захиалчихдаг. Манайд бол тийм ойлголт байхгүй байна л даа. Ер нь бол манай театр үзэгчдийг зохион байгуулдаггүй. Гэхдээ үзэгчдийн ирдэг хувь өсдөг, саардаг тийм давтамж бий. Манай театр үзэгчдийн урсгалыг өөр рүүгээ татчихсан. Э.Оюун багшийн маань “Би эндээс явахгүй” жүжгийг Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар саяхан тавьсан. Бидний төлөвлөж тооцоолж байсан графикийг эвдэж маш олон удаа үзэгчдийн хүсэлтээр тоглогдсон. “Парисын Дарь эхийн сүм”, “Гамлет”, “Ромео, Жульетта”, “Тэнгэрийн хүү” гээд л ар араасаа үзэгчдийг дуудсан жүжгүүд байсан л даа. Энэ талаараа манай театрыг зорих үзэгчдийн урсгал улам л нэмэгдэж байгаа. Ийм сайхан үе байна.

-Кино үзэх, ном унших, драмын жүжиг үзэх нь тухайн хүнд хоногших, сэтгэлд үлдэх хувь нь харилцан адилгүй. Гэхдээ уншсан ном, үзсэн жүжиг гэдэг үлдэцтэй юм шиг ээ. Яагаад вэ гэвэл жүжигчид нь тайзан дээр, яг хажууд байгаа нь өнөө амьд мэдрэмж гэдэг зүйлийг өгдөг болоод тэр байх аа?

-Тэгэлгүй яахав. Жүжигчдийн тоглолт хэдийгээр дэлгэц дээр буугаад байгаа боловч тэр чинь амьд юм биш шүү дээ. Театрын тайз гэдэг бол үзэгчид, жүжигчдийн хооронд мөнхийн амьд харилцаа явагдаж байдгаараа урлагийн бусад төрлөөс давуу бөгөөд аугаа шинж чанар нь тэнд оршиж байгаа юм. Жүжигчдийн тоглолтыг үзэгчид яаж хүлээж авч байгаагаар, тухайн жүжигчин дүрдээ орох нь зүйн хэрэг л дээ. Гэхдээ үзэгчдийн реакц, сэтгэл хөдлөл, баярлах гомдохыг мэдэрч тоглож байдаг. Туршлагатай жүжигчид бол үзэгчдийн хариу үйлдэл, хүлээн авалтад тохируулаад тоглоод явчихдаг. Манай туршлагатай жүжигчид хэлдэг л дээ. Кино засч болдоггүй, жүжгийг тоглолтоос тоглолтын хооронд засч сайжруулаад явчихдаг гэдэг. Үүнд зарим хүн итгэдэггүй ч байх. Гэхдээ нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй нэг тийм онцгой зүйл бий. Жүжигчид “Өнөөдөр энэ хэсэг дээр тэгж хүлээж авсан шүү. За, энийг дараагийн тоглолт дээр ингэх ёстой юм байна” гээд явчихдаг. Тэр байтугай өдөр өдрийн үзэгчдийн бүтэц бүрэлдэхүүн өөр шүү. Нэг удаад зохион байгуулалттайгаар бөөнөөр ирсэн хүмүүс байлаа гэхэд тэрэнд нь тохируулаад тоглочихдог байх жишээний. Өнөөдрийн үзэгчдийн дийлэнх нь тийм хүмүүс байгаа юм байна аа, тэгвэл ингээд тоглоно гээд явчихдаг.

-Намтарт нь Драмын театрт тодорхой хугацаанд ажиллаж байсан гэдэг тодорхойлолт орсон байвал тухайн жүжигчнийг үнэлэх үнэлэмж нэг шатаар ахидаг. Яагаад вэ гэвэл драмын театр бол өндөр босготой, тайзан дээр нь баргийн жүжигчин гишгэдэггүй газар гэж бодож болох уу?

-Яг болно. Энэ театрт насаараа ажилласан мөртлөө гол дүрд тоглож үзээгүй жүжигчин хүртэл бий. Зарим жүжигчид нь гол дүрд, оройлж тоглодог. Зарим жүжигчид нь түшиг тулгуур болж тоглодог. Жүжигчин болгон гол дүрд тоглоод байх ёсгүй. Өнөөдөр манай залуу жүжигчид гол дүрд тоглохын хүслэн болчихсон.

Манай Гомбосүрэн багш (хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Гомбосүрэнг хэлэв.сурв) өөрөө ярьж байсан юм. 1942 онд “Мандухай цэцэн хатан” жүжиг тавигдахад анх энд дагалдан жүжигчнээр орсон байдаг. Тэр үед “Амарсанаа”, “Хатанбаатар Магсаржав”, “Шарай голын гурван хаан”, “Цогийн идэр нас”, “Ийм нэгэн хаан байжээ” гээд олон жүжиг тавигдсан. Энэ нь манай театрын өнгө, будаг болсон оргил үе нь байх. Тэгэхэд Гомбосүрэн багш тэр жүжгүүдийн аль нэг дүрийг өөрт нь хуваарилж өгөөгүй байхад эдгээр жүжгүүдийн бүх дүрийг хүний нүднээс далд очиж бэлдчихсэн байсан гэдэг. Хэзээ нэгэн цагт “Энэ дүрд хэн тоглох вэ. Бэлэн хүн байна уу” гэхэд багш маань “Би бэлэн” гэж хэлж гарч ирэхэд бэлэн болчихсон байсан. Ингэж өөрийгөө бэлддэг байсан гэж өөрөө ярьдаг байсан юм. Багш маань “Би 10 жил дагалдан явсан” гэсэн. 1942 онд дагалдан жүжигчнээр ажилд ороод 1950 он хүргэж байж л “Энд Отелло алхаад байна шүү” гэдгийг мэдрүүлсэн. “Отелло”-д тоглох жүжигчин байхгүй бол тэр жүжгийг тавих гээд ч яах юм билээ. Тийм ээ. Тэгтэл “Отелло”-д тоглох жүжигчин нь энэ бүх шалгуур дундаас гарч ирсэн байсан. Ингээд 1955 онд “Отелло” Монголд заларсан. Гомбосүрэн багшийн маань тоглох тохироо нь ч бүрдсэн байсан. Жүжигчин хүний амьдрал тэмцэл, зориг. Тэдний тэмцэл ингэж л явдаг юм байна.

-“Оддын өвчин” жүжиг маргаашнаас эхэлж тайзнаа гарах юм байна?

-Энгийнээр хэлэхэд үзэгчдэд өгөх мессэж гэдэг ч юм уу, бид бол жүжгийн туйлын зорилго гэж томьёолдог юм. Энэ жүжгийг анх сонгоод орчуулахдаа өнөө цагт их дүйцсэн жүжиг юм аа гэж бодсон. “Оддын өвчин” гэдэг нь өвчин гэж шууд утгаараа биш юм аа. Оддын хэнээрхэл, оддын хийрхэл, оддын шаналан, оддын зовлон гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй юм. Өнөөдөр Монголд яагаад Чингис хаан шиг лидер төрөхгүй байгаа юм. Эсвэл бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу. Бүгдээрээ од, лидер болох гээд доороо ч, дээрээ ч ийм их тэмцэл зөрчилтэй байгаа юм уу. Энэ бүхнийг жүжигчний амьдралаар дамжуулж л энэ санааг нийгэмд өгөх гэсэн юм. Өөрөө өөрийгөө од гээд байдаг. Гэтэл дэргэдэх нь хүлээн зөвшөөрдөггүй. Тэрнээсээ болж хоёулаа шаналдаг. Тэр нь зовлон болдог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *