Categories
мэдээ цаг-үе

Н.Энхтайван: Үргүйдэл болсон тохиолдолд онош зөв гаргах нь хамгийн чухал

Үргүйдлийн шалтгааны талаар “АСЭ” эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Н.Энхтайвантай ярилцлаа.


-Манайхны хувьд үргүйдэлд өртөөд байгаа гол шалтгаан нь юу байна?

-Хэвлийн хөндийн наалдац буюу үрийн хоолой битүүрэх шалтгаан илүүтэй зонхилж байна. Энэ нь манай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэнддээ сайн анхаарал хандуулдаггүй, дутуу эмчилдэг, гэр бүлийн төлөвлөлтийн асуудал байхгүй, бэлгийн харилцаанд орох соёл дутмаг буюу бэлэг эрхтэнээ угаах, эрүүл байх, өөрчлөлт гарвал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх ёстой зэрэг энэ талын мэдлэг дутуу дульмаг байгаатай холбоотой юм.

-Тэгэхээр ямар байдлаар үргүйдэл болсон нь илэрч байна вэ?

-Хосууд жирэмслэлтээс хамгаалах арга огт хэрэглэхгүй нэг жилийн турш тогтмол бэлгийн харьцаанд орж байгаа тохиолдолд жирэмслэхгүй бол үргүйдэл гэж үзнэ. ДЭМБ-ын судалгаагаар эрчүүдийн 30 хувь, эмэгтэйчүүдийн 60 хувь нь үргүйдэлтэй гэсэн байдаг. Харин 10 хувьд нь нөхөр, эхнэр хоёулангаас нь буюу хавсарсан байдлаар үргүйдэл үүссэн байх тохиолдол бий. Мөн дааврын гаралтай үргүйдэл гэж байна. Эр бэлгийн эсийн үйл ажиллагаа алдагдснаас болоод төмсөгнөөс эр бэлгийн эс боловсорч гарахгүй байх тохиолдол бий. Нөхөр, эхнэр хоёр бэлгийн харилцаанд орсон тохиолдолд энэ хоёр эс умайн саваар дамжаад үрийн хоолой дотор уулзаж үр тогтох ёстой байдаг. Мөн үрийн хоолойн битүүрлээс шалтгаалсан үргүйдэл үүсч байна. Үүний гол шалтгаан гэвэл үтрээгээр гарах цагаан зүйл ихсэх, бэлгийн замын халдварт өвчин авах, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнийг дутуу эмчлэх, үр хөндөлт, зулбалт, спираль, ерөндөг болон янз бүрийн шалтгаантай мэс засал хийгддэг зэргээс болж байна. Тодруулбал, хийсвэр хагалгаа, умайн савны гадуурхи жирэмсэлт, олгой, түгжрэл зэрэг олон шалтгаант наалдацаасаа болоод үрийн хоолой битүүрчихдэг тохиолдол бий. Монголд гэлтгүй Дэлхий нийтэд эрчүүдийн үргүйдлийн тоо, давтамж ихсэж байгаа. Энэ нь ерөнхийдөө хотжилт буюу нийгэмтэй холбоотой. Мөн ажлын нөхцөл, өндөр хүчдэл, цахилгаан хэрэгсэл, компьютер, цацраг идэвхит болон уул уурхай гээд олон хүчин зүйл нөлөөлж байна. Хоол хүнстэй ч холбоотой. Органик хүнс хэрэглээд байна уу, органик бус хүнс хэрэглээд байна уу гэх мэтээр хяналт тавьж, амьдрах орчин хоол хүсэндээ хүртэл анхаарах хэрэгтэй байна.

-Үргүйдэлд өртсөн гэр бүлүүд ямар арга хэмжээ авах, яаж эмчлүүлэх ёстой юм бэ?

-Хамгийн эхлээд шалтгааныг тодорхойлох ёстой. Ингэхийн тулд эхнэр, нөхөр хоёулаа хамт эмчтэйгээ уулзаж, зөвлөгөө, шинжилгээнд орох ёстой. Эмэгтэйчүүд өөрөөсөө болоод байна гэж сэтгэл санаагаар унаж ганцаараа эмнэлгээр явж үзүүлэх тохиолдол нэлээд байдаг. Эрчүүд болохоор дур тавьж байгаа болохоор би эрүүл гээд бодчихдог. Гэвч эр бэлгийн эсийн доторх тоо, хөдөлгөөний хурд зэргийг заавал үзэх ёстой байдаг. Иймээс хоёулаа хамт очсоноор үр дүн хурдан гарна. Эмэгтэй хүний эм бэлгийн үйл ажиллагаа буюу эм бэлгийн эс нь хэр зэрэг боловсорч байна гэдгийг эмч эход харж мэднэ. Үүнийг дурын нэг өдөр үздэггүй, яг жирэмсэн болдог голын хоногоор эход харж байгаад өндгөвч дээр эм бэлгийн эс боловсорч байгааг тодруулна. Эхогоор харахаар хоёр см орчим уйланхай харагддаг. Уйланхай хагарахаар эм бэлгийн эс боловсорч гарна. Дараагийн ээлжинд эрэгтэйгээс үрийн шингэний шинжилгээ авна. Энэ нь эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөн, хурд нь ямар байна гэдгийг тодруулах зорилготой. Үүний дараа хоёр эс умайн үрийн хоолойгоор дамжин хоорондоо уулзах ёстой. Уулзах замд өөрчлөлт байна уу, үгүй юу гэдгийг дараа нь үрийн хоолойн зурагаар хардаг. Тэгэхээр үргүйдэл гэдэг асуудалтай тулгарсан гэр бүл, үр хүүхэдтэй болохын тулд нэн тэргүүнд эмэгтэйчүүдийн эмчид хандаж шалтгаанаа тодруулах хэрэгтэй байгаа юм. Эмч нэг удаагийн үзлэгээр өндгөвч, эм бэлгийн эс боловсорч гарч байгаа эсэх болон үрийн хоолой зэргийг үзээд хэвийн гэж хэлэх бас боломжгүй. Энэ бол сарын тэмдэг, мөчлөг, хоногтой холбоотойгоор эмч тодруулах үеэс хамаарч цаг хугацаа ордог. Эхнэр, нөхөр хоёулаа хамт үзлэг, шинжилгээнд хамрагдаж явснаар хоёр сар орчим хугацаанд онош тавигдана. Харин онош тодруулахгүйгээр эм, тан ууж, хүмүүсийн ам дамжсан эмнэлэг, эмчээр явах буруу.

-Үргүйдлийг эмчлэх ямар арга байна вэ?

-Гэрийн нөхцөлд “Овул тест” гэж тусгай шалгадаг тестээр үзээд уйланхай хагарч тод зураас гарсан үед эхнэр, нөхөр бэлгийн харилцаанд орвол жирэмсэн болох магадлал өндөр. Харин эрэгтэйн эр бэлгийн эсийн тоо цөөхөн, хөдөлгөөн бага байвал эр бэлгийн эсийг угааж, цэвэрлээд умайн хөндийрүү цацдаг арга бас бий. Ингэснээр эр бэлгийн эсийн хөдөлгөөний тоо нэмэгдэнэ. Ямар ч эр бэлгийн эс байхгүй бол төмсөгийг зүсэж байгаад дотор талаас нь нөгөө эр бэлгийн эсийн эдийн шинжилгээгээр эр бэлгийн эс байгааг тодруулах юм. Ингээд төмсөгнөөс нь авдаг арга бас байна. Энэ бол нарийвчилсан арга. Үрийн хоолой битүүрсэнийг зургаар тодруулдаг. Үүний дараа дурангийн хагалгаанд ороод үрийн хоолойн битүүрлээс салгаж болох эсэхийг тодруулна. Харин эр, эм хоёрын үрийн хоолой битүүрчихсэн, хагалгаа мэсийн арга ашиглах ямар ч боломжгүй бол үр шилжүүлэн суулгах арга байна. Эр, эм бэлгийн эс хэвийн, умайн савны хэлбэр хэвийн бол үрийн хоолой битүүрэхээс айх хэрэггүй.

-Үргүйдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ер нь үргүйдлээс урьдчилан сэргийлэхийн тулд хөвгүүдэд багаас нь төмсөгний гэмтэл авхуулахгүй байх, халдварт өвчнөөр өвдүүлэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Мөн төмсөг нь хэвлийн хөндийдөө байрласан нь бууж ирсэн байна уу, үздэг, шалгуулж урологийн эмчид үзүүлж байхад буруутахгүй. Охин хүүхэд дээр сарын тэмдэг тогтмол ирж байна уу, өвдөлттэй ирж байна уу, хэмжээ нь их байна уу зэргийг мөн анхаарч байх хэрэгтэй. Охидын сарын тэмдэг нь алдагдаад байвал эмчид үзүүлж, зөвөлгөө авах хэрэгтэй. Сарын тэмдэг ирснээс хойш тодорхой хугацааны дараа нэг мөчлөгтэйгөөр сарын тэмдэг ирдэг. Үүний дараа хүсээгүй жирэмсэлт, гэр бүл төлөвлөлт, хэзээ жирэмслэх, яаж жирэмслэлтээс хамгаалах энгийн аргуудыг заавал мэддэг байх нь зөв болоод байна. Энэ нь эхнэр, нөхөр хоёрын мэдсэн байх ёстой, үүрэг юм. Мэдэхгүй бол эмчээс зөвөлгөө авах хэрэгтэй. Мөн үр хөндөлт, зулбалт, бэлгийн замын халдварт өвчин зэргээс урьдчилан сэргийлж байх ёстой. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хоёр хоёулаа өөрийнхөө эрүүл мэнддээ анхаарч, бэлгийн харилцааны соёл гэж үүнийг сураад, ариун цэврийг сахиад явбал эрсдлээс гарахгүй байна. Мөн хүүхэд насанд гахайн хавдар өвчнөөс сэргийлэх буюу өвчилсөн тохиолдолд сайн анхаарах. Энэ өвчнөөр эрэгтэй хүүхэд өвчилсөн тохиолдолд маш сайн анхаарч байхгүй бол төмсгөнд нь нөлөөлдөг. Нөлөөлвөл бараг 100 хувь үргүй болдог. Мэдээж үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчин болон даарч, хөрөхгүй байх нь чухал. Мөн ажлын нөхцөл, төмсөгний гэмтэл, суудлын өвчин буюу хөдөлгөөний дутагдалтай холбоотойгоор төмсөгний Вени судас өргөсөхөөс сэргийлэх хэрэгтэй. Вени судас гэдэг нь төмсөг тодорхой темпаратур буюу 37 градуст байх ёстой байдаг. Ингэж байснаар эр бэлгийн эсээ ялгаруулдаг. Вени судаснууд өргөсөөд ирэхээр төмсөг хэтэрхий халаад эр бэлгийн эсээ ялгаруулахаа болих аюултай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *