Categories
мэдээ цаг-үе

Н.БҮТЭНБАЯР: Аавынхаа байгуулсан оркестрыг нэр төртэй авч яваадаа баярлах юм

Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Ерөнхий удирдаач Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Н.Бүтэнбаяртай ярилцлаа. Түүний Улсын Филармонийн уран сайхны удирдагч, хөгжмийн удирдаачийн уран бүтээлийн 25 жилийн ойн тоглолт ирэх даваа гаригт ДБЭТ-т болох гэж байна.

-Та аавынхаа анх үүсгэн байгуулсан симфони найрал хөгжим, Улсын филармонитой хувь заяагаа холбоод хэдийнэ 25 жил болчихжээ. Тэгэхээр даваа гаригт хийх ”Өнө мөнхийн эгшиглэн” нэртэй уран бүтээлийн тоглолт тань их баялаг дуурьсалтай содон тоглолт болох байх аа?

-Тоглолт маань гол нь, аавын төрсөн өдрөөр тохиож байгаа юм. Аав маань зургадугаар сарын 15-нд төрсөн. Хөгжмийн урлагийг удам дамжуулан авч явж байгаагийн хувьд, мөн миний охин, зээ охин гээд цааш нь энэ урлагийг залгамжлаад явж байгаа учраас тоглолтоо “Өнө мөнхийн эгшиглэн” гэж нэрлээд түмэн олондоо аавынхаа төрсөн өдрөөр хүргэе гэж бодсон юм. Уг нь өнгөрсөн тавдугаар сард хийе гэж бодож байсан боловч Филармони их ажилтай учраас хойшилсоор одоо л хэд хоног гаргаж бэлдэж байна. Ер нь он жил их хурдан өнгөрөх юм аа. Үнэндээ хурдан өнгөрөх юм. Эргээд бодох нь ээ, энэ 25 жил ерөөсөө л нүд ирмэхийн зуур өнгөрч шүү дээ. Яг сайхан юм хийх тийм гоё цагтаа тулаад иртэл нэг мэдэх нь ээ л тэтгэврийн нас нь болчих юм. Гэхдээ бас өөрөөрөө бахархаж явдаг юмаа хуваалцахад, аавынхаа энэ нөр ажлыг 25 жилийн турш нэр төртэй сайхан аваад явлаа. Өөрийнх нь бүтээн байгуулж үүсгэсэн оркестрыг нэр төрийг нь хугалалгүй, нэлээн өндөр түвшинд, дэлхийн түвшинд авч яваадаа би баярладаг юм.Өнөөдөр гадаад улс орнуудаас олон сайхан удирдаач ирж бидэнтэй хамтарч ажиллаж байна. Энэ бол манайх дэлхийн түвшиндээ байгаагийнх юм шүү. Дэлхийд өндөр биш юмаа гэхэд зохих түвшиндээ бид явж байна. Ирж байгаа удирдаач нар сэтгэгдэл их өндөр байдаг. Ази тивдээ нэлээн дээгүүрт орно шүү. 2003 онд бид Японд очоод тоглоход Монголд ийм симфони оркестр байдгийг мэдэх бүү хэл ойлголт ч бараг байгаагүй. Маш их гай­хаж байсан. Тэгэхэд тэнд Асашёорюүгийн нөлөө их байлаа. Эхний өдөр өөр улсын оркестр тоглоход заал 70 хувьтай байхад манайх зуун хувь, битүү байлаа шүү дээ. Тоглолт эхлэхийг хүлээгээд чив чимээгүй байсан танхим дүүрэн үзэгч Асашёорюүг ороод ирэхэд бүгдээрээ нирхийтэл босоод л. Ямар их хүндэтгэл вэ гэж гайхаж билээ. Ид барилдаж байсан үе нь. Японд тэр хүний нэр хүнд үнэхээр гайхалтай юм билээ. Манай оркестр тэгэхэд маш сайн тоглосон. Би үүнийг хааяа гайхуулж хэлмээр л байдаг юм.

-Тэгэхэд ямархуу хөтөлбөртэй явсан бэ?

-Үнэхээр сайхан зохио­луудаас шилж байгаад авч явсан. Монголынхоо Шаравыг ч эгшиглүүллээ, дэлхийн сонгодог сайхан бүтээлүүдээс тоглосон. “Лоэнгрин”-ийг тэнд бид тоглосон. “Лоэнгрин” гэдэг чинь жинхэнэ том зохиол л доо. Ийм том зохиолыг яаж ийгээд сайхан тоглож эгшиглүүлсэндээ бас бахархдаг юм.

-Рихард Вагнер өрнийн сонгодгуудаас хамгийн хүнд сэтгэлгээтэй нь гэдэг шүү дээ. Тэгээд ч маш эртний сэдвээсээ авахуулаад “Лоэнгрин” том бүтээл байлгүй яахав?

-Ёстой харин үүн дээр би оркестрынхоо түвшинг ямар өндөр байгааг илт мэдэрсэн. Үүнээс хойш арван хэдэн жил өнгөрч. Улам л сайжраад байна. Манай Филармонийн сүүлийн жилүүдэд хийсэн том тоглолтуудын нэг “Ногоон хэрэм” гэж төслийн хүрээнд байгаль экологио хамгаалах үзэл санаатай тоглолт болсон юм. 2005 билүү 2006 онд байх аа. Түүн дээр Хятадын том хөгжмийн зохиолчийн дэлхийд алдартай зохиолыг Одгэрэл маань Испанийн удирдаачтай хамтарч тоглосон. Тэр нэлээн сайн тоглолт болсон шүү. Манай оркестрын сургуулилт ч сайхан байлаа. Охин маань маш сайн тоглосон. Би түүн дээр охиноороо бахархдаг юм. Нэртэй томоохон хөгжимчдийн тог­ло­дог зохиолыг охин маань ёстой л Францад сурч төссөнийхөө хэргийг гаргаж маш сайн тоглосон доо. Дажгүй төгссөн нь мэдэгдэж л байна лээ. Удмын, төрөлхийн авьяас цаана нь байдаг л юм шиг байна.

-Таны хөтөлбөрт энэ удаа ямар ямар бүтээлүүд орж байна вэ?

-Голдуу аавынхаа хэдэн зохиолыг, тэгээд дээр нь өнөөгийн үзэгчид таашаан сонсох сонгодог сайхан бүтээлүүд оруулж байна. Тухайлбал, Ф.Суппегийн “Морьт цэрэг” гэж сайхан зохиол байна. Вальсын хаан И.Штраусын “Цэнхэр Дунай”, П.И.Чайковскийн “Цэцгэн вальс”, И.Брамсын “Унгар бүжиг”, Жорж Гершвиний “Цэнхэр рапсоди” гэсэн ийм зохиолуудыг онцолж сонгосон. Ийм зохиолууд нь үзэж сонсч байгаа хүмүүстээ их сайхан таашаалтай байдаг юм л даа. Ардын жүжигчин Ж.Чулууны “Уран Хас” вальсыг бас сонсгоно. Үүнээс гадна, миний өөрийн зохиосон хэдэн дуу байдаг юм. Тэднийгээ сонсгоно.

-Дуурийн дуучин Ц.Баттөр манай сонинд өгсөн ярицлагадаа “Эх орон та хаанаас эхэлдэг юм бэ” гэдэг дууны тань тухай ярьж байсан. Их сонин түүхтэй дуу, олон ч хүн дуулах гээд яагаад ч юм болоогүй. Дуурьслынхаа хувьд их том дуу, хоёр агуу хүний хүүхдүүд зохиосон, Явуухулан гуайн хүү Энхээ шүлгийг нь бичиж таныг хөгжмийг нь бичсэн гэж байсан?

-Тэр миний сүүлд зохиосон дуу л даа. Энэ тоглолтоор бас сонсгоно. “Ээжээ дурсахуй” гэж миний нэг дуу байдаг. Би ээжийгээ багадаа, их эрт алдсан хүн шүү дээ. Арван таван настай байхад ээж минь мөнх бусыг үзүүлсэн. Тэгээд “Ээжээ дурсахуй” гэдэг дуугаа 15 настай жаахан хүүхдээр дуулуулахаар бэлдэж байна. Аавынхаа нутаг Тариатад явж байхдаа тэр сайхан Тэрхийн цагаан нуур, байгалийн сайхныг нь үнэхээр биширсэн. Тэгээд “Тариат нутгаа магтан дуулъя” гэдэг дуу бичсэн, Ш.Сүрэнжав гуайн үг “Саран гийсэн үдэш” гээд бас нэг дуу бий. Иймэрхүү дуунууд бас сонсгоно.

-Удирдаачийн тань хувиар энэ тоглолтоос хү­мүүс Ц.Намсрайжав гуайн “Говь гурван сайхан” сим­фони зураглалыг сонсоно гэж мэдээж найдаж бай­гаа байх л даа. Энэ гайхам­шигтай бүтээлийг сонсгоно биз дээ?

-“Говь гурван сайхан” дуугар­на. Аавын зохиолуудаас жишээ нь, ”Ээжээ дурсана” гэдэг сайхан дууг Б.Зангад гуай дуулна. Аавд бүр цаа­наас нь зориулж бичиж өгсөн УГЗ Д.Баттөмөр гуайн “Миний ноён нуруу” гэдэг сайхан дуу бий. Манай хойд эх юм даа, “Сэрэлт” кинонд тоглосон Янжинжав гэж хүн аавд зориулж үгийг нь бичсэн юм. Энэ дууг ардын жүжигчин А.Долгор дуулна. Их гоё аятай дуу байдаг. “Халуун элгэн нутаг” нь бас дуугарна.

-Л.Бетховены IX симфо­нийг 1980 онд Ц.Намсрайжав гуай удирдан тоглуулсан нь Азид анхных гэдэг. Та 30 жилийн дараа 2010 онд шинээр дахин удирдан тоглуулж урлагийн ертөн­цөд онцгой үйл явдал өрнөж байлаа. Таны удир­даа­чийн урын сангийн нэгэн гялалзсан шижир алт. Энэ бүтээлийн хэсгээс та хөтөлбөртөө оруулсан уу?

-IX симфони орохгүй байх. Тоглолтын цагтаа тэр болгон багтахгүй. Нэг цаг хагас юм уу хоёр цагийн дотор сайхан юм сонсгоод үзүүлээд гаргачих хэрэгтэй. Яг сонгодгоо бариад хийх биш үзэж байгаа хүнээ бодож тоглолтоо хийж байгаа юм.

-Таны охин төгөлдөр хуурч Б.Одгэрэл, бас зээ охин тань ч энэ тоглолтод оролцоно гэлээ. Ямар бүтээл тоглох гэж байна?

-“Хувдай ишигний паян” гэж манай аавын зохиол бий. Энэ зохиолыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр төгөлдөр хуурт хөрвүүлэн найруулсан байгаа. Зээ охин маань тоглох юм. Гершвиний “Цэнхэр рапсоди” гэж том зохиол байдаг. Үүнийг охин маань тоглоно.

Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *