Манай барилгын зах зээлд 2009 онд одоогийнхтой төстэй гэхдээ арай огцом эхэлсэн ч байж магадгүй бууралт, зогсолтын байдал бий болсон тэр цаг үед ийм нийтлэл бичиж “Өдрийн сонин”-д нийтлүүлж байлаа. Гэхдээ энэ цаг үед ч үүссэн нөхцөл байдал нь хэдийгээр өөр өөр байж болох ч барилгын бизнесийн бууралт нь урьдах хүндрэлийн нэгэн адил эдийн засгийн бусад салбарт гарцаагүй хүчтэй нөлөөлж эхэллээ.
МҮБА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан
Ойрмогхон АНУ-д нүүрлэсэн ипотекийн хямрал нь дэлхий нийтийг хөлдөө чирч эдийн засгийн уналт, санхүүгийн тогтворгүй байдлыг дагуулсан аюул занал болж хувираад байна. Энэ удаагийн дэлхийн эдийн засгийн хямрал хэрхэн үүсэв? Америкийн үл хөдлөх хөрөнгийн үнийн уналтаас улбаатай энэ удаагийн дэлхийн санхүүгийн хямрал Бушийн засаг захиргааны 8 жилийн хөдөлмөрийг тарамдуулж, АНУ-ыг өөрийг нь ч хүндхэн цохилтонд оруулаад байна. Бид ч дээрх хямралаас зайлж чадсангүй. Ялангуяа өнгөрсөн жилийн 11, 12-р сараас дохио сануулгаа өгч байсан санхүүгийн хүндрэл энэ оны 1-р сард улам тод мэдрэгдэж байна.
Бидний хувьд үл хөллөх хөрөнгө, тэр тусмаа орон сууцны үнийг хэтэрхий хөөрөгдөхийг таашаадаггүй бөгөөд “Чансаатай чанар, Боломжийн үнэ” гэсэн үндсэн зарчмыг баримталдаг юм. Тиймээс ч манайхаас шинэ байр худалдан авсан иргэд тодорхой хугацааны дараа зарж борлуулах шаардлагатай тулгарлаа гэхэд тухайн байрны үнэ цэнэ нь алдагдахгүй байх тал дээр бид онцгой анхаарч ажилладаг билээ. Нөгөө талаасаа, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ их хэмжээгээр буурч буй үзэгдлийг бас сайны дохио биш гэж үздэг. Үл хөдлөх хөрөнгө, түүний дотор ялангуяа барилга угсралтын бизнесийг аливаа улс орны бизнес худалдааны зохистой эргэлтийг хангадаг гол судасны нэг нь буюу гол түлхүүр гэж хэлж болох юм. Хэрвээ үл хөдлөх хөрөнгө, барилга байшин огцом үнэгүйдэхэд хүрвэл ард иргэдийн ашиг орлого хумигдаж, тэр ч байтугай тухайн улс орны нийт эдийн засгийг сөхрүүлэхэд хүргэдэг ажээ. Тухайлбал, өнгөрсөн зууны эцсээр Хонгконгт нүүрлэсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн их уналт Зүүн өмнөд Азийг тэр чигт нь хамарсан санхүү, эдийн засгийн хямрал үүсгэж, үүнээс олон улс орон гашуун сургамж амссан билээ. Харин өнөөг хүртэл манай улсад орон сууцны үнэ их хэмжээгээр буурсан байдал хараахан гараагүй байгаа нь олзуурхууштай ч, анхаарахад илүүдэхгүй зүйлүүд байна.
Английн эзэмшлээс Хятадын мэдэлд эргэн шилжсэн 1997 оноос өмнөх хоёр жилийн хугацаанд Хонгконгт үл хөдлөх хөрөнгө, ялангуяа орон сууцны үнэ 2 дахин өссөн ба үүнд ард иргэд нь ихээхэн дургүйцэж, шүүмжлэлтэй хандаж байжээ. Харин Хятадын эзэмшилд буцаж очсон даруйдаа Хонгконгийн Засгийн газар жил бүр 85,000 айлын орон сууц барих хөтөлбөр боловсруулсан байна. Энэ нь тухайн үеийн байдлаар орон сууцны нийлүүлэлтийг 4 дахин өсгөж чадсан бөгөөд нийлүүлэлтээр дамжуулж орон сууцны үнийн хөөрөгдлийг дарах бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Түүнээс гадна ийнхүү орон сууцны үнийг хямдруулах нь нэг талаасаа иргэдийнхээ орон сууцны асуудлыг шийдэх, нөгөө талдаа Хонгконгийн дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэсэн тооцоотой холбоотой байжээ. Харамсалтай нь, үүнтэй зэрэгцэн тэр жилд нь Зүүн өмнөд Азийн эдийн засаг хямарч эхэлсэн ба үүнийг даган орон сууцны үнэ ч зах зээлийн жамаар огцом буурч эхэлсэн байна. Улмаар 2003 он хүртэл үргэлжилсэн хямралын үр дүнд Хонгконгт орон сууцны үнэ 70 орчим хувиар унажээ. Хэдийгээр орон сууцны үнэ нь ард иргэдийн хувьд боломжийн болсон боловч улам бүр үнэгүйдэх үл хөдлөх хөрөнгийн зах зээл улс орны эдийн засгийг хямрахад хүргэсэн гол хүчин зүйлийн нэг болсон юм. Тухайн үед орон сууцаа зээлээр авсан гэр бүл тутамд хоёр сая 600 мянган Хонгконг юаны алдагдал ноогдож байжээ. Ойролцоогоор 170,000 орчим гэр бүлийн орлого нь зарлагаа хааж чадахгүйд хүрч, хүн амын 10 хүн тутмын 1 нь буюу 500,000 хүнийг хамарсан томоохон эсэргүүцлийн жагсаал 2 ч удаа болсон байна. Тооцоолж байснаар хямдрах тусам орон сууц худалдан авах нь нэмэгдэх бус харин бүр эсрэгээр улам буурч, хэрхэх эсэхээ мэдэхгүй тээнэгэлзсэн хүмүүс 6 жилийн туршид мөнгөө бэлнээр хадгалахыг илүүд үзсэн хэвээр байсан юм. Зөвхөн 2003 оны эхээр Хонгконгийн Засгийн газрын эзэмшилд зарагдаагүй 25,000 орон сууц байсны зэрэгцээ хүн амынх нь орлого багасаж, ажилгүйдэл газар авч, тэр хэрээрээ Хонгконгийи дэлхийд өрсөлдөх чадвар мэдэгдэхүйц буурсаар байв.
Чухам яг энэ үед Хятадын Жун Фан барилгын групп Хонгконгийн зарагдаагүй бүх орон сууцнуудыг худалдан авахаар зэхэж байна, эх газрын хятадууд зугаацан цэнгэх гэж байна гэсэн цуу яриа газар авч, дээр дооргүй шуугилдах болсон байна. Тэгж ч байтал орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэнэт дуу хоолойгоо нэгтгэн ард иргэддээ орон сууц худалдан авахыг уриалж, барилгын бизнесээ аврая, үл хөдлөх хөрөнгийн үнэ өснө гэх мэтчилэн мэдээллийг тасралтгүй цацаж эхэлжээ Хамгийн сонирхолтой нь, эерэг мэдээллүүд хүчтэй цацагдаж эхэлснээс хойш 7 хоногийн дараа орон сууцны борлуулалт бараг 3 дахин нэмэгдэж, үнэ нь ч өсч, барилгын бизнес мэдэгдэхүйц сайжирч, алгуур голдрилдоо орох шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна.
Хонгконгийн зарим иргэд барилгын салбарыг Хятадын Засгийн газар аварсан хэмээн өнөөг хүртэл бодоцгоодог боловч нөхцөл байдал бодит байдал дээр арай өөр байсан юм. Чухамдаа, Хонгконгийн ард иргэдийи зах зээлдээ итгэх итгэл нэмэгдэж, дарж хадгалж байсан бэлэн мөнгөөрөө орон сууц худалдаж авч эхэлснээр Хонгконгийн барилгын бизнес сэргэсэн түүхтэй билээ.
Дээрх жишээнээс харахад ард иргэд өөрсдөөсөө ч харамлаж байсан тэр мөнгөөрөө орон сууц худалдан авахад чухам юу илүүтэй нөлөөлсөн бэ гэдэг асуулт урган гарч байна. Үүнд гагцхүү хүмүүсийн итгэл тус болсон. Тэгэхээр тэр итгэл үнэмшлийг хэн өгөв? Мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгсэл тухайн цаг үеийн нийгэм дэх уур амьсгал хүмүүс хоорондын амин яриа хөөрөө гэхчилэн олон хүчин зүйл нөлөөлсөн нь дамжиггүй. Гэхдээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл яагаад ингэж хүчтэй нөлөөлөв? Үнэн хэрэгтээ, Хонгконгийн хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн өорсдөө сүүлийн 6 жилийн туршид хохирол амсаж, эдийн засгийн хямралд нэрвэгдэж буйгаа сайтар ойлгосонд хамаг учир нь байгаа юм. Тэд хямралаас өмнөхөн орон сууцны үнэ хэтэрхий их өндөр байна, барилгын салбар хэт их ашгийн хойноос улайран хөөцөлдөж байна хэмээн буруутгаж байсан. Гэтэл навсайтлаа унасан орон сууцны үнэ, зогсонги байдалд орсон барилгын бизнес нь нийгэм, эдийн засагт ямар их хохирол учруулж, сөрөг үр дагавар авчирч буйг нүдээрээ харцгаасан тул тэд ийнхүү дахин хүчээ нэгтгэн ард түмнээ уриалж, үнэн зөв мэдээллийг өгцгөөхөөр шийдсэн байна.
Орон сууцны үнэ унахын хэрээр барилгын салбарын үйл ажиллагаа хэрхэн доголддог, яагаад түүнтэй холбоотой олон зуун төрлийн бизнес эогсонги байдалд ордог, бүр цаашилбал ажилгүйдэл нэмэгдэхэд хүргэдэг, ард иргэдийн орлого хумигдахын хэрээр худалдан авах чадвар буурдаг болох энгийн уялдаа холбоог Хонгконгийн туршлагаас эдүгээ бид харж болно.
Үүнийг ч Хонгконгийн Засгийн газрын тэргүүн Дун Зяньхуяа “Энэ цаг хугацааны түүхийг эргэн харахад юуны ч үнэ унаж болно, гагцхүү үл хөдлөх хөрөнгө, түүний дотор орон сууцны үнийг хамаагүй унагаж болохгүй” хэмээн дүгнэн хэлсэн байдаг. Энэ бүхнийг үндэслэн миний бие энэхүү нийтлэлийнхээ эхэн хэсэгт барилгын бизнес нь улс орны бизнесийг эргэлдүүлэх гол түлхүүр нь гэж зоригтой хэлсэн билээ.
Эдүгээ манайд өнгөрсөн зууны эцсийн Хонгконгтой адил нөхцөл байдал ажиглагдаж, шинж тэмдгүүд нь ч илэрч байна. Үүнийг дараах цөөн хэдэн тоон үзүүлэлт тодорхой харуулах бизээ. Монголбанкны 2008 оны 11-р сарын 01-ний өдрийн мэдээгээр арилжааны банкууд ард иргэдэд 240 тэрбум орчим төгрөгийн ипотекийн зээл олгосон ба энэ нь хамгийн чанартай зээлийн багц хэмээн банкныхан ам бардам хэлцгээж байна. Түүнчлэн барилга угсралтын үйл ажиллагаанд зориулан гаргасан 260 орчим тэрбум төгрөгийн зээлийн багц байгаа бөгөөд үүнээс 208 тэрбум орчим нь эргэн төлөгдөөгүй зогсонги байдалд байгаа аж. Гэвч баригдаж байгаа барилгууд болон түүн дээр нэмээд компаниудын өөрийн үл хөдлөх хөрөнгийг ойролцоогоор 431 тэрбум төгрөгөөр үнэлсэн бөгөөд өөрөөр хэлбэл арилжааны банкуудад энэ хэмжээний үл хөдлөх хөрөнгийн барьцаа байршиж байна гэсэн үг юм. Мөн үеийн байдлаар барилгын компаниуд худалдан авагчидаас олон тэрбум төгрөгийн урьдчилгаа авчээ. Бэлтгэн нийлүүлэгч болон туслан гүйцэтгэгчдээс барилгын компаниудад барагдуулах төлбөрийн үлдэгдэл 50 илүү тэрбум төгрөгт хүрээд байгаа ажээ. Багаар бодоход бэлнээр 500 илүү тэрбум төгрөг үл хөдлөх хөрөнгийн барьцаанд зах зээлийн үнэлгээгээр 1 триллион орчим төгрөгийн хөрөнгө тус тус эргэлтгүй түгжигдээд байна.
Онцгой сайн ганц хоёр барилгын компанийг эс тооцвол орон сууцны борлуулалт бараг зогсонги байдалд орсон хүндхэн дүр зураг харагдаж байна. Түүнчлэн гэр ахуйн цахилгаан бараа, тавилга хогшил, байрны засвар үйлчилгээ зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт ч хөлдөж царцсан мэт болжээ. Хэрвээ хүмүүс шинээр орон сууц худалдаж авахгүй юм бол юун тэр телевизор, хөргөгч мэтийн борлуулалт нэмэгдэх, дагалдах засвар үйлчилгээ хэндээ ч хэрэг болох билээ дээ. Түүнээс гадна, барилга угсралт болон бүтээн босголт ид хийгддэг урин дулаан цаг ирэхээр унтаж амрах завгүй ажилладаг салбар бол ачаа тээвэрлэлт билээ.
Төмөр замынхны мэдэгдэж буйгаар өнгөрсөн жилийн туршид ачаалал харьцангуй бага байсан байна. Ялангуяа транзит тээвэр, барилгын материалын импорт зэрэг орлогын томоохон эх үүсвэрүүдийн ачаа эргэлтийн хэмжээ буурсан нь төмөр замын нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа ажээ.
Гэх мэтчилэн барилгын салбар 100 гаруй төрлийн бизнесийг тэтгэж, хөгжин цэцэглэх тулгуур нь болдог гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
Эдүгээ манай улс гэнэтийн их хэмжээний өсөлт, уналтын байдлаас хэрхэн зайлсхийх, эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг яаж хадгалах талаар олон эрдэмтэн мэргэд санал бодлоо уралдуулж байгаа билээ. Үүнд татвар багасгах, цалин нэмэх санал гэх мэтчилэн тааламжтай саналууд сонсогдож байгаа боловч ба эдгээр нь улсын төсөв, Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг талуудтай. Харин миний хувьд хэрэгжүүлж болох бодит арга хэмжээ, хүндрэлтэй байдлаас гарах гарцыг барилгын бизнес гэж үзэж байгаа билээ. Тухайлбал, барилгын бизнес нь галт тэрэгний цувааг чирэх зүтгүүр лугаа адил ажиллаж, улам бүр эрч хүчээ авч хурдацтай хөгжихийн хэрээр түүнийг дагалдах олон төрлийн бизнес хийгээд улс орны эдийн засгийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бат илтгэлтэй байдаг юм.
“Өдрийн сонин” 2009.01.30 № 025 (3102)