Categories
мэдээ цаг-үе

Н.Батцэнгэл: Америкт монгол гэрээрээ амралтын газар байгуулсан

Америкийн нэгдсэн улс дахь “JM STAR INC” компанийн захирал Н.Батцэнгэлтэй ярилцлаа.

-Та АНУ-д ажиллаж, амьдраад хичнээн жил болж байна вэ?

-Би эх орноосоо гараад 12 жилийн нүүр үзэж байна. Багагүй хугацаа шүү. Анх ирээд хэл ус мэдэхгүй, хэцүү бэрх зүйлийг өчнөөн л туулсан. Америкт ирчихээд ресторанд туслах ажилтан хийж байхдаа хоол ч ховорхон хийж үзсэн хүн чинь хуруугаа огтолчихсон. Гэхдээ ажлаасаа халагдаж магадгүй гэж айсандаа эзэндээ мэдэгдэхгүй гэж хичээн гурван хуруугаараа ногоо хэрчээд зогсож байснаа мартдаггүй юм. Түүнээс хойш харин ногоог бол айхтар хурдан хэрчиж сурсан даа (инээв). Ер нь хүн гэдэг хүний нутагт даарахгүй байсан ч дандаа жиндэж явдаг юм билээ. Харин энд унаж боссож, нутаг нэгтэндээ чадуулж явсан он жилүүд минь надад нэг л зүйлд сургасан юм. Ухаандаа хүн шиг хүн явъя гэвэл хэзээ ч, хэн ч чамд яаж ч хандсан бай хувиа хичээгч байж болохгүй гэх энэ бодол. Би 12 жилийн турш энэ л бодолдоо хүрэх гэж хичээж явна.

-Одоогоор та ямар чиглэлээр ажиллаж байна вэ?

-Мэдээж анх ирээд хүмүүст ажилладаг байсан. Харин 2008 оноос ачаа тээврийн “MGLBB TRANSPORTATION LLC” компаниа байгуулсан л даа. Эхний үед мөнгө олох нь байтугай хийж байгаа бизнесийнхээ учрыг ч олохгүй, маш их алдагдалд орсон. Нутаг нэгтнүүддээ туслахсан гэж бодсон сайхан сэтгэл рүүгээ олон ч удаа ус цацуулсан даа. Зарим нэг жолооч нар маань цалингаараа казинод тоглочихоод Цэнгэл цалингаа өгсөнгүй гэх нь ч байсан. Бас ачаагаа хоцроож 14000 $-ын өрөнд оруулчихаад хаяад явсан тохиолдол ч бий. Энэ мэтчилэн зарим монголчууд минь хамтран ажиллахад тун хэцүү шүү дээ. Яахав алдаа бүр онохын эхийг тавьж, ухааруулж байдаг хойно доо.

Харин дараа нь гадаад хүмүүсийг авч ажиллуулахад нуруун дээрээс нэг том ачаа аваад хаячих шиг л болсон. Хууль дүрмээ мэддэг, хариуцлагаа ухамсарласан, зах зээлээ мэдэрч чаддаг хүмүүстэй ажиллаж эхлэхэд компани маань ч өндийгөөд л ирсэн. Улмаар 2011 онд “JM STAR INC” компаниа худалдан авч, мөн 2015 онд машин тээврийн “AMI­DAA LLC” компаниа нээн ажиллуулж байна. Одоогоор 20 гаруй монгол болон гадаад жолоочтой үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

-АНУ-д компани байгуулна гэдэг амаргүй байсан болов уу. Энэ тухайд?

-Мэдээж амархан байгаагүй. Төлбөр тооцоо чанга л байдаг юм. Гэсэн ч зөвхөн тээвэрлэлтийн компани ажиллуулахаас гадна олон жил бодож явсан нэгэн хүслээ биелүүлэхийн төлөө зорьсон. Тэр нь Америкт монгол соёл уламжлалаа дэлгэрүүлэн таниулж, аялал жуулчлал, гадаад харилцаанд жинтэй хувь нэмэр оруулах юмсан гэх бодол юм л даа. Үнэндээ Америкт Ази хүн бүрийг л хятад эсвэл солонгос уу л гэж асуудаг. Тиймдээ ч монгол гэрээрээ “Ger Camp” амралтын газар байгуулсан юм. Эхний ээлжинд гурван монгол гэрийг Америкийн том сүлжээ амралтын газарт барьсан. Энэ нь америкчуудыг Монгол эх орон руугаа аялал жуулчлалаар татах, очиж үзэх хүслийг нь өдөөх зорилготой. Дээрээс нь нутаг нэгтнүүдээ Монгол ахуйгаас нь холдуулахгүй байлгахсан гэсэн давхар зорилготой юм.

Түүнээс гадна Мичиган нуурын торгомсог элсээр эмжигдсэн, үзэсгэлэнт “In­dian Dunes national” парктай, жил бүр гурван сая гаруй амрагчид зугаалдаг, цаашид аялж зугаалагчид улам их өсөх хандлагатай газарт гурван акр газар худалдаж авсан. Үүнийг онцлон хэлсэн нь Монголын төрөөс, эсвэл аялал жуулчлалын компаниуд энэ боломжийг харж хамтран ажиллаасай гэсэн дээ юм л даа. Ингэж хамтран ажилласнаар Монгол орноо сурталчлах томоохон аяллын газартай болох бүрэн боломжтой гэсэн үг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд та нартайгаа хамтран ажиллахад бэлэн байгаа шүү гэдгийг дуулгах нь зүйтэй байх.

-Таныг монголчууддаа тус дэм болсоор байгаа гэж сонссон юм байна.

– Ер нь хүн үхэхдээ үүрээд явахгүйгээс хойш аль л болох өөр хэн нэгэнд тус дэм болж явах хэрэгтэй гэж боддог. Тиймээс ч хэдийгээр халгиж цалгитлаа мөнгө төгрөг олоогүй ч багахан олсноо хэн нэгэнтэй хуваалцах юмсан гэж боддог. Тэглээ гээд нэг их хохирохгүй шүү дээ. Харин ч хүнд туслахад өөрт баяр жаргал ирэн, ажил төрөл бүтэмжтэй болох шиг болдог. Өрөөлд туслах бүртээ ээж, аавыгаа дурсдаг. Тэнгэрт морилсон тэд маань хүүгээ хараад инээж баярлаж байгаа даа гэж боддог юм. Зах зухаас нь дурдвал наадам, цагаан сар өөр бусад арга хэмжээнүүдэд тогтмол хандив өргөсөөр ирсэн. Ажаа гэгээнтний санаачилгаар цусны хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан хандивын тоглолтыг зохион байгуулж, “ТВ коктэйль”, “Мотив” хамтлаг, МУГЖ С.Батсүх гуайн тоглолтыг ивээн тэтгэж байлаа. Америкт амьдарч байгаа монгол хүүхдүүдийг эх хэлээ сураасай, түүнд нь нэмэр болохсон гэж нэг жилийн турш сургалтынх нь байрны үнийг төлсөн. Саяхан жиүжицү барилдаанаар Дэлхийн аварга болсон тамирчин Ц.Батцэцэг дүүд мөнгөн тусламж үзүүлсэн. Саяхан Чикаго хотод цусны хорт хавдар тусан эмчлүүлж байсан Мөнхтуул бүсгүйд, яруу найрагч Х.Тэргэлтэйгээ хамтарч хандивын арга хэмжээ эхлүүлэн тусаллаа. Мөн Ахмадын баярыг тохиолдуулан Чикаго хотод ажиллаж амьдарч байгаа ахмад уран бүтээлч, хөгжимчин Банзай ахдаа хүндэтгэл үзүүллээ. Жил бүр Чикаго хотод нэгээс хоёр удаа ирдэг Монголын элчингийн үйлчилгээг компанийнхаа байранд өөрийн хүсэлтээр сүүлийн дөрвөн жил явуулж байгаа. Монголчууддаа хүрч ажиллахад нь бага ч болов дэм болох гэх мэтээр цаашид ч төлөвлөж бодож суугаа олон зүйл байна даа. Монголчууд бид аливаа зүйлийг маш хялбархан сурдаг гайхалтай хүмүүс. Тиймээс бид хар амиа биш, бие биенээ гэдэг л болчихвол хаана ч дээшээ өгсөж чадна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *