Categories
мэдээ цаг-үе

Н.Амаржин: Олон нийтэд дуу хоолойгоо хүргэх нь шоунд ялахаас илүү чухал

“Авьяаслаг Монголчууд” шоуны финалийн шатны шалгаруулалт ирэх ням гаригт болно. Тус шоуны шилдэг 8 оролцогчийн нэг, “Univer­sal” сургалтын төвийн захирал, “UB Com­edy” клубийн гишүүн Н.Амаржинтай ярилцлаа.


-Таныг “UB Comedy”-гийн гишүүн гэдгээр тань үзэгчид сайн танина. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Намайг Амаржин гэдэг. 12 настайдаа гэр бүлийнхээ хамтаар Америкт амьдрахаар явсан. Тэндээ суралцаж байгаад 12 дугаар ангидаа Канадыг зорьж, “Баруун Канад”-ын ахлах сургуулийг төгсөөд дараа нь Колорадогийн их сургуульд тэтгэлэгтэйгээр элсэн орсон. Улс төр, эдийн засгийн чиглэлээр 2012 онд бакалаврын зэргээ хамгаалсан. Одоогоор “Uni­versal” сургалтын төвөө ажиллуулан эхнэр, охины хамтаар амьдарч байна.

-“UB Comedy”-д хэзээ элсэн орсон бэ?

-2017 оны “Big Show”-ны дараа “Open mic”-т оролцсоноор “UB Comedy”-д нэгдэх суурь маань тавигдсан л даа. Энэ оны таван сард албан ёсоор үндсэн гишүүн нь болсон. Тэгээд л зургаан сард нь “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон доо.

-Хагас финальд улс төртэй холбоотой сэдэв сонгох нь эрсдэлтэй биш гэж үү?

-Эрсдэл гэхээс илүү боломж гэж харсан л даа. Энэ шоуг монголчууд тэр аяараа үзэж байна. Одоо болж буй нөхцөл байдлын талаар олон нийтэд дуу хоолойгоо хүргэх нь шоунд ялахаас илүү чухал гэж бодож байна. Тиймээс ч ЖДҮ-ийн асуудлыг хөндсөн.

-Зохиолоо бичихэд тань “UB Comedy”-гийн бусад гишүүд санаа өгч байна уу?

-Хоорондоо ярилцаж, зөвлөлдөх үе байна л даа. Гэхдээ зохиолоо бол өөрөө бичнэ. Сая хагас финалийн шатанд ярьсан хурдан морь тайлбарлагчийн тухай өмнө нь комеди шоун дээрээ ярьж байсан юм. Тухайн үед бичлэгээ олон нийтэд цацах гэж байхад маань манай Идэрээ “Дараа болох том зүйлд хадгал. Их гоё санаа байна” гэж хэлж байсан. Тэр нь ч зөв боллоо. Бусад маань ч байнга л тусалж, дэмжиж байдаг даа. Одоо бол намайг бэлтгэлээ сайн базаа гээд тайзан дээр гаргалгүй чөлөөлчихсөн байгаа.

-Та финальд үлдэж урьд жилүүдэд оролцож байсан комедчидийн амжилтыг ахиуллаа. Таны ялгарах онцлог юу байсан бэ?

-Батаа маань хамгийн анх “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож комедиг олон нийтэд таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед үзэгчид комедиг хүлээж авахад бэлэн биш байлаа. Харин одоо бол үздэг, ойлгодог тэр ч бүү хэл дуртай болсон байна. Комедиг олонд таниулах гэж хичээж яваа бусад найзуудын маань хичээл зүтгэл намайг финальд шалгарч үлдэхэд багагүй нөлөө үзүүлсэн гэж бодож байна.

-Финалийн шатанд өөртөө хэр итгэлтэй байна вэ?

-Одоо бол үзэгчдийн хүлээлт их өндөр болчихлоо. Мэдээж финальд шалгарчихсан хүн чинь түрүүлэх гэж л үзэх болно. Намайг дэмжин саналаа илгээсэн үзэгчдийнхээ итгэлийг алдаж болохгүй. Гэхдээ түрүүлэх магадлалтай олон шилдэг үзүүлбэрүүд байна. Тиймээс дотроо сэтгэлийн бэлтгэлтэй байгаа.

-Шоундаа бэлдэх, сургалтын төвөө удирдах гээд их ажлаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Энэ бүхний ард эхнэр маань л байна шүү дээ. “Universal”-ийн бүх ажил, ар гэр гээд л бүгдийг нь манай эхнэр зохицуулдаг. Ар талдаа санаа зоволгүй шоундаа төвлөрч бэлдэхэд маань маш их түшиг болж байна даа.

-Финалийн шатны шалгаруулалт болоход цөөхөн хоног үлдлээ. бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ?

-Өчигдөр орой “Монгол” телевизийн нэвтрүүлгийн багтай уулзаж, ярилцсан. Одоо бол “UB Comedy”-гийн гишүүдтэй зөвлөлдөж, ярих зохиолоо бэлдэнэ дээ.

Э.МАРАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *