Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг, Ц.Оюундарь нар хурал даргалах сонгуульд ялагдав

Өчигдөр 18:00 цагт эхэлсэн АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны (ҮЗХ) хурал 170 гаруй гишүүний ирцтэй, ширүүхэн болсны эцэст хурлын дараглагч болоод тооллогын комиссын гишүүдээ баталж аваад шөнийн 00:40 цагт завсарласан юм.

Хурал ийнхүү ширүүхэн уур амьсгалтай долоон цаг үргэлжилсний учир нь зөвхөн нэг асуудалтай холбоотой байжээ. Энэ нь Н.Алтанхуяг, Ц.Оюундарь нарыг ҮЗХ-ны хурлын даргалагч Э.Бат-Үүл “Н.Алтанхуягийн АН-ын дарга байх бүрэн эрх хоёр жилийн өмнө дууссан учир, хурлын индэрээс буухыг шаардсан шаардлага”-аас үүдэлтэй байж. Учир нь Н.Алтанхуяг, Ц.Оюундарь нар хурлын индэрээс буухаас татгалзаж, тэр битгий хэл Н.Алтанхуяг “тэр намын дүрэм, журам яахав ээ. Би хурлаа даргалъя” хэмээн хэлээд авсан сурагтай.

ҮЗХ-ны гишүүд Н.Алтанхуяг, Ц.Оюундарь нарыг хурлын индэрээс буулгахын тулд эцэстээ “Хурал даргалагч”-ийг гишүүдээс санал хурааж шийдэхээр болсон байна. Тус санал хураалтад Н.Алтанхуяг, Ц.Оюундарь, Э.Бат-Үүл, Д.Баттулга, Д.Бадарсан гэсэн зургаан хүн нэр дэвшиж өрсөлджээ.

Ингээд санал хураалтын дүн гарахад хамгийн олон санал буюу нийт 100 гаруй гишүүдийн саналаар Д.Баттулга (Нийслэлийн иргэдийн хурлын дарга), 70-80 гишүүдийн саналаар Э.Бат-Үүл, Д.Бадарсан (СБД-н засаг дарга) нар ҮЗХ-ны ээлжит бус 43 дугаар хурлын даргалагчаар сонгогдсон байна. Харин Н.Алтанхуяг, Ц.Оюундарь нар 50-60 гаруй гишүүдийн санал авч ҮЗХ-ны хурал даргалагчийн сонгуульд (санал хураалтад) ялагдсан байна.

Ийнхүү удтал хэлэлцсэн асуудал нийт гишүүдийн санал хураалтаар нэг тийшээ шийдэгдэж, өнөөдөр 14:00 цагт ҮЗХ –ны хурал үргэлжлэн хуралдахаар түр завсарласан юм. Хурал даргалагчийн санал хураалтад ялагдсан Н.Алтанхуягийг АН-ын даргын сонгуульд ялагдал хүлээх эхлэлээ тавилаа гэж үзэх гишүүд энэ үеэр олон байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *