Categories
мэдээ нийгэм

МЗХ сонгож болохгүй хүмүүсийн “хар жагсаалт” зарлана гэв

Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулаад Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барих юм байна. Энэхүү бодлогын баримт бичгээ УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-тэй хүч хавсран дэмжиж, батлуулахыг зорьж байгаа хэмээн МЗХ-ныхон хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Бүтэц удирдлагын дорвитой шинэчлэлд хүрсэн МЗХ хөдөлмөрлөж, хичээж буй залуучуудаа бодитоор дэмжихээр ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР хэмжигдэх дэмжлэгийн сан байгуулахаар болсон гэнэ. Хоёр их наяд төгрөгтэй тэнцэх Инновацийн сан байгуулах саналыг Засгийн газарт тэд хүргүүлжээ. Үүгээр оюун ухаан, шинэ сэдэл санаачилгаа мөнгө, бизнес болгож хувиргах гэсэн залуучуудаа дэмжиж экспортын шинэ экспертүүд төрүүлэхээр зорьжээ. Тун удахгүй Багануур хотод инновацийн томоохон цогцолборын бүтээн байгуулалт эхлэхээр энэ сангийн маань идэвх, эхлэл улам эрчимжинэ. Залуучууд хийх ажилтай, өөрийн бизнестэй, орлоготой болчихлоо гэхэд орон сууцтай болох нь холын мөрөөдөл хэвээр. Өнөөдөр 30 хувийн урьдчилгаа төлбөртэй ипотекийн зээлийн өндөр шалгуурыг даваад байртай болж чадах залуус хомсдож, зах зээл бараг л ханачихаад байна. Тиймээс өндөр шалгуурыг бууруулах, хөнгөлөх боломжийг санал болгосон МЗХ-ны Их хурлаас гаргасан Орон сууцны зээлийн сангийн тогтоолыг Засгийн газарт хүргүүлсэн юм. Үр дүн нь даруй гарч урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохоор судалж байна. Гэвч МЗХ-ны санаачилга эцсийн дүндээ хүрээгүй. Бид нийгмийн зорилтот бүлэгт чиглүүлж, орон сууцтай болох гээд урьдчилгаа мөнгөгүй ч хөдөлмөрлөх хүсэлтэй залуусаа дэмжиж урьдчилгаагүйгээр байртай болгохыг зорьж байна. Эдгээрээс гадна салбар бүрт Залуучуудын корпораци байгуулах замаар төрийн өмчийг бүх ард түмэнд хүртээмжтэй, зөв зарчмаар хуваарилах саналаа ч тодорхой илэрхийлсэн. Тавдугаар Их хурлаас гарсан цөөнгүй шийдвэрийг Засгийн газар дэмжиж, ажил хэрэг болгосныг дээр хэлсэн. Тэдгээрийн нэг бол гадаад ажиллах хүчнээс татгалзаж, үндэсний залуучуудаа ажилд түлхүү хамруулдаг болох тухай юм. Хөдөлмөрийн яам саяхан МЗХ-ны яг энэ санаачилгыг ажил болгож, энэ жилээс хэрэгжүүлэхээ илэрхийлээд байна.

Дөрөвдүгээр сарын 28-нд Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хурлаа товлосон. Үндэсний залуучуудын зөвлөлийн 339 гишүүн, аймаг, сум, дүүргийн 119 гишүүнийг сонгох сонгуулийг гуравдугаар сарын 30-аас эхлэн зарлаад байгаа юм. ҮЗЗ ирэх II чуулган хүртэлх 6 сарын хугацаанд УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн “хар жагсаалтыг” МЗХ-ны салбаруудаар дамжуулан аймаг, сумдын оршин суугч, иргэн бүрээс асууж,бодит саналд үндэслэн тодорхойлно. Ингэснээр аравдугаар сарын 2-нд Үндэсний залуучуудын зөвлөлийн хоёрдугаар хурлаар нэр дэвшүүлж болохгүй улстөрчдийн “хар жагсаалтыг” олон нийтэд албан ёсоор зарлана хэмээн хэвлэлийн хурал зохион байгуулагчид мэдээлэв. Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат “Ийнхүү хар жагсаалтад орсон улс төрчдийг эргэн улс төрд гишгүүлэхгүй байхын төлөө Залуучуудын холбоо ажиллана. Мөн нэг тойрогт өөр намаас нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн төлөө залуучуудын саналыг өгүүлнэ” гэж мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *