Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мятав нь авна уу, Готов нь авна уу ард бидэнд хамаа алга

“Ирж яваа цаг”-ийн гол дүрийн бүсгүй ингэж хэлээд нэгдлийн хонийг
туугаад гүйдэг дээ. Багаяагийн охины “Мятав нь авна уу, Готов нь авна уу хамаа алга”
гэсэн үгийг Таван толгойн хэлэлцээ эхэлсэн энэ өдрүүдэд хэлмээр санагдаад байх юм.
Таван толгойн хэлэлцээрийн эхний өдрүүдийн өнгө нэг л биш оргиод явчихлаа. Өндөр
чанарын коксжих нүүрсний том ордоо тэрэнд, энэнд өгөхгүй гэсэн улиг болсон дайралт
эхлэх янзтай. Төдийгөөс өдий хүртэл ард олноороо талцаж суугаад маргасаар ирсэн,
одоо ч маргаж яваа, ирээдүйд ч маргасаар сууж мэдэх “гоё” сэдэв л дээ. Үнэндээ Таван
толгойг хэн авах нь маньд огт падлийгүй. Засгийн мэдэгдлээс анзаарах нь ээ М.Энхсайханы
багийн хөрөнгө оруулагчидтай хийсэн тохироо ажил шийдэл болох нь шиг байна. Японы
“Сумитомо”, Хятадын “Шинхуа” Монголын “Энержи ресурс”-тай консорциум болж төмөр
зам, уурхай, баяжуулах үйлдвэр гээд Таван толгойг цогцоор нь хөдөлгөх тохироо хийсэн
ч хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурдгийн даваан дээр хэлэлцээрийг зогсоосон
юм.

Ер нь ямар ч том ажил, төслийг эдийн засаг, улстөрийн аль нэг бүлэглэл
авч, урагшлуулдаг жамтай. Өөр хэн ч авах билээ. Энэ бол ганц манайд ч биш дэлхий
даяар үйлчилдэг бичигдээгүй хууль. Ашигтай том төслүүдийг авахын төлөө бүлэглэл
хоорондоо тэмцэл өрнүүлж, тэд л бүгдийг хувааж авсаар ирсэн жишээг хүн төрөлхтний
түүхээс өчнөөнөөр нь харж болно. Бүлэглэлүүд ард олны дэмжлэгийг авахын тулд пи
ар хийдэг, тэрэнд нь улс даяараа татагдаж, дайн тулаандаа хүрсэн тохиолдол ч ная
түмээрээ. Хэдэн зууны өмнө ч тийм байсан, одоо ч ялгаагүй, ирээдүйд ч цэнхэр гаригийн
хөгжил ийм загвараар өрнөнө. Хүн бүр хүссэнийхээ хэрээр мөнгөтэй, эрх мэдэлтэй болдоггүй,
цөөхөн хэд нь их мөнгө атгаж, эрх мэдэлд хүрдэг. Нэг улсад гэхэд эдийн засаг, улстөрийн
хүчтэй хоёр гурван бүлэглэлд л мөнгө, эрх мэдэл төвлөрдөг. Мөнгөтэй, мэдэлтэй нөхдүүд
том төслүүдийг яахаа шийдэж, улсын хөгжлийг дохиурдсан шигээ аж төрдөг нь ерөөсөө
жам. Ардчилсан Америк, социалист Куба гэсэн системийн ялгаа хамаагүй үйлчилдэг бичигдээгүй
ганц хууль гэвэл энэ. Таван толгойг ашиглах эсэх тухай маргаан мэтгэлцээн өрнөсөн
өнгөрсөн жилүүдэд яг л ийм тоглолт, дэглэлт тод ажиглагддаг, одоо ч тийм байгаа.

Бодоод үз дээ, ирэх зуун жилд ердөө 25-хан хүн Ерөнхийлөгч болно.
Одоогийн төрийн тэргүүн шиг улираад сонгогдчихоор нөхдүүд нэр дэвшээд байвал арваадхан
хүнд л төрийн тамга атгах хувь тохионо. Бүх хүн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй
ч бүгдэд боломж олддоггүй нь хатуу ч гэлээ үнэн. Жаахан томруулаад харъя. Оросын
эдийн засгийг хэдхэн хүн удирддаг, Азийн өнгө ямар байхыг цөөн улс л мэддэг, дэлхийн
амьдрал яаж өрнөх нь хуруу дарам бүлэглэлийн гарт байдаг. Хүн төрөлхтөн долоон тэрбумуулаа
баян байхыг хүсдэг ч 1453-хан хүн л тэрбумтан болж чадсан. Хүнийхээ тоогоор бусад
тивээсээ хамаагүй их Ази гэхэд 600 гаруйхан тэмбумтантай. Хүн төрөлхтөн ганцхан
Ньютан, цорын ганц Эйнштейнтэй.

Ингээд ухаад бодохоор Таван толгойг Мятав, Готовын аль нь авах нь
маньд ёстой падлийгүй болж таарч байгаа юм. Шуудхан хэлэхэд Таван толгойг бүгдээрээ
авч, бултаараа хувааж идэх гэж байгаа мэт сэтгэж миний чиний хэмээн хийрхэж маргах
нь утгагүй гэнэн хэрэг. Хэтээсээ нэг бүлэглэл нь авч байж ажил урагшилна. Таван
толгой хөдөлнө. Эдийн засагт их мөнгө эргэлдэж эхэлнэ. Гэхдээ нэг хатуу үнэн гэвэл
“намайг дэмжсэний чинь төлөө” гээд эгэл иргэдэд таван төгрөг май гээд сарвайх бүлэглэл
байхгүй. Халаасандаа ганц төгрөгийн нэмэргүй сэдвээр маргаж мэтгэлцэж Таван толгой
төслийг өчнөөн жилээр гацаасны гол хохирогчид нь хэн гэж та бодож байна. Талцаж,
мэдэмхийрч, ухаантай царайлсан бид өөрсдөө. Өнгөрсөн засгуудын үед талцаж, их мэдэгч
царайлж, бужигнаан шуугиан үүсгэж Таван толгойг гацаагаагүй бол өдийд монгол төгрөг
навс унаж, сарын цалингийн маань өгөөж 30-40 хувиар буурахгүй байв. Доллар галзуурсан
энгийн бодитой жишээ гэвэл Таван толгой. Нүүрсээ зарж доллар олох боломж байхад
таг гацаагаад суугаа улс нь бид өөрсдөө гээд бодохоор гунигтай санагддаг.

Өндөр чанарын коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд гэж яригддаг ордоо
ашиглаж чадаагүй өнгөрсөн жилүүдэд Таван толгойг булаалдсан бүлэглэлүүд лав хохироогүй.
Мөнгөтэй, эрх мэдэлтэй улс яалаа ч гэж хохирохов. Харин Таван толгой хөдөлсөн бол
ажилтай орлоготой болох байсан бид л хохирцгоож суугаа. Таван толгой хөдөлбөл ажлын
байр нэмэгдэнэ, ханган нийлүүлэлтээр бизнесээ цэцэглүүлэх боломж компаниудад олдоно.
Улсын төсөвт ирэх татвар өснө. Таван толгойгоос өчнөөн цэцэрлэг барьчих мөнгө татвар
хэлбэрээр орж ирэх бүрэн боломжтой. Тэгэхээр Таван толгойг тэрэнд л өгнө, учир нь
тэр их сайн хүн гэж хадуурахаа больё. Манай сонины 2010 оны зургадугаар сарын
17-ны дугаарт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын нэг ярилцлага нийтлэгдсэн. “Таван толгойн
тухай тогтоолын төслийг хаврын чуулган өндөрлөхөөс өмнө амжиж батална” гэсэн лут
гоё гарчигтай. Тэр үеэс хойш даруй долоон жил өнгөрчихөж. Гэтэл Таван толгой бахь
байдгаараа, өнөө янзаараа. Одоо ганц л гарц байна. Улиг болтлоо ярьсан нарийн өргөн
царигийн маргаанаа өнөөдрөөс зогсооё. “Нарийн царигийн төмөр зам Хятадын хил рүү
тавьчихвал цаадуул чинь танктай орж ирээд…” гэж ирээд хөмсөг зангидсан улстөржилтийн
балгийг улсаараа үүрч яваа маань хангалттай шийтгэл. Хойд хөршөөс эхлэлтэй шуугиан
дуулиан ч гэцгээдэг, хаанаас эхтэй нь одоо юуны хамаа. Таван толгойтой өрсөлдөхөөр
орд хойд хөршид бий гэдэг нь л үнэн. ОХУ коксжих нүүрсний их нөөцтэй Элгагаасаа
Хятадын хил рүү нарийн царигтай төмөр зам бариад, япончуудад хувь эзэмшүүлж нүүрсээ
зарах тохироо хэдийнэ хийчихсэн. Нарийн, өргөн царигаар манийг маргалдуулсан нь
үнэн бол хойд хөршөө сайн байна гэж магтахаас өөр яахав. Улсаараа хоёр талцчихаад
маргалдаж суух сүүлийн дөрвөн жилийн дотор тэд зах зээлтэйгээ, бидний айгаад байсан
өнөө нарийн царигаар холбогдчихлоо. Ухаалаг л байна.

Тэгэхээр Мятав, Готовын хэн авах нь хамаа алга, Таван толгойгоо хөдөлгөх
нь чухал гэж л улсаараа ухаантай царайлахаас өөр арга ард бидэнд алга. Тэгж байж
л тэр том төслийн өгөөж энгийн бидний халаасанд мөнгө болж орж ирнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Мятав нь авна уу, Готов нь авна уу ард бидэнд хамаа алга” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Улс төрийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: ”Ерөнхий сайд Хятад руу захидал илгээсэн” ярилцлага нийтлэгдлээ. Тэрээр энэ ярилцлагдаа”…Зээлийн асуудлыг ярихад эрт байна. Харилцаа хэвийн хэмжээнд ортол тодорхой хугацаа хэрэгтэй. Одоогоор хятадууд Монголын талаас хэлж буй үг, гаргаж буй үйлдлийг анхааралтай ажиглаж байгаа байх. Мэдээж хэрэг хөрш улстайгаа хол хөндий харилцаатай болчихъё гэсэн бодлого баримтлаагүй гэж бодож байна…” хэмээн Далай ламын айлчлалаас болж урд хөрштэй харилцах харилцаанаас үүдсэн үр дагаврын талаар ярьжээ. Дэлгэрэнгүйг дараах линкээр бүртгүүлэн “Цахим сонин”-оос хүлээн авч уншаарай. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Мөрдөн байцаах газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандааХ.Буянтүмэнтэй хийсэн “Ичээндээ орсон баавгайг бамбарууштай нь хамт дэлбэлсэн хэрэг Хөвсгөл аймагт гарсан” ярилцлагыгөнөөдрийн дугаараас унших боломжтой юм. Тэрээр ярилцлагадаа “…Улсын хэмжээнд бүртгэгдсэн онц ноцтой гэмт хэрэг өнгөрсөн жилээс буурсан. Гэхдээ нийгмийг цочирдуулж, ард иргэдийг айлгасан онц хүнд гэмт хэргүүд цөөнгүй бүртгэгдсэн. Банк санхүүгийн байгууллагад галт зэвсэг хэрэглэн халдсан хэрэг олон гарсан. Дорноговь аймгийн Мандах сумын ХААНбанкны салбараас хоёр этгээд их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг бүртгэгдсэн. Төв орон нутгийн цагдаагийн байгууллага хамтарч, богино хугацаанд хэргийн илрүүлсэн байдаг. Архангай аймгийн Хангай сумын Тэрх багт Их Британийн иргэн 53 настай Стивен Эдвард Нейшийн амь насанд халдсан хэрэг гарсан…” хэмээн дурджээ.

Өчигдрийн гол үйл явдлын нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан явдал байв. Энэхүү хуулийн талаарх гишүүдийн байр суурь болоод дэлгэрэнгүй сурвалжлагыг өнөөдрийн дугаараас унших боломжтой юм.

Төр нийгмийн зүтгэлтэн, ардчиллын алтан хараацай С.Зоригийн хэргийн шүүх хурал өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Энэхүү хэргийн талаарх дэлгэрэнгүй сурвалжлага, мэдээллийг өнөөдрийн дугаараас уншаарай.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *