Categories
мэдээ цаг-үе

Мянганы сорилтын сангаас тэрбум орчим доллар орж ирэх бололтой

АНУ-ын Мянганы сорилтын корпораци манай улстай хоёр дахь удаагаа Мянганы сорилтын компакт гэрээ хийхээр сонголоо. Анхны гэрээ нь АНУ-аас зорилтот хөгжлийн туслалцаа үзүүлэхэд 285 сая ам.долларын санхүүжилт хийгдэн таван жилийн хугацаатай үргэлжилсэн юм. Эл гэрээ өнгөрсөн есдүгээр сард дуусгавар болсон билээ.

Өнгөрөгч долоо хоногт Мянганы сорилтын корпорацийн гүйцэтгэх захирал Дана Хайд Монгол Улсын өндөр албан тушаалын хүмүүстэй утсаар холбогдож манай улс дахин сонгогдсоныг мэдэгдлээ. Хоёр дахь гэрээний зорилго болон нөхцөлүүдийг хоёр улсын Засгийн газрууд ойрын хугацаанд хэлэлцэхээр болсон юм байна. АНУ-ын Засгийн газрын хувьд Монгол Улсын эдийн засгийн үргэлжилсэн өсөлтийг нийтийг хамарсан, ядуурлыг бууруулсан хөгжилд хүргэхээр Монголын Засгийн газар Мянганы сорилтын корпорациар дамжуулан хамтран ажиллана гэсэн чиг баримжаатай байгаагаа илэрхийлээд буй.

Мянганы сорилтын сангаас гаргасан дээр дурдсан 285 сая ам.долларыг манайхан хөрөнгийн эрх, хот орчмын бэлчээр, эрүүл мэнд, цэвэр агаар, авто замын гэсэн зургаан төсөлд зарцуулсан. Энэ зарцуулалтыг зарим эдийн засагчид хэтэрхий жижиг түвшнийх гэж үздэг. Ач холбогдлын хувьд явцуу, хөрөнгө мөнгийг зарцуулсан арга зам нь ядмаг гэж шүүмжилдэг. Гэсэн ч эдгээр төслүүд хэрэгжсэн салбар, цэг бүртээ үр өгөөжөө өгсөн гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолдог.

Мэргэжил боловсрол, сургалтын төсөлд 50 сая ам.доллар зарцуулсан бөгөөд үр дүнд нь 30 орчим Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, сургууль болон сургалтын орчныг шинэчилж, өрсөлдөөнт тэтгэлэг олгосон нь мэргэжилтэй, чанартай боловсон хүчний томоохон арми гарахад тусалсан гэж тодотгосон байна.

Хот орчмын төсөл хэрэгжсэнээр Монголын мал аж ахуйн салбарт хөгжлийн цоо шинэ хандлага авчирсан гэж дүгнэжээ. Ялангуяа бэлчээр ашиглах, малын үүлдэр угсааг сайжруулан, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малчдын орлогын эх үүсвэрийг сайжруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа бөгөөд хот орчмын бэлчээрийг тухайн орон нутгийн малчдад урт хугацаанд гэрээгээр ашиглуулах замаар бэлчээрийн доройтлыг бууруулсан. Мөн саалийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэн, хотын иргэдийг сүү, цагаан идээгээр хангах гэсэн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж мэдээллээд байгаа.

Авто замын төслийн хүрээнд Чойр-Сайншандын чиглэлд цементэн суурьтай, 176.4 км хатуу хучилттай зам барьсан бол Цэвэр агаар төслийн хүрээнд гэр хорооллыг утаагүй зуухаар хангах ажилд оролцсон, Салхитын салхин цахилгаан станцыг төвийн эрчим хүчний системтэй холбох ажлыг гүйцэтгэж, Налайх дэд станцыг Диспетчерийн үндэсний төвтэй холбох удирдлагын шилэн кабелийг татсан зэрэг ажлуудыг нь дурдаж байна.

Мянган сорилтын корпораци тухайн улстай дахин гэрээ хийх эсэх талаар авч хэлэлцэхдээ эхний гэрээний амжилт, үр дүн, тодорхой хугацаан дахь ардчилсан тогтолцооны хөгжил, хэрэгжүүлэлт, мөн шаардлагатай байгаа салбарын шинэчлэл нь үндэсний хувьд тэргүүлэх зэргийн ач холбогдолтой эсэх зэрэг олон шалгуурыг харж байж шийдвэр гаргадаг аж. Монгол Улс шалгуур үзүүлэлтүүдийн бодлогын онооны жишгийг хангасан учир ийнхүү дахин хамтарч ажиллан, сангийнхаа тусламжид хамруулахаар болсныг албаны хүмүүс хэлж байна. Ингэхээр дээр дурдсан зургаан төсөл ямар ч байсан санасан хэмжээнд нь хүрсэн болоод л тусламжийн гараа дахин сунгахад хүргэсэн болов уу.

Хоёр дахь удаагийн гэрээний хугацаа, хэрэгжилт, нөхцөл, тусламжийн хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хоёр талаас ямар нэг байр сууриа илэрхийлээгүй байна. Талууд эхний ээлжинд уулзаж ярилцсаны дараа зарим нэг зүйл тодорно. Шинэ он гарангуут хоёр дахь гэрээний асуудал эрчимжих тов гараад байна. Мянганы сорилтын сангийн тусламжид хамрагдсан орнууд эхний ээлжинд АНУ-тай хамтран хоёр талын эдийн засагч, судлаачдаас бүрдсэн баг байгуулж судалгаа хийгээд дараа нь төсөл хэрэгжүүлэх салбар, чиглэлийг тодорхойлдог. Энэ судалгаа нь хагас жил хүртэл хугацаанд үргэлжлэх нь бий.

Манай хувьд Засгийн газраас хоёр дахь удаагийн гэрээний асуудалд өндөр ач холбогдол өгч, үүнийг хариуцсан Ажлын хэсгийг яаравчлан байгуулсан байна. Ажлын хэсгийнхэн Мянганы сорилтын санд чухам ямар салбараа санал болгох нь одоогоор тодорхой биш байгаа юм.

Энэ удаагийн тусламжийн мөнгийг дэд бүтцийн салбар болон хотын утааг багасгах мөн хүүхдийн эмнэлэг барих чиглэлд зарцуулна гэсэн таамаг явж байна. Анх байгуулсан гэрээний үр дүн Мянганы сорилтын сангийнхнаас нааштай үнэлгээ авсан ч иргэдийн зүгээс массыг хамарч чадаагүй, хот төлөвлөрсөн газрын иргэдийн ашиг сонирхолд илүүтэй нийцсэн хэмээн шүүмжлээд буй. Харин энэ удаагийн тусламжийн мөнгийг улс, эх орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтад зарцуулах хэрэгтэй гэдэг дээр бүгд санал нийлж байна. “Утааг багасгана гэж зуух, яндан тарааж, гэрийн дулаалга тарааснаас тэр их мөнгөөр үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулсан бол 2015 оны нэгдүгээр сард монголчууд нэгэн шинэ үйлдвэртэй болчих байсан ч юм билүү” гэж ард иргэд саналаа хэлжээ. Мянганы сорилтын сан төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлсэн улс орнуудад дараагийн удаа туслахдаа долларынхаа хэмжээг өсгөдөг. Хэрэв тухайн улсын санал болгож, тусламж авахыг хүсч байгаа салбар нь үнэхээр тусламж авсанаар цэцэглээд босоод ирнэ, ядуурал буурна гэвэл ам.долларыг хоёр тэрбум хүртэл хэмжээгээр ч өгөх боломжтой гэх. Хэрвээ манай Засгийн газар энэ удаад дэд бүтцийн тухайлсан салбараа хөгжүүлнэ, томоохон бүтээн байгуулалт хийнэ, төмөр зам барьж, үйлдвэрүүдтэй болно гэсэн хүсэлтээ, үндэслэлтэй, шинжлэх ухааны гаргалгаатай тавибал Мянганы сорилтын корпораци 600-700 сая ам.доллар, цаашлаад нэг тэрбум ам.долларыг ч өгчихөж мэдэхээр байгаа гэнэ. Ийм магадлалыг эдийн засагчид гаргаад “Мянганы сорилтын корпораци улс орнуудад тусалсан мөнгөн дүнд шинжилгээ хийхэд үйлдвэр, дэд бүтцийн салбарын төсөл хөтөлбөрт илүүтэй мөнгө хаясан нь тогтоогдсон” гэжээ. Тэдний үзэж байгаагаар тус корпорацийнхан том төсөлд том, жижиг төсөлд жижиг мөнгө өгдөг гэх. Мянганы сорилтын корпораци дэлхийн ядуурлыг бууруулахад хамаг л зорилгоо чиглүүлдэг. Ядуу буурай, хөгжиж буй оронд ажилгүйдэл их. Нэг үйлдвэртэй болно гэдэг асар олон айл хоолтойгоо залгахын нэр. Тэр үйлдвэрийг барихад зам харилцаа, барилга барина гээд олон залуус ажилтай болох үүд нээгдэнэ. Ийм л учраас тус корпорацийнхан дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарт илүү их итгэл тээдэг нь тэр юм.

Хэрэв тийм бол бид энэ удаад тусламжийн гараа сунгаад “Ядуурлаасаа яаж гармаар байна. Дахин тусалъя. Санаагаа хэл” гэж байгаа хүмүүст томоохон бүтээн байгуулалт, дэд бүтэц, төмөр зам, үйлдвэр байгуулах чиглэлд хөрөнгө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх хэрэгтэй юм. Тэгэхгүй дахиад л “Зуух, яндан, эсгий дулаалга тарааж утаанаасаа сална” гэсэн зүйл яривал оновчгүй.

Мянганы сорилтын корпорацийн албан ёсны тайлангаас үзэхэд Танзани, Сенегал, Марокко, Мозамбек, Индонез, Гана зэрэг улсууд тус сангаас дэд бүтцээ сайжруулна, үйлдвэр барина гэсэн төсөл хэрэгжүүлэхийн тулд хэдэн жилийн өмнө 540-698 сая ам.долларын тусламж авсан байх юм. Ингэхээр манай дэд бүтцийн тухайлсан төслүүд үндэслэл сайтай, боловсруулалт өндөр байвал 700 сая хүртэлх ам.долларыг дотооддоо татах боломжтой гэсэн таамаг нэг их хийсвэр зүйл биш гэсэн бодол төрнө.

Эргэн төлөгддөггүй ийм их хэмжээний мөнгө Мянганы сорилтын сангаас Монголд орж ирж байгаа нь эдийн засаг хямарсан энэ үед бидэнд бурхнаас ирж буй хишиг гэхэд нэг их буруудахгүй л байх.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *